Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00020

 

           Нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг

          баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Ганчимэг би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Э-г бүртгэсэн бүртгэлийг өөрчилж, гүйцэтгэх захирлаар М-ын Х-ыг томилсон өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлага бүхий Л.Г, М.Х нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Д.Э, түүний өмгөөлөгч С.О, гуравдагч этгээд “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.З-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нарыг оролцуулан хэлэлцээд    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Г, М.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь 1996 онд үүсэн байгуулагдаж өөрийн дүрэмд заасан үйл ажиллагааг явуулж ирсэн. 2013 оноос компанийн гүйцэтгэх удирдлага солигдсоноор тогтвортой үйл ажиллагаа зогсож улмаар өнөөг хүртэл “Х” тайлан гаргаж ирлээ. Зайлшгүй шаардлагын үүднээс буюу компанийн нийгмийн даатгал болон татварын байгууллагад төлөх өр төлбөр ихэссэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэх аттестатчилалд хамрагдаж чадаагүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдахад хүрсэн, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тэтгэвэр авах эрх үүсэхгүй болж тэдгээр нь нийгмийн халамжид хамрагдаж чадахгүйд хүрсэн, түүнчлэн компанийн цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хувь нийлүүлэгчдийн хурлын товлон хуралдуулах зүй ёсны шаардлага үүссэн.

Компанийн дүрмийн “Тав”-ын 1-д заасан хувь нийлүүлэгчид компанийн үйл ажиллагааг удирдахад шууд оролцох эрхтэй, “Тав”-ын 2-д заасан хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүү санал өгөх эрхийн хүрээнд мөнхүү дүрмийн “Ес”-ийн 3-т заасан хувь нийлүүлэгч, үүсгэж байгуулагчдын ээлжит хурлыг жил бүрийн эхний 4 сарын дотор хуралдана, бусад тохиолдолд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ гэсний дагуу тус компанийн хувь нийлүүлэгчид хуралдаж хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж компанийн үйл ажиллагааг зогсоосон захирал Д.Э-г чөлөөлж, гүйцэтгэх захирлаар М.Х-ыг томилсон болно.

Энэхүү шийдвэр нь тус компанийн дүрэм, цаашлаад Компанийн тухай хуульд нийцсэн төдийгүй, компанийн дүрмийн “Ес”-ийн тавд зааснаар хувь нийлүүлэгчдийн хуралд нийт хувь нийлүүлэгчдийн 50 хувь ирснээр хүчинтэйд тооцох шаардлагыг хангасан болно.

Иймд “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Э-г бүртгэсэн бүртгэлийг өөрчилж, гүйцэтгэх захирлаар М-ын Х-ыг томилсон өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр гаргахыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь гүйцэтгэх захирал Д.Э-г чөлөөлж М.Х-ыг томилсон тул өөрчлөлтийн бүртгэлийг тус байгууллагад бүртгүүлэх хүсэлт гаргасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэх заалтыг үндэслэн “Хөвсгөл хөдөө аж ахуй” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөх бүртгэлийг бүртгэх боломжгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “... “Х” компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын даргын үүрэгт ажлыг Д.Э миний бие гүйцэтгэдэг ба компанийн хэвийн үйл ажиллагааг явуулахад хувь эзэмшигч буюу нэхэмжлэгч Л.Г, М.Х ямар нэгэн санаачлага гаргалгүй, 2013 оноос хойш огт холбоо барилгүй өдий хүрсэн. Гэтэл надад мэдэгдэлгүй хувь нийлүүлэгчид хуралдаж захирлыг өөрчлөн томилсон гэсэн утга бүхий үндэслэлгүй, худал хуурмаг нэхэмжлэл гаргасанд зөвшөөрөхгүй байна.

1.Миний бие дээрх хугацаанд буюу 2013 оноос тус компанийн эд хөрөнгө болон үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эд хөрөнгийг хамгаалахад анхаарч манаач, ажилтан ажиллуулж ирсэн ба уг компанийн үйл ажиллагааг явуулахад хувь нийлүүлэгчид санаачлага гаргаж үйлдвэрлэл болон үйлчилгээний чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах талаар зөвлөлдөж, хуралдаж шийдвэр гаргахгүй өдий хүрсэн болно.

2.Нэхэмжлэл гаргасан хувь нийлүүлэгчид нь хуралдаан зохион байгуулаагүй, зохион байгуулахаар байсан бол жил бүрийн эхний 4 сарын дотор хуралдах, хуралдааны өмнө товыг заавал надад мэдэгдэх, мөн компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу уг хурлыг компанийн гүйцэтгэх удирдлага хуралдуулах шийдвэрийг гарган хувьцаа эзэмшигчид хүргүүлэх, 40-өөс доошгүй хоногийн өмнө хувьцаа эзэмшигчид мэдэгдэх гэх мэт заалтуудыг хэрэгжүүлээгүй ноцтой зөрчсөн байгаа атлаа Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

3.Хэрвээ эдгээр нэхэмжлэгч нар надтай яаралтай холбоо барьж тус шүүхэд гаргасан ор үндэслэлгүй, миний эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц нэхэмжлэл татаж авахгүй бол М.Х нь тус компанийг удирдаж байх хугацаандаа ямар ямар зөрчил дутагдал гаргаж байсан, компанийн эд хөрөнгөд хэрхэн хохирол учруулсан, компанийн 10 хувь эзэмших эрх бүхий эдгээд мөн эсэх талаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна ...” гэжээ.

Гуравдагч этгээд “И” ХХК-ийн захирал Э.З шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Э-г бүртгэсэн бүртгэлийг өөрчилж, гүйцэтгэх захирлаар М.Х-ыг томилсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр гаргахыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.”Х” ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн захирал Э.З надад огт мэдэгдэхгүйгээр нууц далд байдлаар “Х” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот “Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай” тогтоол гаргаж, улмаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хуралдуулж 02 дугаартай тогтоолоор тус компанийн ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал Л.Э-д огт мэдэгдэлгүй тогтоол гаргасан нь Компанийн тухай хуулийн 60.1, 60.2, 60.3, 60.4 дүгээр заалтыг зөрчсөн байна.

2.Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар мэдэгдсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны тэмдэглэлд “Э.З-ын 99021.... утсаар холбогдож Д.Э-д мэдэгдсэн гэснийг зөвшөөрөхгүй.

3.Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бусаар хийж Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “Бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” албан бичиг хүргүүлсэн ч хянаад Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 01 дугаартай шийдвэрээр хуулийн этгээдийн бүртгэлд мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Г, М.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Г, М.Х нарын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Х" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Э-г бүртгэсэн бүртгэлийг өөрчилж, гүйцэтгэх захирлаар М-ын Х-ыг томилсон өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, гуравдагч этгээдээр иргэн Д.Э, “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тус тус татан оролцуулав.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Г, М.Х нар хамтран нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн дагуу болжээ.

Нэхэмжлэгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлд зааснаар төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.

66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: ... 28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж заасан ба 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлд төлөөлүүлэгч Л.Г, М.Х нар нь төлөөлөгч Ц.Б-т “... нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах ...” эрхийг олгожээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Л.Г, М.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г, М.Х нар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Х" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Э-г бүртгэсэн бүртгэлийг өөрчилж, гүйцэтгэх захирлаар М-ын Х-ыг томилсон өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ