Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2017/02852

 

 

 

 

 

 

 

 

 2017 оны 11 сарын 13           Дугаар181/ШШ2017/02852               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .......................... тоотод оршин суух, Г.Д-ийн нэхэмжлэлтэй ................................

Хариуцагч:.,...................................... ШШҮХд холбогдох,...............

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 39.321.105 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т............, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М. нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.Д нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаартай тушаалаар ШШҮХгийн дэд захирал, шүүх эмнэлгийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6/64 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болно. Энэ талаар 3 шатны шүүх үйл баримтыг тогтоож Г.Дг үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаар дүгнэж, ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон болно.  Хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй тул дахин нэхэмжлэл гаргаснаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг шүүх шийдвэрлэсэн. Гэтэл уг байгууллага шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн улс төрийн болон хувийн ашиг сонирхолоор өнөөдрийг хүртэл хоёр удаагийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа тул 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 28 сар 19 хоног буюу 635 хоногийн олговрыг нэг өдрийн 61.923 төгрөгөөр тооцон нийт 39.321.105 төгрөгийг ШШҮХгээс гаргуулж өгнө үү. Хариуцагч тал нэхэмжлэгчийг ажилдаа орохыг мэдэгдээгүй, ажил санал болгож байгаагүй, өнөөг хүртэл шийдвэрийг биелүүлээгүй байгаа. Мөн нэг ч удаа нэхэмжлэгчийг дуудаж байгаагүй. Харин нэхэмжлэгч шийдвэрийг биелүүлэхээр удаа дараа явж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа хүсэлт гаргаж дансыг нь хаалгаж байсан ч шийдвэр гүйцэтгэлээс удахгүй дансыг нээчихдэг байсан. Нэхэмжлэгч одоо болтол ажилгүй байгаа. Хариуцагч байгууллагаас хамгийн анхны шийдвэрийн дагуух 2.724.636 төгрөгийг 2017 оны 2 дугаар сард олгосон нь үнэн. 2015 оны шүүхийн шийдвэрээр тогтоосон олговрыг өнөөг хүртэл төлөөгүй байгаа гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль зүйн сайдын 2013 оны А/01 дүгээр тушаалаар тус байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан тул ШШҮХгийн захирлын 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/64 тоот тушаалаар тус хүрээлэнгийн Дэд захирал, Шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Дг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч Г.Д шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр Г.Дг Шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2.724.636 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр биелэгдээгүй тул Г.Д ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж дахин шүүхэд хандсанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 8 дугаар 24-ний өдрийн 1123 дугаар магадлалаар ажилгүй байсан 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин болох нийт 27.918.716 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Манай зүгээс 2013 оны шүүхийн шийдвэрийг биелүүлж Г.Дд нөхөн олговроос Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг суутган нийт 2.470.193 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн болно. Харин 2015 оны шийдвэрийн дагуух төлбөрийг 2016 оны төсөвт суулгуулахаар Хууль зүйн яаманд хүргүүлсэн боловч батлаагүй.

ШШҮХгийн удирдлага 2016 оны 9 дүгээр сард шинээр томилогдсоноор шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Г.Дгийн өмгөөлөгч О.С 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Сүхбаатар дүүргийн 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэгтэй 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус биечлэн уулзсан болно. Энэхүү уулзалтаар дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах 27.918.716 төгрөг төсөвт суугдаагүй байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яаманд төлбөрийн асуудлыг уламжлан төсөвт суулгуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллах талаар тайлбарлаж, нэхэмжлэгч Г.Дгийн өмнө ажиллаж байсан ажил байхгүй болсон тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх хэмжээний Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын чиглэлийн ахлах, эсхүл Аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргаар томилон ажиллуулах, Цагдаагийн ерөнхий газарт цолны асуудлыг нь шийдвэрлүүлэхээр хүргүүлэх тухай, мөн өндөр насны тэтгэвэрт гарах боломж байгаа талаарх саналуудыг тавихад өмгөөлөгч О.Сарангэрэл, шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг нар нь нэхэмжлэгчид танилцуулаад хариу өгнө гэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг, өмгөөлөгч О.Сарангэрэл нарт удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/42 дугаар тушаалаар Шүүхийн шинжилгээний байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд энэхүү тушаалаар “Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга”-ын орон тоо цомхотгогдсон бөгөөд энэхүү ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд эгүүлэн томилох томилгооны тушаал гаргахын тулд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ”, түүнчлэн 23.6-т “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажпын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэсэн хуулийн заалтын дагуу Г.Дгийн өөрийн хүсэлт болон хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг зайлшгүй авах шаардлагатай.

Харин Г.Д нь тус хүрээлэнгээс хүргүүлсэн саналыг хүлээж авахгүй, ажилд эргэн орох хүсэлт, хөрөнгө оруулгын мэдүүлгээ бөглөж өгөхгүй байгаа нь ажилдаа эргэн орох хүсэл зориг байхгүй, ажил хийхгүй цалин, тэтгэмж бодуулан авах зорилготой байгаа нь харагдаж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаартай шийдвэрээс хойшхи 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны олговрыг өмнөх шийдвэрт заасан хэмжээгээр тооцон олгоход манай зүгээс татгалзах зүйлгүй. Харин 2016 оны 9 дүгээр сарын 04-нд бүтэц орон тооны өөрчлөлт орсон, манай зүгээс шийдвэрийг биеүүлэхээр адил чанарын ажил, албан тушаал санал болгосон ч нэхэмжлэгч ажиллах сонирхолгүй байгаа тул үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч 2014 оны 01-8 дугаар сарын хооронд “Элегантин интернэшнл инвестмент Монголий” ХХК-д буюу өөр байгууллагад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг сарын 800.000 төгрөгөөр тооцон төлсөн байдаг тул дээрх хугацаанд авсан 6.400.000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Д нь ШШҮХд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ олговорт 49.037.724 төгрөг гэж дурдсан байх боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 39.321.105 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байх тул шүүх энэ хэмжээгээр тооцон шийдвэрлэв.

Хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 24-нөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

Сүхбаатар дүүргийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 423 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 468 дугаар тогтоолоор Г.Дг ШШҮХгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн даргын  ажилд эгүүлэн тогтоожээ.

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1123 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1016 дугаар тогтоолоор ШШҮХгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 27.918.716 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 3-22/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг”-ээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгч Г.Дг өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн томилоогүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцна.

Хариуцагч 2016 оны 9 дүгээр сард тус байгууллагад бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орж, шүүхийн шийдвэрээр тогтоосон “Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга”-ын орон тоо хасагдсан тул адил чанарын ажил, албан тушаал санал болгож байсан, нэхэмжлэгч өөрөө ирээгүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөггүй гэж тайлбарлан 2016 оны 9 дүгээр сараас хойш шүүхийн шийдвэр биелэгдээгүй явдалд ажил олгогч буруугүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгчийн ажил албан тушаал цомхотгогдсон болохыг, нэхэмжлэгчид санал болгосон гэх “ахлах”, эсхүл “Аймгийн шүүхийн шинжилгээний албаны дарга”-ын ажил, албан тушаал нь адил чанарынх болохыг тус тус нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй тул нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг ажил олгогчтой уулзах, тохиролцохыг удаа дараа мэдэгдсэн тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэлд дурдсан байх бөгөөд ажил олгогчийн зүгээс үүргээ биелүүлэхээр ажиллаж байсныг илтгэхээс харин ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй, олговрыг хасч тооцох үндэслэл болохгүй гэж үзэв.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа ажилгүй байсан бүх хугацаанд хамаарахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан,  ажилтанг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр биелэгдээгүй тул нэхэмжлэгч олговрыг шаардах эрхтэй.

Мөн ажилтан бусад байгууллагад 2014 оны 1-8 дугаар сард ажил хөдөлмөр эрхэлсэн үндэслэлээр олговроос 6.400.000 төгрөг хасч тооцуулна гэж тайлбарлаж байх боловч дээрх хугацааны олговрыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагад дээрх хугацаа хамаарахгүйгээс гадна  хариуцагч шийдвэрийг биелүүлээгүйгээс олговор шаардахад нэхэмжлэгч хөдөлмөр эрхэлсэн эсэх асуудал хамааралгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1.239.657 төгрөг, нэг өдрийнх  56.348 төгрөг болохыг тус шүүхийн 2015 оны  6 дугаар сарын 24-ний өдрийн 4560 дугаар шийдвэрээр тогтоосон байх тул 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 28 сар 13 хоногийн олговорт 35.442.920 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрсөн” үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж байх боловч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хүсэлт хянан шийдвэрлэсэн явдал “үндэслэл бүхий эргэлзээ” гэж үзэх боломжгүйгээс гадна дээрх хүсэлтийг хуульд заасан дэг, журмын дагуу хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.1, 92.2-т заасан зохицуулалт нь шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хөндлөнгийн байр сууринаас оролцох этгээдэд өөрийг нь үүрэгжүүлсэн зохицуулалт болохоос зохигчдод шүүх хуралдааны аль ч үе шатанд шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш тул уг хүсэлтийг хүсэлтийн хэмжээнд үзээгүй, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ШШҮХгээс 35.442.920 /гучин таван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга есөн зуун хорин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.878.185 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас 335.165 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ