Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 008/2014/0020/З |
Дугаар | 221/МА2015/0168 |
Огноо | 2015-04-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2015/0168
Иргэн П.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч П.А , түүний өмгөөлөгч А.Э , хариуцагч Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.З нарыг оролцуулан хийж, иргэн П.А-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/456 дугаар захирамж, Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Т.Д-ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай Б/61 дүгээр захирамж, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Засаг даргыг томилох санал уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь заалтад сумын Засаг даргаар ажиллах болзол шаардлагыг тусгасан. П.А нь 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтыг зөрчсөн буюу Засаг даргаар ажиллах болзол шаардлагыг хангаагүй. Аймгийн Засаг дарга асан Ц.Ж ажиллах хугацаанд П.А г томилуулах санал ирж байсан бөгөөд тухайн үед тэрээр дээрх хуулийн холбогдох заалтын дагуу болзол шаардлагыг хангаагүй гэж үзэж томилохоос татгалзаж байсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ц-г томилсон нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан болзол шаардлага хангаагүй хүнийг тус сумын Засаг даргаар томилсон. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь заалт болон тус хуулийн агуулга, үзэл санааг зөрчсөн үйлдэл болсон.
Иргэдээс Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол очиж, улмаар Ерөнхий сайд өөрийн хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон. Улмаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн магадлал гарч аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтан байхгүй, энэ нь хууль зөрчсөн үйлдэл, өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын орлогч хэмээх улс төрийн албан тушаалтан байсаар байтал үүрэг гүйцэтгэгч томилсон нь хууль бус шийдвэр юм. Үүнтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөр бус хэмээсэн утга бүхий магадлал гаргасан байдаг. Аймгийн Засаг даргын зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг өөрийн харъяалах нутаг дэвсгэртээ хангах, хэрэгжүүлэх болон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд П.А нь энэхүү асуудлаар өмнө гомдол гаргаж байсан. Тухайн үед өөрөө төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй буюу хуулийн болзол шаардлагыг хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримтууд Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг. Төрийн байгууллагын аль ч шатанд Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг дагаж мөрдөх нь иргэн бүрий үүрэг байдаг. Иймд иргэн П.А-ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ... Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаар Сумын Засаг даргыг томилох санал уламжлах тухай асуудлыг хэлэлцэж, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нээлттэй орхиж уг өдөр ирц хангалтгүй байсан тул 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үргэлжлүүлэн 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч ирж, 13 төлөөлөгчийн саналаар хуралдаанаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. ... Нэхэмжлэлд дурдсан тогтоол нь хуульд заасан Хурлын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... Чойбалсан сумын Ардчилсан намын хорооноос тус сумын Засаг даргад нэрээ дэвшүүлэх тавьсан саналыг миний бие зөвшөөрч Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Дорнод аймгийн Засаг даргад уламжилж, аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар томилогдсон. Иймд нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.5.2-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Засаг дарга, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, иргэн П.А-ийн Захирамж хүчингүй болгох тухай Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамж, Т.Д-ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамж, Засаг даргыг томилох санал уламжлах тухай Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч П.А давж заалдах гомдолдоо: Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргаар томилогдсон. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга 2014 оны 10 дугаар сарын 22-нд А/456 дугаар захирамжаар өмнөх Засаг даргын гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон. Гол үндэслэл нь төрд 3 жил ажилласан байх шаардлага хангаагүй хүнийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч буюу Д.Ц нь томилох эрхгүй албан тушаалтан томилсон гэдэг учир байсан.
Төрд 3 жил ажилласан байх шаардлага Засаг даргад нэр дэвшигчийн өмнө тавигдаж буй боловч тухайн орон нутгийн ард иргэд, тэдний төлөөлөл болсон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид дахин дахин дэвшүүлсэн. Иймээс Засаг дарга томилох захирамж гаргаж 2013 оны 01 дүгээр сарын 15-наас сумын Засаг даргын үүргийг нэгэнт гүйцэтгэж эхэлсэн.
Засаг даргыг томилсон уг захирамж нь 1 удаагийн шууд захирамжилсан шинжтэй акт байдаг учир шууд хэрэгжиж эхэлдэг. Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа Засаг даргыг Засаг Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан үндэслэлээр чөлөөлөх буюу огцруулах зохицуулалт байгаа. Тэгээд ч Засаг даргын ажлыг хийлгэхгүйн тулд өмнө нь аймгийн Засаг дарга мөн захирамж гаргасан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй болсон шүүхийн шийдвэртэй. Мөн төрд 3 жил ажиллаагүй гэдэг нөхцөл байдлаар өмнө нь сонирхогч этгээдүүдээс 2 ч удаа шүүхэд хандаж байсан боловч Захиргааны хэргийн шүүх 2013 оны 06 дугаар 07-ны 09 дүгээр шийдвэртээ Аймгийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийг гаргахдаа Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн сумын Засаг даргад дахин нэр дэвшүүлэх тухай 01 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан байх бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дах заалттай нийцэж байна гэж дүгнэж байсан. Мөн энэ утга бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн 8 дугаар шүүх 2014 оны 09 дүгээр сарын 22-ны 20 дугаар шийдвэрээ бас хэлэлцэн шийдвэрлэж байсан юм.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаа хуульд заасан үндэслэл журмын дагуу зарлан хуралдуулаагүй. 2014 оны 10 дугаар сарын 27-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлаагүй хууль зөрчсөн. Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгож байгаа нь Засаг даргыг сонгогч иргэд, тэдний төлөөллийн саналаар дэвшүүлж сонгодог, тэдний хүсэл зоригийг илэрхийлдэг, үндсэн зарчмыг үндсээр нь буруугаар ашигласан гэж үзэж байна. Орон нутагт нутгийн удирдлагын асуудлаар хууль тогтоомжийг үл тоомсорлон хүссэнээрээ хэрэглэн хуулийг завхруулж байна.
Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд, мөн Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг хэт өрөөсгөл талаас тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Засаг даргыг томилсон захирамж, түүний үндэслэлд анхаарч шийдвэр гаргаснаас биш, нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл нотлох баримтыг анхаарч үзсэнгүй.
Миний бие 2014 оны 07 дугаар сарын 25-наас эхлэн ээлжийн амралттай байсан ба ээлжийн амралттай байх хугацаанд Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 07 дугаар сарын 30-нд хуралдаж Засаг даргаас огцруулах шийдвэр гаргасан. Энэ талаар Захиргааны хэргийн 8 дугаар шүүх 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэр гаргаж огцруулсан тогтоол, захирамжийг хүчингүй болгосон ба 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын Засаг даргаар томилсон захирамж аймгийн Засаг дарга гаргасан. Миний ажлын байр 2014 оны 10 дугаар 22-ны өдөр хүртэл хэвээр хадгалагдаж байсан. Гэтэл шүүх энэ асуудалд ч хуулийн дагуу үнэлэлт өгч чадаагүй. Хэт нэг талыг барьж шийдэж намайг хохироосонд гомдолтой байна. Би шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хянаж нэхэмжлэлийг анхааран судалж хангаж шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/456 дугаар захирамж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Т.Д-ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай Б/61 дүгээр захирамж, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Засаг даргыг томилох санал уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
П.А нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргаар томилогдох үедээ төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан болзол, шаардлагыг хангаагүй байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, төрийн албан хаагчийн анкет, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар нь тогтоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулан түүнийг Чойбалсан сумын Засаг даргын албан тушаалд томилсон 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаар захирамжаа аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно/-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон байна.
Хуульд заасан болзол, шаардлагыг хангаагүй этгээдийг Засаг даргаар томилсон урьдын алдаатай захирамжаа хүчингүй болгож байгааг сумын Засаг даргыг эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хууль, тогтоомж зөрчсөн буюу үүргээ хэрэгжүүлж чадахгүй гэж үзэж огцруулсантай адилтгах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь заалт хэрэглэгдэхгүй.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан болзлыг анхнаасаа хангаагүй, сумын Засаг даргаар томилогдож, ажиллах боломжгүй байсан П.А д хууль ёсоор томилогдсон Засаг даргыг чөлөөлөх, огцруулах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй.
Тиймээс томилогдон ажиллаж байгаа Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан үндэслэлээр чөлөөлөх буюу огцруулна, нэхэмжлэгчийн Засаг даргыг сонгогч иргэдийн төлөөллийн саналаар дэвшүүлж сонгодог, тэдний хүсэл зоригийг илэрхийлдэг, үндсэн зарчмыг буруугаар ашигласан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүйгээс гадна Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/456 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д ... сумын Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн ... олонхийн саналаар батална гэж заасны дагуу Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг 68.4 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, санал хураалтад оролцсон 19 төлөөлөгчийн 13 төлөөлөгчийн саналаар 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг баталж, сумын Засаг даргыг томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.5 дахь заалтад нийцсэн байна.
Иймд уг тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Т.Д-ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилсон Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Дорнод аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Ц.А-г ажлаас чөлөөлөх тухай Б/04, П.А г ажилд томилох тухай Б/05 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн Чойбалсан сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны Засаг даргыг огцруулах саналыг уламжлах тухай 02 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн П.А г огцруулах тухай Б/38 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн эдгээр шийдвэрүүдээр П.А Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан болзол шаардлага хангасан эсэх асуудалд дүгнэлт өгөөгүй байна. Тиймээс нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэх боломжгүй.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БАТБААТАР