Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Б.Б*********** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Б.Б***********т холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Б*********** нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны 15 цаг 30 минутын үед Рэнчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрт байрлах Хороо гэх газар Г.М***********г зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б*********** нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны 15 цаг 30 минутын үед Рэнчинлхүмбэ сумын нутаг дэвсгэрт байрлах Хороо гэх газар Г.М***********г зодож бие махбодид нь 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, тархи доргилт, зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Б***********ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар баг Хороо гэх газар өвс хадхаар очсон боловч бороо ороод ажил хийгдэхгүй байсан тул Баяраа гэдэг хүний майхан руу хөзөр тоглохоор очсон юм. Тэр үед М*********** бие муутай нутгийн залуу Лхагвасүрэнг өөрт нь хамаагүй асуудлаас болж зодсон юм. Тэгээд Лхагвасүрэнгийн хамар амнаас цус гаргачихсан байхад салахгүй зодоод байхаар нь би очоод салгах гэхэд миний зүүн шанаа тус газар гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа мөргөсөн юм. Тэр үед М***********гийн баруун шанаа нь хавдаж ам хацарнаас нь цус гарч байсан юм. Надад М***********тай зодолдох санаа зорилго байгаагүй. Харин М*********** бид хоёрыг зүгээр байхад өөрөө ирж барьж авч зодолдоод байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 28- 29-р хуудас/,

Хохирогч Г.М***********гийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын 3 дугаар багийн Хороо гэх газарт өвс хадхаар очсон боловч бороо ороод ажил хийлгэхгүй байсан тул Баяраа гэдэг хүний майхан руу хөзөр тоглохоор очсон юм. Тэгтэл Ариунболд, Мөнхзаяа, Лхагвасүрэн, Баяраа ах, Пүрэвцогт бид нар хөзөр тоглож байсан юм. Тэгээд хөзөр тоглож дуусаад мөнгөө өгч авалцах гэхэд Лхагвасүрэн Ариунболдод 4000 төгрөг өгөх ёстой байсан боловч мөнгөө өгөөгүй. Тэр үед Лхагвасүрэнг мөнгийг нь өг гэхэд мөнгөө өгөхгүй хүнийг яах юм бэ? Гэж хэлэхээр нь би майхан дотор нэг удаа гараараа алгадаад гараад байж байтал Лхагвасүрэн намайг 2 удаа цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохисон юм. Тэр үед Б***********, Чинзориг нар ирээд Б*********** нь Лхагвасүрэнг өмөөрч гүйж ирээд миний баруун хөл рүү өшиглөсөн юм. Тэгээд би босч очоод Б***********ыг барьж авахад Б*********** намайг тонгорч унагаагаад нүүр рүү 2 цохихоор нь Ариунболд гүйж ирээд салгасан. Дараа нь Б*********** модоор миний хөл рүү цохисон. Тэгээд Б*********** гараад ир гээд бид хоёр гараад дахиж зодолдоод Б*********** намайг дахиж унагаагаад нүүрэн тус газар хоёр удаа хөлөөрөө дэвсэхэд миний хамраас цус гарсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 480 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Г.М***********н биед гэмтэл тогтоогдлоо. Г.М***********гийн биед 1 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл, тархи доргилт, зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Б***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б***********ыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б*********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Чонод овогт Батжаргалын Б***********ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Б***********т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн ***********тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б***********т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ