Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02569

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02569

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 138 тоотод оршин суух Боржигон овгийн Б. Бгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

            шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563-р шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргахдаа
миний өмчлөлийн 120.000.000 төгрөгөөр үнэлэгдэж буй хөрөнгийг ердөө 18.480.000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна.

Миний бие Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан үнэлгээг зөвшөөрөхгүй байна, үнэлгээг дахин хийлгэх тухай гомдол шаардлага гаргасан боловч хүлээн аваагүй болно.

 Иймд миний өмч болох Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 38 тоо, 359 м.кв талбайтай дэд бүтэц нь шийдэгдсэн газрыг 26.000.000 төгрөгөөр үнэлэн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Бгаас 13.369.975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Б.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203005150 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 138 тоот 32 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/01- 12 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2017/01 дугаартай тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч Б.Б нь барьцаа хөрөнгөө 120.000.000 төгрөгөөр үнэлснийг, төлбөр авагч хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус албанд ирүүлсэн байна.

Хөндлөнгийн шинжээч 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 138 тоот 32 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 26.400.000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгч Б.Бд үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/12530 тоот албан бичгээр гардуулан өгч, үнэлгээний тайлантай танилцуулсан.

Нийслэлийн шийдвэр гүйцтгэх албанаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон .нэлгээний 70 хувь болох 18.480.000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 13.200.000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21- ний өдөр тус тус оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч Б.Б нь хугацаа хожих замаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхийг хүсье.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан ашийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Бгаас 13.369.975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 533 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 16-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/01-12 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 138 тоот 32 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжилж тэмдэглэл үйлдэн, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2017/01 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоолоор дээрх эд хөрөнгийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан  хураан авч тэмдэглэл үйлдэж, төлбөр төлөгч, өмчлөгчид битүүмжилсэн эд хөрөнгийн үнэлгээг ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 120.000.000 төгрөгөөр, төлбөр авагч шинжээч томилж үнэлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус ирүүлжээ. /х.х-ийн 23,24,26,29,30 -р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Шинжээч томилох тухай 113 дугаартай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн байна./хх-ийн 31-40-р хуудас /

Төлбөр төлөгч Б.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 25 дугаар гудамжны 138 тоот 32 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 359 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ болох 26.400.000 төгрөгийн 70% болох 18.480.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/12530 дугаартай мэдэгдлийг тухайн өдөрт нь Б.Б хүлээн авсан  байна /хх-ийн 41-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд  оруулах  мэдэгдэл  болон  зохигчийн  тайлбар,  мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/01-12 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2017/01 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоолоор дээрх эд хөрөнгийгхураан авч, төлбөр төлөхийг удаа дараа шаардаж улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 26.400.000 төгрөгийн 70 хувиар тооцон 18.480.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Б.Бд  2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 3/14573 дугаартай  мэдэгдлийг тухайн өдөрт нь тогтоолын хамт гардуулан өгсөн байна. /хх-ийн 23,26,73,74-р хуудас/

Төлбөр төлөгч Б.Б нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу 38 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Мөн төлбөр төлөгч Б.Б нь эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх гомдлоо Шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргаж 5 дугаар сарын 18-ны өдөр 3/440 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна гэсэн хариуг  авчээ. /хх-ийн 73,74-р хуудас/

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй байна.

Улмаар төлбөр авагч барьцаа хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэсэн хүсэлт ирсний дагуу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3/17204 тоот мэдэгдэлээр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10.000 цагт  болох хоёр дах дуудлага худалдааны мэдэгдлийг тухайн өдөрт нь Б.Бд гардуулан өгсөн байна./хх-ийн 47, 50-р хуудас/

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10.000 цагт явагдсан  үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Өнөөдөр сонинд, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10.000 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаа болохоос 14 хлнолгийн өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Өнөөдөр сонинд тус тус нийтэлсэн байна. /хх-ийн 45,67,68-р хуудас/

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Бгаас 13.369.975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  албанаас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.,12 дугаар зүйлийн 12.1, 19, 20, 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.2., 36 дугаар  зүйлийн 36.1., 37 дугаар зүйлийн 37.2., 39 дүгээр зүйлийн 39.3., 43 дугаар зүйлийн 43.3., 47 дугаар зүйлийн 47.1. -д  заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь байрыг хэт багаар үнэлсэн байна...” гэж маргаж байгаа боловч,  тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иймд  хариуцагч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Бгаас 13.369.975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад  төлбөр төлөгч болон  бусад этгээдийн  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-ийн 62,72-р хуудас/

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн явдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд саад болохгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                                                                                                                    

 ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Б.Бгаас 13.369.975 төгрөгийг гаргуулж С.Эрдэнэбаатарт олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10258 дугаартай шүүгчийн захирамж хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО