| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/05102/и |
| Дугаар | 181/ШШ2017/03038 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2017/03038
| 2017 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 181/ШШ2017/03038 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А ХХК /РД: 5176727/-Д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Б.Б нь Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай компанид 2007 оноос ажиллаж байгаад 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр АХХК- тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 015/59 тоот тушаалаар тус компанийн захирлын зөвлөх албан тушаалд шилжин ажилласан.
Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр намайг ажлаас халсан гэж мэдэгдээд, компьютерээ ав гэсэн. Харин албан ёсоор ажлаа хүлээж авах талаар надад юм хэлээгүй. 2016 оны 8 дугаар сард шүүхээс нотлох баримт шаардуулж байж ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж ирсэн.
Ажилтныг ажлаас халж байгаа юм бол гаргасан зөрчил нь тогтоогдсон байх ёстой, өнөөдрийн байдлаар тогтоогдсон зүйлгүй, ажлаас халсан тушаалыг ч надад өгөөгүй, Пак Тэ Гюг тушаалыг нөхөж үйлдсэн гэж үзэж байна.
Б.Бд өөрт нь юу ч мэдэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд зааснаар зөрчил гаргаагүй, энэ хэргийг Дээд шүүх дээр байхад талууд эвлэрэх гэж байгаад хариуцагч буцаад эвлэрэхгүй гэсэн, Солонгос хүн тохуурхаж байгаа юм.
Солонгос талын захирал албан ёсоор ажил хүлээж аваагүй, ажлаас халсан тушаал гардуулж өгөөгүй тул намайг ажлаа хий гэхийг нь хүлээж байтал нилээн хугацаа өнгөрсөн. Намайг ямар үндэслэлээр ажлаас халсан бэ, тушаалтай танилцъя гэж утсаар асууж шаардахад чамайг халсан, өгөх тушаал байхгүй гэсэн хариу хэлсэн.
Хэрэгт авагдсан 2015 оны 2 дугаар сарын 23, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцэл тохироогийн нэг нь ажил үүргийн хуваарь байгаа тэгэхээр түүнийг ажлын байрны тодорхойлолт гэж үзэж байна. Энэ баримтад контракт гэж бичээд, авах цалингийн хэмжээг бичсэнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээ гэж үзэж байна. Ажил олгогч нь Б.Быг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлээр ажлаас халсан.
Нийгмийн даатгалын дэвтэрээ 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр авч үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 тоот тушаалаар чөлөөлөв гэсэн үг бичигдсэн байсан.
Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсан талаар түүнд мэдэгдээгүй, шалтгаангүйгээр ажлаас халсан. Б.Бын нэг сарын цалин 7900 ам.доллар байдаг тул энэ дүнгээс татвар хураамж тооцогдон төлж байсан.
Сүүлийн үед Солонгос захирал ажилчдыг хүчээр амраах, цалинг хууль бусаар багасгах зэргээр дураараа загнаж байсан болохоор цалин нь хасагдсан. Би 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 4 дүгээр сарыг дуустал цалин аваагүй ажилласан, Солонгос талын удирдлага “Чи ажпаа сайн хийгээд санхүүгийн энэ хүндрэлтэй байдлыг арилгах талаар гүйцэтгэх ажлаа хэрэгжүүлж бай, цалинг чинь сарын 10.000 ам.доллараар тооцоод нэг мөр олгоод, зохих журмын дагуу бичилт хийж өгнө” гэж байнга амлаж байсан тул ажлаа хийсээр байсан.
Гэтэл Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч өмнө өгвөл зохих цалин хөлсөө ч бодож олгоогүй байна.
Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд авсан, халсан тушаал байхгүй бөгөөд зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, цалин хөлс авч байсан нь нотлогдох юм. Б.Б нь АХХК-ийн 6,5%-ийн хувьцааг “Алтан Уул Ресорсис Лимитед” ХХК-иар дамжуулан эзэмшдэг.
Иймд Б.Быг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
АХХК нь анх 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БНСУ-ын хуулийн этгээд Хансунг Элкомтек ХК-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан, Б.Б нь тус компанийн хувьцаа эзэмшигч юм.
Б.Б нь АХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2012 оны 5 дугаар сараас хашиж ирсэн. 2013 оны 8 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гүйцэтгэх удирдлага солигдсон.
Тус компанийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаар Б.Быг АХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөн, орлогч захирлын албан тушаалд томилон, Пак Тэ Гюг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоор шийдвэрлэж, зохих бүртгэлийг хийлгэсэн.
Б.Б орлогч захирлаар ажиллахыг хүсээгүй тул өөрийнх нь хүсэлтээр орлогч захирлаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд Пак Тэ Гюүг гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн.
Б.Б компанийн 6.5%-ийн хувьцааг өөрийн Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-иар эзэмшигч, Монгол талын түнш болохын нь хувьд, мөн монгол дахь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар илүү мэдээлэлтэй зэрэг байдлыг харгалзан үзэж, Б.Быг АХХК- ийн захирлын орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар хэлцэл байгуулсан.
Уг хэлцэлээр Б.Б нь урьд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед эхлүүлэн, хариуцаж байсан зарим нэг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож, энэ хугацаанд Б.Бд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үеийн цалинтай дүйцэх хэмжээгээр хөлс олгож, нийгмийн даатгалын төлөлтийг хийж ирсэн.
Гэтэл Б.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өмгөөлөгч Г.Баяржаргалтай 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, 340.000.000 төгрөгийн хөлс олгох, гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг, гэрээ хэлцлийг боловсруулах, хянах, мөн компанитай холбоотой хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд гэрээний үнийн дүнг өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр мэтээр тайлбарлаж Компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байсан.
Дээрх гэрээний үнийн дүнг өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр мэтээр тайлбарлаж, компаниас мөнгө гаргуулж өмгөөлөгч Г.Баяржаргалд олгосон байдаг.
Дараа нь 2015 оны 9 дүгээр сарын 9, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нэмэлт гэрээнүүдийг байгуулж, уг гэрээгээр тус компанид үзүүлсэн үйлчилгээндээ дахин их хэмжээний төлбөр буюу 236.000.000 төгрөгийг давхар авч компанид хохирол учруулсан.
Мөн тус компанийн бүх гэрээ, хэлцлийг үйлдэх , хянах үүрэг бүхий өмгөөлөгч Г.Баяржаргалтай гэрээ байгуулсан атлаа эсрэг талын өмгөөлөгчид хууль зүйн туслалцааны төлбөр төлж гэрээ үйлдүүлэн энэ гэрээний хэрэгжилтээс болж тус компани Дээд шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Б.Баттулгад 1.080.634.214 төгрөгийг төлөх болж их хохирол амссан.
Энэ бүхнээс болж тэр бум илүү төгрөгийг АХХК бусдад төлөхөөр болж хохирол учирч 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш Б.Быг орон тооны бус зөвлөхөөр ажиллуулах боломжгүй болсон.
Б.Б нь ийнхүү итгэл эвдсэн зүй бус үйлдэл гаргаж, компанид их хэмжээний хохирол учруулан, өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж чадаагүй болох нь дээрх үйлдлээс харагдаж байх тул компанийн удирдлагын зүгээс цаашид Б.Бд ажлын өрөө тасалгаагаар ханган өгч, хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлсэн.
Дээрх байдал нь Б.Бын хувьцаа эзэмшиж буй байдалд нөлөөлөхгүй бөгөөд, компанийн 6.5 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа юм.
Б.Б нь Британий Виржиний арлуудад үүсгэн байгуулагдсан Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшдэг, бөгөөд АХХК-д удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар, зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулан ажиллаж байгаа хуульд нийцэхгүй бөгөөд Г.Баяржаргал нь Г.Уранцэцэгийн төрсөн дүү юм. Энэ бүхнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.,28.2.-ийг зөрчиж байгаа бөгөөд Б нь АХХК-ийн хувьцаа эзэмшдэг тус компанийн гүйцэтгэх удирдлагыг хаших эрхгүй этгээд юм
Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа үүсээгүй, гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хувиар хамтран ажиллах, нэг нь нөгөөдөө зөвлөх хүрээнд хэлэлцэж тохирсон бизнесийн түншлэлийн харилцаа л байсаар ирсэн.
Иймд Б.Быг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжпэгч Б.Б нь хариуцагч АХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
АХХК-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 015/59 дүгээр тушаалаар Б.Быг захирлын орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар томилж, тус компанийн захирлын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ. /1-р хх-ийн 72-р хуудас/
Нэхэмжлэгч Б.Б хариуцагч АХХК нар дараах 2 хэлцэл тохироог хийсэн байна. Үүнд:
НЭГ: 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талуудын хооронд тохиролцсон “АХХК- ийн төлөөлөгчийн дарсан (тамга), ажил хүлээлцэх” гэсэн нэртэй тохиролцоо бичгээр:
1.Б.Б захирал 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө гүйцэтгэж ирсэн бүх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
Уул уурхайтай холбогдох бүх төрлийн ажил үүрэг гүйцэтгэнэ./ Засгийн газрын ажлын дараатай холбогдох гэх мэт/
2.Пак Тэ Гю захирал санхүү, хүний нөөц, хангамж гэх мэт ажлуудыг хариуцахаар
3.2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи ажил үүргийн талаар тус тусдаа хариуцсан ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэнэ. гэж тус тус тохиролцсон байна. /1-р хх-ийн 100,121-р хуудас/
ХОЁР: 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцэл тохиролцоо гэсэн баримтад:
АХХК-ийн захирал нь Б.Бтай харилцан ярилцаж ажил, албан тушаал, ажлын хөлс, үйл ажиллагааны зардал, утасны зардал, машин, жолоочийн зардал зэргийг тохиролцон цэнхэр өнгийн балаар тэмдэглэсэн гэж үзэхээр байна. /2-р хх-ийн 135,136–р хуудас/
Б.Б нь АХХК-д тус компанийн захирлын туслахаар ажиллаж 2015 оны 2 дугаар сарын 23, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд хийсэн хэлцэл, тохироо гэсэн баримт үйлдэн “ажил, үүрэг, албан тушаал, ажлын хөлс, үйл ажиллагааны зардал, утасны зардал, машин, жолоочийн зардал” зэргийг тохиролцсон талаар талууд маргаагүй болно.
Талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 23, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус хийгдсэн хэлцэл, тохироо гэсэн баримтад талууд ямар төрлийн ажлыг гүйцэтгэх, тухайн ажил нь ямар шинж чанар, үйлдэл, үүргээс бүрдэх, ажиллуулагч хэдий хэмжээний хөлсийг ямар хугацаанд төлөх зэргийг харилцан тохиролцсон байх тул Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.
Хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрийн талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.,42 дугаар зүйлийн 42.1., 43 дугаар зүйлийн 43.1.1.-т зааснаар талууд хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохирч, хүсэл, зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар Хөлсөөр ажиллах гэрээ (хэлцэл,тохироо) хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 1-р хх-ийн 121, 2-р хх-ийн 135,136-р хуудас /
Хариуцагч АХХК-ийн захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 дугаартай тушаалаар талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 23, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ (хэлцэл,тохироо)-г дуусгавар болгож Б.Быг орон тооны бус зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /1-р хх-ийн 73-р хуудас/
Дээрх тушаалаар ажиллагч Б.Б нь компанийн удирдлага, хөрөнгө оруулагч нарын өмнө итгэл алдаж, компанийн нэрийн өмнөөс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Глобал Дийл ХХК-тай 340.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж, нуун дарагдуулсан, мөн компанид их хэмжээний хохирол учруулсан үндэслэлүүдээр түүнийг ажлаас чөлөөлсөн байна.
АХХК-д хохирол учруулсан тухайд:
1.АХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Глобал Дийл ХХК-ийн захирал Г.Баяржаргалтай № 13/01 дугаар бүхий Эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх гэрээг байгуулжээ.
Уг гэрээгээр Глобал Дийл ХХК-нь өөрийн эрх үүргийн хүрээнд эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, тодорхой эрх зүйн маргааныг төрийн болон хуулийн байгууллагаар хянан шийдвэрлэхэд төлөөлөх, өмгөөлөл, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг, гэрээнд хууль зүйн талаас туслалцаа үзүүлэх, иргэний болон захиргааны зөрчлийн хэрэг маргаанд тус компанийг 5 жилийн хугацаанд төлөөлж гэрээний үнийн дүнг 340.000.000 төгрөгөөр тус тус тохирсон байна. /1-р хх-ийн 219-222-р хуудас/
2. АХХК –ийн гүйцэтгэх захирал Б.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Глобал Дийл ХХК-ийн захирал Г.Баяржаргал, өмгөөлөгч Н.Уранцэцэг нартай №15/09/01 дугаар бүхий Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөн өдөртөө №15/09/01а дугаар бүхий нэмэлт гэрээг тус тус байгуулжээ. /1-р хх-ийн 226-р хуудас/
Уг гэрээгээр Б.Баттулгын нэхэмжлэлтэй АХХК-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэж дууссаны дараа нэхэмжлэлийн үнийн дүн 1.486.859 ам долларын хасагдсан үнийн дүн, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6% тай тэнцэх хөлсийг Г.Баяржаргал, Г.Уранцэцэг нарт олгохоор тохиролцжээ.
3. АХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, захирал Пак Тэ Гю нар нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.Баяржаргалтай №15/09/01Б дугаартай нэмэлт гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.Баттулгын нэхэмжлэлтэй АХХК-д холбогдох иргэний хэрэгт 100.000 ам доллар /199.600.000 төгрөг/-ын нэмэлт хөлс буюу урамшууллыг олгох, Эрх зүйн туслалцаа үзүүлэх 15/09/01а гэрээнд заасан төлбөрийг, иргэний хэрэг АХХК-ийн талд 100% эцэслэн шийдвэрлэгдсэний дараа олгохоор тохиролцжээ./1-р хх-ийн 227-р хуудас/
Дээрх Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, болон нэмэлт гэрээнүүдээс харахад АХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нь 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Глобал Дийл ХХК-ийн захирал Г.Баяржаргалтай № 13/01 дугаар бүхий Эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх гэрээг байгуулахдаа “....иргэний болон захиргааны зөрчлийн хэрэг маргаанд тус компанийг 5 жилийн хугацаанд төлөөлөх, гэрээний үнийн дүн буюу ажлын хөлсийг 340.000.000 төгрөг байх”-аар тус тус тохирсон атлаа дахин 2015 оны 9 дүгээр сарын 09, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд гэрээ байгуулж Б.Баттулгын нэхэмжлэлтэй АХХК-д холбогдох иргэний хэрэгт эрх зүйн зөвлөгөө туслалцаа авахаар нэмэлт төлбөр төлсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 219-250, 2-р хх-ийн1-31-р хуудас/
Мөн Б.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай гэрээний төслийн 1.2.-т ”Энэхүү гэрээнд заасны дагуу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөнөөр Б.Баттулга ... нар нь ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр АХХК болон түүний хувьцаа эзэмшигчид, Алтан Уул Ресорсис Лимитед , Б.Б, Б.Батзаяа нарын эсрэг аливаа гомдол, шаардлага, нэхэмжлэл, үүнд хязгаарлагдахгүйгээр иргэний нэхэмжлэл болон эрүүгийн гомдол байхгүй бөгөөд цаашид гаргахгүй болохоо үүгээр батлаж байна” гэсэн төслийг өмгөөлөгч Г.Баяржаргалд мэйл хаягаар явуулж, /2-р хх-ийн 45-47-р хуудас/
Г.Баяржаргал дээрх 1.2.-ийг “Дээрх 1.1.2 дах хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөнөөр Б.Баттулга ... нар нь АХХК болон хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирал Б.Б, Алтан Уул Ресорсис Лимитед компанийн эсрэг эрүүгийн журмаар гомдол, шаардлага, иргэний нэхэмжлэл гаргахгүй, гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах болохоо үүгээр батлаж байна. гэж засварлан буцааж илгээснийг, /2-р хх-ийн 48-49-р хуудас/
Эцэслэн батлагдсан Гэрээ дуусгавар болгох гэрээний 1.2.-т ”Дээрх 1.1.дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөнөөр Б.Баттулга нар нь АХХК болон хувьцаа эзэмшигчид, Алтан Уул Ресорсис Лимитед, гүйцэтгэх захирал Б.Б нарын эсрэг аливаа гомдол, шаардлага, нэхэмжлэл гаргахгүй болохоо үүгээр батлаж байна” гэж оруулснаас /2-р хх-ийн 53-54-р хуудас/
Б.Баттулга нь гэрээний дагуу Елкомтек компаниас 3.000.000 ам долларыг бүрэн авсан боловч нэхэмжлэлээсээ татгалзахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 3.000.000 долларыг АХХК-д зээлдүүлэхийн тулд өөрийн хадгаламжийг барьцаалан Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсанаас учирсан хохиролд 1.486.859 ам доллар нэхэмжилснийг шүүх АХХК-иас 1.075.100.760 төгрөг гаргуулж Б.Баттулгад олгохоор шийдвэрлэсэн байна.
АХХК-д захирлын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Б.Б нь өндөр үнийн дүн бүхий Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Глобал Дийл ХХК-ийн захирал Г.Баяржаргалтай давхардуулан байгуулсан, Гэрээ дуусгавар болгох тухай гэрээний төсөлд тусгагдсан зарим зүйл болох “гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах болохоо” гэсэн хэсгийг орхигдуулсан зэргээс АХХК-д хохирол учирсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн гаргаж буй тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 72, 115-250, 2-р хх-ийн 1-54-р хуудас/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар ажиллагч Б.Б нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч АХХК –нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-д “ Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч АХХК-тай хэлэлцэн тохирсоны дагуу тус компанийн захирлын зөвлөхийн ажлыг хийж, хөлс авч түүнээсээ эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байх бөгөөд ажиллуулагч АХХК нь нэхэмжлэгч Б.Бтай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ /хэлцэл, тохироо/-г дуусгавар болгож түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч АХХК-д холбогдуулан гаргасан Б.Быг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхжмлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО