| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/03088/И |
| Дугаар | 181/ШШ2017/02874 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2017/02874
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А Б ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Б
Хамтран хариуцагч: С.Ба
Хамтран хариуцагч: Б.А нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48.965.729, 07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагч болоод хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч С.Б , С.Ба , Б.А нар нь А Б ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15/01-11 тоот зээл болон барьцааны гэрээг байгуулан хэрэглээний зээлийн зориулалтаар 40.000.000 төгрөгийн зээлийг жилийн 36 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн зээлийн гэрээний үүргээ огт биелүүлэлгүй байсаар 48.945.729, 07 төгрөгийн өртэй болсон. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасаныг удирдлага болгон амаар болон бичгээр өр төлбөрийг мэдэгдэж, биелүүлэхгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй.
Тиймээс Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл болон, талуудын хооронд байгуулсан зээл, барьцааны гэрээний 4.2.3 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 29.840.442, 73 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэлд 16.658.324, 81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 2.446.961, 53 төгрөг, нотариатын зардалд 20.000 төгрөг, нийт 48.965.729, 07 төгрөгийг нэхэмжилж байна.
Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тул барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 байр 16 тоот, 72,51 м.кв 3 өрөө, Ү-2205018382 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагч болоод хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 40.000.000 төгрөгийн зээлийг сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувийн өндөр эрсдэлтэй зээлийг тооцоо судалгаа муутай авсан боловч эхний 1,6 жилийн хугацаанд авсан зээл, зээлийн хүүгээ хугацаанд нь тогтмол төлж, 29.840.442 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед улс орны эдийн засгийн хямралаас шалтгаалж зээлээ төлж чадахгүй болсон.
Энэ талаар банкны эдийн засагчдаа хэлж, шүүхийн шийдвэр гаргуулан барьцааны хөрөнгөө үнэлүүлэн зарах , цаашид хүү, алданги өсөж, өр нэмэгдэж байгааг зогсоох шуурхай арга хэмжээ авч, шүүхэд өгөхийг би өөрөө хүссэн. Үүний дагуу А Б наас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр намайг шүүхэд өгсөн. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг авсан, шүүхээс өгсөн нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэхэд татгалзахгүй, гэхдээ графикаар төлөх 4 сарын хугацаа өгөх шаардлагатай байна гэсэн хариугаа банкны эдийн засагч, хуульч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт утсаар мэдэгдсэн.
Үүний дараа А Б наас нэхэмжлэлээ татан авсан байсан. Гэтэл 3 сарын дараа А Б ны хуулийн ажилтан утсаар ярьж “...таны зээлийн хүү алданги нэмэгдээд л яваад байгаа шүү дээ” гэсэн. Хариуд нь би шүүхэд өгсөн нэхэмжлэлийг чинь хүлээн авч зөвшөөрөөд эвлэрсэн байхад яагаад дахин үргэлжлүүлээд хүү, алданги тооцоод байгаа юм бэ гэхэд Хуулийн хэлтэст зээлийн материал чинь шилжсэн, та мөнгөө бүтнээр нь бариад ирвэл бага зэрэг багасгаад, зээлийг чинь хааж болох юм гэсэн. Бүтнээр нь мөнгө олоод зээлээ төлж, барагдуулах боломжгүй учир байраа зарж зээлээ төлөх боломжийг олгохыг хүсэж байсан.
Мөн банкны зүгээс намайг болон хамтран зээлдэгч нарыг найдваргүй зээлдэгч гэсэн мэдээлэлд оруулснаас болж дахин өөр банк, ББСБ-тай харьцаж зээл авах бүх боломжийг хаасан нь зээлээ төлөхөд нөлөөлсөн. Энэ мэдээллийн сангаас нэрсээ хасуулчихвал бусад банкны зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломж одоо ч нээлттэй байна.
Одоо миний зүгээс 36.271.253 төгрөг төлөх зөвшөөрч байна. Үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч А Б ХХК нь хариуцагч С.Б , С.Ба , Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48.965.729 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж өгөхийг хүсжээ.
Хариуцагч А Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 36.260.553 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин үлдэх 12.705.176 төгрөгийг эс зөвшөөрч маргасан болно.
А Б ХХК болон С.Б , С.Ба , Б.А нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15/01-11 тоот зээлийн гэрээгээр С.Б , С.Ба , Б.А нар нь 40.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот 72.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /Ү-2205018382/ зэрэг хөрөнгүүдийг барьцаалж, Арин банк ХХК болон, С.Б , С.Ба , Б.А нарын хооронд “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.
“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч хариуцагч нар нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийг хуваарийн дагуу төлөхгүй болсон, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 29.840.443 төгрөг, зээлийн хүүд 16.658.345 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2.446.961 төгрөг, нийт 48.765.729 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.
Хариуцагч С.Б нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй атлаа шүүх иргэний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон тул хүү нэмэгдэх болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу зээлдэгч нар нь санхүүгийн байдалд хүндрэл учирсан байдлыг тодорхой дурдаж, нэхэмжлэгч талд бичгээр мэдэгдэж, гэрээг цуцлах саналыг тавиагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан бодит хохирлыг шаардах эрхтэй бөгөөд нотариатын зардал 20.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний улмаас учирсан хохирол 20.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч С.Б , С.Ба , Б.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48.765.729 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 472.929 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хариуцагч нараас 472.879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Б , С.Ба , Б.А нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48.765.729 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.000 төгрөгийг хэрэгсэхгүй.
2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байрны 16 тоот 72.58 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /Ү-2205018382/ үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 472.879 төгрөгийг гаргуулж А Б ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 472.929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР