Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 220

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгальмаа,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгч Б.Гандөш нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гандөшид холбогдох Эрүүгийн 201619000145 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Сонгиохайрхан дүүргийн 5 дугаар хороо 24-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих, Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт дахь хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Бууч овогт Баатархүүгийн Гандөш /РД:ОС87030317/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Баатархүүгийн Гандөш нь 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01 -нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Ар дулаан" гэх газраас иргэн Д.Энхбаатарын өмчлөлийн 1 тооны цэнхэр зүсмийн хайнагын шар эр үхрийг "Хонда домина" маркийн 12-13 УБГ улсын дугаартай машин механизм хэрэглэн хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Гандөш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Би анх өөрийнхөө гэрээс мал авах гэж байна гээд нөгөө хоёрыгоо дагуулж явсан.Хулгай хийх гэж байна гэдгээ хэлээгүй. Тэгээд аавынхаа хариулж байсан малнаас нь мал авсан. Би анхандаа өөрийнхөөсөө мал авах гэж очоод Энхбаатар гэдэг хүний малыг согтуугаасаа болоод авчихсан байсан. Тэгээд авсан малаа борлуулах гэж яваад Чингэлтэй дүүргийн Баянзүрхийн тойрог дээр баригдсан..” гэв.

Хохирогч Д.Энхбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Ар дулаан" гэх газраас 1 тооны цэнхэр зүсмийн хайнаган шар үхрээ хулгайд алдсан. Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед үхрээ хулгайд алдагдан нядлагдсан байхыг мэдсэн манай ажилчин Б.Лантуусайхан, Л.Очирбат, Г.Тарвагамба нар Улаанбаатар хотоос наашаа ажилдаа ирэх замдаа харсан байсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний алдагдсан үхэр жуулчдад үзүүлбэрт хэрэглэдэг үхэр байсан, том биетэй бүдүүн хайнагын шар үхэр байгаа юм, би 3 сая төгрөгөөр үнэлж байна. Баатархүү, Гантөмөр нарын амьдардаг байсан гэр нь амралтын газар дээрээ буюу баазынхаа нэг гэрт амьдарч байсан юм, үхэр байсан газар баазаас баруун зүгт 300 орчим метр зайтай байрладаг баазаас нүдээр шууд харагдах боломжгүй. Алдагдсан үхэр бол миний хувийн өмч байгаа юм, надад ямар нэгэн малын А данс байхгүй, “СД дизайн", "Монгол наматик" хоёр ХХК нь миний өөрийн компани байгаа юм тус тусдаа чиг үүрэгтэй үйл ажиллагаа явууулдаг жил болгоны намар Аргалант суманд манай мал тооллогддог, тэр тоонд миний нэр дээр тоологдсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Л.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..12-13 УБГ улсын дугаартай саарал өнгийн Хонда домина маркийн машин бол миний эзэмшлийн машин байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслээ 5 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Б.Лантуусайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотоос Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг "Ар дулаан" гэх газарлуу ажилруугаа Очирбат, Тарваа нарын хамт явж байхад замд үхрийн сэвс толгой 4 шийр байсан, тэгээд очоод үзэхэд манай захирал Б.Энхбаатарын цэнхэр зүсмийн том хайнагын шар 1 тооны үхрийг нядалсан сэвс толгойг нь үлдээсэн арьс мах нь байхгүй байсан, тэгээд шууд Энхбаатарт болон цагдаад мэдэгдсэн...бааз дээр очиход Баатархүү, Гантөмөр нар үхэр нядлагдсан талаар мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 47/,

Гэрч Л.Очирбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Аргалант сумын 2 дугаар баг "Ар дулаан" гэх газар байрлах жуулчны бааз дээрээ очих гээд Лантуусайхан, Тарваа нарын хамт явж байгаад замд манай өвөлжөөний урдхан талд үхрийн сэвс толгой байсан, тэгэхээр нь яваад очтол манай цэнхэр зүсмийн хайнагын шар үхрийн сэвс толгой шийр нь байсан бид гурав ойртож очоогүй зам дээрээсээ хараад л шууд захирал Д.Энхбаатар болон сумын цагдаад мэдэгдсэн. Баатархүүгийн банди нь гээд нэг залуу цагаан сарын өмнө ирж байсан, өөр хүн ирсэн байхыг хараагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч Г.Тарвагамба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “....2016 оны 03 дугаар сарын 01-ний өглөө дүү Д.Энхбаатарын гуйлтаар Улаанбаатар хотоос өвс хүргэж ирсэн юм замдаа явж байтал замын хажууд үхрийн сэвс, толгой, шийр байсан мөн ойр орчмоор нь дан дугуйтай машины мөр байсан тэгээд тухайн сэвс, толгой нь манай дүү Д.Энхбаатарын цэнхэр зүсмийн хайнагын шар байсныг мэдсэн... бааз дээр очиход Баатархүү, Гантөмөр нар үхэр нядлагдсан талаар мэдээгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 49/,

Гэрч С.Баатархүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “....Би тухайн шөнө хүү Гантөмөрийн хамт Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг "Ар дулаан" гэх газар Монгол номатик жуулчны бааз дээр байсан би жуулчны баазын манаач ажилтай байгаа юм, тухайн өдрийн орой 22 цагийн үед телевизор үзэж байгаад унтаж амарсан юм хулгайд алдсан үхэр баазын хашаанаас баруун зүгт 1 км орчим байрлах хаваржааны саравчний хажууд байсан юм тухайн саравчинд адуу болон үхэрнүүд байсан юм тэгээд орой 22 цагийн үед амрахдаа хүү Гантөмөрийг баазын хашаан доторх бие муутай босож чадахгүй даага байдаг юм тэрийг хараад ир гээд явуулсан, өөр ямар нэг дуу чимээ гараагүй, хаваржааны саравч байдаг газар зайтай учир баазын хашаанаас харагдах боломжгүй далд байдаг юм шөнө бол бүр мэдэгдэхгүй маргааш нь адуу услахаар усан дээр очоод байж байтал араас хүү Гантөмөр морьтой давхиж ирээд нэг үхэр алсан байна гэж байсан тэгэхээр нь бааз дээр буцаад иртэл манай баазын ажилчин Лантуусайхан, Оожоо  нар  өвс  аваад  ирсэн  байсан,  зам  дээр  үхэр  алсан  байна  гэж байсан...Гандөш бол манай дунд хүү байгаа юм 16 настайдаа 10 гаран жилийн өмнө Увс аймгаас гэрээ орхиод Улаанбаатар хотруу явсан, Улаанбаатар хотод байх хугацаандаа цэргийн алба хаасан юм сүүлийн жилүүдэд орон шоронгоор ороод болохоо байсан хүүхэд байгаа юм, Зоригтбаатар, Ганзориг нар бол манай Увс аймгийн Цагаан хайрхан сумын залуус би суман дээр байхад л харж байсан, Гандөшийг шоронгоос гарсаны дараахан энэ оны 01 дүгээр сард "Ар дулаан" гэх газар авчирч мал хамжиж харах санаатай би өөрөө Улаанбаатар хот орох ажилтай болоод Гандөшийг Ар дулаанд 4 хонуулсан юм тэгээд улаанбурхан өвчин тусаад Гандөш Улаанбаатар хотруу яваад өгсөн, ер нь Гандөш энд байх дургүй миний үгийг тоохгүй хайхрахгүй байдаг хүүхэд байгаа юм, Гантөмөр нь миний үгнээс гардаггүй юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

Гэрч Б.Гантөмөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “....Би тухайн шөнө аав Баатархүүгийн хамт Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг "Ар дулаан" гэх газар "Монгол номатик" жуулчны бааз дээр байсан тэр үед бид хоёулханаа байсан орой үхэр малаа хаваржааны хашаандаа өвслөөд тэндээ орхиод аав бид хоёр бааз дээрээ ирээд орой 22 цагийн үед унтаж амарцгаасан хаваржааны саравч баазын хашаанаас ... зайтай байрладаг юм тэгээд унтахаас өмнө баазын хашаанд байсан өвчтэй даагаа хамгийн сүүлд гарч хараад амарцгаасан өглөө аав адуу услахаар усруу явсан би баазийн хашаанд байсан өвчтэй даагыг өргөж босгоод нохойгоо хооллоод байж байтал манай зарим ажилчид болох Лантуусайхан, Ожоо буюу Очирбат нар ирээд хөх эр үхрийг замын хажууд нядалсан байна гэсэн тэгээд би аавын араас морьтой очиж аавд тэр талаар мэдэгдээд Лантуусайхан захирал Энхбаатар болон цагдаад мэдэгдсэн...нохой бол байнга хуцаж байдаг болохоор анзаараагүй, баазын хашаанаас хаваржаа байдаг газар харагдах боломжгүй дөхөж очиж гүвээ давж байж харагддаг.Гандөш бол манай төрсөн дүү байгаа юм Гандөш багадаа аав бид хоёроос түрүүлээд Улаанбаатар хотод ирж эгч Нандинцэцэгийд байдаг юм, Гандөш нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож шоронд байсан юм, ер нь бол ах дүү нараа тоодоггүй өөрийнхөө дураараа л амьдарч байдаг бид нартай таарч тохирдоггүй тогтсон ажил төрөл байдаггүй хүн байгаа юм...шоронгоос гарсныхаа дараа "Ар дулаанд" хэд хоног мал харуулж хамт байсан тэгэхэд ер нь тэнд байх дургүй байсан тэгээд улаанбурхан өвчин тусаад хотруу яваад өгсөн...үхрийн толгойг машинд ачаад цаанаас авчирч ирэхэд нь би Очирбатын хамт машинаас өргөж буулгаад баазын хашаан дахь рестроны хажуу талын гэрийн буйрны шалан дээр тавьсан тухайн үед би саарал энгийн дээлтэй хар өнгийн оломтой гуталтай байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

С.Ганзориг сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “....2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Гандөш бид 2 машиныхаа бичиг баримтыг хөөцөлдөх гээд хамт явж байтал Гандөшийн найз Батмөнх, Ширжамц гэх хүмүүстэй таарсан тэгээд Гандаш, Батмөнх, Ширжамц нар үлдээд би доош уруудан цагдаагийн хэлтэсрүү явж байтал араас Гандөш ирсэн тэгээд бид хоёр миний бичиг баримтыг цагдаагаас аваад буцаад дээш өгсөөд явж байтал Батмөнх, Зоригтбаатар хоёр Батмөнхийн машинд сууж байсан тэгээд Гандөш бид хоёр Батмөнхийн машинд ороод суутал Гандөш намайг хоёулаа хөдөө аавынхруу явчихаад ирэх үү би ааваас мөнгө авах гэсэн юм гэсэн тэгэхээр нь би одоо Завхан явлаа ш дээ гэхэд чи маргааш явчих л даа гээд байсан тэгэхээр нь би зөвшөөрсөн, тэгээд Батмөнх, Зоригтбаатар, Гандөш нар 0.5 л 1 шил архи, 1 том пиво ууцгаасан би машинаа бариад явж байсан Гандөш миний хажууд суучихсан байсан би өөрийнхөө машинтай хөдөө явах гэтэл Батмөнх миний машинаар яв гээд байсан, тэгээд Батмөнхийн машиныг бариад Гандөш хажууд суугаад Батмөнх, Зоригтбаатар хоёр хойно суучихсан нилээд халамцуу байсан, хотоос гараад эмээлт орсон цааш баруун тийш нилээд явж байгаад хөдөө очсон Гандөш самбар өнгөрөөд сал гээд зам заагаад явж байгаад хөдөө хээр нэг газар очоод машин цасанд суугаад хий эргээд явахгүй байсан тэгтэл Гандөш би аавынд очоод ирье гээд явган ганцаараа буугаад явсан, Зоригтбаатар, Батмөнх бид гурав машиндаа үлдсэн тэр үед Батмөнх согтуу тасарчихсан байсан тэгээд 1 цаг орчмын дараа Гандөш 1 тооны үхэр хөтлөөд ирсэн харанхуй байсан болохор зүсийг нь мэдэхгүй, тэгээд бид нар үхэр чинь хулгайн үхэр биш биз дээ гэхэд үгүй ээ би аавынхаасаа авч байгаа юм хулгайн үхэр биш гэж хэлсэн тэгээд үхрийг Гандөш нугасалж унагаад Зоригтбаатар бид хоёр хөл гарыг нь татаж өгч хамт янзалсан Гандөш 1 билүү 2 ширхэг хутга хаанаас авсныг нь мэдэхгүй гаргаж ирсэн байсан тэгээд үхрийн махыг нь машины багажинд хамт ачилцаад шууд Улаанбаатар хотруу явсан буцахдаа мөн би машиныг бариад явсан тэгээд хотруу ороод Баянбүрдийн тойрог дээр цагдаад баригдсан...Гандөш би гэрээсээ авч байгаа юм манай аавын үхэр байгаа юм гээд байсан юм би Гандөшид итгэсэн юм...Батмөнх машинд унтаж байсан, үхэр нядалж байгааг Батмөнх мэдээгүй байсан. Би үхрийг нядлахаас өмнө хулгайн үхэр биш биздээ гэж асуусан тэгтэл Гандөш санаа зовох зүйлгүй би аавынхаасаа авсан гэж хэлэхэд нь итгэсэн юм н..” гэх мэдүүлэг /хх-ийн 112-115/,

Бусад баримт сэлт:

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-10/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/,

-Төв аймгийн Зуунмод сумын Үнэлгээний комиссын хийсэн эд зүйлийн үнэлгээ /хх-53/,

-эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-19/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-21/,

-эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-22-23/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-26/,

-шүүгдэгч Б.Гандөшийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих, Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт дахь хэсэгт зааснаар 03 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан... " гэх лавлагаа /хх-126/,

-шүүгдэгч Б.Гандөшийг 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдөр сэжигтнээр /хх-99/, 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдөр яллагдагчаар /хх-103/ байцаасан тэмдэглэлүүд

 

Шүүгдэгч Баатархүүгийн Гандөш нь 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс 2016 оны 03 дугаар сарын 01 -нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Ар дулаан" гэх газраас иргэн Д.Энхбаатарын өмчлөлийн 1 тооны цэнхэр зүсмийн хайнагын шар эр үхрийг "Хонда домина" маркийн 12-13 УБГ улсын дугаартай машин механизм хэрэглэн хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Энхбаатарын “..Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед үхрээ хулгайд алдагдан нядлагдсан байхыг мэдсэн манай ажилчин Б.Лантуусайхан, Л.Очирбат, Г.Тарвагамба нар Улаанбаатар хотоос наашаа ажилдаа ирэх замдаа харсан байсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний алдагдсан үхэр жуулчдад үзүүлбэрт хэрэглэдэг үхэр байсан, том биетэй бүдүүн хайнагын шар үхэр байгаа юм..” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Батмөнхийн “..12-13 УБГ улсын дугаартай саарал өнгийн Хонда домина маркийн машин бол миний эзэмшлийн машин байгаа юм..” гэх мэдүүлэг, гэрч С.Баатархүүгийн “...Монгол номатик жуулчны бааз дээр байсан би жуулчны баазын манаач ажилтай байгаа юм, тухайн өдрийн орой 22 цагийн үед телевизор үзэж байгаад унтаж амарсан юм хулгайд алдсан үхэр баазын хашаанаас баруун зүгт 1 км орчим байрлах хаваржааны саравчний хажууд байсан юм..” гэх мэдүүлэг, гэрч Б.Гантөмөрийн “..манай зарим ажилчид болох Лантуусайхан, Ожоо буюу Очирбат нар ирээд хөх эр үхрийг замын хажууд нядалсан байна гэсэн тэгээд би аавын араас морьтой очиж аавд тэр талаар мэдэгдээд Лантуусайхан захирал Энхбаатар болон цагдаад мэдэгдсэн..” гэх мэдүүлэг,  гэрч Б.Лантуусайханы “..манай захирал Б.Энхбаатарын цэнхэр зүсмийн том хайнагын шар 1 тооны үхрийг нядалсан сэвс толгойг нь үлдээсэн арьс мах нь байхгүй байсан..” гэх мэдүүлэг, гэрч Л.Очирбатын “..манай өвөлжөөний урдхан талд үхрийн сэвс толгой байсан, тэгэхээр нь яваад очтол манай цэнхэр зүсмийн хайнагын шар үхрийн сэвс толгой шийр нь байсан бид гурав ойртож очоогүй зам дээрээсээ хараад л шууд захирал Д.Энхбаатар болон сумын цагдаад мэдэгдсэн..” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-8/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, Төв аймгийн Зуунмод сумын Үнэлгээний комиссын хийсэн эд зүйлийн үнэлгээ /хх-53/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-19/, эд зүйлийн үнэлгээ /хх-21/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-22-23/, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол, шүүгдэгч Б.Гандөшийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Гандөшийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Гандөш нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Сум дундын 22 дугаар шүүхийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтай байдал байгаа боловч Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д зааснаар шүүгдэгч Б.Гандөшийг өршөөн хэлтрүүлж анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

 

                       Шүүгдэгч Б.Гандөш нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч Д.Энхбаатар, иргэний нэхэмжлэгч Л.Батмөнх нар нь хохирол нэхэмжлээгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

           

            Хохирлын талаар:

            Хохирогч Б.Энхбаатар нь 1 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Б.Гандөш нь мөрдөн байцаалтын шатанд 900 000 төгрөгийг, шүүхийн шатанд 300 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

           Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Гандөш нь 54 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Л.Батмөнхийн эзэмшлийн 12-13 УБГ улсын дугаартай саарал өнгийн ХОНДА ДОМАНИ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь иргэний нэхэмжлэгч Л.Батмөнхийн “..12-13 УБГ улсын дугаартай саарал өнгийн Хонда домина маркийн машин бол миний эзэмшлийн машин байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслээ 5 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, С.Ганзориг нь сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “..Завхан явлаа ш дээ гэхэд чи маргааш явчих л даа гээд байсан тэгэхээр нь би зөвшөөрсөн, тэгээд Батмөнх, Зоригтбаатар, Гандөш нар 0.5 л 1 шил архи, 1 том пиво ууцгаасан би машинаа бариад явж байсан Гандөш миний хажууд суучихсан байсан би өөрийнхөө машинтай хөдөө явах гэтэл Батмөнх миний машинаар яв гээд байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Гандөшийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр иргэний нэхэмжлэгч Л.Батмөнх нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдээгүй байсан нь нотлогдож байх тул 12-13 УБГ улсын дугаартай саарал өнгийн Хонда домина маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Л.Батмөнхөд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Бууч овогт Баатархүүгийн Гандөшийг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гандөшийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Гандөшид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гандөшид оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гандөшид хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Л.Батмөнхийн эзэмшлийн 12-131 УБГ улсын дугаартай саарал өнгийн ХОНДА ДОМАНИ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Энхбаатарт 1 200 000 төгрөг төлсөн, ялтан Б.Гандөш нь 54 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА