Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2017/02065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.А

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: С.Ж

Хариуцагч: “А” ХХК 

Т.А, С.Ж нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газар бэлэглэх гэрээ, Д.Т, С.Ж нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууц бэлэглэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Энхбат нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “А” ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажилд орж, 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байсан. Гэтэл миний нэр дээр 44 630 790 төгрөгний өр дутагдал гарсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж сэжигтнээр тооцуулан шалгасан. Шалгуулж байх хугацаанд тус компанийн хуулийн зөвлөх Э, А нар миний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахын тулд бэлэглэлийн гэрээгээр шилжүүл, тэгвэл эрүүгийн хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гэсний дагуу М.Ж-д 2016  оны 12 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газарыг шилжүүлсэн. Би С.Ж гэдэг хүнийг өмнө нь танихгүй, үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэх шаардлага ч байгаагүй. Гаргасан өр дутагдлын тухайд үүссэн эрүүгийн хэрэг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон бөгөөд “А” ХХК-тай 2016  оны 12 дугаар сарын 22-ны өдөр 12LD-ZG-08 дугаартай зээлийн гэрээ байгуулан нийт 38 243 014 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байсан. Иймд миний С.Жтой 2016  оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газар бэлэглэх гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1М байр, 24 тоотод байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч билээ. Миний эхнэр Ц.Б “А” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 33 958 588 төгрөгийн өр дутагдал гаргасан гэж тус компаниас цагдаагийн байгууллагад  өргөдөл гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгаж, 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр прокурорын 17 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл “А” ХХК-ийн хуулийн зөвлөх Э, А нар миний эхнэрийг дарамтлан нөхрийнхөө нэр дээр байгаа орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр С.Ж гэдэг хүн рүү шилжүүл, тэгвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гэж дарамталснаас би аргагүйн эрхэнд бэлэглэлийн гэрээ гэх зүйл хийж  өмчлөх эрхээ таних ч үгүй хүнд шилжүүлсэн. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр С.Жтой байгуулсан Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууц бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ С.Жд бэлэглэх хүсэл зориг байгаагүй харин “А” ХХК-д ажиллаж байх үедээ учруулсан гэх хохиролтой холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж байх үед нь сүрдүүлж энэхүү хэлцлийг хохирлыг төлүүлэх баталгаа болгох үүднээс хийлгэсэн байдаг.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн “А” ХХК-д холбогдох хэсгээс татгалзаж байна. Учир нь бэлэглэлийн гэрээ нь С.Ж болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан бөгөөд “А” ХХК-д холбогдох асуудал бол тусдаа шийдвэрлэгдэх өр төлбөрийн тухай юм. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчиийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

            Харицагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.А нь “А” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12A-HR-69 тоот хөдөлмөрийн гэрээ, 12HRD-ED-69  тоот “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”, нэхэмжлэгч Д.Тын эхнэр Ц.Б нь  2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 12A-HG-151 тоот хөдөлмөрийн гэрээ, 12HRD-ED-151 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг  тус тус байгуулж худалдааны төлөөлөгчийн ажилд орсон. Худалдааны төлөөлөгч их хэмжээний бараа бүтээгдэхүүн бэлэн мөнгөтэй харьцдаг тул ажлын байрны онцлог нөхцөл байдалтай тохируулан ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх алдаа дутагдал гаргахгүй байх, байгууллагад хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлүүлэх баталгаа болгох үүднээс Т.Атай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 12AG-BG-07 тоот барьцааны гэрээ, Ц.Бтай  2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12AG-НТ-ВG-28 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Энэхүү гэрээгээр Т.Аын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа, 30 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газар, Д.Тын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, М-24 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээнд нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгч Д.Тын эхнэр Ц.Б нар нь тус байгууллагад ажиллаж байхдаа олон сая төгрөгийн дутагдал гаргасныг Цагдаагийн байгууллагаар шалгуулж, учруулсан хохирлын хэмжээг тус бүрд нь тогтоолгосон бөгөөд прокурорын байгууллагаас иргэний журмаар хянан шийдвэрлэвэл зохих маргаан байна гэх үндэслэлээс эрүүгийн хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар өр төлбөрөө төлөх баталгаа болгон дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг “А” ХХК-ийн хангамжийн албаны дарга С.Жын нэр дээр шилжүүлсэн нь тэдний өөрсдийн илэрхийлсэн хүсэл зориг байсан бөгөөд өөрсдөө нотариатад  биечлэн  очиж гарын үсэг зурсан юм. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А, Д.Т нар нь С.Ж болон “А” ХХК-д холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газар бэлэглэх гэрээ, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууц бэлэглэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нэхэмжлэлийнхээ хариуцагч “А” ХХК-д холбогдох хэсгээсээ татгалзсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэлээ гаргах, гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч нар нь бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх  эд хөрөнгөө С.Жд шилжүүлсэн нь бидний хүсэл зориг байгаагүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгч “А” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа учруулсан хохиролтой холбоотойгоор тус байгууллагын ажилтан миний өмчлөлд барьцааны зүйлээ шилжүүлсэн нь нэхэмжлэгч нарын хүсэл зориг байсан гэж тайлбарлаж байна.

Зохигчид “А” ХХК болон нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгч Д.Тийн эхнэр Ц.Б нарын хооронд үүссэн өр төлбөр, түүний хэмжээ, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн тухайд маргахгүй байгаа болно.

Нэхэмжлэгч Т.А нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч С.Жтой хувийн сууц бэлэглэх гэрээ, газар бэлэглэх гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа, 30 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газрыг, нэхэмжлэгч Д.Т нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч С.Жтой бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, М-24 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бэлэглэсэн, энэхүү гэрээг үндэслэн эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Жын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн  болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 84-117 дугаар хуудас/

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгүүдэд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулжээ.

Зохигчдын тайлбар болон хариуцагч нараас гаргаж өгсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгч Д.Тийн эхнэр Ц.Б нар  “А” ХХК-д ажиллаж байхдаа тухайн байгууллагадаа учруулсан хохирол төлбөрийг барагдуулах хүртэл барьцаалах зорилгоор нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг С.Жд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл нэг цаг хугацаанд өөр өөр агуулга бүхий зээлийн гэрээ, бэлэглэлийн гэрээнүүдийг байгуулсан байх бөгөөд гэрээнүүдийн агуулга, зохигчдын тайлбараас дүгнэхэд талуудын хүсэл зориг ажилтнуудын хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад байгууллагад учирсан  хохирлыг зээлийн гэрээ байгуулах замаар шийдвэрлэхэд чиглэсэн, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор бэлэглэлийн гэрээнүүдийг байгуулсан нь тогтоогдож байна.

Талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан,  гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт зааснаар барьцааны гэрээ байгуулах боломжтой байхад үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд бүрэн шилжүүлсэн агуулгатай бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хууль бус болжээ.

Зохигчдын байгуулсан бэлэглэлийн гэрээнүүд нь тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад үнэ төлбөргүй шилжүүлэх /бэлэглэх/ хүсэл зориггүйгээр хийгдсэн  байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5 дах хэсгүүдэд дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан байна.

Иймд Т.А,  С.Ж нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа, 30 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газрыг бэлэглэсэн гэрээ, нэхэмжлэгч Д.Т,  С.Ж нарын хооронд нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, М-24 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бэлэглэсэн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, энэхүү гэрээний үндсэн дээр хариуцагч С.Жын өмчлөлд шилжсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү шийдвэрт нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгч Д.Тийн эхнэр Ц.Б нарын “А” ХХК-д ажиллаж байхдаа учруулсан хохирол төлбөртэй холбоотой асуудлыг дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болох хурлын товыг 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр мэдсэн, тов мэдэгдэх тухай баримтанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5 дахь хэсгүүдэд  заасныг баримтлан Т.А, С.Ж нарын хооронд  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Зүүн салаа, 30 дугаар гудамж, 43 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016735 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2201004757 дугаарт бүртгэлтэй газрыг бэлэглэсэн гэрээ, нэхэмжлэгч Д.Т, С.Ж нарын хооронд нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, М-24 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201026725 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бэлэглэсэн гэрээг  тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, энэхүү гэрээний үндсэн дээр хариуцагч С.Жын өмчлөлд шилжсэн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийн хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.А, Д.Т нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь “А” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, нэхэмжлэгч Д.Тын төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Жоос 307 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ад, 175 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.БАТСҮХ