Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 020/2014/0077/з |
Дугаар | 221/МА2016/0530 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2016/0530
“*******-Эх” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “*******-Эх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Ц.Сарантуяа нарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******-Эх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”... Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Ц.Сарантуяа нарын “*******-Эх” ХХК-д холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 210255 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******-Эх” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Ц.Сарантуяа нарын тогтоосон 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210255 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү давж заалдах гомдолдоо: “... “*******-Эх” ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компани нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу Хэнтий, Дундговь аймгийн сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан жонш худалдан авсан бөгөөд олборлосон жоншноос 2012 онд 7,791,8 тн хайлуур жоншийг экспортод гарган 1,863,202,0 мянган төгрөгөөр борлуулсан боловч уг орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна”, 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 48 дугаар зүйлийн 48.9-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 48.7.3-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор татварын албанд тус тус тушаана” гэж заасныг тус тус зөрчиж байна.
Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Ц.Сарантуяа нар “*******-Эх” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2012 онд жонш борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон 1,863,202.0 мянган төгрөгийн зөрчилд 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210255 дугаар актаар 186,320.2 мянган төгрөгийн нөхөн татвар, 55,896.1 мянган төгрөгийн торгууль, 11,384.2 мянган төгрөгийн алданги ногдуулан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагчаас “...Нэхэмжлэгч компани худалдан авсан болон олборлосон жоншноос экспортод гарган борлуулсан орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн... ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч “*******-Эх” ХХК нь Хэнтий аймгийн Тамир сумын Хар бичигт нэртэй газарт орших 30 га талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 10714А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэдий ч 2012 онд орон нутгийн бичил уурхай эрхлэгч нэр бүхий нөхөрлөл, хувь хүнээс хамтран ажиллах гэрээний үндсэн дээр жонш худалдан авч экспортод гарган борлуулсан байх ба хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “... тус компани Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу Хэнтий, Дундговь аймгийн сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан жонш худалдан авсан болон олборлосон жоншноос 2012 онд 7,791.8 тн хайлуур жонш экспортод гарган борлуулсан... уурхайгаас олборлосон эсэх дээр маргаан байхгүй... худалдан аваад цааш борлуулсан гэж үзэж байгаа” гэх тайлбараас үзвэл хариуцагч нар уг үйл баримттай маргаагүй байна.
Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно”, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас ашигт малтмал олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр байх ба нэхэмжлэгч “*******-Эх” ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас ашигт малтмал /жонш/ олборлоогүй, орон нутгийн бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдээс гэрээний үндсэн дээр жонш худалдан авч борлуулсан байх тул анхан шатны шүүхийн “нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн ашигт малтмалын талбайгаас ашигт малтмал олборлоогүй, бусдаас ашигт малтмал худалдан авч, цааш дамжуулан худалдсан энэхүү тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш юм” гэсэн дүгнэлт хийж, маргаан бүхий актаар ногдуулсан нийт 253,600.5 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийг 2012 онд жонш борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Ц.Сарантуяа нарын 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210255 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА