Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0682

 

 

 

 

 

 

“С ББСБ” ХХК-ийн гомдолтой

  захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц, гуравдагч этгээд “С ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч З.Б

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч “С ББСБ” ХХК

          Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц

          Гуравдагч этгээд “С” ХХК

          Гомдлын шаардлага: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0020292 дугаартай “Шийтгэх хуудас”, мөн өдрийн “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0702 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Б

          Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

          Хэргийн индекс: 128/2022/1087/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Гомдол гаргагч “С ББСБ” ХХК нь Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдуулан “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0020292 дугаартай “Шийтгэх хуудас”, мөн өдрийн “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0702 дугаар шийдвэрээр: “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0020292 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга:

              3.1 Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Ц давж заалдах гомдолдоо: “С ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-аас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан send.mn гэх вэб сайт, sendmn гэх фэйсбүүк хуудас гар утасны аппликейшн ашиглан явуулж буй үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж, барааны тэмдгийн зөрчлийг тогтоон С ББСБ-ын send барааны тэмдгийн хууль бус ашиглалтыг зогсоож өгнө үү гэх гомдол, мэдээллийг шалгаад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 0020292 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр “С ББСБ” ХХК-ийн барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчилд “С ББСБ” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн.

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0702 дугаар шийдвэрээр гомдол гаргагч “С ББСБ” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 0020292 дугаар шийтгэлийн хуудас, “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн 6-д “Send” гэх үг, “Sendly”..., “Sendly”... гэх өнгө, дүрсний хамт хамгаалагдсан болохоос “Send” гэж үг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т зааснаар дангаар хамгаалагдахгүй тул “Send” гэж үгийг өөр бусад этгээд хэрэглэхийг хориглох боломжгүй гэжээ.

              Энэхүү шийдвэр нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0702 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

              4. Гуравдагч этгээд “С ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч З.Б давж заалдах гомдолдоо: 4.1 “С ББСБ” ХХК нь барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхтэй этгээд болох тухайд: Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 6, 7, 8-т “..Send” гэх үг “Sendly”, “Send” гэх өнгө, дүрсний хамт хамгаалагдах болохоос “Send” гэж үг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т зааснаас дангаар хамгаалагдахгүй тул “Send” гэж үгийг өөр бусад этгээд хэрэглэхийг хориглох боломжгүй..” “Send”, “Sendly”, “Sendmn” гэх барааны тэмдгүүд нь ижил төсөөтэй гэж үзэх боломжгүй, хуулбарласан дуурайсан шинжгүй хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

              Гуравдагч этгээд “С” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхдагч огноотой, 40-0022102 дугаартай “Ниццийн 35, 36, 38, 42, 45 дугаар ангилалд хамаарах “Sendly” барааны тэмдгийн гэрчилгээ, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн анхдагч огноотой, 40-0025585 бүртгэлийн дугаартай, Ниццийн 36, 38, 42, 45 дугаар ангилалд хамаарах “Send” барааны тэмдгийн гэрчилгээ, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноотой 40-0031345 бүртгэлийн дугаартай, Ниццийн 9, 36, 42 ангилалд хамаарах “Sendly” барааны тэмдгийн гэрчилгээг тус тус эзэмшдэг.

              Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж заасан. Тус заалтын дагуу “С ББСБ” ХХК-ийн эдлэх онцгой эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр буюу 2020 оноос эхлэн үүссэн. Тодруулбал, манай компанийн эзэмшиж буй барааны тэмдгүүдийн онцгой эрхийн хамгаалалт улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн тул “Send”, “Sendly” барааны тэмдгүүдийг ашиглах нь манай компанийн онцгой эрхэд халдсан үйлдэл болно. Иймд “Send”, “Sendly” барааны тэмдгүүдийг хуулийн дагуу хэн ч хэрэглэж болохгүй.

              4.1 “С ББСБ” ХХК нь бүртгэгдсэн барааны тэмдгийг ашиглаж, барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн тухайд: “С ББСБ” ХХК нь “Sendmn” бүртгэгдээгүй барааны тэмдгийг ашиглаж гуравдагч этгээдийн барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн. Тодруулбал: “Sendmn” гэх тэмдгээс “mn” гэх Монгол Улсын интернет код нь барааны тэмдгээр хамгаалагдахгүй учир “Send” үг үлдэнэ. Тус “Send” гэх үгийг манай компани 2020 онд 40-0025585 бүртгэлийн дугаартай, Ниццийн 36, 38, 42, 45 дугаар ангилалд хамаарах “SEND” барааны тэмдгийн гэрчилгээг гаргуулан авснаар онцгой эрхтэйгээр эзэмших болсон. Гэвч “С ББСБ” ХХК нь www.send.mn гэх домайн нэрийг анхнаасаа ашиглаж байсан хэмээн худал тайлбар өгч, мөн “Send” гэх үгийг хэн ч ашиглах эрхтэй хэмээн тайлбарлаж, адил бараа үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, адил өнгө төрх, веб хуудасны дизайн, зар сурталчилгааны агуулга, уриа үг зэргийг хуулбарласнаар хэрэглэгчид болон иргэд ихэд андуурах болсон.

              Жишээ нь: Манай “С ББСБ” ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр оруулсан “Хайраа илгээ” гэх слоган үгтэй постер оруулж, үйл ажиллагаагаа сурталчилж байсан. Удалгүй 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “С ББСБ” ХХК нь “Хайраа илгээе” гэх слоган үгтэй постер оруулж үйл ажиллагаагаа сурталчилсан. Мөн вебсайт болон фэйсбүүк хуудасны нэр болон ерөнхий өнгө төрх нь манай компанийн вебсайт, фэйсбүүк хуудастай төстэй зэргээс үүдэн андуурагдах болсон.

              Иймд манай компани нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст send.mn гэх website, Sendmn гэх фэйсбүүк хуудас, гар утасны апплейкшн ашиглан явуулж буй үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж, барааны тэмдгийн хууль бус ашиглалтыг таслах зогсоох тухай гомдлыг холбогдох баримтын хамт гаргасан. Тус гомдлын дагуу Оюуны өмчийн Хяналтын улсын байцаагч Б.Ц нь зөрчлийн хэрэг нээж шалгасан. Уг шалгалтаар “С ББСБ” ХХК-ийн фэйсбүүк хуудас болон вебсайтыг үзэж, ижил төсөөтэй байгааг тогтоон манай компанийн эзэмшдэг “send” бараа тэмдгийг зөрчсөн хэмээн зохих албан бичгийг гаргасан.

              4.2 “send” гэх үг нь бараа тэмдгээр хамгаалагдсан тухайд: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” гэж заасан байдаг. Тус заалтын дагуу “С ББСБ” ХХК нь “send” гэх үгийг хар өнгө болон сумаар дүрсжүүлсэн барааны тэмдгээр бүртгүүлсэн бөгөөд тухайн барааны тэмдгийг бүртгүүлснээр барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх үүснэ.

              “С ББСБ” ХХК нь уг үгийг тухайн салбарын тайлбарласан үг буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй”, 5.1.1-т “Үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал”, мөн зүйлийн 5.1.2-т “Тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэгдсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” хамаарах тул барааны тэмдгээр хамгаалагдахгүй гэдэг.

              Гэвч “send” гэх үг нь дан ганц үсэг биш, тоо, геометрийн энгийн гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс ч биш мөн нийтээр хэрэглэгддэг тэмдэг, нэр томьёо ч бас биш юм. Тодруулбал: “send” гэх үг нь илгээх гэсэн утгатай бөгөөд энэ нь харилцаа холбооны үйлчилгээний ангилалд хамаарах үг байна. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг тодорхойлоход “transaction”, “money transfer” буюу мөнгө шилжүүлэх, мөнгө гуйвуулах гэх үгийг хэрэглэнэ. Иймд “send” гэх үг нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээг шууд тайлбарласан утгыг хэрэглэхгүй тул нийтээр хэрэглэгддэг тэмдэглэгээ, нэр томьёо биш болно.

              Хэрэв “apple” гэх үгийг технологийн компани өөрийн брэнд нэр болгож, барааны тэмдгээр хамгаалуулж болох боловч алим зардаг эсхүл алимны шүүс үйлдвэрлэдэг компаниуд барааны тэмдгээр бүртгүүлж болохгүй. Яг үүнтэй ижил манай компани нь захидал, харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээ эрхэлдэг компани байсан бол “send” гэх үгийг барааны тэмдгээр бүртгүүлж болохгүй. Харин өөр төрлийн үйлчилгээ компани бол тус үгийг барааны тэмдгээр бүртгүүлэх бүрэн боломжтой. Энэ нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ” мөн Бараа үйлчилгээний нэрсийн жагсаалтаар нотлогдоно.

              “Send” гэх үгийг манай компани нь Ниццийн 36 дугаар ангилалд бүртгүүлж, тухайн үгийг өөрийн брэндийг төлөөлөх барааны тэмдэг болгон хөгжүүлсэн. Гэвч анхан шатны шүүхээс үгийг барааны тэмдгээр бүртгүүлэх боломжгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан үйлдэл болсон.

              4.3 Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа бүрэн хийгдсэн тухайд:  ...Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмааг оролцуулахаар томилсон. Гэтэл шинжээч Л.Гэрэлмаа нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр харьцуулан дүгнэлт гаргах боломжгүй тухай хариуг ирүүлсэн байдаг.

              Улсын байцаагч Б.Ц нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу “С ББСБ” ХХК-ийн “send” үг, дүрс хосолсон барааны тэмдгийг үндэслэн “С ББСБ” ХХК-д “Бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдэг ашигласан нь хэрэглэгчийн төөрөгдөлд оруулахаар байна” гэж үзэж 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0020292 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавар гаргасан нь үндэслэлтэй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 702 дугаар шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/132 дугаар тушаалаар “Sendly”, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/210 тушаалаар “sendly”, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өрийн А/97 дугаар тушаалаар “send” гэх үг, өнгө, дүрсний хосолмол барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг  гуравдагч этгээд “С ББСБ” ХХК-д зөвшөөрч тус тус барааны тэмдгийн гэрчилгээ олгосон байна.

          3. “С ББСБ” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “send.mn /сенд.мн/ гэх вэб сайт, sendmn гэх фэйсбүүк хуудас гар утасны аппликейшн ашиглан явуулж буй үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж, барааны тэмдгийн зөрчлийг тогтоон С ББСБ-ын send барааны тэмдгийн хууль бус ашиглалтыг зогсоож өгнө үү” гэх гомдол, мэдээллийг шалгаад Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 0020292 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “С ББСБ” ХХК-ийн барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчилд “С ББСБ” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.

          4. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг бараан тэмдэгт тооцохгүй”, 5.1.1-д “үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал”, 5.1.2-т “тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс” гэж тус тус зааснаар “Send” /сенд/ гэх үг дангаар хамгаалагдахгүй, бусад этгээд хэрэглэхийг хориглох боломжгүй, “send.mn мөнгөн гуйвуулга” /сенд.мн/ гэх өнгө, үг дүрсний хосолмол тэмдэг нь дээрх барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэй гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй байна.

          5. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг” ойлгох бөгөөд гуравдагч этгээд “С ББСБ” ХХК-ийн эзэмшиж буй дээрх барааны тэмдгүүд нь үг, дүрс, өнгөний хосолмол байдлаар илэрхийлэгдэж байх бөгөөд “С ББСБ” ХХК тухайн барааны тэмдгүүдийг шууд хэрэглэсэн, ашигласан, төсөөтэй барааны тэмдгийг ашиглаж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан эсэхийг бүрэн тогтоогоогүй хариуцагч зөрчилд тооцсон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасныг зөрчжээ.

          6. Өөрөөр хэлбэл “Sendly”, “sendly”, “send” /сендли, сенд/ гэх барааны тэмдгийг “С ББСБ” ХХК хэрэглэж, ашиглаагүй, “send.mn мөнгөн гуйвуулга” гэх тэмдэгтэд сенд гэх үг орсноор зөрчилд тооцогдохгүй, хууль тогтоомжоор тухайн үйлчилгээг тайлбарласан үг дангаар барааны тэмдэгт тооцохгүй, эрхийн хамгаалалт үүсгэхгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.

          7. Иймд хариуцагч болон гуравдагч этгээд “С ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч нарын “send” гэх үг мөнгөн гуйвуулгын үйлчилгээг шууд тайлбарласан утгыг хэрэглэхгүй тул нийтээр хэрэглэгддэг тэмдэглэгээ нэр томьёо биш, шинжээчээр Л.Гэрэлмааг оролцуулахаар томилсон боловч дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу ирүүлсэн тул ... анхан шатны шүүх зөрчлийг нотлоогүй хэмээн дүгнэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

          8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0702 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц, гуравдагч этгээд “С ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч З.Буяндаваа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээд “С ББСБ” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                     ШҮҮГЧ                                           Н.ХОНИНХҮҮ

 

                                 ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА