Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2161

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01611 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж ХХК-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК-дхолбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 053 420 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажлыг доголдолтой гүйцэтгэсний улмаас учирсан хохиролд 32 785 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэг талаас захиалагч А ХХК , нөгөө талаас гүйцэтгэгч Ж ХХК нарын хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах А ХХК -ны зочид буудлын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын эхний үе шат буюу төмөр бетон карказ цутгалтын ажлыг 122 400 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу зоорийн давхар 180 м.кв, давтагдах 6 давхарын 1 080 м.кв нийт 1 260 м.кв карказ цутгалтын ажлыг 1 м.кв-ыг нь 53 217 төгрөгөөр буюу нийт 67 053 420 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Захиалагч “А” ХХК нь гүйцэтгэгч Ж ХХК-д ажлын хөлс 53 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл захиалагч нь ямар ч шалтгаангүйгээр гэрээгээ цуцлах саналыг гаргаж, өөр компаниар карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээг цуцлахдаа ‘Жинст заан” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 14 053 420 төгрөгийг өгнө гэдэг боловч өдий хүртэл шилжүүлэн өгөөгүй байгаа. Иймд хариуцагч А ХХК -иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл 14 053 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай захиалгат барилгын ажлын төмөр бетон бүтээцийн угсралтын ажлыг 2015 оны 06 дугаар сарын сүүлчээс 8 дугаар сарын хооронд гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Уг компани нь ажиллах явцдаа ажлыг чанар муутай гүйцэтгэсний зэрэгцээ Барилгын стандарт, хууль тогтоомж, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг байнга зөрчиж захиалагчийн зүгээс удаа дараа өгсөн үүрэг зөвлөмжийн дагуу урьдчилан мэдэгдэлгүй ажлаа хаяж алга болсон. Мөн Ж ХХК нь захирлаас өөр ажилчингүй 1 хүнтэй компани бөгөөд ажил гүйцэтгэх чадваргүй, 12 давхар хүртэл барилга угсрах зөвшөөрөлгүй байсан зэргийг нь үндэслэн гэрээг цуцалсан. Ж ХХК-нд хийгдсэн ажлын төлбөрийг тухай бүрд олгож байсан бөгөөд одоо үлдэгдэл төлбөргүй болно. Харин манай компанийн зүгээс Барилгын угсралтын ажлын явцад вибератор чигжилтийг муу хийснээс болж зоорийн давхараас 5 дугаар давхар хүртэл бетоны сийрэгжилт, нүхжилтүүд гарсны улмаас угсралтын дараа дахин хөрөнгө гарган уг давхаруудад мэргэжлийн инженер болон компаниар хүчитгэлийн ажлыг хийлгэсэн. Харин манай компанид ихээхэн хохирол гарсныг барагдуулахаар Ж ХХК-нд хандахаар бэлтгэж байна. Тус компани нь манай барилгын ажлыг 2015 оны 6, 7, 8-дугаар саруудад хийсэн бөгөөд энэ хугацаанд Хөдөлмөр аюулгүйн ажиллагааны ажилтан, инженер нь зарим үед байхгүй байж, 3 сарын хугацаанд 3 хүн солигдсон. Ажилчид нь мөн 3 удаа солигдсон. Мөн 4-6 дугаар давхрыг барилгын техникийн ажилчин болон инженергүй угсарсан, талбайн инженер томилон ажиллуулаагүй болно. Энэ хугацаанд 2 инженерийг түр хугацаагаар ажиллуулж байсан гэх мэт ноцтой зөрчлүүд гаргаж байсан болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зоорийн давхараас 6 дугаар давхар хүртэл ажлыг гүйцэтгэж, манай компанийн зүгээс зохих төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэвч Ж ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил доголдлыг удаа дараа гаргаж байсан. Тодруулбал, 12 давхар барилга барих тусгай зөвшөөрөлгүй, барилгын инженергүй, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч ажилладаггүй, хамгаалах хувцас хэрэгслээр ажилчидаа хангадаггүй, барилгын норм дүрмийг баримтлан ажиллаагүй зэрэг ноцтой зөрчлүүд байсан. Дээрх зөрчлүүд илэрч байсан, зөрчлийг арилган ажиллах талаар Ж ХХК-ийнМ.Баярмагнайд шаардлага хүргүүлж байсан болох нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ажил гүйцэтгэлийн хяналтын протокол, барилгын ажлын өдөр тутмын тэмдэглэл, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын хөндлөнгийн шалгалтын актаар тогтоогдсон тул гэрээг цуцалж чанаргүй, доголдолтой хийгдсэн ажлуудыг өөр компаниар засварлуулсан. Ж ХХК-ийнчанаргүй гүйцэтгэсэн буюу зоорийн болон 1-5 дугаар давхрын цул цутгамал хана, зарим нэгэн дам нуруу, хучилтын сийрэгжилттэй, нүхжилттэй, бетон бүтээцүүдийг хүчитгэн цутгах ажлыг “Тоонот Асар” ХХК-иар 32 785 000 төгрөгийн зардлаар гүйцэтгүүлсэн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу Ж ХХК-иас 32 785 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээ байгуулсны дараа эхний санхүүжилт болох 9 000 000 төгрөгийг захиалагч А ХХК  нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ‘Жинст заан” ХХК-нд шилжүүлэн өгснөөр ажлаа эхэлсэн байдаг. Талууд гэрээний 2.4.2-т нийт 2 300 м.кв талбай бүхий барилгын бетон карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон болно. Гэрээний 4.1-д ажлын нийт зардал 122 400 000 төгрөг байхаар заажээ. Ж ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зоорийн давхар 180 м.кв, давтагдах давхар 6 х 180 = 1180 м.кв нийт 1 260 м.кв талбай бүхий барилгын бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй буюу хариуцагч А ХХК  нь хүлээн зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч Ж ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын бетон карказ цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ ямар нэгэн ажлын үр дүнгийн доголдол гаргаагүй бөгөөд гаргах боломжгүй юм. Учир нь гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэгч нь давхар бүрийн ажлын гүйцэтгэлийг захиалагч талд хүлээлгэн өгснөөр дараагийн давхрын санхүүжилтийг авдаг байсан. Үүний дагуу захиалагч А ХХК  нь зоорийн давхар болон 1-6 давхар хүртэл нийт 7 давхрын ажлын зардлыг 7 удаагийн давтамжтайгаар нийт 53 000 000 төгрөгийг Ж ХХК-нд шилжүүлэн өгсөн болно. ...Тухайн үедээ ажлын протоколыг үйлдэн захиалагч “Апьфакредит” ХХК-ийн захирал Д.Ганхуягт танилцуулж түүний гарын үсэгтэй цохолтыг авсан болно. А ХХК -ийн захирал нь барилгын санхүүжилт орж ирэхээр танай ажлын үлдэгдэл зардлыг шилжүүлнэ гэдэг боловч одоо хүртэл олгохгүй байх бөгөөд ажлын үр дүнг шилжүүлэн авснаас хойш 2 жилийн дараа хуурамчаар нотлох баримт бүрдүүлэн гомдлын шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар нэгэн байдлаар Ж ХХК болон захирал М.Баярмагнайд хандаж Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах А ХХК -ийн зочид буудлын барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой гомдол, санал гаргаж байгаагүй боловч одоо шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь зөвхөн гүйцэтгэсэн ажлын зардлыг өгөхгүй гэсэн арга гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу хариуцагч А ХХК -иас зоорийн болон 5, 6 дугаар давхрын ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 4 537 180 төгрөг /579 060+2 379 060+1 579 060/ төгрөг-ийг гаргуулж Ж ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 516 240 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 754 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -иас 87 545 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ж ХХК нь 2015 оны 04 дүгээр сараас тус барилга дээр “Гэрэгэ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр давтагдах давхрыг нь 8 000 000 төгрөгөөр тохиролцон нил суурийн карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болно.

Ж ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зоорийн давхар 180 м.кв, давтагдах давхар 6 х 180 = 1 080 м.кв нийт 1 260 м.кв талбай бүхий барилгын бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар хэргийн оролцогчид маргаагүй буюу хариуцагч А ХХК  нь хүлээн зөвшөөрсөн болно. 1 м.кв-ын ажил гүйцэтгэлийн зардал 53 217 төгрөг 1 260 м.кв х 53 217 төгрөг = 67 053 420 төгрөг захиалагч А ХХК  нь 7 удаагийн давтамжтайгаар нийт 53 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 14 053 420 төгрөг өгөх үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй болно. Нэхэмжлэгч Ж ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын бетон карказ цутгалтын ажлыг гүйцэтгэхдээ ямар нэгэн ажлын үр дүнгийн доголдол гаргаагүй бөгөөд гаргах боломжгүй юм. Гэрээний 4.4-д, 4.7-д, 10.3-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг давхар бүрт нь акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгсний дараагаар давхар бүрийн санхүүжилтийг авдаг байсан болох нь харагдаж байна. Гэрээний 4.5-д, 4.6 дахь хэсэгт заасны дагуу барьцаанд үлдээсэн мөнгө нь барилгын далд доголдол буюу удаан хугацаанд мэдэгдэхгүй хожим доголдол илэрсэн тохиолдолд ажил гүйцэтгэгчийн барьцааны мөнгөөр доголдлыг арилгахаар талууд харилцан тохиролцож гэрээнд оруулж өгсөн зохицуулалт юм. Мөн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн, ажлын доголдол гаргасан бол захиалагч ажил хүлээн авснаас хойш хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол ил доголдлыг 6 сарын дотор далд доголдлыг 1 жилийн дотор гомдлын шаардлагыг гаргахаар хуульчлан өгсөн байдаг.

Гэтэл шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн маргаан бүхий доголдол нь 7-28 хоногийн хугацаанд бүрэн илэрнэ хэмээн тайлбарлан хэлсэн бөгөөд хариуцагчийг шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хэн ч нэхэмжлэгчид хандан тухайн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдлын шаардлагыг гаргаж байгаагүй болно. Энэ нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр А ХХК -ийн захирал н.Солонгоос Г.Баярмагнайгийн ХААН банк дахь данс руу шилжүүлсэн 7 200 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тухайн үед А ХХК -ийн захирал байсан Г.Баярмагнайгийн охины ХААН банк дахь дансанд шилжүүлсэн 8 000 000 төгрөг зэргээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил нь ямар ч саадгүй, доголдолгүй явж байсан болох нь харагдаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотолгооны шаардлага хангаагүй хэмээн үзэж байна. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 3 ширхэг   хуудас нь өөрөө барилгын ажлын журнал буюу улаан дэвтэр биш юм. Барилгын ажлын журналыг ажил гүйцэтгэгчийн инженер өдөр бүрийн ажлын гүйцэтгэлийн талаараа хөтлөх үүрэгтэй дэвтэр бөгөөд захиалагчийн инженер нь ажлын нөхцөл байдлын талаар саналаа бичих эрхтэй байдаг. Ажлын журналын тухайн өдрийн тэмдэглэлд тэмдэглэсэн доголдлыг маргааш нь зассан эсэх, гүйцэтгэгчийн инженер хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход үнэлэх боломжгүй материал юм. Ажлын журналыг ажил гүйцэтгэгч нь заавал хөтлөх үүрэгтэйг хуульчилж өгсөн бөгөөд энэ нь гэрээ цуцлах үндэслэл болох байтал хавтаст хэрэгт авагдсан гэрээ цуцалсан актандаа энэ талаар нэг ч дурьдаагүй байдаг. Мөн гэрээ цуцлах үндэслэлдээ ажлын доголдлын талаар ямар ч тэмдэглэгдсэн зүйл байдаггүй. Талууд гэрээний зүйл заалтыг удирлага болгон давхар бүрийн ажлын үр дүнг хүлээлцсэний дараагаар санхүүжилтийг олгодог байсан бөгөөд санхүүжилтийн мөнгө байхгүй болсноор талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч Ж ХХК-ийнзахирал М.Баярмагнай нь гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрөө шаардаж олон удаа хандаж байсан бөгөөд тухай бүртээ санхүүжилт олгогдохоор шилжүүлнэ хэмээн хэлдэг байсан. Ж ХХК нь “Гэрэгэ” ХХК-иас нил суурийн ажил гүйцэтгэлийн 5 000 000 төгрөгийг авах дутуу бөгөөд ажлын хөлсөө шаардахаар “Альфакредитийн санхүүжилт орж ирэхээр олгоно хэмээн хэлсээр өдий болсон. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсэг болох 9 516 240 төгрөгийг хэрэгсэхгүй болгосоныг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс доголдлыг арилгахад гаргасан зардал болох 32 785 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Ж ХХК-ийнчанаргүй гүйцэтгэсэн буюу зоорийн болон 1-5 дугаар давхрын цул цутгамал, хана, зарим нэгэн дам нуруу, хучилтын сийрэгжилттэй, нүхжилттэй, бетон бүтээцүүдийг хүчитгэн цутгах ажлыг “Тоонот асар” ХХК-иар 32 785 000 төгрөгийн зардлаар гүйцэтгүүлсэн. Тухайн компанийн хийсэн ажил доголдолтой байсан болох нь талбайн журналын тэмдэглэл, барилгын хөндлөнгийн шалгалтын акт, гэрч Н.Төрмандахын мэдүүлэг зэргээр тогтоогддог ба доголдлыг “Тоонот асар” ХХК-иар арилгуулж 32 785 000 төгрөгийг төлсөн тухай баримтуудийг хэрэгт хавсаргасан. Мөн шүүх Ж ХХК-ийнгүйцэтгэсэн ажлууд доголдолтой байсан нь тогтоогдож байгаа талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч А ХХК-дхолбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14 053 420 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын үр дүнг доголдолтой гүйцэтгэсний улмаас учирсан хохирол 32 785 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж, уг гэрээгээр “Жинст хаан” ХХК нь А ХХК -ийн Чингэтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах зочид буудлын зориулалттай 2 300 м.кв талбай бүхий барилгын угсралтын ажлыг 1 м.кв талбайн угсралтын ажлыг 53 217 төгрөг, нийт 122 400 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болон гэрээг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цуцалсан, цуцлах үед ажлын явц 6 дугаар давхрыг дуусаж байсан үйл баримт болон нэхэмжлэгч нь 7 удаагийн санхүүжилтээр нийт 53 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар талууд маргаагүй байна. /хх 5-18, 19, 56-62/

Харин зохигчид ажлын үр дүн доголдолтой эсэх, ажлын үр дүнг акт үйлдэн хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаж, нэхэмжлэгчээс нийт 1 260 м.кв талбайд доголдолгүй хийж гүйцэтгэсэн угсралтын ажлын хөлс нийт 67 053 420 төгрөгөөс 53 000 000 төгрөгийг авсан тул үлдэх 14 053 420 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч няцааж нэхэмжлэгчийн 1-6 давхрын ажлыг гүйцэтгэх явцдаа харилцах инженер томилоогүй, ажлын журналыг зохих журмын дагуу хөтөлдөггүй, ажил хүлээлцсэн акт үйлддэггүй, аюулгүй ажиллагааг байнга зөрчиж ирсний улмаас ажлын үр дүн доголдолтой, ажил чанаргүй гүйцэтгэгдсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, харин ажлыг доголдлыг “Тоонот Асар” ХХК-иар засварлуулсны зардал 32 785 000 төгрөгийг гаргуулна гэж тус тус тайлбар гарган маргасан.

      

       Анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүнтэй холбоотой гарсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч А ХХК -иас ажлын үлдэгдэл төлбөрт 4 537 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

       Хэрэгт ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичиг, шаардлагууд авагдсан, М.Баярмагнайгийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бичиж өгсөн гар бичмэлд барилгын цутгалтын ажил сийрэгжилттэй, нүхжилттэй болсон, уг доголдлыг арилгах шаардлагатай байгаа талаар дурдагдаагүй байхын зэрэгцээ цутгалтын ажилд доголдол үүссэн, доголдлыг арилгах талаар шаардлагаа нөгөө талдаа гаргаж байсан гэх баримт авагдаагүй байна.

 

       Хариуцагч А ХХК -ийн өөр бусад байгууллагатай хийсэн гэрээ зэргийг нэхэмжлэгч Ж ХХК-д хандан гаргаж байсан шаардлага гэж үзэхгүй. Хариуцагч талаас Ж ХХК-ийнгаргасан догодлыг засаж залруулахын тулд хүчитгэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай болсон талаараа нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймээс анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

      

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01611 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 209 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН