| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0280/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/327 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дийн Аад холбогдох эрүүгийн 1838006430329 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Д.Тыг "хонь тууж хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Д.Тыг "хонь тууж хөөлөө” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: Яллагдаж байгаа зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
"...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төмөрбулаг сумын 1 дүгээр багт манай хадам дүү болох А намайг хонийг нь туулаа гэж ирээд мотоцикльтой дайрна гээд үгийн зөрөөгүй мотоциклио данхраадаад чулуу аваад чулуутай гараараа хамрын орчим нэг цохисон. Тэгэхэд хамар хугарсан юм шиг байна. Томографын зураг авахуулахад хоёр нүдний тушаа тасарсан, хамарны самалдаг яс хэд хэдэн газар няцарсан байна гээд гаргуулсан. Одоо нүүр угааж болохгүй хөндүүр өвчтэй байгаа. Баруун хацар орчим цус хуралт үүссэн байна гээд бага зэрэг зүсэлт хийж соруулж авахуулсан. Мөн баруун хацарны мах тасарсан байна гэсэн. Нүдний угаар хөндүүр хатгаж их өвчтэй байгаа.Тархины хавантай байна гэсэн. Нүдний угаар хөндүүр хатгаж их өвчтэй байгаа. Тархины хавантай байна гэж байсан. 11 хоног "Жаргалант" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, тархины хаван хөөх, өвчин намдаах эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 08 дугаар 16-ны өдөр намайг сумандаа байж байхад манай эгч Т над руу утсаар ярьж -би хүнд зодуулчихлаа намайг ирж аваарай гэхээр нь сумынхаа цагдаа, бага эмч Баянмөнх бид хэд эгч дээр очсон. Эгч гэрийнхээ баганыг налаад суучихсан цусаа салфиткаар арччихсан сууж байсан.Тэгээд бид нар юу болсон талаар асуухад намайг хонь туугаад явж байхад А мотоцикльтойгоо ирээд намайг дайрч ална гээд хөөгөөд байсан. Тэгээд бид нар юм болсон талаар асуухад ярьж чадахгүй намайг хонь туугаад явж байхад А мотоцикльтой ирээд намайг дайрч ална гээд хөөгөөд байсан.Тэгээд мотоциклийн дугуйнаас нь барьж аваад зогсооход мотоциклоосоо бууж ирээд чулуутай гараар намайг толгой хэсэгт цохисон. Нэлээн удаан зодсон гэж байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 08 дугаар 19-ний өдөр сумын төвд гэртээ байж байхад 15 цаг өнгөрч байхад хөдөөнөөс манай эгч утсаар залгаад эгч нь хүнд зодуулаад цус нөжтэйгөө холилдоод нүүр ам авах юмгүй болсон. Цагдаа аваад гараад ир гээд утас нь салсан. Би тухайн үед Т эгч рүү утсаар залгаад болсон талаар хэлээд ахындаа ирэхэд манай ах цагдаад хэлсэн байсан. Тэгээд бид нэр сумын цагдаа, сумын тэр өдөр гарч байсан жижүүр эмч нартай хамт машинаар аваад хөдөө эгчийндээ очсон. Очиход манай эгч Т гэртээ толгой нь эргээд байна гээд хажуу талдаа цустай салфеиткаар арчаад хаясан бололтой сууж байсан ... гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "Тэгээд удаагүй байтал хонь гол руу уруудаад ороод ирэхэд юм цохиж нижгэнүүлээд манай гэр лүү туугаад хөөгөөд байсан. Тэгээд удалгүй тэр 2 барилцаад авахаар нь би хар хурдаараа гүйгээд очсон. Тэгэхэд аав хамар хавиар нь цохисон бололтой Төвшөө эгчийн хамраас цус нь гарсан байсан. Төвшөө эгч нэг гартаа чулуу барьсан ааваас нэг гараараа зуурсан байхад нь би чулууг нь хаяулаад аавыг салгаж авсан. Тэгээд гэр гэр рүүгээ явсан. Ааваас зууралдаад бид хоёр руу шүлсээрээ нулимаад нэлээд зууралдсан, арай гэж гарыг нь салгасан.Намайг очсоноос хойш бие биенээ цохиогүй. Намайг очихоос өмнө нь цохисон юм шиг байн билээ. Би яг яаж цохисон болохыг нь мэдэхгүй байна. Хамраас нь цус гарсан байдалтай бие биенээсээ зууралдсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хх- ийн 25 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 410 дугаартай: 1. Д.Тын биед хамар ясны хугарал, баруун дээд зовхи, доод зовхи, зүүн дээд зовхи, доод зовхи, баруун хацар, доод эрүү баруун хэсэгт, баруун бугалганы гадна дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, хүзүүний баруун доод хэсэг, зүүн доод хэсэг, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. Д.Тын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 28 дугаар хуудас/ Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 485 дугаартай: 1 .Д.Тын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл болон өмнөх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн. Мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.3. Д.Тын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах учраас өмнө нь хийгдсэн шинжилгээний гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн 1838006430329 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд
хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Д.Тыг "хонь тууж хөөлөө” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.Т, гэрч Д.М, Д.О, А.Д нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Аад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Хохирогч Д.Т нь эрүүл мэндэд учирсан хохирол 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтын хэмжээнд Үлэмж эмийн сангийн зарлагын баримтаар 59.200, Төмөрбулаг сум эмийн сан баримтаар 15.500,Ган эмийн сангийн зарлагын баримтаар 15.000, 8.700, Хөх туг эмийн сангийн зарлагын баримтаар 68.000, Оюу эмийн сангийн зарлагын баримтаар 52.400 төгрөг, Баян-Эрх-Айраг ХХК-ний шатахууны зарлагын 8 ширхэг баримтаар 118.000 төгрөг,эмчилгээ шинжилгээний төлбөр 396.000 төгрөг, зорчих тасалбар 5 ширхэг 35.000 төгрөг, бусад төрлийн эмчилгээ хийлгэсэн баримтаар 116.130 төгрөг, бүгд 883.930 төгрөгийг үнэлж, шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Харин хохирогчийн гаргаж өгсөн цахилгаан бичлэг, 20.000 төгрөг, томографт толгойн зураг авахуулсан гэх 100.000 төгрөг, малчин хөлсөлсөн гэх 300.000 төгрөг, хоолонд 25.000 төгрөг, бусад хохирол бүгд 1.116.070 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээснэхэмжлэх эрхтэй дурдав.
Эрүүгийн 1838006430329 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд
зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ховогт Дийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Ааас 883.930 / найман зуун наян гурван мянга есөн зуун гуч/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Тт олгож, хохирогч нь 1.116.070 /нэг сая нэг зуун арван зургаан мянга дал/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1838006430329 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР