Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00529

 

Ж.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01756 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 19 дугаар магадлалтай,

Ж.П-ын нэхэмжлэлтэй,

ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдох

2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 тоот, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүй суутгасан 499.113 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.П-, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.П-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие анх 2013 оны 07 сарын 29-ний өдрөөс дулааны горим тохируулагч инженерээр ОСНААУГт ажилд орж, шатлан дэвшиж ажилласаар 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргаар томилогдон хөдөлмөрийн гэрээгээр өдийг хүртэл хугацаанд ажилласан. Энэ хугацаанд миний бие ямар нэгэн зөрчил дутагдалгүй, чин шударгаар ажил үүргээ гүйцэтгэж ажилласан бөгөөд урьд нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл тус байгууллагын даргын 2019 оны 7 сарын 19-ний өдрийн Б/758 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалд дурдсанаар ...тус газрын даргын ажлыг хүлээлцэх ажлын хэсгийг 2019 оны 6 сарын 20-ны өдөр ажлын байранд нэвтрүүлэхгүй, саад учруулсан зөрчил гаргасан... гэсэн байх бөгөөд тухайн өдөр ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын ажлыг хүлээлцэхээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлыг хэсэг тус байгууллага дээр ажил хүлээлцэхээр ирсэн боловч өмнөх дарга Ж.Батсайхан нь 2019 оны 5 сарын 23-ны өдрөөс 6 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлэгт өвчтэй байсан тул миний бие болон бусад албан хаагчдын зүгээс төрийн албан хаагчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчигдөж байгаа байдлыг зүгээр харж сууж тэвчилгүй ...өвчтэй байгаа хүний ажлыг ингэж хууль зөрчиж хүлээлцэж болохгүй, ажилдаа орох хүртэл нь хүлээ... гэсэн шаардлага тавьсан. Миний бие хөдөлмөрийн гэрээний болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны Б/861 дугаар тушаалд “...үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороо хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүй хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг үйлдэл дотоод хяналтаар тогтоогдож, сахилгын зөрчил давтан гаргасан...” гэсэн үндэслэл заасан бөгөөд энэ нь үндэслэлгүй. Түүнчлэн дээрх хууль бус үйлдлүүдийг гаргасан гэж үзэж байгаа бол баримт нотолгоотой байх ба дотоод хяналтаар тогтоогдсон гэх боловч ямар ч дотоод хяналт шалгалтыг явуулаагүй байж, ор үндэслэлгүйгээр хууль зөрчиж сахилгын шийтгэл ногдуулж, улмаар түүнийгээ үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж байна. Ийнхүү хууль бус тушаалуудыг үндэслэн 2019 оны 7 сарын цалингаас 20 хувийн суутгал хийгдсэн бөгөөд мөн хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлыг хүлээлцэхдээ ээлжийн амралтын мөнгөнөөс ажлын гутал хувцасны мөнгийг суутган тооцож авсан тул эдгээрийг хууль бус тушаалуудын улмаас учирсан хохирол гэж үзэж байна. Иймд ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 7 сарын 19-ний өдрийн Б/758, 2019 оны 8 сарын 02-ны өдрийн Б/861 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж, хууль бус тушаалын улмаас учирсан хохирол 499.113 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч Ж.П- нь 2017 оноос эхлэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн бодлого хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ж.П- нь 2019 оны 6 сарын 20-ны өдөр ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын ажлыг хүлээлцэхээр ирсэн ажлын хэсгийг ажлын байранд нэвтрүүлэхгүй, саад учруулсан зөрчил гаргаж Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.4, Хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан үүргээ зөрчсөн тул Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д заасны дагуу хоёр сарын хугацаагаар үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр Ж.П-ад ажлын хэсгийнхнийг хууль зөрчсөн эсэхийг тогтоох, эсэргүүцэх, ажлын байранд нэвтрэхийг хориглох эрх, үүрэг байхгүй тул сахилгын зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл оногдуулсан. Дээрх сахилгын шийтгэл оногдуулснаас 14 хоногийн дараа Ж.П- нь үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүйгээр хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг, үнэлгээний хорооны гишүүн Б.Цогтгэрэлийн гарын үсгийг хуурамчаар зурсан, үнэлгээний хорооны гишүүн бус Л.Намжилмааг хуралд оруулж санал авч тэмдэглэлд оруулсан, үнэлгээний хорооны хурлыг хууль бусаар зохион байгуулдаг болох нь 2019 оны 8 сарын 02-ны өдрийн дотоод хяналтын шалгалтаар тогтоогдож, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж сахилгын зөрчлийг давтан гаргасан. Ийнхүү Ж.П- нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул Хөдөлмөрийн дотоод журмын 9.1, хөдөлмөрийн гэрээний 3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу Ж.П-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 7 сарын 19-ний өдрийн Б/758 дугаар, 2019 оны 8 сарын 02-ны өдрийн Б/861 дугаар тушаалууд нь үндэслэлтэй хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01756 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 тоот тушаалыг хүчингүй болгож, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ж.П-ыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хууль бус суутгал нийт 4 379 387 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.П-ын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 155.220 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 19 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Ж.П-ын нэхэмжлэлтэй уг шүүх хуралд хариуцагч талаас шүүх бүрэлдэхүүнд “...Уг нэхэмжлэлтэй холбогдох хэрэгт “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн дүгнэлт гарч Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст 190222665 дугаартай хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бөгөөд үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүн бус хүнийг хуралд оруулж санал авч гарын үсэг зуруулдаг, байхгүй гишүүний гарын үсгийг хуурамчаар зуруулах, нөхөж зуруулах зэргийг нотлох баримт болох “Дабль Аксиом Аудит” ХХК-н дүгнэлтийг Авилгатай тэмцэх газраас гаргуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж өгөөгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дах хэсэгт заасныг ноцтой зөрчиж хариуцагч талын хүсэлтийг хангаагүй, мөн хэрэгт шууд нотлох баримтыг шүүхийн захирамжаар гаргуулж өгөөгүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байгаа тул хэргийг анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.П-, ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 тоот тушаал, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, үндэслэлгүй суутгасан 499.113 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг,  хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх “...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэн, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудын үндэслэл зэрэг маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийжээ.

ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дарга 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/758 тоот тушаалаар “...тус газрын даргын ажил хүлээлцэх ажлын хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлын байранд нэвтрүүлэхгүй, саад учруулсан зөрчил гаргасан” гэж Ж.П-ад 2 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулж, 198.000 төгрөгийг суутгасан байх боловч тэрээр ямар үйлдэл хийсэн, уг үйлдлийг зөрчил гэж үзсэн үндэслэлээ хариуцагч нотлоогүйгээс шүүх тушаал хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгон, суутгасан мөнгийг буцаан гаргуулж олгосон байна. Уг дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Түүнчлэн ОСНААУГ ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/861 тоот тушаалаар Ж.П-ыг “үнэлгээний хорооны хурлын протоколыг хуурамчаар үйлддэг, үнэлгээний хороог хуралдуулахгүйгээр шийдвэр гаргадаг, үнэлгээний хорооны гишүүнийг байлцуулахгүйгээр хуралдаж дараа нь нөхөж гарын үсэг зуруулдаг хууль бус үйлдэл гаргаж, хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасан  сахилгын давтан зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас халжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх тушаалд дурдагдсан зөрчил бүрийн талаар дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгч эдгээр зөрчил гаргасныг хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Иймд нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүйгээс ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй талаар дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг гаргасныг шүүгч хангахаас татгалзаж 2019.10.10-ны өдөр 182/ШЗ2019/08200 тоот захирамж гаргахдаа “...нотлох баримтаар гаргуулахыг хүссэн Дабль Аксиом Аудит ХХК-ийн гаргасан дүгнэлт нь ...хэрэгт зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой гэж дүгнэх боломжгүй” гэжээ. Уг шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч өөрөө шаардсан нотлох баримт нь ямар агуулгатай болох, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэх үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ...нотлох баримтыг шүүх бүрдүүлэх хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Дээр дурдснаар шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/01756 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 155.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ