| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0181/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/197 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ат холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.А нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа уг тасагт эмчлүүлж байсан Х.Бгийн барьж байсан иргэн Б.Ггийн эзэмшлийн HUAWEI I6 маркийн гар утсыг хулгайлж 440.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өөрийн хүүхэд Нийн хамтаар 6 дугаар өрөөнд хэвтэж байсан... 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үед өөрийн байсан 6 дугаар өрөө рүү орсон чинь Б унтаж байхаар нь хажууд нь байсан цэнхэр өнгийн HUAWEI Y6 prime маркийн ухаалаг гар утсыг аваад унтраасан.... Би өөрөө утасгүй байсан болохоор барих гэж хүний гар утас хулгайлсан. ” гэсэн мэдүүлэг. Хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 06 дугаар сарын 18-ны үеэр манай охин Бгийн хоолой нь өвдөөд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би өөрийн гар утас болох HUAWEI I6 маркийн гар утсаа өгөөд эмнэлэгт хэвтүүлсэн... 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн охин руу гар утсаар залгахад утас нь дуудаад байгаа байж гар утсаа авахгүй байсан. Тэгээд гайхаад байж байтал манай нөхөр над руу залгаж цагдаагаас сая над руу хүн залгаж байна танай охин гар утсаа алдсан байна гэж хэлж байсан... Гар утас нь миний эзэмшлийнх юм… гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/
Насанд хүрээгүй гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... утсаа хажуудаа тавиад унтсан. Тэгээд өглөө 06 цагт тариагаа хийлгэх гээд боссон чинь HUAWEI Y6 prime гэх гар утас алга болсон байсан...гэсэн мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр тал/
Мобиком корпорацийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 18/4979 дугаартай лавлагаа /хх-ийн 12-13 дугаар тал/
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн TXY619-143 дугаартай: “...2018 оны HUAWEI Y6 prime гар утас 440.100 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-18 дугаар тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 27 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/
зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд шүүгдэгч А.А нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байхдаа уг тасагт эмчлүүлж байсан Х.Бгийн барьж байсан иргэн Б.Ггийн эзэмшлийн HUAWEI I6 маркийн гар утсыг авч 440100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна. Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас шүүгдэгч А.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч А.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 06 дугаар сарын 18-ны үеэр манай охин Бгийн хоолой нь өвдөөд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Би өөрийн гар утас болох HUAWEI I6 маркийн гар утсаа өгөөд эмнэлэгт хэвтүүлсэн..”гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... утсаа хажуудаа тавиад унтсан. Тэгээд өглөө 06 цагт тариагаа хийлгэх гээд боссон чинь HUAWEI Y6 prime гэх гар утас алга болсон байсан...гэсэн мэдүүлэг, Мобиком корпорацийн 2019 оны 07 дугаар сарын 25- ны өдрийн 18/4979 дугаартай лавлагаа, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн TXY619-143 дугаартай: “...2018 оны HUAWEI Y6 prime гар утас 440.100 төгрөг...” гэсэн дүгнэлт, Эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч А.Ат холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Гд 440.100 төгрөгийн хохирол учруулсан байх тул
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал/ 2019 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн одоо 10 хоногтой хүүхэдтэй/ , гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,эд зүйлийг буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Ингэхдээ үүрэг хүлээлгэж,хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлээ буцаан авсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагсан болон битүүмжлэгдсэн ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,8,9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186.1 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН