Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 94

 

Ш.Жанимханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ш.Жанимхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаар магадлалтай, Ш.Жанимханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Жанимханы Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн Н.Хибатайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 22 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч Ш.Жанимхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ш.Жанимхан нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 22 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 15 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ заалт нь уг маргаантай хэргийн оролцогч буюу гуравдагч этгээд Н.Хибатайд газрыг давхцуулан хууль бусаар олгосон захирамжийн холбогдох хэсэг юм. Шүүхэд гаргаж өгсөн бүхий л нотлох баримтаар Ш.Жанимханы төрсөн ах Ш.Сейтмурат нь Монгол Улсын харьяат иргэн байхдаа буюу 1991-2013 он хүртэл Буянт сумын 3 дугаар багийн нутаг, өмнө голын Шар нуурын “Хагийн Улаан” гэдэг өвөлжөөний газрыг хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байсан болохыг гэрчүүдийн мэдүүлэг болон хууль ёсны дагуух бичиг баримтаар нотлогддог.

Гэтэл ах Ш.Сейтмурат нь 2013 онд манай улсын харьяатаас гарч Казакстан улс руу нүүн тэндээ амьдрах болсон байдаг. 1997 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 тоот захирамж, 191 тоот гэрчилгээгээр иргэн Ш.Сейтмурат нь 0.07 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмших, ашиглах эрхтэй болсныг хууль ёсоор нотолно. Энэ баримт хүчин төгөлдөр бус байна гэсэн ямар ч Засаг даргын шийдвэр, захирамж хаана ч байхгүй байдаг. Үүнийг хүчингүй болгох гэж хэн ч Ш.Сейтмурат болон Ш.Жанимхантай маргаагүй болно. Энэ газар эзэмших эрхийг Ш.Сейтмурат нь тамга тэмдэг, хэвлэмэл гэрчилгээ ашиглан өөрөө өөртөө бичиж олгоогүй нь ойлгомжтой билээ.

Монгол Улсын хууль дүрмийг хүндэтгэн сахиж, зохих ёсоор уг газрыг эзэмших эрхийг Ш.Сейтмурат болон Жанимхан нар олж авсан гэж ойлгож байгаад явж байтал газрыг Н.Хибатайд давхцуулан олгосон байдаг бөгөөд нотлох баримтууд ч үүнийг илэрхийлнэ. Газрын даамал Р.Төхөөн гэгчийн хууль бус үйл ажиллагаанаас болж эдгээр иргэд хохирч хоорондоо маргалдан учраа ололцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь бодит үнэн юм. Хэн нэгэн албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас болж орон нутаг дахь газар хуваарилалт, эзэмших, ашиглах эрх хэрхэн зөрчигдөж байгаагийн сонгодог жишээ бол энэ үйл явц мөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2012 онд уг газрыг давхцуулан Н.Хибатайд олгосон хууль бус үйлдлийг илчлэн шүүхэд Ш.Жанимхан хандахад шүүх дээрх шийдвэрээрээ нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  4, 5 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй дээрх анхан шатны шүүхийн 38 дугаар шийдвэр нийцэхгүй байна. Тухайлбал шийдвэрийн 8 дугаар хуудасны доод талд үндэслэх хэсгийн 1-д 1994 оны Газрын тухай хуулийг барьсан байгаа үүнд иргэнд 0.05 га газрыг олгоно гэснийг тайлбарлахдаа Ш.Сейтмурат бол 0.07 га-г эзэмших эрхгүй харин Н.Хибатайд бол болох мэтээр ойлгон бичжээ. Ш.Сейтмуратын эрхийг автоматаар үгүйсгэж эрхгүй болгосон хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна.

Ш.Сейтмуратын хууль ёсоор авсан газар эзэмших эрхийг шууд үгүйсгэхдээ чухам ямар хуулийн заалтыг барьж газар эзэмших эрхгүй буюу эрх үүсээгүй байна гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байдаг. Энэ асуудлыг гомдол гаргагч бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т нотлох баримтуудыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна. Энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т нэгж талбарын дугаарын талаар дурджээ. Энэ дугаарыг мөн л иргэд өөрсдөө өөрсдөдөө олгодог бус бөгөөд тэгээд ч 1997 онд авсан гэрчилгээнд тийм дугаар тавих тухай зохицуулалт болон хууль нь байгаагүй болно.

Шүүгч энэ тухай өөрөө 2003 онд 163 дугаар тушаалаар баталсан журам гэж бичсэн атлаа 1997 оны гэрчилгээнд байхгүй байна гэсэн нь үнэхээрийн ойлгомжгүй байна. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүйг хуульд заажээ. Маргаан бүхий 22 дугаар захирамжийн 15 дахь хэсэгт заасан иргэн Н.Хибатайд олгосон 700 м.кв газрыг эзэмших эрх нь хуулийн дагуу олгогдсон байна гэж шүүгч дүгнэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон иргэдийн Хурлын протокол зэргийг нотлох баримтаар аваагүй нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хуульд заасан журмаар уг газрыг Н.Хибатайд олгосон уу, үгүй юу гэдэг нь илтэд эргэлзээтэй байсаар байтал хэт нэг талыг барьж дүгнэсэн. Харин ч 21.4.3-т зааснаар бол Газрын гухай хуулийн 31.3-т заасныг ноцтой зөрчин газар эзэмших эрхийг Н.Хибатайд олгосон байна гэж үзэх үндэслэлтэй юмаа. Учир нь Ш.Сейтмурат нь тухайн газарт он удаан жил буюу нийт 16 жил тасралтгүй амьдарч байсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т зааснаар тогтоовол нийтэд илэрхий үйл баримт байсныг гэрчүүд тайлбарлан нотолсныг шүүгч үнэлж дүгнээгүй хэт нэг талд шийдвэрийг гаргасан.

Мөн шүүгч шийдвэртээ зөвхөн Газрын тухай хуулийг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Ш.Жанимхан зөвшөөрөхгүй бөгөөд захиргааны байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, тэдний эс үйлдэхүйгээс болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсондоо тун гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж үнэлээгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсгийг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 22 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар газар эзэмших хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж, иргэн Н.Хибатайд Өмнөгол багийн “Хагийн улаан” гэх байршилд 0.07 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 25 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрх олгосон байна.

Нэхэмжлэгч Ш.Жанимхан нь уг шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, “миний ах Ш.Сейтмуратын 1997 оноос хойш 13 жил хууль ёсоор эзэмшиж ирсэн, 2010 онд гэрээний дагуу надад шилжүүлсэнээр миний эзэмшсэн, 2014 оны 8 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газраг өөр иргэнд давхцуулан эзэмшүүлсэн байна” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, иргэн Ш.Сейтмурат нь Буянт сумын Өмнөгол багийн нутаг “Хагийн улаан” гэдэг газарт 1997 /1991/ оноос хойш өвөлжиж амьдарч байсан болох нь, 0.07 га газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийг нь 1997 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дүгээр, 2003 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн /дугааргүй/ газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан, маргаан бүхий тухайн газар дээр баригдсан 36 м.кв талбай бүхий өвлийн сууцны өмчлөх эрх нь 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000145206 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан, тэрээр Казакстан улс руу нүүж явахынхаа өмнө 2010 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г өөрийн төрсөн дүү Ш.Жанимхантай байгуулж, уг газраа түүнд шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн газрыг Н.Хибатайд эзэмшүүлэх шийдвэрийн улмаас тухайн газарт баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь зөрчигдөж буй талаар шүүхэд тайлбар ирүүлж хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох болон өөрийн өмнөөс шаардах эрхийг Ш.Жанимханд олгож буй талаарх хүсэлтээ нотариатаар гэрчлүүлж гаргасан, тус газрыг Ш.Сейтмурат олон жил эзэмшиж, ашиглаж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй ба уг газрыг “сул чөлөөтэй” гэж үзэж, Н.Хибатайн эзэмших хүсэлтийг үндэслэн 2012 онд түүнд эзэмшүүлэх шийдвэр гаргасан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

Ш.Сейтмурат нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар зарлигаар тус улсын харьяатаас гарсан тухай баримт хэрэгт мөн авагдсан байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт давхцуулан хүсэлт гаргах нь уг зүйл, заалтын зохицуулалтаар хориглосон шинжтэй байна.

Гэтэл Н.Хибатай өөрт нь илэрхий бөгөөд Ш.Сейтмуратын эзэмшиж байгаа газарт давхцуулан хүсэлт гаргасан нь буруу байхад Буянт сумын газрын даамал уг хүсэлтийг хүлээн авч, улмаар сумын Засаг дарга нь уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцэхгүй болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсоноор, 2012 онд Ш.Сейтмурат нь Монгол Улсын иргэний харьяалалтай байсан бөгөөд түүний газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгоогүй, түүний хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж, газрыг шилжүүлэн авсан Ш.Жанимхан нь бодит байдал дээр тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглаж байсны хувьд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй буюу Ш.Сейтмуратын газар эзэмших эрхийн талаар болон Ш.Сейтмурат, Ш.Жанимхан нарын байгуулсан “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний талаар дүгнэлт хийхдээ буруу дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулж хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг үнэлэлгүйгээр “Ш.Жанимхан нь маргаан бүхий газрыг хууль ёсны эзэмшигч биш тул Н.Хибатайд газар эзэмшүүлэх Буянт сумын Засаг даргын 2012 оны 22 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчөөгүй” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3, 34.4-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т заасантай нийцэхгүй болжээ.

Иймд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Жанимханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 15 дугаар заалтын Н.Хибатайд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ