Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2018/0280/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О-ын Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002780299 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “Д” ХХК-д ээлжийн ахлах ажилтай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... оршин суух, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн О-ын Н- / /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч О.Н- нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын хамгаалагчийн өрөөнд иргэн Б.Э-ий эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Н- нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын хамгаалагчийн өрөөнд иргэн Б.Э-ий эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Буян захын арын хамгаалагчийн өрөөнд оруулаад намайг элэгдэж унагаад дээрээс миний хэвлий хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би буруу хараад буюу доошоо хараад хэвтсэн чинь миний дээрээс дэвсээд эхэлсэн. Тэгэхээр нь би “чи миний хавирга хугалчихлаа шүү дээ гэж хэлэхэд тоохгүй дээрээс өшиглөөд байсан бөгөөд өрөөнд байсан тугны иш шиг нарийхан олон моднуудыг нэг нэгээд нь аваад намайг цохиод мод нь хугараад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,

 

Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хамгаалагчийн өрөө рүү ороход Э- газар парны хажууд элгээ тэврээд ёолоод сууж байсан. Н- Э-г нэмээд зодох гэхээр нь би “...найзыгаа аваад явчихъя гэж хэлэхэд та хоёрыг хоёуланг чинь эрүүлжүүлнэ шүү гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26/,

 

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хамгаалагч нарын өрөө рүү шагайгаад харахад Э- шалан дээр хэвтчихсэн, хамгаалагч Н- гартаа хүрзний иш шиг мод бариад зогсож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-19/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “...Б.Э-гийн биед зүүн талын 8-р хавирганы битүү хугарал, ар нуруу зүүн сарвуу, зүүн хонго, баруун, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүсэлхийн нурууны зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29/ гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Э- нь “...ажилгүй байсан хугацааны цалин 500,000 төгрөг” нэхэмжилж байх боловч иргэний нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч орлого боломжтой болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн О-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн О-ын Н-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар дээрхи хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч О.Н-аас гаргуулах төлбөргүй, хохирогч Б.Э- нь “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болох, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн, хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД