| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/03120/И |
| Дугаар | 181/ШШ2017/02851 |
| Огноо | 2017-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2017/02851
2017 оны 11 сарын 13 Дугаар 181/ШШ2017/02851 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч:.....................оршин суух, Б.А /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:. оршин суух, Н.Г /Регистрийн дугаар: /-д холбогдох,........................................
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 877.250 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М.р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Б.А миний бие нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Н.Гтай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж Acer маркийн хар өнгийн нөүтбүүкийг 700.000 төгрөгөөр худалдсан болно. Гэрээний урьдчилгаа болгож 150.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 550.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд гэрээний 2.3 дахь заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 113 хоногийн хоногийн алданги 327.250 төгрөгний хамт нийт 877.250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тийм удаан хугацаа өгөх боломжгүй гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г миний бие одоогоор тодорхой хугацаанд ажил хийлгүй завсарлаж гэртээ хүүхдээ харж байгаа. Манай гэрээс нэг л хүн ажил хийж банкны зээл төлдөг. Нөүтбүүк зээлээр авсан нь үнэн. Төлбөрийг төлнө. Нэхэмжилж байгаа 877.250 төгрөгийг миний бие 2018 оны 3 дугаар сард төлөх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь Н.Гд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 877.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.А, Н.Г. нар нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож Худалдагч нь Acer маркийн хар өнгийн нөүтбүүкийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь үнэд 700.000 төгрөгийг төлөхөөр, үүнээс 150.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө, үлдэх 550.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.
Худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, үнэд 150.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 550.000 төгрөгийг төлөөгүй гэдэгт зохигчид маргаагүй байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 327.250 төгрөг нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцэхгүй байх тул шүүх хасч тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагчаас 550.000 төгрөг, алданги 275.000 төгрөг нийт 825.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Н.Ггаас 825.000 /найман зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Аэд олгож, нэхэмжлэлээс үлдэх 52.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ