| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/04898/и |
| Дугаар | 3295 |
| Огноо | 2017-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 3295
| 2017 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 101/ШШ2017/03295 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б,
Хариуцагч: Х ХХК нарт холбогдох,
Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 35,386,272 төгрөг, нотлох баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 85,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, унааны зардал 79,100 төгрөг, нийт 101,335,272 төгрөгийг гаргуулах, Х ХХК -аас 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 22,399,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Ц аас 19 вагон цементийн нэмэгдсэн өртгийн албан татварт 19,190,000 төгрөгийг гаргуулах тухай Х ХХК -ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Б.Б болон хариуцагч Х ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би 2014 оны 08 дугаар сараас эхлэн Х ХХК -ийн захирал Б.Б тай харилцан тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос цемент нийлүүлэхээр болсон. Ингээд 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 1216 тонн буюу 201,400,000 төгрөгийн цементийг Б.Б т нийлүүлж, үүнээс надад 141,676,200 төгрөгийг эргүүлэн төлж үлдэх 59,723,800 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрсэн юм. Би энэ цементийг өөрийн мөнгөөрөө авч нийлүүлдэггүй, БНХАУ-ын Эрээн хотын иргэн Ш тай цемент борлуулах гэрээгээр мөнгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдөр тутам үнийн дүнгийн 3 хувиар алданги төлөхөөр тохирсон тул Б.Б аас төлөөгүй 59,723,800 төгрөгийг алдангийн хамт 130,0496,345 төгрөгийг надаас одоо болтол төлөхийг шаардаж байгаа. Энэ байдлаас болж Эрээн хот руу зорчих болон манай нөхөр ч ачаа ачих боломжгүй байдалд ороод байна. Иймээс бид ямар ч ажил хийж орлого олохгүй эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон. Учир нь Эрээнд ороход л мөнгөө нэхээд хэл амаар доромжлоод паспорт барьцаалах гээд хэрүүл маргаан гарч байгаа нь үнэхээр хэцүү байна. БНХАУ-ын иргэн Ш нь надаас 59,723,800 төгрөгийн алдангийг 0,3 хувиар тооцож 70,772,545 төгрөгийг шаардаж байгаа. Би Замын-Үүдээс цемент илгээхдээ зөвхөн Б.Б ын нэрээр илгээж байсан тул Цементийн үнэ 59,723,800 төгрөгийг, хохирол 35,386,272 төгрөг нийт 95,110,072 төгрөгийг Б.Б аас нэхэмжилж байна. Цемент нийлүүлсэн Ш д төлөх алданги нь надад хохирол болж байгаа тул би Б.Б аас хохирлыг тооцож нэхэмжлэхдээ Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан заалтад нийцүүлэн 50 хувиар тооцон 70,772,545 төгрөгийн 50 хувийг нэхэмжилсэн.
Б.Б нь Х ХХК -ийн захирал юм. Тэр 2014 оны 10 дугаар сард над руу яриад чи манай ХХК–ийн нэрэн дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд өгөөч би нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд орчихоод байна, би сүүлд нь чамд татварыг чинь өгнө гэсэн. Ингээд надад итгэмжлэл хийж өгснөөр би 21 вагон цементийн гаалийн бүрдүүлэлтийг Х ХХК -ийн нэрээр хийж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг би өөрөө төлсөн. Харин Б.Б надад уг 21 вагоны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 22,399,000 төгрөгийг надад өнөөг хүртэл төлөөгүй хохироосоор байгаа. Иймээс Х ХХК -ийн нэрээр төлөгдсөн 21 машины гаалийн татвар 22,399,000 төгрөгийг Х ХХК -аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. БНХАУ-ын иргэний хувьд мөнгөний хатуу тооцоотой байдаг, надаас нэг төгрөг ч дутуу авахгүй тул би үнэхээр Б.Б аас болж ихээхэн хохирол хүлээж байна. Өнгөрсөн 2015 онд ажиллахад маш хэцүү байсан ба ямар ч байсан өрийг нь төлнө гэсэн амлалт өгсөн тул нэг жилийг арай ядан өнгөрөөсөн. Одоо энэ жил ажил эхлэхэд биднийг зүгээр ажиллуулахгүй. Миний хувьд цемент илгээгчийн орлогоор амьдралаа залгуулж явдаг тул ар гэрийн амьдралд ч хүндээр тусч байна.
Иймд Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, хохирол 35,386,272 төгрөг, нотлох баримт хуулбарлуулсны 85,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, унааны зардал 79,100 төгрөг, нийт 101,335,272 төгрөг, Б.Б ын Х ХХК -аас Гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татварын 22,399,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Б аас хохирол 35,386,272 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг шаардлагыг тодруулахад БНХАУ-ын иргэн Ш нь надаас 55,923,800 төгрөгийн алдангийг 0,3 хувиар тооцож 66,269,703 төгрөгийг шаардаж байгаа. Иймд гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан заалтад нийцүүлэн уг үнийн дүнгийн 50 хувиар буюу 33,134,851 төгрөгийг Б.Б аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч Б.Б , хариуцагч Х ХХК -ийн захирал Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б.Ц нь 19 вагон цементний үнийн үлдэгдэл болох 59,723,800 төгрөг, алданги 35,386,272 төгрөг, баримт гаргуулсны хөлс 85,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, унааны зардал 79,100 төгрөг, НӨАТ 22,399,000 төгрөг, нийт 123,673,172 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилжээ. Би БНХАУ-ын Эрээн хот дахь “Тун-Хуй” цементийн үйлдвэрээс цемент авдаг байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын эхээр уг компанийн менежер Тянхуатай ярьж 20 вагон цементийг 10,000,000х20=200,000,000 төгрөгөөр авахаар болсон. Уг үйлдвэрийн илгээгч болох Булганаас 10 вагон, Ц аас 10 вагон тус тус авахыг мэдэгдсэн. Гэтэл Ц утсаар ярьж “надаас 20 вагоныг бүгдийг нь авчих” гэж хэлсэн. Би 20 вагон цементний үнэ болох 200,000,000 төгрөгийг тэр дор нь шилжүүлээд цементээ авсан. Эдгээр 20 вагон цементийг Б.Ц бүгдийг нь илгээсэн. Энэ 20 вагон цементийг авах үед Б.Ц надаас “та дахиад цемент авах уу? гэж асуухад би “авна угаасаа миний ажил л юм чинь авна. Харин одоо бол надад бэлэн мөнгө байхгүй. Байсан мөнгөөрөө цемент авчихлаа. Мөнгө орж ирэх үед бага хэмжээгээр өдөрт 1 вагоныг бол авна. Илүүг бол чадахгүй” гэсэн хариуг өгөхөд “та дараа нь мөнгийг нь шилжүүлчихэж болно” гэж хэлсэн. Гэтэл 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийт 4 өдөр 3,4,5 вагоноор Б.Ц аас цементүүд орж ирсэн. Би тухайн үед “яагаад ийм их хэмжээгээр нийлүүлж байгаа юм бэ? Борлуулалт багассан байгаа. Цементээ буцаагаад ав. Эсвэл өөр хүнд өг” гэхэд урдаас хэрэлдээд байсан тул “чамтай хэрэлдэх цаг биш, энэ цементүүдээ ав” гэж хэлсэн. Тэрээр цементүүдээ аваагүй. Ингээд нийт 39 вагон цемент ирсэн бөгөөд вагон болгоноос цементийн тоо ширхэг дутуу, зарим нь чулуутай ирж байсан. Би тухайн үед юм хэлээгүй өнгөрсөн. “Тун-хуй” үйлдвэрийн менежер ТянХуагаас манай компани дээр орж ирсэн 20 вагон цементний гаалийг илгээсэн Б.Ц аас ав гэсэн тул түүнээс “НӨАТ-ын баримтаа явуул” гэхэд тэрээр 21 вагон цементний НӨАТ-ын баримтыг өгөөд нийлүүлсэн 18 вагон цементний НӨАТ-ын баримтыг ирүүлээгүй юм. Нэхэмжлэлд БНХАУ-ын Эрээн хотын иргэн Ш гэдэг хүнийг дурдсан байгаа бөгөөд би ийм хүнийг танихгүй. Би Б.Ц аас болон дээрх Ш тай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Зөвхөн “Тун-Хуй” компаний менежер Тянхуатай амаар тохирсон ёсоор цементээ авдаг байсан. Би дээрх 19 вагон цементийн үнэ 191,900,000 төгрөгөөс Б.Ц д Хас банкаар 109,600,000 төгрөгийг, Хаан банкаар 17,600,000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 03-нд 5,250,000 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 30-нд 9,926,200 төгрөгийг, нийт 142,376,200 төгрөгийг шилжүүлсэн юм. Нэг вагон цементийг тохирсон ёсоор 10,100,000 төгрөгөөр тооцоход одоо 49,523,200 төгрөгийн үнэ бүхий цементийн үлдэгдэл байгаа бөгөөд тэрээр надад 18 вагоны 18,180,000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шилжүүлээгүй. Үүнийг хасаад 31,343,800 төгрөгийн үлдэгдэл байгаа тул үүнийг зөвшөөрч төлөх болно. Харин 59,723,800 төгрөг гэж үлдэгдэл мөнгөний тооцоог шударга бусаар гаргаж үүний алданги гэх 35,386,272 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,000,000 төгрөг, замын зардал 79,100 төгрөг, баримт хуулбарласны үнэ гэх 85,000 төгрөг, НӨАТ 22,399,000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.Ц ын өмнө хүү алданги тооцуулахаар гэрээгээр үүрэг хүлээгээгүй атал хохирол алданги нийлсэн 92,329,372 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түүний нэхэмжилсэн 123,673,172 төгрөгийн нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 92,329,372 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон үлдэх цементийн үнэ 31,343,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Б болон миний үүсгэн байгуулсан нэг гишүүнтэй Х ХХК -д холбогдуулан нийт 78,729,396 төгрөгийг нэхэмжилж байсан ба 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зөвхөн хариуцагч надаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 33,134,851 төгрөгийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй танилцлаа. Б.Ц д учирсан гэх хохирлыг би иргэнийхээ хувьд төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.Ц д цемент нийлүүлээч гэдэг санал тавиагүй, би тэдэн вагон цемент худалдаж авъя гээгүй, цементний мөнгийг нь тэдний өдөрт багтааж өгье гэж хэлээгүй, мөнгөө өгөхгүй бол хохирол төлөх, алданги төлөх тухай хоорондоо ярилцаагүй бөгөөд энэ талаар тохиролцсон ямар нэгэн баримт байхгүй байхад хохирол шаардах боломжгүй юм. Б.Ц нь манай компанид Тянхуа үйлдвэрээс ачуулсан 20 вагон цементийг илгээсний дараахан надаас ямар ч зөвшөөрөл аваагүй байхдаа миний нэр дээр шууд хаягласан өдөрт 4-өөс 5 вагон нийт 17 вагон цементийг Улаанбаатар төмөр замаар нийлүүлсэн нь надад маш их хүндрэл, чирэгдэл учруулж, тэдгээр цемент нь борлуулалт муугаас зарагдахгүй хураагдаж надад багагүй хэмжээний хохирол учирч байсан ба сүүлдээ Б.Ц нь над руу хүн явуулж үлдэгдэл цементийг авахуулсан. Түүнчлэн маш их хэмжээний, миний зөвшөөрөлгүй Б.Ц ын надад хаяглан явуулсан цементийг би тухайн үед бусдад зээлээр мөн бартераар өгч байсан ба өнөөдрийг хүртэл зээлээр өгсөн цементний төлбөрийг өөртөө аваагүй хохирч байгаа ба тэдний зээлж авсан цементний мөнгийг орж ирсэн даруйд нь Б.Ц д шилжүүлж байсан тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэмж тайлбарлахад би уг цементийг иргэнийхээ хувиар аваагүй, манай компани өөрийн явуулдаг үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу авч компанийн тайланд орлогоор, борлуулалтыг нь зарлагаар тайлагнадаг мөн Б.Ц д шилжүүлсэн мөнгийг компанийн данснаас шилжүүлж байсан юм” гэв.
Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Манай компани барилгын материалын худалдаа эрхэлдэг бөгөөд БНХАУ-ын “Тунхуй” цементний үйлдвэрийн Монголд байсан төлөөлөгч Тянхуагийн дансанд цементний өөрийн өртөг болон бусад зардлын үнэ шингэсэн 10,000,000 төгрөгт нэг вагон буюу 64 тонн цементийг бодож нийт 20 вагон буюу 1280 тонн цементийг худалдаж авахаар тохиролцсон. Барааг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн Хятад улсын Эрээн хот дахь цементний үйлдвэрийн албан ёсны илгээгч Б.Ц нь 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 20 вагон буюу 1280 тонн цементийг манай компанид нийлүүлсэн. Түүнчлэн илгээгч Б.Ц нь манай коимпанид цементний өөрийн өртөг болон бусад зардлын үнэ шингэсэн 10,100,000 төгрөгт багтсан нийт 17 вагон буюу 1088 тонн цементийг 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нэмж нийлүүлсэн. Анхны 20 вагон 1280 тонн цементний 200,000,000 төгрөгийг бид компанийнхаа Хас банк дахь 5000939359 тоот данснаас 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр үйлдвэрийн эзэн Тянхуад шмлжүүлж тооцоо дууссан байсан. Харин сүүлд нэмж илгээсэн 17 вагон буюу 1088 тонн цементийн /1вагон- 10,100,000 төгрөг/ нийт 171,700,000 төгрөгнөөс 109,600,000 төгрөгийг илгээгч Б.Ц д 10,800,000 төгрөгнөөс 40,000,000 төгрөгөөр таван удаа хэсэгчлэн компанийн Хас банкны 5000939359 тоот данснаас, 17,600,000 төгрөгийг 400,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөгөөр найман удаа хэсэгчлэн өөрийн Хаан банкны 5753338128 тоот данснаас тус тус шилжүүлж, 15,176,000 төгрөгийн үлдсэн цементийг Б.Ц д буцааж бараа хэлбэрээр өгсөн ба илгээгч Б.Ц нь манай компаниас нийт 142,376,000 төгрөгийг хэсэгчлэн хүлээн авсан талаараа маргадаггүй юм. Илгээгч Б.Ц нь манай компанид 37 вагон цементний гаалийн бүрдүүлэлтийг дутуу хийж, НӨАТ-ын баримтыг бүрэн өгөөгүйн улмаас бид хоорондоо маргалдаж цементний нийт үлдэгдэл болох 29,324,000 төгрөгийг манай компани илгээгч Б.Ц д өгөхгүй гэж маргаж байгаа юм. Манай компанид илгээгч Б.Ц нь өнөөдрийн байдлаар нийт 37 вагон буюу 2368 тонн 371,700,000 төгрөгийн үнэ бүхий цементэнд гаалийн бүрдүүлэлт хийж өгөхөөс зөвхөн 18 вагон буюу 1152 тонн цементэнд гаалийн бүрдүүлэлт хийж 12,781,007 төгрөгийн баримт өгсөн, үлдэгдэл 19 вагоны гаалийн бүрдүүлэлтийг хийж өгөхөөс илтэд татгалзаж бид улсад НӨАТ-ын тайланг тайлагнах боломжгүй болж улсыг хохироож байна. Иймд илгээгч Б.Ц аас 17 вагоны үнэ /1 вагон-10,100,000 төгрөг/ нийт 171,700,000 төгрөгт НӨАТ-ын төлбөр 15,609,091 төгрөгийг, 2 вагоны үнэ /1 вагон-10,000,000 төгрөг/ нийт 20,000,000 төгрөгт НӨАТ-ын төлбөр 1,818,182 төгрөгийг тус тус нийт 17,427,273 төгрөгийг НӨАТ-ын төлбөрт гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
Х ХХК -иас 19 вагон цементний үнийн дүн 191,900,000 төгрөгний 10 хувь болох 19,190,000 төгрөгийг НӨАТ-т тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Учир нь тус компани нь цемент нийлүүлэлтийн гэрээгээр гүйцэтгэсэн үүргийн биелэлтээс үүссэн маргаан бүхий асуудлыг далимдуулан иргэн Б.Ц намайг илтэд гүтгэж байна. Хэрвээ энэ байдлыг хөндөж сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай байсан бол уг иргэний хэргийг анхнаас нь үүсгэн шалгагдах явцад буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхэн үеэс гаргах бүрэн боломжтой байсны гадна анхан шатны шүүх дээр уг компани нь 19 вагоны талаар ямар нэгэн маргаангүй болохоо хүлээн зөвшөөрөөд харин давж заалдах шатны шүүхэд энэ байр сууриа үгүйсгэж байснаас үзэхэд бүхэл бүтэн шүүхийг гүжирдэж чадаж байгаагийн хувьд хариуцагч Б.Ц намайг ийм байдалд оруулах нь юу ч биш түүний сурмаг үйлдэл хэмээн үзэж байна. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зохигчид зохих ёсны нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах бэхжүүлэх үүргийнхээ дагууд энэ бүгдийгээ нотлож чадаагүй болохыг зүй ёсоор анхаарах. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор уг хэрэг нь анхан шатны шүүхэд буцсан ба энэ нь нэхэмжлэгч миний нэхэмжилсэн гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, НӨАТ-ыг Х ХХК -аас гаргуулахыг хүсч шүүхийн аль ч шатанд уг шаардлага хөндөгдөөгүйтэй холбоотой учраас үүнтэй уялдуулж энэ бүгдийг үгүйсгэхийг оролдсон “Хөтөлтэмүүжин” компанийн хууль бус хандлага хэмээн үзэж энэхүү гурван үндэслэлээр уг компаниас гаргасан сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй болохоо илэрхийлж байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 35,386,272 төгрөг, нотлох баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 85,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, унааны зардал 79,100 төгрөг, нийт 101,335,272 төгрөгийг гаргуулах, хариуцагч Х ХХК -аас 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 22,399,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,
хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Б.Ц аас 19 вагон цементийн нэмэгдсэн өртгийн албан татварт 19,190,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Б.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 35,386,272 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа өөрчилж хохирол буюу алданги 33,134,851 төгрөгийг хариуцагч Б.Б аас гаргуулахаар нэхэмжилсэн. Уг шаардлагаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэсэн байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шаардлагаа тодруулж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бус өөрчилсөн гэх тайлбарыг гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Б.Б аас нотлох баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 85,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, унааны зардал 79,100 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсан. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Х ХХК -аас 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 22,399,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээ 3,392,604 төгрөгөөр багасгаж 19,006,396 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Б.Ц аас 19 вагон цементийн нэмэгдсэн өртгийн албан татварт 19,190,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 17,427,273 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 17 вагон цементийн нэмэгдсэн өртгийн албан татварт 15,609,091 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
1/ Хариуцагч Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 33,134,851 төгрөгийг гаргуулах, хариуцагч Х ХХК -аас 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 19,006,396 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 33,134,851 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Б.Ц тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, уг цементийг иргэнийхээ хувиар аваагүй, компани өөрийн явуулдаг үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу авч компанийн тайланд орлогоор, борлуулалтыг нь зарлагаар тайлагнасан, мөн Б.Ц д шилжүүлсэн мөнгийг компанийн данснаас шилжүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Х ХХК -аас 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 19,006,396 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х ХХК эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Ц нь 2014 оны 08 дугаар сараас эхлэн Х ХХК , Б.Б гэсэн нэрээр цемент нийлүүлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Х ХХК -ийн захирал Б.Б тай харилцан тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос цемент нийлүүлэхээр болсон...” гэсэн тайлбараас үзэхэд цементийг иргэн Б.Б бус, Х ХХК худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар худалдагч нь худалдсан барааны үнийг нэхэмжлэх эрхтэй боловч иргэн Б.Б цементийн төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн Ш тай хийсэн гэрээний дагуу цементний үнийг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд алданги 33,134,851 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
БНХАУ-ын иргэн Ш ь, Монгол улсын иргэн Б.Ц нарын хооронд 2014 оны 06 сарын 03-ны өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ”-нд 2014 оны 06 сараас эхлэн Б.Ц зээлээр 10 машин цемент авна, уг цементийн төлбөр хийгдсэний дараа ахин 10 машин цемент гаргахаар тохиролцож, төлбөрийг төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алданги бодохоор тохиролцжээ. /хх2-150/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд талууд алдангийн талаар гэрээндээ заасан бол буруутай талаас алданги нэхэмжлэх эрхтэй боловч БНХАУ-ын иргэн Ш ь, Монгол улсын иргэн Б.Ц нарын хооронд байгуулсан гэрээний дагуу алданги 33,134,851 төгрөгийг хариуцагч Б.Б аас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 33,134,851 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 33,134,851 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Ц нь Х ХХК -ийн захирал Б.Б “нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд орчихоод байна, манай компанийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд өгөөч” гэсэн гуйлтын дагуу 21 вагон цементийн гаалийн бүрдүүлэлтийг Х ХХК -ийн нэрээр хийж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрөө төлсөн тул 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 19,006,396 төгрөгийг хариуцагч Х ХХК -аас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б.Ц нь уг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 21 вагон цементийг бодитоор Х ХХК -д нийлүүлээгүй, зөвхөн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын бүрдүүлэлтийг хийж, холбогдох татварыг төлсөн гэх тайлбарыг гаргасан.
Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж......татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан .....бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулах...”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий албан татвар суутган төлөгч байна...”, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Ц нь 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 19,006,396 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х ХХК -аас 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 19,006,396 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2/ Нэхэмжлэгч Б.Ц аас 17 вагон цементийн нэмэгдсэн өртгийн албан татварт 15,609,091 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Х ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Б.Ц ыг 19 вагоны гаалийн бүрдүүлэлтийг хийж өгөөгүйгээс улсад НӨАТ-ын тайланг тайлагнах боломжгүй болж улсыг хохироож байна, илгээгч Б.Ц аас 17 вагоны үнэ /1 вагон-10,100,000 төгрөг/ нийт 171,700,000 төгрөгт НӨАТ-ын төлбөр 15,609,091 төгрөгийг, 2 вагоны үнэ /1 вагон-10,000,000 төгрөг/ нийт 20,000,000 төгрөгт НӨАТ-ын төлбөр 1,818,182 төгрөгийг тус тус нийт 17,427,273 төгрөгөөс 1,818,182 төгрөгийг хасч 15,609,091 төгрөгийг НӨАТ-ын төлбөрт гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарласан.
Нэхэмжлэгч Б.Ц нь Х ХХК цемент нийлүүлэлтийн гэрээгээр гүйцэтгэсэн үүргийн биелэлтээс үүссэн маргаан бүхий асуудлыг далимдуулан иргэн Б.Ц ыг илтэд гүтгэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг шаардлага үндэслэлгүй, шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Х ХХК , нэхэмжлэгч Б.Ц нарын хооронд цемент худалдах, худалдан авах ажиллагаа 2014 онд хийгдсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.
Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ”Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон ...татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулна...”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, татварыг татварын өрөнд хамруулна...” гэж заасан бөгөөд хариуцагч Х ХХК -ийн татварын тайлагналттай холбоотой асуудлаар холбогдох татварын байгууллагаас мэдэгдэх хуудсыг ирүүлж, акт тавьж байгаагүй болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Х ХХК нь 17 вагоны гаалийн бүрдүүлэлтийг хийж өгөөгүйгээс улсад НӨАТ-ын тайланг тайлагнах боломжгүй болсон, нэмэгдсэн өртгийн албан татварт 15,609,091 төгрөгийг гаргуулах үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ц аас 17 вагон цементийн нэмэгдсэн өртгийн албан татварт 15,609,091 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Х ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Б аас цементийн үнийн үлдэгдэл 59,723,800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 33,134,851 төгрөгийг гаргуулах, хариуцагч Х ХХК -аас 21 вагон цементийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 19,006,396 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Ц ын нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Б.Ц аас 17 вагон цементийн нэмэгдсэн өртгийн албан татварт 15,609,091 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Х ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776,316 төгрөгийг, хариуцагч Х ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 324,014 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Ц д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК , хариуцагч Б.Б , нараас шүүхийн зардал буюу орчуулгын зардал 13,000 төгрөгийг гаргуулж “ПДДБ” ХХК-д олгосугай.
4. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Б аас нотлох баримт нотариатаар гэрчлүүлсэн зардал 85,000 төгрөг, өмгөөллийн хөлс 6,000,000 төгрөг, унааны зардал 79,100 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР