Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 005

 

   М.М-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор А.Турдыбек, шүүгдэгч М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, орчуулагч хэлмэрч А.Еркегүл нарыг оролцуулан,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолтой, М.М-т холбогдох эрүүгийн 1813002830168 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, ам бүл-7, ээж, дүү, бэр, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын  дүгээр багт оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, хэрэг хариуцах чадвартай, М.М нь бага насны хүүхэд Т.Л-д тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтэний хүнд хавсарсан гэмтэл учруулсаны улмаас амь насыг нь хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

“1. М.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар шүүгдэгч М.М-ийг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг ялтан М.М, түүний өмгөөлөгч А.Серикжан, Н.Оюунчимэг нар эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.Ялтан М.М нь 2018 оны 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд бага насны Т.Л-г зодож, гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх “шүүгдэгчийн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв байна” гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаан дээр шинжлэн судалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтуудын тухайд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар /хх-ийн 12-13 дугаар хуудас/-т хэрэг учрал болсон гэх газар буюу шүүгдэгч, хохирогч нарын амьдарч байсан гэрийн доторх гэрэл зургийг шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч шинжлэн судалж, хохирогчоос “2018 оны 9 дүгээр сарын 03-ны орой М.М нь хүүхдийг аль орон доогуур шидсэн бэ” гэсэн асуултад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т “баруун талын орон доогуур шидсэн” гэж хариулсан /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр хуудас/ бөгөөд гэрэл зургаар хүүхэд шидэгдэж хөндий рүү нь орж, дагз нуруугаараа хүчтэй шидэгдэж, савж унасан гэж хохирогчийн мэдүүлсэн орны хөндийд хүүхэд шидэгдэн орох зай байхгүй, эд зүйл хураагдсан болох нь гэрэл зургаас харагдаж байгаа болно. Энэ нөхцөл байдлын талаар хохирогчоос асуухад мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээ өөрчилж “орны наад талд, чемодан мөргөн унасан” гэж мэдүүлсэн.

2. Хохирогч нь шүүх хуралдаан дээр улсын яллагчийн асуултад “Би аргал хийгээд сууж байгаад хүүхдийг машины копутаас унахыг харсан. Тэгээд гүйгээд очсон” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 9-10 дугаар хуудсанд, мөн өмгөөлөгчийн “хүүхдийн дух, нүүрэнд үүссэн гэмтэл хэзээ бий болсон гэмтэл гэж бодож байгаа вэ” гэсэн асуултад хохирогч “2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр машинаас унахад гэмтэл авсан” гэх мэтээр цааш үргэлжлүүлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлээгүй нөхцөл байдлуудыг шүүх хуралдаан дээр мэдүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 12, 13, 14, 15 дугаар хуудаст тэмдэглэгдсэн байгаа. 3. Насанд хүрээгүй гэрч Ж.С-ийн “Томпыш ах Л-г өлгий түшүүлээд зогсооход хүүхэд хөл дээрээ зогсож чадалгүй газар бөгсөөрөө суухад бөгс тус газар нэг алгадаад, хүүхдийн хувцасны ар нуруу бүсэлхий хэсгээс барьж аваад толгойг нь доош унжуулж өргөж аваад явсан” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Насанд хүрээгүй гэрчийн “толгойг доош унжуулах” гэсэн мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд тодруулаагүй, өөрөөр хэлбэл толгой нь эгц доош харсан байсан уу, бүсэлхийгээс барихад толгой гудайсан хэлбэртэй байсан уу гэдгийг тогтоогүйгээс гадна энэхүү үйлдэл нь амь хохирогчийн биед ямар гэмтлийг учруулж болох, учруулсан гэмтэл нь үхэлд хүргэх эсэхийг шинжээчээс тодруулахгүйгээр амь насыг хохироосон нотлох баримтаар үнэлсэн нь үйлдэл, хор уршгийн хоорондох шалтгаант холбоог тогтоогоогүй байна гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас насанд хүрээгүй гэрч Ж.С-ийг шүүх хуралдаанд оролцуулахыг хүссэн боловч хангахаас татгалзсан.

4. Гэрч Е.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “өлгийдсөн охин уйлахад Томпыш хацар тус газар нь хэд хэдэн удаа алгадсан” гэх мэдүүлгийг мөн үнэлж, гэм буруутайд тооцсон бөгөөд энэхүү үйлдлээс мөн амь хохирогчийн биед ямар гэмтэл учирч болох, үхэлд хүргэх шалтгаант холбоо бий эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

5. Шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаар дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд х.х-ийн 133 дугаар хуудсанд буй мөрдөн байцаалтын шатанд Шинжээчийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Мэдүүлэгт “тархины битүү хүнд хавсарсан гэмтэл” ямар хүчин зүйлийн үйлчлэлээс үүсэж болох талаар мэдүүлсэн байх бөгөөд харин олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлээгүй байна. Мөн шинжээч эмчийн мэдүүлэгт “Гавал тархины хавсарсан хүнд гэмтлүүд учрах үед шууд амь насаа алдах боломжтой. Тодорхой хугацаанд амьд байх боломжтой бөгөөд тодорхой хугацааны дараа амь насаа алдах бүрэн боломжтой” гэсэн тодорхойгүй, ойлгомжгүй мэдүүлэг өгчээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсан нь шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “мэтгэлцэх" хуульд заасан эрхийг хязгаарласан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т мөрдөн шалгах ажиллагааны явцад “шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэхэд” дүгнэлт өгч, “хэргийн бодит байдлыг тогтоох” үүргээ биелүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчим хэрэгжээгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хэт яллах талыг барьж, хэрэгт цугларсан нотлох баримтаас зөвхөн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нотлох баримтыг түүвэрлэн үндэслэл болгожээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэх нөхцөл байдал тогтоогдоход үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн”-ээр гарцаагүй үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж дүгнэх нь үндэслэлгүй. Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээгээгүй” байснаар шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй болно. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр “2018 оны 9 сарын 04-ний өдөр машины копутаас охин Л-г унагаасан гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч мэдүүлсэнд дүгнэлт хийж, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохыг анхан шатны шүүх хүсээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн дүүрэн тогтоогоогүй байгаад дүгнэлт хийгээгүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох гол эх сурвалж болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийн зөрүү, шинжээчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримт нь эргэлзээтэй, “нотолбол зохих байдал” бүрэн дүүрэн тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,3-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэв.

 

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 165 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч М.М-ийг талийгаач Т.Л-г тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг нь мэдсээр байж амь насыг нь хохироосон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэхээр тогтоожээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч М.М-ийн гэм бурууг тогтоохдоо “2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 11 сартай Т овогтой Л-г “энэ хүүхэд байнга уйлж байдаг” гэж орон доогуур ар нуруу хэсгээр болон толгойн дагз хэсгээр газарт шидсэн, тэр өдрийн оройн 21 цагийн үед хүүхдийн ээж С.Т-тэй “чи хүүхдийг түшиж хөтлөөд хөлд оруулсангүй” гэж хэрүүл маргаан гаргаж, нэг талын бугуйнаас нь барьж савах, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед гурван удаа хүчээр албадаж хүүхдийн орыг түшүүлж босгож зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс нь барьж толгойг нь доошоо тонгойлгож савах, тэр өдрийн 15 цагийн үед талийгаач охин Т.Л унтаж байгаад сэрж үйлах үед энэ хүүхэд байнга уйлдаг гэж хацар тус газар нь хэд хэд алгадаж зодсон зэрэг үйлдлийн улмаас талийгаач Т.Л тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтэний хүнд хавсарсан гэмтлийн улмаас амь насыг нь хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл, үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр 06-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтээр “1.2. Талийгаач Т.Л-гийн биед тархины хүнд зэргийн няцралттай, их тархины хэсэгт цус бүлээнтэй, тархины эдэд цус хуралттай тархины хавантай, баруун ба зүүн уушиг няцарсан гэмтэл, дагз ясанд хөндлөн гишүүн хэлбэрийн хугаралттай, хуйханд олон тооны тархмал дугуй хэлбэрийн цус хуралттай, бага тархинд цус хуралттай, тархины суурь хэсэгт цус хуралттай, дэлүүний няцарсан гэмтэл, зүрх болон элэгний няцарсан гэмтэл, гэдэсний чацархай орчмын няцарсан гэмтэл, нурууны 6-7-8-9-10 бүсэлхийн нугаламын битүү няцарсан гэмтэл, цус хуралт, духны хэсэгт зүүн талд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн шанаа орчим хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулын зүүн талд буюу завж орчимд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн чихний дэлбэнгийн дотор хэсэгт хөх ягаан цус хуралттай, зүүн талын гарын бугалганы гадна хажууд мөн энэ цус хуралтын доод хэсэгт параллель байрлалтай хөх ягаан туяатай цус хуралттай, хэвлийн зүүн талд хавиргануудын доор харалдаа арьсанд бүхий 4 ширхэг тархмал хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гарын бугалганы гадна талд дунд 1х0.9см няцарсан цус хуралттай гэмтэл тус тус тогтоогдсон. 3. Талийгаач Т.Л-гийн дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно, 4.5. Талийгаач Т.Л нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ,  6. Талийгаач Т.Л-гийн уушгинд цочмог хэлбэрийн үрэвсэлтэй байна. Өөр ямар нэгэн архаг хууч өвчин үгүй, 7. Талийгаач Т.Л-гийн зүүн талын хөлийн шилбэний дунд хэсэгт гадна талд хуучин шархтай” гэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцлийн талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна хүн алах гэмт хэрэг үйлдэхдээ “онц харгис хэрцгийгээр,” “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, болохыг мэдсээр байж,” “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангаж байгаа эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай байна.

 

Шүүгдэгч М.М-ийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн гадаад шинжийг буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдаж буй обьект, эрх зүйн байдал, санаа зорилгыг зөв тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтад тулгуурлаж хэргийг зөв зүйлчлэх шаардлагатай гэж дүгнэлээ.

 

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М-ийн 2018 оны 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд талийгаач Т.Л-г зодож, шинжээчийн дүгнэлтэд заагдсан олон тооны гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироосон гэх үйлдэл нь гэмт хэргийн ямар шинжийг агуулсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад эргээлзээгүйгээр шалгаж, шүүгдэгч М.М-ийн үйлдэл холбогдол, оролцоог нарийвчлан зөв тогтоож, Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл анги, хэсгээр нь зүйлчилж шүүхэд шилжүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхээр байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохдоо эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М-т холбогдох эрүүгийн 1813002830168 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ