Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/02807

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2017/02807

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.С ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Т-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 11.602.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С миний бие Ц.Ттай 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 18.500.000 төгрөгийг хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5%-ийн алданги тооцохоор 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдүүлсэн.

Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнээс хойш Ц.Таас 10.000.000 төгрөгийг авсан. Гэрээний хугацаа дууссан боловч Ц.Т 8.500.000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гэрээнд заасны дагуу 0,5%-ийн алданги тооцож 24 сарын хугацааны 3.102.500 төгрөгийг нэмж нийт 11.602.500 төгрөгийг Ц.Таас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

Түүнээс хойш машины мөнгө өгөхгүй болохоор нь А ын гэрийн гаднаас 2017 оны 7 дугаар сард  би өөрөө очиж машинаа буцааж авсан нь үнэн.

Миний машиныг 2 жилийн хугацаанд унаж эдлээд эвдрэл, гэмтэл, элэгдэл хорогдол гарсан байсаныг би өөрөө засаж янзалсан. Автомашинаа 18.500.000 төгрөгт тооцож өгч байсан тул эвдрэл гэмтлийг зассан төлбөр мөнгийг хасан үлдэх 11.602.500 төгрөгийг Ц.Таас гаргуулан өгнө үү гэв. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гагасан тайлбартаа:

Миний бие Ц.Т нь Б.Сэс ямар ч мөнгө, төгрөг аваагүй болно.

Миний төрсөн дүү Золжаргалын найз А нь Санчирын зөвшөөрлөөр Тоёота Кроун маркийн автомашиныг 3 сарын гэрээтэй зээлээр авахад нь би зуучилж өгсөн.

Тухайн үед А машины мөнгийг 3 сарын дотор төлчихнө найдвартай гэж байсан болохоор олон бичиг баримт гэж байхаар  хамгийн хялбараар нь бодож би гэрээ хийсэн болохоос ямар ч мөнгө аваагүй, ямар ч мөнгө буцааж өгөөгүй, уг машиныг би нэг ч удаа унаж байгаагүй.

Уг автомашиныг А төлбөрөө төлж дуусгаад нэрээ шилжүүлнэ гээд Санчирын нэр дээрх автомашиныг унаж байсан. Тэгтэл түүний дараа А ыг мөнгөө төлөхгүй болохоор нь машинаа буцааж авсан гэж би сонссон.

Миний бие Б.Сэс ямар ч мөнгө, төгрөг зээлээгүй, зээлээгүй болохоор буцааж ч өгөөгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.   

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаарлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь Б.С нь хариуцагч Ц.Таас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.602.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ц.Т нь нэхэмжлэгч Б.Сэс мөнгө зээлээгүй тул төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь Б.С, хариуцагч Ц.Т нар нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 18.500.000 төгрөгийг, хүүгүйгээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5% алданги тооцохоор зээлийн гэрээ хийсэн боловч  нэхэмжлэгч Б.С нь өөрийн ах Б.С ын өмчлөлийн  Тоёота Кроун маркийн автомашиныг 18.500.000 төгрөгөөр үнэлэн уг автомашиныг А ын эзэмшилд шилжүүлэн автомашин худалдах худалдан авах гэрээг А той амаар хийсэн болох нь зохигчийн тайлбарууд, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4,13-р хуудас/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй

Гэтэл талуудын хооронд хийгдсэн 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.С нь зээлдэгч Ц.Тын өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлээгүй байх тул Ц.Т нь мөнгө буюу эд хөрөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд буцаан өгөх /төлөх/ үүрэггүй байна. 

Нэхэмжлэгч нь Б.С, хариуцагч Ц.Т нарын хооронд хийгдсэн 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг Б.С А нарын хооронд амаар хийгдсэн “автомашин зээлээр худалдах, худалдан авах” гэрээг халхавчлах зорилгоор хийсэн гэж үзнэ.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилж буй үндсэн мөнгө 8.500.000 төгрөг, алданги 3.102.500 төгрөг, нийт 11.602.500 төгрөгийг Ц.Таас гаргуулан өгнө үү гэсэн Б.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь Тоёота Кроун маркын автомашиныг буцаан авах үед илэрсэн гэх эвдрэл, гэмтлийг уг автомашиныг худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-т заасныг баримтлан Ц.Таас 11.602.500 төгрөг гаргуулах тухай Б.С ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                         

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО