| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2018/00000/Э |
| Дугаар | 002 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 002
С.С-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж, прокурор А.Турдыбек, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нарыг оролцуулан,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолтой, С.С-д холбогдох эрүүгийн 1813000000224 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-ийн С /РД:БА00000000/ нь иргэн Ж.Д-ын улаан алаг зүсмийн 3 настай үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор:
“1. Шүүгдэгч Х овогт С-ийн С-ыг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүгдэгч С.С нь 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Алтай сумын "Цагаан булаг” хэмээх газар бэлчээрт байсан хэсэг тооны үхэр сүргийн ижлээс улаан халзан, алаг зүсмийн 3 настай бухыг өөрийн Т гэгчээс худалдан аваад алдсан үхэр хэмээн тууж ирээд, өөрийн үхэрт нийлүүлэн маллаж байгаад, им тэмдгийг өөрчилж, өөрийн малын имийг тавьж, өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан байна. Тухайн үхэр С.С-ын Т-аас худалдан авсан үхэр биш болохыг гэрч Т нотолсон байх ба тухайн үхэр хохирогч Д-ын үхэр болох нь нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах явцад шүүгдэгч С.С нь Д-ын үхрийг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрч, хохирогч Д-ад үхрийг буцаан өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг урьдчилсан байдлаар төлж барагдуулсан. Яллагдагч С.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэргийг хялбаршуулсан журмаар” шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын газраас хүлээн авч, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал тохирч” яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч С.Сад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хамжээ авахыг санал болгож яллагдагчтай ялын санал тохирч, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс С.С-ад холбогдох хэргийг Прокурорын байгууллагын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд “хялбаршуулсан журмаар” хянан шийдвэрлэж, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.4-т заасан шүүгдэгч С.С-ын ялын болон хариуцлагын талаарх тохиролцоог шүүхээс харгалзан үзэлгүй өөр төрлийн буюу “нийтэд тустай ажил хийлгэх” ялаар шийтгэх тогтоол гаргасан нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.С-ын хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.12 дугаар зүйлд заасан үндэслэлээр “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримтлан “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн" атлаа Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн журмаар оногдуулах “250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.7-д заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тусгай ажил хийлэх ялаар шийтгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэснийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Х.Зулхашын гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.
Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг, анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг тус тус зөрчсөн байх тул шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаас гаргасан хүсэлтийн /хх-34/ дагуу прокурор мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж тогтоол /хх-36/ гарган, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гээд мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлүүдийг хуульчилсан. Гэтэл прокуророос “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалтад зааснаар, 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэсэн санал /хх-37/ гарган яллагдагч С.С-ад танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх байтал ялаас чөлөөлөх буюу тэнсэж үүрэг хүлээлгэх санал гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Прокуророос “тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах” гэх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилснаас үзэхэд хорих ялаас чөлөөлөх, тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болохыг тэмдэглэж байна.
2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй буюу яллагдагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар санал гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.-т заасан нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.-т зааснаар шүүх нь прокурорын сонсгосон ялыг яллагдагч хүлээн зөвшөөрсөн эсэхийг нягтлан шалгах бөгөөд прокуророос “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалтад зааснаар, 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэсэн санал /хх-37/ гарган яллагдагч С.С-ад танилцуулж, гарын үсэг зуруулсныг “прокуророос сонсгосон ялыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх үндэслэлгүй. Учир нь прокурорын дээрх саналыг “шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг” тодорхойлсон гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй буюу хуульд заасан нөхцөл байдал хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмыг алдагдуулсан гэж үзнэ.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд албадлагын арга хэмжээний төрөлд “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хөрөнгө, орлогыг хураах арга хэмжээг” тус тус багтаан хуульчилсан бөгөөд албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон этгээдэд хүлээлгэх ялын бус шинжтэй нөлөөллийн арга хэмжээ юм.
Шүүх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор тусгасныг тэнсэж үүрэг хүлээлгэх ойлголттой нэгэн адилаар адилтгаж ойлгохгүй байвал зохино.
Мөн прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид “эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар” санал болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын уг саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчим болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд сахих, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч С.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ