Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

  2020  оны 04 сарын 07 өдөр                      Дугаар  2020/ШЦТ/118                                             Зуунмод сум              

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Г.Л,

иргэний нэхэмжлэгч М.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Г.Лид холбогдох эрүүгийн 2034000190073 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

    

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймагт 1995 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гарнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Г.Л,

 

                                         Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Л нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Ногоон дов” гэх газарт Honda insigth маркийн 67-30 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.8 дахь хэсгийг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Г.Ану-Үжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л:

...Гэм буруугаа хүлээж байна, Өмнө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Жамъяндорж:

...Лийн осол гарах үед унаж байсан машин нь манай банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд байдаг. Иргэн Г.Лийн зээлийн гэрээгээр авсан машин байсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь ямар нэгэн төлбөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг биелүүлсэн зүйлгүй, зээл доголдсон байдалтай, авто машинд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдалтай байна. Иймд тус банк бус санхүүгийн байгууллагаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, авто машиныг бүрэн бүтэн болгуулах, хэрэв бүрэн бүтэн болгож өгч чадахгүй бол авсан зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгийн хамт хохиролдоо гаргуулахыг шаардаж байна. Хүү нэмэгдүүлсэн хүү нь 10,176,930 төгрөг болж байна. Мөн зээлийн гэрээг зогсоох хүсэлт гаргаагүй өнөөдрийг хүртэл хүү бодогдож байгаа. Зээлийн гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн.  Зээлийн гэрээний сарын төлөлт нь 446,696 төгрөг. 2019 оны 12 дугаар сарын 29-ны өдөр ганц удаа 100,000 төгрөг төлсөн... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000190073 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа /хх-ийн 12-15 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч М.Жамъяндорж /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, яллагдагч Г.Л /хх-ийн 54-55 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 “Хан Үлэмж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 32-38 дугаар хуудас/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-10 дугаар хуудас/, барьцааний гэрээний хуулбар /хх-ийн 18-20 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, цагдаагийн ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 62-63 дугаар хуудас/, Г.Лийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/, авто тээврийн газрын лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, банкуудын тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Ногоон дов” гэх газарт Honda insigth маркийн 67-30 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 23.8 дахь хэсгийг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Г.Ану-Үжингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяагийн ...Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас нөхөр Л, дүү Маргад, нөхрийн дүү Шүрэнцэцэг, охин Ану-Үжингийн хамт нөхрийнхөө машинтай Улаанбаатар хот руу гэр лүүгээ гарсан. Тэгээд явж байтал арын суудал дээр сууж явсан манай охин ээжийн өвөр дээр сууна гээд байхаар нь би өвөр дээрээ аваад удаагүй байтал гэнэт машин маань гулгаад замын хажуу тал руу онхолдсон... ...Охиний зүүн хөлийн чөмөгний яс нь цуурсан... ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч М.Жамъяндоржийн ...67-30 УНД улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллагаас зээлийн гэрээ байгуулж Гансүхийн Лхагвасүрэн гэдэг хүн эзэмшиж байсан юм... ...Зээлийн гэрээгээр 8.050.000 төгрөгийг зээлж уг автомашиныг 2 жилийн хугацаагаар буюу 24 сараар худалдан авсан байгааа... ...одоогоор төлж дуусаагүй байгаа 01 сарын төлөлт хийсэн байгаа одоо 7.800.300 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа... ...гомдол санал байхгүй байна... ...Үнэлгээгээр гарсан зардлыг нэхэмжилнэ. Мөн гэрээгээр заасан үндсэн төлбөр болон хүү нэхэмжилнэ... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

яллагдагч Г.Лийн ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Уг ялыг хүлээн зөвшөөрч байна миний буруу... ...Би өөрийн охиноо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэсэн байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 54-55 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаартай ...П.Ану-Үжингийн биед зүүн дунд чөмөгт ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

“Хан Үлэмж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 32-38 дугаар хуудас/,

Төв аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн... Мөнгөлөг саарал өнгөтэй “Honda insight” маркийн 67-30 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Л нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 23.8 Суудлын автомашинд жолоочийн бүхээгт 10 хүртлэх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 /хүүхдийг хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байршуулж ашиглагхдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална... дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ болон болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-10 дугаар хуудас/, барьцааний гэрээний хуулбар /хх-ийн 18-20 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/, цагдаагийн ерөнхий газрын асап сангийн лавлагаа /хх-ийн 62-63 дугаар хуудас/, Г.Лийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 65 дугаар хуудас/, авто тээврийн газрын лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, банкуудын тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

   

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Лийн Honda insigth маркийн 67-30 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн П.Ану-Үжингийн биед хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Л нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.

 

Мөн шүүгдэгч Г.Лийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр, мөн шинжээчийн дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.   

 

Иймд шүүгдэгч Г.Лийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Лийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн П.Ану-Үжингийн эрүүл мэндэд хүндэвтэр, Бизнес инвест певелопьент банк бус санхүүгийн байгууллагын эд хөрөнгөд тус тус хохирол учирсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа нь насанд хүрээгүй хохирогч Г.Ану-Үжингийн төрсөн эх бөгөөд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэг авагдаагүй, мөн нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Лоос насанд хүрээгүй хохирогч Г.Ану-Үжин, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа нарт гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Түүнчлэн Иргэний нэхэмжлэгч М.Жамьяндоржид хавтас хэргийн 34-35 дугаар хуудсанд авагдсан “Хан-Үнэлэмж” ХХК-ий үнэлгээчин Ч.Адъяасүрэнгийн гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 020/02 дугаар хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон эд хөрөнгийн хохирол болох 3.620.000 /гурван сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин иргэний нэхэмжлэгч М.Жамьяндоржийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Лид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан эрүүл мэндэд учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эд хөрөнгөд учруулсан хохирлоо төлөөгүй зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Лид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034000190073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч Г.Ану-Үжин, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

            36.6., 36.7., 36.8., 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

                     зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Г.Лийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Г.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

     

4. Шүүгдэгч Б Г.Лид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            5. Эрүүгийн 2034000190073 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Г.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй хохирогч Г.Ану-Үжин, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа нарт төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяа нь шүүгдэгч Г.Лид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Г.Лоос 3.620.000 /гурван сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулан Иргэний нэхэмжлэгч СЭ94070618 дугаарын регистртэй, Гузай овгийн Мэгзэрбямбын Жамьяндорж /“БИД” ХХК-ий хуулийн зөвлөх ажилтай/-д олгосугай.

 

            7. Иргэний нэхэмжлэгч Гузай овгийн Мэгзэрбямбын Жамьяндорж /“БИД” ХХК-ий хуулийн зөвлөх ажилтай/ нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.  Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Г.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Г.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН