Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1719

 

 

 

 

 

 

 

 

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01532 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мандал даатгал” ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 8 762 269 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Тэмүүжин

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Сансартуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Капитрон банк нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Мандал Женерал Даатгал” ХХК-тай зээлийн эрсдэлийн даатгалын чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” болон уг гэрээний дагуу цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулахаар 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийг тус тус байгуулсан юм. Дээрх гэрээ, хэлцлийн дагуу Капитрон банк нь “Таван толгой транс” ХХК-ийн ажилтан Сангицэрэнгийн Бат-Амгаланд 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3017/2013/183 тоот цалингийн зээлийн гэрээгээр олгосон 9 000 000 төгрөгийн зээлийн эрдэлийг даатгалд хамруулж, даатгалын зохих хураамжийг төлж баталгаажуулсан болно. Гэтэл 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14/44 тоот Таван толгой транс ХХК-ийн ерөнхий захиралын тушаалаар тус банкны зээлдэг Бат-Амгалан нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ нь тус банкны Мандал женерал даатгал ХХК-тай байгуулсан 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.е-д заасан даатгалын тохиолдолд үүссэн юм. Тиймээс Капитрон банк нь дээр дурдсан гэрээнд заасан баримт, материалыг бүрэн барагдуулж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр даатгалын компанид хүргүүлж нөхөн төлбөрөөс үндсэн зээлийн үлдэгдэл нийт 5 841 513 төгрөгийг гаргаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу ирүүлээгүй бөгөөд гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөөр байна.

Иймд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлүүд болон Даатгалын тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан даатгагч “Мандал даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 5 841 513 төгрөг, алданги 2 920 756 төгрөг нийт 8 762 269 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Даатгуулагч нь даатгалын тохиолдол болсноос хойш 5 хоногийн дотор нөхөн төлбөрийн материалыг гаргах ёстой байдаг эрхээ хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн. Цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулагч нэг бүртээ байгуулаагүй. Түүнчлэн Даатгалын хуулийн 8.5.1 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн тохиолдолд даатгалын нөхөн олговор олгохоос татгалзана гэсэн хуулийн зохицуулалттай. Даатгалын тухай хуульд даатгагч даатгуулагч нар хоорондоо гэрээ байгуулдаг гэх үндэслэлээр цалингийн зээл аваад байгаа хүмүүстээ мэдэгдэх байсан энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо акт гаргаад Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хорооноос Капитрон банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй гэсэн дүгнэлт гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Мандал даатгал ХХК-аас 6 090 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитрон банкинд олгож, нэхэмжлэлээс 2 671 800 төгрөгийн нэхэмжлэлгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитрон банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 147 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Мандал даатгал ХХК-аас 112 398 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж зохигч болох хариуцагч талд нотлох баримттай танилцаж, тайлбар хийх боломжоор хангаагүй. Энэхүү иргэний хэргийн маргаан нь цалингийн зээл, цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэлтэй холбоотой маргаан юм. Тиймээс цалингийн зээл авсан этгээд болох С.Бат-Амгалангийн зээлийн дансны хуулгыг шинжлэн судлалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан билээ. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг гаргаж өгсөн. Ийм учраас хариуцагч талаас энэхүү баримттай танилцаж тайлбар хийх эрхээр хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Хариуцагчийн зээлийн дансны хуулгын эцсийн үлдэгдэл нь нэхэмжлэгчийн нийт шаардлага болж байсан тул энэхүү хуулга нь үнэн зөв, бодитой байсан эсэх дээр тэр дор нь танилцаад тайлбар хийх боломжгүй байсан. Зээлийн дансны хуулга нь зээлдэгчид мөнгө шилжүүлснээс хойш орлого, зарлага, зээл төлөлттэй холбоотой тоо тооцооллын нарийн төвөгтэй байж болох баримт билээ.

Анхан шатны шүүх хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь зээлдэгч С.Бат-Амгалантай 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3017-2013/183 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний хураамжийг дараа сард нь хариуцагч төлдөг байсан. гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт Капитрон банк нь 2014 оны 1 дүгээр сард цалингийн зээл авсан иргэдийн зээлийн гэрээг даатгаж, 250 зээлдэгчийн даатгалын хураамжинд 18 555 700 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 15-16 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул гэсэн дүгнэлт хийсэн байгаа нь хэрэгт байхгүй цаг хугацаа, тоо, үнийн дүнтэй баримтыг үндэслэл болгосон ойлгомжгүй шийдвэр болсон.

Шүүхээс даатгалын тохиолдол болсон үеийг буруу тооцоолж дүгнэсэн гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэлд даатгалын тохиолдол гэж юу болох, хэдийд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх талаар тодорхой тусгасан бөгөөд уг хэлцлийн 9 дүгээр зүйлд зааснаар даатгалын тохиолдол үүсэхээр тохиоролцсон. Шүүхийн шийдвэрт даатгалын тохиолдол дээрх хэлцлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу үүссэн гэж дүгнэсэн мөртлөө дараагийн хэсэгт нь ажлаас халагдсан өдрөөс хойш хариуцагчид даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэх хүртэл хугацаанд даатгалын тохиолдол үүссэн гэж үзэхгүй хэмээн утга агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэх  үндэслэлтэй байна. Энэхүү даатгалын тохиолдол үүссэн хугацаа болон хариуцагчид мэдэгдэх хугацаа нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдал бөгөөд хэлцэлд дурдсаны дагуу даатгалын тохиолдол үүссэнээс хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэх ёстой гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийг даатгалын тохиолдол бий болсон гэж мэдэгдсэн үеэс хойш даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж дүгнэлт хийсэн байна. Учир нь зээлдэгч ажлаас халагдсанаас даатгалын тохиолдол үүсч байгаа билээ. Нэхэмжлэгч тал зээлдэгч ажлаас халагдсанаас хойш буюу даатгалын тохиолдол үүссэнээс хойш 10 сарын дараа хариуцагчид энэ тухай мэдэгдэж байгаа нь хэлцэлд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадахгүй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01532 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК хариуцагч “Мандал Женерал даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр, алдангид нийт 8 762 270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид хоорондоо 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12/83 тоот “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ”-г байгуулж, уг гэрээний 3.2-т заасны дагуу мөн өдөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл”-ийг байгуулж, уг хэлцлээр Капитрон банкнаас авч буй цалингийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд банкинд гарч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.Бат-Амгалантай байгуулсан 9 000 000 төгрөгийн цалингийн зээлийг даатгалд хамруулсан байх бөгөөд зээлдэгч “Таван толгой транс” ХХК-ийн цагаан хадны ковшчин С.Бат-Амгалан нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөнөөр 12/85 тоот гэрээний 9 дүгээр зүйлийн 3.е-д заасан даатгалын тохиолдол бий болсон зэрэг үйл баримт нь дээрх гэрээнүүд, даатгалд хамрагдаж буй цалингийн зээлийн баталгаажуулалт болон даатгалын хураамжийн тооцоолол, цалингийн зээлийн гэрээ, “Таван толгой транс” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14/44 тоот тушаал, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх 7-8, 9, 11, 12, 13, 14/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний талаар мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Мандал женерал даатгал” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн нэрийг залруулах тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлттэй холбогдуулан хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК нь хуулийн этгээдийн оноосон нэрийг “Мандал даатгал” ХХК болгон өөрчилсөн болохыг нотлох баримтын хуулийн шаардлага хангуулсан байдлаар шүүхэд хүргүүлсэн байна. /хх 1-2, 32/

Түүнчлэн хэргийн 33, 34 дүгээр талд хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд регистрийн дугаар нь 5473489 болох нь тогтоогдсон. Мөн шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 181/ШЗ2017/04697 дугаартай захирамжаар “Мандал даатгал” ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна /хх 35 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбар,  татгалзлалын үндэслэлээ нотлох үүрэгтэй. Харин хариуцагч “Мандал даатгал” ХХК-ийн зүгээс хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Капитрон банкнаас цалингийн зээл авсан зээлдэгч С.Бат-Амгалан нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, “Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцэл”-ийн 9 дүгээр зүйлийн 3 е-д заасан даатгалын тохиолдол даатгалын гэрээний хугацаанд бий болсон болох нь “Таван толгой транс” ХХК-ийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар нотлогдож байх тул шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мандал даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. /хх 12/

Хэлцлийн 10-д “даатгуулагч буюу Банк даатгалын тохиолдол болсон тухай даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 5 хоногт даатгагчид мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заажээ. Шүүх нэхэмжлэгч нь зээлдэгч С.Бат-Амгалангийн зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн үеэс эхлэн даатгалын тохиолдол бий болсныг мэдсэн гэж дүгнэн даатгагчид мэдэгдэх, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх дээрх хугацааг тооцсон нь зөв байна.

Хариуцагч “Мандал даатгал” ХХК нь гэрээний дагуу “Капитрон банк” ХХК-иас нөхөн төлбөрийн материалуудыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан байх ба нөхөн төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Цалингийн зээлийн эрсдлийг даатгах хэлцлийн 10 дугаар зүйлд “даатгалын тохиолдол бий болж Даатгалын нөхөн төлбөрийн маягт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.1 хувийн алдангийг тооцох”-оор талууд тохиролцсон байна.

Шүүх нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь дээрх хэлцлийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 812 хоногийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 6 090 470 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Мандал даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН