Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагч Х.Оюунцэцэг,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-шүүгдэгч А.Хүрэлтулга нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цэцээ гүн овогт Алтансүхийн Хүрэлтулгад холбогдох Эрүүгийн 201619000395 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1995 оны 03 сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  механик инженер мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн 04-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Цэцээ гүн овогт Алтансүхийн Хүрэлтулгад /РД:НЭ95031011/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Хүрэлтулга нь Төв аймгийн Зуунмод сумын төвд Турван-Эрдэнэ" баарны үүдэнд 2016 оны 05-р сарын 31 нээс 06-р сарын 01 нд шилжих шөнө иргэн С.Ганчөдөрийн нүүр рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Хүрэлтулга нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

 

Хохирогч С.Ганчөдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр 5-р цэцэрлэгийн хашаан дотор юм ярьж сууж байгаад 00 цагийн үед халуун усны баар руу 4-лээ ороод 8 шил сэнгүр пиво аваад ширээн дээр суугаад пиво уунгаа бүжиглэсэн.Тухайн үед бааранд ширээ болгон хүн ихтэй байсан. Тэгээд миний таньдаг хүн бааран дотор зөндөө байхаар нь ширээ болгон дээр очиж хүмүүстэй мэндлээд гар барьсан. Тэгээд нилээн сууж байгаад тамхилах гээд баарнаас гараад тамхи татаад зогсож байгаад Болд-Эрдэнэ гэдэг залуутай муудалцаад зогсож байтал хажуугаас нэг залуу орж ирээд Болд-Эрдэнийг өмөөрөөд надтай муудалцсан. Тэгээд манай найз Хуншагай, Болд-Эрдэнэ хоёр юм ярьж үлдээд нөгөө залуу бид хоёр шатнаас буугаад өөд өөдөөсөө хараад маргалдаад "миний найз, чи хаанахынх юм бэ гэх зэргээр" маргалдаад би инээтэл нөгөө залуу миний ам руу нэг удаа цохьсон. Тэгтэл миний үүдэн дээд 1 шүд хугарч, 1 шүд хөдөлсөн. Тэгээд бид хоёрыг баарны үүдэнд байсан хүмүүс салгаад манай найз охид болох Намуунаа, Төгсмаа нар утсаар цагдаа дуудахад намайг цохьсон залуу болон баарны үүдэнд байсан хүмүүс бүгд алга болсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

Гэрч М.Рэнцэндорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “.....Тэр шөнө эхлээд би найз Болд-Эрдэнэ, Хүрэлтулга, Эрдэнэцогт, Эрдэнэцогтын найз охин Мөнхзул бид нар Усны аж ахуйн эмээгийн дэлгүүрийн тэнд байж байгаад халуун усны бааранд очоод Эрдэнэцогт найз охинтойгоо таксийнд явна гээдп явсан. Тэгээд бид 3 бааранд ортол манай найз Чинзориг, Сүрнээ нар сууж байхаар нь тэр хоёрын ширээн дээр нийлж суусан. Бүгд нэг нэг пиво уугаад бүжиглээд сууж байтал манай ширээн дээр Ганчөдөр өөрөө хүрч ирээд "юу байцгаана хөгшчүүдээ гээд томроод байснаа Хүрэлтулгыг хараад энэ хаанахын бацаан бэ, чи Төв аймгийнх мөн үү, хаана байдаг хэн гэдэг хүн бэ " гэх зэргээр өдөж эхэлсэн. Тэгэхээр нь бид нар наад залуу чинь аймгийнх ш дээ, Дарханд байж байгаад сургууль төгсөөд ирсэн гэхэд Ганчөдөр "..чамайг би мэдэхгүй юм байна, ерөөсөө харж байгаагүй царай байна.." гээд байсан. Энэ үед бид нар за яах гэсэн юм бэ боль боль гээд Ганчөдөрийг ширээ рүү нь явуулаад би босоод бүжиглээд нилээн байж байгаад ширээн дээрээ иртэл хүн байхгүй болохоор нь Болд-Эрдэнэ бид хоёр гадаа гараад үүдэнд тамхи таттал баарны урд буланд Хүрэлтулга, Ганчөдөр хоёр юм яриад зогсож байхаар нь "за энэ хоёр учраа ололцож байгаа юм байна" гэж бодоод зогсож байтал гэнэтхэн зодолдоод явчих шиг болохоор нь очоод салгатал Ганчөдөрийн найз Хуншагай ирээд Ганчөдөрийг аваад явсан. Би Хүрэлтулгыг салгаад боль гээд салгасан. Тэгтэл баар хаагаад бөөн хүмүүс гарч ирээд бид нар Болд-Эрдэнэ, Хүрэлтулга бид 3 гэр гэрлүүгээ явсан. Ганчөдөр, Хүрэлтулга хоёр хэн нь хэнийгээ яаж цохьсоныг хараагүй. Ганчөдөр бааранд байхын л нилээн согтуу байсан. Хүрэлтулга гайгүй байсан. Энэ хэрэг асуудал  шөнийн 01 цагийн орчим болсон байх...” гэх мэдүүлэг /хх-21-22/,

 

Шинжээчийн 272 тоот дүгнэлтэнд:

1. С.Ганчөдөрийн биед дээд 1 дүгээр шүд унасан, дээд баруун 1 дүгээр шүд, дээд зүүн 2 дугаар шүд, доод баруун 2 дугаар шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,

   

         -шүүгдэгч А.Хүрэлтулга нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-43/,

-шүүгдэгч А.Хүрэлтулгыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-33/, 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч А.Хүрэлтулга нь Төв аймгийн Зуунмод сумын төвд Турван-Эрдэнэ" баарны үүдэнд 2016 оны 05-р сарын 31 нээс 06-р сарын 01 нд шилжих шөнө иргэн С.Ганчөдөрийн нүүр рүү цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч С.Ганчөдөрийн “ .. нөгөө залуу бид хоёр шатнаас буугаад өөд өөдөөсөө хараад маргалдаад "миний найз, чи хаанахынх юм бэ гэх зэргээр" маргалдаад би инээтэл нөгөө залуу миний ам руу нэг удаа цохьсон. Тэгтэл миний үүдэн дээд 1 шүд хугарч, 1 шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг, гэрч М.Рэнцэнгийн “...Ганчөдөр өөрөө хүрч ирээд "юу байцгаана хөгшчүүдээ гээд томроод байснаа Хүрэлтулгыг хараад энэ хаанахын бацаан бэ, чи Төв аймгийнх мөн үү, хаана байдаг хэн гэдэг хүн бэ " гэх зэргээр өдөж эхэлсэн. Тэгэхээр нь бид нар наад залуу чинь аймгийнх ш дээ, Дарханд байж байгаад сургууль төгсөөд ирсэн гэхэд Ганчөдөр "..чамайг би мэдэхгүй юм байна, ерөөсөө харж байгаагүй царай байна.." гээд байсан...” гэх мэдүүлэг, Шинжээчийн 272 тоот дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Хүрэлтулгын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Хүрэлтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч А.Хүрэлтулга, хохирогч С.Ганчөдөр нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул А.Хүрэлтулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч А.Хүрэлтулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цэцээ гүн овогт Алтансүхийн Хүрэлтулгыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хүрэлтулга нь хохирогч С.Ганчөдөртэй сайн дураараа эвлэрсэн байх тул А.Хүрэлтулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. А.Хүрэлтулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  

4. А.Хүрэлтулгад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Хүрэлтулгад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА