Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгч Ц.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Цэвээн овогт Цэрэнцоогийн Нямсүрэнд холбогдох эрүүгийн 201610010183 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 34 настай, яс үндэс халх, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р баг Эрүүл мэндийн гудамж 2-9 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, гавьяа шагналгүй, Цэвээн  овогт Цэрэнцоогийн Нямсүрэн /РД: ЕМ82013161/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Цэрэнцоогийн Нямсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-9 тоотод байрлах өөрийн гэртээ бусадтай архидан согтуурч, иргэн Ш.Гантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоорондоо үсдэлцэн духыг нь самардаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай найз Маамын төрсөн өдөр болсон. Би өөрийн танил Ариунжаргал, Мөнхбаяр нарын хамт Маамын гэрт оройны 22 цагийн орчимд очсон. Хүмүүс ар араасаа ирсээр байгаад 10 гаруй хүн болсон. Бид нар Маамынд 2-3 шил архи, пивонууд уусан. Манай нөхөр Баттайван 02 цаг 30 минутын орчимд намайг авахаар ирсэн. Тэгээд Маамынхаас Гантуяа, Ариунжаргал, Номин-Эрдэнэ, Мөнхбаяр нар манай машинд суусан. Тэд нар Маамынхаас гарахдаа танайд очъё гэхээр нь би манайд татваргүй барааны 2 шил архи байгаа. Хэдүүлээ тэгвэл манайх руу явъя гээд манай машинд сууцгаасан. Би гэртээ ирээд 1 шил архи задалж, хоол халааж тэд нарт өгсөн. Манай нөхөр архи уугаагүй, нөгөө өрөөндөө унтахаар орсон. Бид нар хоол идчихээд нэг шил архиныхаа талыг ууж байтал Гантуяа, Номин-Эрдэнэ хоёр надаас чи Батцэцэгийн үр хүүхдийг цусаар уйлуулна гэсэн чинь үнэн юм уу, гэхээр нь би та нар буруугаар ойлгоод байна. Би Батцэцэгт тэгэж хэлээгүй. Батцэцэг надтай маргалдаж байхдаа чамд хүүхэд заяасан ч олигтой үр хүүхэд заяахгүй гэхээр нь би уурандаа чиний хүүхдийг тэгвэл сайн явахыг харна гэж хэлсэн. Ер нь миний Батцэцэгтэй муудах та нарт хамаатай юм уу гэтэл Гантуяа хамаатай гээд надтай маргалдаж байгаад өөдөөс орилоод босож ирсэн. Тэгээд бид хоёр зууралдаж бие биенээ үсдэлцсэн. Энэ үед манай нөхөр босож ирж салгасан. Дараа нь гэрийн гадаа дахин үсдэлцэхэд манай нөхөр намайг чирээд гэрт оруулсан, харин бусад нь Гантуяаг чирээд гадаа гаргаж, хаалга гаднаас түгжсэн. Би Гантуяагийн нүүрийг санаатай маажаагүй, үсдэлцэхдээ маажсан байх. Би маажсан гэдгээ бүр сүүлд Гантуяаг хэлэхэд л мэдсэн. Тэгээд тэд нар гаднаас хаалга үүд, цонх балбаад орилолдоод байсан. Энэ үед нь би цонхон дээр хараад зогсож байсан. Гадаа сартай байсан тул бүх зүйл тод харагдаж байсан. Эхлээд Мөнхбаяр, дараа нь Гантуяа явсан. Харин Номин-Эрдэнэ, Ариунжаргал хоёр гадаа хашгиралдаад байгаад байхаар нь би эгчийгээ утсаар дуудаж Ариунжаргал, Номин-Эрдэнэ хоёрыг хөөж явуулаад, машинд байсан гэрийн түлхүүрийг авахуулж хаалгаа нээлгэсэн. Манай эгчийг явсаны дараа тэр хэд буцаж ирээд хашааны хаалга балбаад гэрийнхээ түлхүүрийг ав. Түлхүүр чинь энд байна гээд байхаар нь би босож очоогүй гэв.   

-Хохирогч Ш.Гантуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: Би БНХАУ-ын Эрээн хот руу чихэр, жимс зөөдөг. 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бид нартай хамт урагшаа гардаг Маам гэх хүүхний төрсөн өдөр болсон. Тэнд манай чихэр, жимс зөөдөг бүх хүүхнүүд очсон. Би оройны 22 цаг өнгөрч байхад Номин-Эрдэнэ, Цэндсүрэн, Ариунжаргал нарын хамт Маамын гэрт очсон. Бид нарыг очиход 10 гаруй хүн ирсэн байсан. Бид нар Маамынд олуулаа 3 шил архи, пивонууд ууцгаасан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байхад Маамын гэрээс Номин-Эрдэнэ, Ариунжаргал, Мөнхбаяр, Мэндээ, Нямсүрэн бид тав гараад Нямсүрэнгийн нөхрийн машинтай гэрлүүгээ харихаар явж байтал Нямсүрэн манай гэрт татваргүй барааны 2 шил архи байгаа. Хэдүүлээ манайх руу явъя гэхээр нь бид нар хамт явцгаасан. Тэгээд Нямсүрэн гэртээ очоод нэг шил архи задалж, бид нарт цуйван халааж, ус буцалгаж өгсөн. Задалсан нэг шил архиныхаа 3-ны 1 хэсгийг ууж байтал Нямсүрэн бид хоёр хоорондоо үл ойлголцож маргалдсан. Бид хоёрын маргалдсан шалтгаан нь Нямсүрэн урьд нь Батцэцэгтэй маргалдахдаа би чиний хүүхдийг сайн сайхан явуулахгүй, цусаар уйлуулна гэж хэлсэн, мөн Ариунжаргалыг жирэмсэн байхад маргалдаж байхдаа салтааг нь зад өшиглөж, хүүхдийг чинь тахир дутуу гаргана гэх мэтээр хэлснийг нь би хүмүүсээс сонссон байсан юм. Би тэр өдөр Нямсүрэнд чи адилхан эмэгтэй хүн байж хүний өсөж торниж байгаа үр хүүхдийг ингэж муу муухайгаар хэлж болохгүй гэтэл Нямсүрэн уурлаж Батцэцэгийн 2 хүүхэд чамд хамаатай юм уу гэхээр нь би хамаатай гэж хэлсэн. Тэгтэл Нямсүрэн чиний хоёр хүүхдийг ч гэсэн сайн сайхан явуулахгүй, цусаар чинь үйлуулна гэхээр нь би уурлаж би эрүүл саруул өсөж байгаа хоёр сайхан хүүхэдтэй. Чи яахаараа миний хоёр хүүхдийг тэгэж хэлдэг юм бэ гээд Нямсүрэнтэй зууралдсан. Тэгээд бид хоёр босож ирээд хоорондоо үсдэлцэхэд хамт байсан хүмүүс бид хоёрыг салгаад, намайг аваад гарсан. Үүдэнд гартал Нямсүрэн араас ирээд бид хоёр дахин үсдэлцсэн. Энэ үед хамт байсан хүмүүс бид хоёрыг дахин салгаад, Нямсүрэнг нөхөр нь гэрлүүгээ чирээд орсон. Тухайн үед миний дух урагдаж цус гарсаныг би мэдээгүй. Тэр өдөр Нямсүрэнд элдвээр хэлүүлж доромжлуулсан болохоор надад түүнийг анхаарах сөхөө байгаагүй. Нямсүрэн гэр дотроосоо бас намайг доромжлоод байхаар нь би гадаа нь хашгирч байгаад цагдаа дуудахаар яваад гэрлүүгээ шууд явсан. Гэртээ очтол миний 16 настай хүү ээжээ та духаа хар. Нүүр амаа яачихсан юм бэ гээд надад толь өгөхөөр нь хартал духнаас цус гарч байсан. Тэгээд би Ариунжаргал, Мөнхбаяр, Номин-Эрдэнэ гурвыг араас ирэхгүй болохоор нь Нямсүрэнг цагдаа дуудаад бариулчихсан юм болов уу гэж санаа зовоод хүүгээ аваад цагдаа руу явах гэтэл тэр гурав өөдөөс гараад ирсэн. Бид дөрөв манай гэрийн гадаа юм ярьж сууцгааж байгаад Номин-Эрдэнэ гэрлүүгээ орж хоносон. Харин Ариунжаргал, Мөнхбаяр хоёр манай гэрт хоносон. Өглөө нь босоход миний дух маш олон самардуулж, шархалсан байсан тул Цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн. Би дуxандаа сорвины тос л авч түрхсэн. Би эмчилгээ хийлгээгүй тул надад Нямсүрэнгээс нэхэмжлэx зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 16/  

- Д.Ариунжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн тайлбарт: 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бидний танил Маамын төрсөн өдөр болоод бид нар гэрт нь очсон. Тэнд 23 цаг өнгөрч байхад очоод шөнийн 01 цаг өнгөрч байхад гарсан байх. Маамынд 2-3 шил архийг олуулаа хувааж уусан. Тэгээд Маамынхаас гараад явж байтал Нямсүрэн манайд 2 шил архи байгаа, манайх руу явъя гэхээр нь Гантуяа, Номин-Эрдэнэ, Мэндээ бид дөрөв тэднийх рүү явсан. Очоод халуун цай ууж, цуйван халааж идсэн. Задалж өгсөн архийг нь ууж эхэлж байтал Гантуяа, Нямсүрэн хоёр хоорондоо маргалдсан. Тэр хоёрын муудалцсан шалтгаан нь Нямсүрэнгийн урьд нь хүндтэй маргалдаж байхдаа хэлж байсан чиний хүүхдийг цусаар уйлуулна гэж хэлж байснаас болсон. Нямсүрэн уурлаж чамд хамаатай юм уу гэж хэлэхэд нь Номин-Эрдэнэ хамаагүй, харин Гантуяа бид хоёр хамаатай гэсэн. Тэгээд Гантуяа, Нямсүрэн хоёр хоорондоо маргалдаж байгаад бие биенээ үсдэлцсэн. Бие биенээ цохиж зодсон асуудал байхгүй. Тэр хоёр хоорондоо хоёр удаа л үсдэлцсэн. 2 дахь удаа үсдэлцэхэд Гантуяагийн духнаас цус гарсан байсан. Нямсүрэнгийн нөхөр Нямсүрэнг салгаад гэрлүүгээ орсон, Номин-Эрдэнэ бид хоёр Гантуяаг чирээд гадаа гаргаад хаалгыг нь хаасан. Хаалганых нь түлхүүр гадна талдаа зоолттой байсан тул би хаалгыг нь хаагаад түлхүүрийг нь сугалж авсан. Миний түлхүүрийг салгаж авсан шалтгаан нь Гантуяаг хаалгыг нь гаднаас нь нээгээд дахиад зодолдож магадгүй гэж бодсон гэжээ. /хх-ийн 9/

- А.Номин-Эрдэний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн тайлбарт: Тэр өдөр бидний танил Маамын төрсөн өдөр болсон. Бид нар БНХАУ-ын Эрээн хот руу чихэр зөөдөг. Би Маамынд шөнийн 23 цагийн орчимд очоод, шөнө 02 цаг 20 минутын орчимд Гантуяа, Жагай, Мэндээ, Нямсүрэн бид нар гараад Нямсүрэнгийн нөхөр Баттайвангаар гэрлүүгээ хүргүүлэх гэтэл Нямсүрэн манайд очиж архи ууя гээд байхаар нь Нямсүрэнгийнх рүү явсан. Тэднийд очиход Нямсүрэн нэг шил архи задалсан. Нөхөр Баттайван нь нөгөө өрөөндөө орж унтсан. Нямсүрэн хүнтэй хэрэлдэхдээ дандаа хүүхдийг чинь цусаар уйлуулна гэж заналхийлдэг. Түүнийг нь бид хэлтэл та нарт хамаатай юм уу гэж бид нарыг нэг нэгээр нь гараараа чичсэн. Тухайн үед Гантуяа би том болсон хүүхэдтэй. Надад хамаатай гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж улмаар үсдэлцсэн. Жагай, Мэндээ бид гурав салгах гэтэл дийлэхгүй болохоор нь Мэндээ бид хоёр Нямсүрэнгийн нөхрийг дуудсан. Нямсүрэнгийн нөхөр тэр хоёрыг салгатал Гантуяа, Нямсүрэн хоёр дахин үсдэлцэхэд нөхөр нь Нямсүрэнг салгаад гэрлүүгээ чирж оруулсан. Жагай хаалгыг нь гаднаас нь хааж түгжсэн. Тэгээд намайг эргээд хартал Гантуяагийн духнаас цус гарсан байсан. Нямсүрэн байшин дотроос, Гантуяа гаднаас нь орилж хашгирч байгаад гэрлүүгээ гүйгээд явсан. Араас нь Мэндээ явсан. Удалгүй Нямсүрэнгийн эгч нь ирж Жагай бид хоёрыг хөөж явуулсан гэжээ. /хх-ийн 10/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 11/

-Шинжээчийн 349 тоот дүгнэлтэнд: 1.Ш.Гантуяагийн биед духны хэсэгт шарх, зулгаралтууд, баруун гарын шууны дотор доод талд зулгаралт, 4-р хурууны 3-р үений ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн буюу хүний хумсны олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. 3.Учирсан гэмтлийн дух орчмын шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 24.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дух хэсгийн зулгаралт, баруун гар шууны дотор доод талд зулгаралт, 4-р хурууны 3-р үений ар талд зулгаралт гэмтлүүд  нь” Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/

-Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

- Шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 35-36/

 - Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 38/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Цэрэнцоогийн Нямсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-9 тоотод байрлах өөрийн гэртээ бусадтай архидан согтуурч, иргэн Ш.Гантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоорондоо үсдэлцэн духыг нь самардаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Нямсүрэнгийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Гантуяагийн /хх-ийн 16/ “...Тэгээд бид хоёр босож ирээд хоорондоо үсдэлцэхэд хамт байсан хүмүүс бид хоёрыг салгаад, намайг аваад гарсан. Үүдэнд гартал Нямсүрэн араас ирээд бид хоёр дахин үсдэлцсэн. Энэ үед хамт байсан хүмүүс бид хоёрыг дахин салгаад, Нямсүрэнг нөхөр нь гэрлүүгээ чирээд орсон. Тухайн үед миний дух урагдаж цус гарсаныг би мэдээгүй. Тэр өдөр Нямсүрэнд элдвээр хэлүүлж доромжлуулсан болохоор надад түүнийг анхаарах сөхөө байгаагүй. Нямсүрэн гэр дотроосоо бас намайг доромжлоод байхаар нь би гадаа нь хашгирч байгаад цагдаа дуудахаар яваад гэрлүүгээ шууд явсан. Гэртээ очтол миний 16 настай хүү ээжээ та духаа хар. Нүүр амаа яачихсан юм бэ гээд надад толь өгөхөөр нь хартал духнаас цус гарч байсан гэх мэдүүлэг, Д.Ариунжаргалын /хх-ийн 9/ ”... Тэгээд Гантуяа, Нямсүрэн хоёр хоорондоо маргалдаж байгаад бие биенээ үсдэлцсэн. Бие биенээ цохиж зодсон асуудал байхгүй. Тэр хоёр хоорондоо хоёр удаа л үсдэлцсэн. 2 дахь удаа үсдэлцэхэд Гантуяагийн духнаас цус гарсан байсан” гэх тайлбар, шинжээчийн 349 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Нямсүрэн нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги нь түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч нь урьд нь 2009 оны 08 сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болох хугацаа дууссан тул түүнийг анх удаа  хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ш.Гантуяа нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Цэвээн овогт Цэрэнцоогийн Нямсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Цэрэнцоогийн Нямсүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ц.Нямсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Нямсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ц.Нямсүрэн, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА