| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0096/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/95 |
| Огноо | 2021-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******т холбогдох 2132001620136 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 дүүгийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум.............тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Борлууд овгийн Жигмэдийн Ганзориг /РД:МЧ82120518/
Холбогдсон хэргийн талаар:
******* нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд *******н нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боож улмаар эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн2132001620136 тоот хавтаст хэргээс:
Яллагдагч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай гэрийн гадаа хүн орилоод яс үндсээр дуудаад байхаар нь би гэрээсээ гарахад Ууганбаяр гэдэг хүн гэрийн гадаа орилоод байхаар нь би Ууганбаяр дээр очоод “за ахаа болио та урьд нь намайг хэл амаар доромжлоод би цагдаад дуудлага өгч байсан би нэхэл дагуул болж байгаагүй шүү, 2 дахь удаагаа орилж ирэх юмаа ямар учиртай юм бэ” гэхэд Ууганбаяр надад “би чамайг судалсан чи Увс аймгийн хүн билээ, Мандал суманд ирээд даам гарахгүй шүү” гэж хоорондоо маргалдаад Ууганбаярын хашаан дотор ороход Баяндалай над руу мод барихаар нь би тухайн модыг барьж аваад Баяндалайг унагаагаад, “би багтраа өвчтэй намайг тавьчих босгочих” гээд байхаар нь би Баяндалайг босгосон. Ууганбаяр намайг хэл амаар доромжлоод байхаар нь заамдаж аваад жоохон зууралдаж байгаад хавирч унагаасан. Тэгээд цагдаа нар ирсэн. Би Ууганбаярын эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан. Миний буруу ...гэжээ /ХХ-н 52-53-р хуудас/,
Хохирогч Ү.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим найз Баяндалайг манай хашаанд байх тооройнуудыг засаад өгөөч гэж гуйж Баяндалайн гэрээс нь очиж аваад гэрийнхээ хашаанд авч ирээд гахайнууд засаад дуусаж байхад ******* миний гар утас руу залгаад "би гахайн тооройн засаа идье" гэж хэлэхээр нь би ******* хамт *******ыг төвөөс аваад замаар нэг шил хараа нэртэй 0,5 литрийн архи аваад буцаж гахай байх хашаанд очоод амбаартай нөгөө авсан архиа *******, ******* бид нар хуваагаад ууж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд надаас "тамхи байна уу" гэж асуухад нь би 2 ширхэг тамхи өгөөд тэр залуу гараад явсан. Орой 18 цагийн орчим *******ын эхнэр ирээд *******ыг аваад явсан. Би Баяндалайд чи гэртээ хариад яах юм бэ энд хоноод явахгүй юу даа гэж хэлээд сууж байхад Ганзоригтой хамт 2 залуу цуг орж ирээд "Ганзориг чи муу энд ирээд томроод байгаарай чам шиг муу юмнаас айхгүй шүү" гэж хэлээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би гар утасныхаа дүрс бичлэгийг хийж эхэлсэн. Тэгээд би Ганзоригт "чи миний хашаа болон гэр оронд орж ирээд намайг доромжилдог хэн бэ" гэж хэлээд Ганзоригтой маргалдаж бид хоёр бие биеийнхээ цамцнаас зууралдаж амбаараас гараад Ганзориг намайг боогоод миний нүүрэн тус газар нэлээн хэдэн удаа цохиход нь би "та нар миний найз Баяндалайг битгий зодоорой" гэж хэлсэн. Тэгээд манай хашаанд бид нарыг байж байхад хаанаас ирсэн юм мэдэхгүй 2 эмэгтэй хүн ирчихсэн гар утасны гэрэл асаагаад бичлэг хийгээд байх шиг байсан. Удалгүй хоёр цагдаа ирээд "та нар юунаас болж маргалдаад байгаа юм бэ" гэж асуухаар би "манай хашаанд мал орж ирдэг асуудлаас болж бид нар маргалдсан" гэж хэлэхэд тэр хоёр цагдаа "энэ хэний хашаа юм бэ" гэхэд нь би "энэ хашаа байшин манай хашаа" гэж хэлэхэд тэр хоёр цагдаа манай гэрээс гарч явахад Ганзоригтой байсан 2 залуу бас хоёр эмэгтэй нар цагдаатай хамт манай хашаанаас гарч явсан. Ганзориг манай гэрт орж ирсэн тамхи гуйдаг залуу архи уучихсан байсан. Дээлтэй залуу нь архи уугаагүй байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /ХХ-н 14-15-р хуудас/,
Гэрч Ж.Баяндалай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Ууганбаяр намайг гахай засаад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Ууганбаярын гэрт нь очиж 5 тоорой хөнгөлж дуусгаад буцаж төв орж нэг шил архи аваад ******* гэх залуутай хамт буцаж Ууганбаярын гэрт нь ирж нөгөө авсан архи хувааж ууж дуусаагүй байтал *******ын эхнэр ирж *******ыг авч явсан. Тэгээд Ууганбаяр бид хоёрыг сууж байхад гаднаас танихгүй эрэгтэй 2 хүн орж ирээд Ууганбаяртай Ганзориг гэх залуу нь маргалдаад Ууганбаярын подволкноос заамдаж аваад гарья гээд амбаараас гарахаар нь би удалгүй араас нь гарахад амбаарын зүүн хойд буланд Ууганбаяр газар уначихсан цээжин дээр нь Ганзориг мордож суугаад подволкноос нь заамдсан байдалтай байхаар нь би “та нар манай найзыг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд нэг залуутай нь барьцалдаж аваад нөгөө залуу нь намайг газар унагаагаад миний дээр сууж байхад Ууганбаяр “миний найзад хамаагүй шүү та нар манай найзыг битгий зодоорой та нар манай хашаанд орж ирээд хүн зоддог хэн юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд миний дээр сууж байсан залууд “би багтраа өвчтэй шүү намайг босгочих” гэж хэлсэн. Тэгээд намайг газраас босоход Ууганбаяр газраас босчихсон подволк нь байхгүй цээж нүцгэн нөгөө залуутайгаа маргалдсан байдалтай байсан. Би Ууганбаярыг хүн цохиж байхыг нь хараагүй харин Ууганбаярын өмсөж байсан подволкоор нь хоолойг нь Ганзориг боогоод байхыг нь харсан... гэх мэдүүлэг/ХХ- ийн 26-27-р хуудас/,
Гэрч гЖ.Бадамцэцэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2021 оны 03 дүгээр сарын 26-ны орой 13 цагийн орчим Ганзориг ахын охин Ганцэцэгийн хамт Ганзориг ахын гэрийн орчим машинтайгаа зогсоод Ганцэцэг гэр рүүгээ ороод утсаар “аав гэртээ байхгүй байна хажуу айлын хашаанд аавыг согтуу хүмүүс дарсан байх шиг та хүрээд ирээч” гэхээр нь би машинаас буугаад айлын хашаа руу орсон. Тэгээд манай ах Ганзориг нэг согтуу эрэгтэй хүний дээр гарсан дараад сууж байсан, нөгөө согтуу ах нь газар хэвтэж байсан. Газар хэвтэж байсан Ууганбаярын хажууд нэг урт мод байсан тухайн модоор Баяндалай гэх хүн манай ах Ганзоригийн нуруу орчим цохисон гэж Ганзориг ах надад хэлсэн. Нямжав “наад хоёр хүндээ гар хүрээд хэрэггүй одоо цагдаа нар иртэл дараад байж байя” гэж хэлсэн. Тэгээд Ганзориг ахын охин Ганцэцэг гар утсаараа бичлэг хийсэн Удалгүй 2 цагдаа ирэхээр нь би Ганзориг ах Нямжав нарыг аваад явсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 31-32-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 206 дугаартай "1. *******н биед зүүн нүдний дээд зовхи, баруун гарын бугалга, баруун хөлийн өвдөгний үенд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /ХХ-ийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн засаг даргын Тоочек 2-2 тоотод оршин суудаг тодорхойлолт /ХХ-ийн 56 дугаар хуудас/, Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 64 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд *******н нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боож улмаар эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч *******н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Ж.Баяндалайн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Шинжээчийн №206 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 37-38 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ү.Ууганбаяр нь шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалд 570000 төгрөг нэхэмжилж ба шүүдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд уг хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Ганзориг нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжийн хангайн төвийн хэсэгт 12-3 тоотод *******н хашаанд түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хоолойг нь боож улмаар эрх, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Борлууд овгийн Жигмэдийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 04 /дөрөв/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ