| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0022/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/30 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
Шүүгдэгч А / А / нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А / А / -д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: А.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А / А / нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтоор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын их хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн "Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг, барааны жагсаалт"-д багтсан ямаа, үхэр, хонины нийт 402 кг махыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А / А /-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Махаа аваад 2018 оны 01 сарын 05-ны өдөр өөрийн машинд хийгээд явсан. Гаалийн хяналтанд очоод асуухаар нь махтай гэж хэлсэн. Гааль цагдаа шалгаад махыг хурааж авсан. Энэ махыгА, Г гэдэг хүнээс авсан. Өмнө нь мах авч зах дээр зардаг байсан. Хилээр мах нэвтрүүлж болохгүй гэдгийг мэднэ гэв, Шүүгдэгч А / А /-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би БНХАУ-ын ӨМӨЗО-ны Мандал сум ороод Л гэх Хятад хүнтэй уулзсан чинь үхрийн махыг 1 кг 36 юань, хонь, ямааны махыг 1 кг 25 юаниар авна гэж ярьж байсан болохоор мах гаргаж зарах зорилготой 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөрА гэх хүнээр дамжуулан 84 кг хонины мах, 192 кг ямааны мах нийт 276 кг бага малын мах худалдан авсан. Надад урьд хөдөөний танихгүй хүнээс худалдаж авсан 128.24 кг ямааны мах, 43.6 кг үхрийн мах байсан. Би махыг анх авахдаа БНХАУ-руу гаргах зорилгогүй, зааг дээр зарахаар худалдан авсан байсан юм. Тэгээд би 2018 оны 01 сарын 05-ны өдөр 320.4 кг ямааны мах, 43.6 кг үхрийн мах, 38 кг хонины мах нийт 402 кг махыг өөрийн эзэмшлийн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн шал, тааз, хана, запас дугуй зэрэгт хэсэг хэсгээр нь нуувч болгон хийж бэлдээд 2018 оны 01 сарын 05- ны өдөр БНХАУ-руу нэвтрэхээр Ханги хилийн боомтын гаалийн хяналтын бүсэд очоод гааль болон цагдаагийн шалгалтаар саатуулагдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед Ханги боомтын БНХАУ-руу гарах чиглэлийн гаалийн хяналтын талбайд ... улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын иргэн А нь жолоодож орж ирэхэд нь машиныг нь тээврийн хэрэгсэл шалгах нүхэн гарц /яам/ дээр гаргаж үзлэгээ хийхээс өмнө жолоочоос нь амаар “Хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүн байгаа юу” гэхэд байгаа гэж хэлсэн ба уг автомашинд цагдаагийн байгууллагын эдийн засгийн төлөөлөгч Номин- Эрдэнэтэй хамтарч үзлэг хийхэд хана, тааз, шал, суудлын түшлэг, запас дугуй гэх газруудаас нийт 402 кг мах илэрсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би боомт дээр очоод өөрийн авч очсон хонь, ямааны махыгА гэх эмэгтэйд өгтөл мөнгийг чинь данс руу нь хийнэ гээд тухайн махыг нэг Өвөрмонгол залууд өгч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ахын машинд суугаад гаалийн хяналтын талбай дээр ирсэн. Гааль, цагдаагийн хүмүүс А ахын машиныг шалгахад мах гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ахтай Ханги Мандалын зааг гэх газарт таарсан. Тэгээд эгч, дүү бид гурав А ахын машинд суугаад Ханги боомтын гаалийн хяналтын бүс дээр иртэл цагдаа, гаалийн хүмүүс А ахын машиныг шалгаад машины шал, тааз, хана зэргээс тусгайлан бэлтгэсэн уутанд хийсэн мах гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч А.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 05- ны өдөр Ханги боомтын гарах чиглэлийн гаалийн хяналтын талбайд ... улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашиныг БНХАУ-ын иргэн А гэгч нь жолоодож Э, Х,Н нарын зорчигчтой орж ирсэн. Тэгээд гаалийн улсын байцаагч Бын хамт хамтарсан шалгалтыг хийхэд тус автомашины дотор хана, шал, тааз, запас дугуй, шатахууны сав зэрэг газраас мах илэрснийг боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны албандаа ашигладаг жингээр хэмжиж үзэхэд 320.4 кг ямааны мах, 43.6 кг үхрийн мах, 38 кг хонины мах нийт 402 кг мах болсон. Уг махыг үзлэг хийн хураан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторын шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “....шинжилгээгээр гликогены чанарын урвал болон мэдэрхүй шинжилгээний аргаар үхрийн мах мөн болохыг тодорхойлов...” гэжээ /ххийн 55 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторын шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...шинжилгээгээр Гликогены чанарын урвал болон мэдрэхүй шинжилгээний аргаар хонины мах мөн болохыг тодорхойлов..." гэжээ /хх-ийн 60 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторын шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...лабораторийн шинжилгээний ажлын хүрээнд мал амьтны төрлийн хамаарлыг тогтоох “гликогены чанар’’-ын урвал, өөхний хайлах температурын өөрчлөлт, мах, өөхний өнгөний хувирлын шинжилгээнүүдийг хийхэд ямааны мах мөн болох нь тогтоогдсон тул хүнсний хэрэгцээнд хэрэглэж болохыг тогтоов...” гэжээ /хх-ийн 63 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 13-15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ДГО 756 дугаартай дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2- 5а/526 дугаартай албан бичиг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,
Гадаадын иргэн харъяатын газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13/19 дугаартай албан бичиг /хх-ийн 85-88 дугаар хуудас/,
Ханги боомтоор гарах чиглэлийн хяналтын талон /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоол /ххийн 95-100 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А / А / нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтоор 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын их хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн "Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг, барааны жагсаалт"-д багтсан ямаа, үхэр, хонины нийт 402 кг махыг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч А / А /-н өгсөн: “...би 2018 оны 01 сарын 05-ны өдөр 320.4 кг ямааны мах, 43.6 кг үхрийн мах, 38 кг хонины мах нийт 402 кг махыг өөрийн эзэмшлийн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн шал, тааз, хана, запас дугуй зэрэгт хэсэг хэсгээр нь нуувч болгон хийж бэлдээд 2018 оны 01 сарын 05-ны өдөр БНХАУ-руу нэвтрэхээр Ханги хилийн боомтын гаалийн хяналтын бүсэд очоод гааль болон цагдаагийн шалгалтаар саатуулагдсан гэсэн мэдүүлэг, Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БНХАУ-ын иргэн А нь жолоодож орж ирэхэд нь машиныг нь тээврийн хэрэгсэл шалгах нүхэн гарц /яам/ дээр гаргаж үзлэгээ хийхээс өмнө жолоочоос нь амаар “Хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүн байгаа юу” гэхэд байгаа гэж хэлсэн ...автомашины жолооч Аээс ямар амьтны гаралтай мах болох талаар асуухад ямаа, хонь, үхрийн мах байгаа гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ахын машинд суугаад гаалийн хяналтын талбай дээр ирсэн. Гааль, цагдаагийн хүмүүс А ахын машиныг шалгахад мах гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А ахтай Ханги Мандалын зааг гэх газарт таарсан. Тэгээд эгч, дүү бид гурав А ахын машинд суугаад Ханги боомтын гаалийн хяналтын бүс дээр иртэл цагдаа, гаалийн хүмүүс А ахын машиныг шалгаад машины шал, тааз, хана зэргээс тусгайлан бэлтгэсэн уутанд хийсэн мах гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ханги боомтын гарах чиглэлийн гаалийн хяналтын талбайд ... улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашиныг ... гаалийн улсын байцаагч Бын хамт хамтарсан шалгалтыг хийхэд тус автомашины дотор хана, шал, тааз, запас дугуй, шатахууны сав зэрэг газраас мах илэрснийг боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны албандаа ашигладаг жингээр хэмжиж үзэхэд 320.4 кг ямааны мах, 43.6 кг үхрийн мах, 38 кг хонины мах нийт 402 кг мах болсон. Уг махыг үзлэг хийн хураан авсан...” гэсэн мэдүүлэг, мах мөн талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч нь хяналт шалгалтаар шалгуулж байхдаа улсын байцаагчийн асуултанд мах тээвэрлэж байгаа талаар үнэн зөв хариулсан байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхдээ туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзсан учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санал дүгнэлт гаргасныг хянаж үзээд шүүхээс дараах эрх зүйн дүгнэлтийг хийлээ.
Шүүгдэгч А / А /-нь 2018 оны 01 дугаар сарын 05 ны өдөр Ханги хилийн боомтоор 402 килограмм махыг бусдаас худалдан авч БНХАУ- улс руу хууль бусаар тээвэрлэх зорилгоор автомашины далд хэсгүүдэд нууж Монгол улсын хилийн бүтэц болох гаалийн хилийг нэвтэрсэний дараа хууль сахиулах албаны хяналт шалгалтын явцад мах байгаа талаар хариулсан байдал нь гэмт хэргээ төгсөх боломжийг хязгаарласан аливаа хүчин зүйлээс хамааран гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл байх тул түүнийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч А / А /-ийг Монгол улсын хилээр ямаа, үхэр, хонины нийт 402 кг мах буюу хязгаарласан барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А / А /-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай УАЗ 3962 маркийн автомашин нь гэмт хэрэг үйлдэх үед иргэний хэлцлийн үндсэн дээр түүний өмчлөлд шилжсэн болох нь шүүгдэгчийн өгсөн:.. тээврийн хэрэгсэл бол миний тээврийн хэрэгсэл байгаа юм.
Би 2018 оны 01 сарын 05-ны өдөрО гэх манай хажуу амьдардаг хүний машины дугаарыг нь авч өөрийнхөө машинд хийсэн. Тухайн үед миний машины дугаар эвдэрч муудаад унаад байсан. Миний өөрийн тээврийн хэрэгслийн дугаар бол ... гэсэн улсын дугаартай энэ дугаарын эзэмшигч нь Т гэж хүн байгаа. БиОгийн машины дугаарыг авч өөрийн машинд хийхдээ эзэнд нь хэлэлгүйгээр аваад өөрийн машины урд талд зүүсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн тээврийн хэрэгсэл Аийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. А ахын пургон ... гэсэн улсын дугаартай гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн тээврийн хэрэгсэл Аийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. А ахын пургон ... гэсэн улсын дугаартай. Хилээр гарахад машиныхаа дугаар солиод ... гэсэн лугаар машиндаа тавьсан байсан гэсэн мэдүүлэг, Гэрч П.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: А өөрийн пургон автомашиныг Хөвсгөл сумаас Ч гэх хүнээс худалдан авч байсан гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А / А /-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 3000000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай УАЗ 3962 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгохоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Мөн хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 320.4 кг ямааны мах, 43.6 кг үхрийн мах, 38 кг хонины мах нийт 402 килограмм махыг хадгалалт болон чанарын талаар гаргасан нотлох баримтуудыг үндэслэн улсын орлого болгуулахаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч А / А / нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А / А /-ийг Монгол улсын хилээр хуулиар хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч А / А /-ийг 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А / А / нь 1 000 000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А / А / нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А / А / нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А / А /-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 3000000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай УАЗ 3962 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгохоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 320.4 кг ямааны мах, 43.6 кг үхрийн мах, 38 кг хонины махыг улсын орлого болгосугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А / А /-ийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД