Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
Хэргийн индекс | 184/2017/02525/И |
Дугаар | 184/ШШ2017/02221 |
Огноо | 2017-10-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 184/ШШ2017/02221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э
Хариуцагч: С.Т
5 596 000 /таван сая таван зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлдөөлөгч Ш.Э, хариуцагч С.Т, нарийн бичгийн дарга Б.Азбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэрийн дүү болох нэхэмжлэгч Б.Э-өд хариуцагч С.Т нь өөрийнхөө хүсэлтээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд өмнө зээлсэн мөнгө болох 5 596 000 төгрөгийн төлбөрөө бүрэн өгч дуусгахаар тохиролцон бичиг хийж өгсөн байдаг. Энэ хугацаанаасаа хойш нэг ч удаа холбоо барьж утсаар яриагүй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч Б.Э- нь нялх хүүхэдтэй, Дарханд амьдарч байгаа тул төлбөр мөнгөө авахаар хөөцөлдөж чадахгүй байна. Иймд хариуцагчаас 5 596 000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний бие нэхэмжлэгчээс нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Б.Э- гэдэг хүнийг сайн танихгүй нэг л удаа харсан. Б.Э-ийн төрсөн ахын эхнэр Наранчимэг гэдэг эмэгтэй нөхрөөсөө салаад надтай хамт амьдарч байсан юм. Нэг удаа тэрээр надад Б.Э-өөс мөнгө авсан удахгүй төлнө гэсэн бичиг хийгээд өгчих гэхээр нь би модны хоёрт очиж бичиг хийж өгөхдөө анх харж байсан. Би 2014 оны 12 дугаар сард Наранчимэгээс 300 000 төгрөг зээлээд удаалгүй буцаагаад 400 000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн үед надруу Б.Энхтуяа утсаар яриад мөнгөө нэхэхээр нь Наранчимэгт хэлэхэд наадах чинь яах вэ би учрын олно гээд надад сайн тодорхой тайлбар өгөхгүй байсан. Оны дараахан надруу яриад гэрийнхээ хаягийг өгөөч гэсэн. Тэгээд миний гэрийн хаягийг аваад чимээгүй болсон. Тэрнээс хойш нэлээн удсаны дараа Наранчимэг надруу яриад Б.Э- Дарханаас ирсэн байна чи уулзаад мөнгө төлж өгнө гэсэн бичиг хийгээд өгөөч гэж хэлсэн. Юу нь мөнгө төлж өгнө гэсэн бичиг вэ гэж асуухад чи надад хайртай юм бол аргалаад бичээд өгчихөө, дараа нь би ажил эхэлчихвэл би бага багаар нь төлчихнө гэж хэлсэн. Тэгээд би Б.Э-рүү утсаар ярихад модны хоёрт байна гэхээр нь би очоод авсан үнэн болно гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үедээ хэдэн төгрөг гэдэг дээр гарын үсэг зурсанаа санахгүй байна. Гарын үсэг хийж өгсөнөөс хойш сарын дараагаас Наранчимэг надтай харьцахаа больсон. Нэхэмжлэл дээрээ намайг утсаа авахгүй, гэрийн хаягаа солиод алга болсон гэсэн байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Нэхэмжилж байгаа 5.596.000 төгрөгийг би аваагүй.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Төд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 596 000 төгрөг гаргуулахыг хүсчээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хэд хэдэн удаа мөнгө зээлэн авсан, авсан мөнгөө 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн танихгүй, зээлээр мөнгө авч байгаагүй тул хариуцахгүй гэж маргаж байна.
Хариуцагч С.Т нь 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Б.Э-өд 5 596 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төлж дуусахаар тохиролцов” гэсэн агуулга бүхий баримт үйлдэж, гарын үсгээ зуран нэхэмжлэгчид өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч уг баримтыг шаардлагынхаа үндэслэл болгожээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Э-өөс мөнгө аваагүй тухайгаа болон баримтыг үйлдсэн шалтгаанаа тайлбарласан, баримтын агуулгаас үзэхэд зээл авсан тухай бус ийм хэмжээний мөнгө өгөх үүрэг хүлээсэн агуулгатай байх ба Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх хэсэгт бичгээр хийх хэлцэлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурснаар хийсэн гэж үзэхээр зохицуулсан байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн гарын үсэг бүхий мөнгө төлөх тухай баримт нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанаас үүссэн үүргийг харилцан тооцож тогтоосон гэж үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэхүү баримтанд дурдсан үнийн дүн бүхий мөнгийг хэзээ, хэдэн удаагийн үйлдлээр хариуцагчид шилжүүлсэн, өр хэрхэн үүссэн талаар нэхэмжлэгч тал нотлоогүй, тайлбар гаргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282 зүйлийн 282.4 дэх хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан ба талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Төөс 5 596 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2 . Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ