Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Балжмаа |
Хэргийн индекс | 127/2019/0007/З |
Дугаар | 11 |
Огноо | 2020-06-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2019/0007/З
Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Х.Эрдэнэтуяа, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г.Ж-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Засаг дарга “Г.Ж-” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09/1355 тоот албан бичиг илт хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг аймгийн Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан мэргэжилтэн Г.М-, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.М-, хамтран хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ө.О-, иргэдийн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК-ийн захирал М.Д-2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай компанийн гаргасан хууль ёсны өргөдлийг Хэнтий аймгийн Засаг дарга нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад зааснаар цахим хэлбэрээр шивж, Төрийн захиргааны төв байгуулагад хүргүүлэхээс хууль бусаар татгалзаж, манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байх тул Хэнтий аймгийн Засаг дарга Н.Г-д “Г.Ж-” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл болон холбогдох материалын хамт төрийн захиргааны төв байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх (бүртгэл хийхийг) даалгаж өгнө үү” гэсэн шаардлага гаргасан ба 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Хэнтий аймгийн Засаг дарга “Г.Ж-” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09/1355 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг Хэнтий аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ж-” ХХК нь анх 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргад хандаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу газар эзэмших өргөдөл гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс лавлагаа авахад манай компанийн эзэмшихийг хүссэн солбицол бүхий газар орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй гэсэн.
Гэтэл Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Ч-нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр, “тухайн газар Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны А/02 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авагдсан тул өргөдлийг шийдэх боломжгүй” тухай хариу өгсөн.
Бид холбогдох албан тушаалтнуудтай уулзсаны дараа дахин баримт бичгээ бүрдүүлэн, аймгийн Засаг даргад 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийн хариуг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 9/1355 тоот албан бичгээр өгсөн. Уг албан бичигт, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны А/02 дугаар тогтоолыг дурдсанаас гадна, тухайн солбицлоор “Мичидцэлмүүн” ХХК 4 дүгээр сарын 8-ны өдөр, “Хан цомуун” ХХК 4 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан талаар дурдсан.
Өмнө нь Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваас манай компанид өгсөн албан бичигт эдгээр компаниудын талаар дурдаагүй байсан. Нөгөө талаар, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр “Мичидцэлмүүн”, “Хан цомуун” ХХК-иудад хариу өгсөн байхад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 9/1355 тоот албан бичигтээ энэ тухай дурдсан нь үндэслэлгүй байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасны дагуу, Хэнтий аймгийн Засаг дарга манай компанийн өргөдлийг хүлээн аваад, анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх ёстой байсан. Мөн уг хуульд, “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэтэл Хэнтий аймгийн Засаг дарга нь эдгээр ажиллагааг хийгээгүй ба аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 9/1355 тоот албан бичгээр хариу өгсөн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан, төрийн захиргааны байгууллагын хийж гүйцэтгэх ажиллагааг хийсэн буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт болно.
Мөн манай компанийн өргөдөлд дурдсан талбайг Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А/02 дугаар тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авсан газартай давхцалтай гэсэн. Гэтэл энэ тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр болоогүй акт байсан.
Ийнхүү хариуцагч байгууллагын хууль бус ажиллагааны улмаас манай компани хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.
Иймд, Хэнтий аймгийн Засаг дарга “Г.Ж-” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 09/1355 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг Хэнтий аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн албан хүсэлтийг холбогдох материалын /38 хуудас/ хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 19 минутад хүлээн авч 982 дугаартай картад бүртгэсний дагуу өргөдөл дэх Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай эөвшөөрөл хүссэн талбайн солбицлыг хянаж үзэхэд тус талбай нь:
1. Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолоор орон нутгийн хамгаалалтанд авсан газартай,
2. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цаг 21 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг хөтлөлтийн 857 дугаартай картад бүртгэгдсэн “Мичидцэлмүүн” ХХК-ний Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай,
3. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 48 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг хөтлөлтийн 951 дугаартай картад бүртгэгдсэн “Хан Цомуун” ХХК-ний Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайтай тус тус бүхэлдээ болон хэсэгчлэн давхцалтай байсан.
Иймээс бид Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг “Г.Ж-” ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1037 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
Мөн ижил солбицол бүхий талбайд өргөдөл гаргасан “Мичидцэлмүүн” ХХК, “Хан цомуун” ХХК-иудад 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1036, 9/1038 дугаартай албан бичгүүдээр тус тус ижил үндэслэл бүхий тайлбартай албан бичгийг хүргүүлсэн.
Харин 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №32 дугаартай “Г.Ж-” ХХК-аас ирүүлсэн хүсэлтэд хавсаргасан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7/4460 дугаартай албан бичигт дурьдагдсан мэдэгдлийг бид хүлээн аваад Мөрөн сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт энэ талаар тодруулга мэдээлэл ирүүлэх тухай 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 5/1156 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.
Үүнд: Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 омы 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолоор Орон нутгийн хамгаалалтанд авсан газрыг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч хуулийн хугацаа хоцорсныг дурьдаад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцүүлж А/07 дугаартай тогтоолоор дахин Орон нутгийн хамгаалалтанд авч хуулийн хугацаанд нь Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлсэн гэсэн тайлбарыг албан бичгээр ирүүлсэн.
Иймээс бид Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/07 тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй тул энэ тухай дурьдсан 2019 оны 07 дугаар сарын 02 өдрийн 9/1355 тоот албан бичгийг “Г.Ж-” ХХК-д хүргүүлсэн.
“Г.Ж-” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, баримт бичгийг шалгаад анхан шатны шүүлт хийж үзэхэд орон нутгийн хамгаалалтад авсан газартай давхцалтай байсан.
Иймд Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авсан, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаартай тогтоолоор дахин орон нутгийн хамгаалалтанд авч хуулийн хугацаанд нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн талбайтай давхцаж буй “Г.Ж-” ХХК-ны өргөдлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу хэлэлцэж шийдвэрлэх боломжгүйг тус компанид мэдэгдсэн болно” гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авсан тухай сумдын шийдвэр Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргэгдэж, солбицлууд нь байдаг тул эдгээртэй тусгай зөвшөөрөл хүссэн газар давхцаж байгаа эсэхийг мэдэх боломжтой байдаг. Иймээс аймгийн Засаг дарга Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст заавал хандахгүйгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэж болно гэж үзэж байна” гэв.
Хамтран хариуцагч, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:”... “Г.Ж-” ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дахин №32 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлсэн ба аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг хөтлөлтийн 1414 дугаартай картад бүртгэгдсэн. Мөн тус өргөдлийн хавсралт болгон Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7/4460 дугаартай мэдэгдэл бүхий албан бичгийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн.
Тус мэдэгдлийг хүлээн аваад Мөрөн сумын Засаг дарга болон Мөрөн сумын иргэдийн Төлөелөгчдийн Хурлын дарга нарт энэ талаар тодруулга мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Үүнд Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тогтоолоор Орон нутгийн хамгаалалтад авсан газрыг Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч хуулийн хугацаа хоцорсныг дурьдаад 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин хэлэлцүүлж А/07 дугаартай тогтоолоор дахин Орон нутгийн хамгаалалтад авч хуулийн хугацаанд нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн гэсэн хариу тайлбарыг Мөрөн сумын Засаг даргаас албан бичгээр ирүүлсэн.
|
... Мөрөн сумын нутгийн өөрөө удирдах байгууллага болох Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй тул “Г.Ж-” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх, цахим бүртгэлд бүртгэх ажиллагаа хийх боломжгүй байсан болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасан дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбартай санал нэг байна. Тус Засаг даргын Тамгын газар нь аймгийн Засаг даргын ажлын алба учраас аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу Тамгын газрын дарга нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК-д албан бичгээр хариу хүргүүлсэн” гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Чимэдболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК нь тус шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлдээ, Хэнтий аймгийн Засаг дарга тус компанийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл болон холбогдох материалыг төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, “Хэнтий аймгийн Засаг дарга “Г.Ж-” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09/1355 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг Хэнтий аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татжээ.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргад 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өргөдөл гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1037 дугаар албан бичгээр өргөдлийг “хүлээн авах боломжгүй тухай” хариу авсан гэж нэхэмжлэлдээ дурдаад, мөн тухайн солбицлоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Хэнтий аймгийн Засаг даргад дахин 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргасан ба үүний дагуу хариуцагч захиргааны байгуулагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар маргасан байна.
Нэхэмжлэгчийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан өргөдөлд хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 9/1355 тоот албан бичгээр хариу өгч, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь орон нутгийн хамгаалалтад авсан газартай давхцалтай гэжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар, аймгийн Засаг дарга өргөдлийг хүлээн авмагц анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт /геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн/ төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэхээр зохицуулагдсан.
Хариуцагч нь дээр дурдсан ажиллагаа буюу нэхэмжлэгчийн өргөдөл, холбогдох материалыг төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлээгүй, талбайн давхцлын талаар лавлагаа аваагүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа ба энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2, 14.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Иймээс “хариуцагч өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар илт хууль бус акт болно” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид хариу өгсөн, тухайн газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн хамгаалалтад авсан тул Кадастрын хэлтэст хандах шаардлагагүй” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
“Тусгай хэрэгцээний газар”-ын нэр томьёог Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь хэсэгт тус тус зааж тодорхойлсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт, “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол ... мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 14.3 дахь хэсэгт, “Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
Хамтран хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/07 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газрыг Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэсэн эсэхийг нь лавлалгүй, зөвхөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн, “орон нутгийн хамгаалалтад авсан газартай давхцсан” тухай хариуг нэхэмжлэгчид өгсөн нь хууль бус юм.
Ийнхүү хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагаа хууль бус, хамтран хариуцагчийн 9/1355 тоот албан бичиг нь илт хууль бус болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгчийн, “2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг нь хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг Хэнтий аймгийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах боломжгүй байна.
Учир нь, Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/22 дугаар тогтоол[1]оор “Хавтгай уул” нэртэй 1263.8 га талбай бүхий газрыг орон нутгийн хамгаалалтад авсан ба уг газрыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс бүртгэлийн системд бүртгэсэн[2] болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
Орон нутгийн хамгаалалтад авсан энэ газартай нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь бүхэлдээ давхцалтай болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 8/2258 тоот албан бичиг[3] зэргээр тогтоогдож байна.
Иймд, “нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дахь хэсэгт заасан ажиллагаа хийх”-ийг хариуцагчид даалгах нь ач холбогдолгүй, захиргааны байгууллагаар хийлгэхийг хүссэн үйл ажиллагаа нь эрх зүйн нөлөөгүй болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, “анхан шатны шүүлт хийж, газрын давхцлыг тогтоосон” гэх утгаар тайлбар гаргасан нь үндэслэлгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэгт заасан, “анхан шатны шүүлт” нь өргөдлийг бүртгэсэн даруйдаа өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах, өөрөөр хэлбэл, баримт бичгийн бүрдлийг шалгах ажиллагаа гэж ойлгогдоно.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, аймгийн Засаг даргад “Мичидцэлмүүн” ХХК 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр, “Хан Цомуун” ХХК 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус тус өргөдөл гаргаж, аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/1036, 9/1038 дугаар албан бичгүүдээр хариу хүргүүлсэн гэх ба тухайн асуудал нь энэ хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4, 14.2, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, “2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өргөдлийг нь Хэнтий аймгийн Засаг дарга хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09/1355 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэгч “Г.Ж-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАЛЖМАА
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭТУЯА
ШҮҮГЧ Г.БАЯСГАЛАН
[1] 1 дүгээр хавтаст хэрэг 235-245 дугаар тал
[2] 1 дүгээр хавтаст хэрэг 246 дугаар тал
[3] 2 дугаар хавтаст хэрэг 59 дүгээр тал