Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02460

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02460

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ............................................тоотод байрлах, “ОШ” ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: . байрлах, “С ББСБ” ХХК /-д холбогдох,....................................

Гэрээнээс татгалзаж, 193.421.085 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эл., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эн.р, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ша.уу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өн. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “ОШ” ХХК болон С.Б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцож, Хамтын санхүүжилтийн гэрээг нэг жилийн хугацаатай бичгээр байгуулсан. Гэрээний 2.1.4-т гэрээнд заасан нөхцөлтэйгээр мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар тодорхой ажил, үйл ажиллагааг санхүүжүүлэхээр, гэрээний 3.1-т төслийн санхүүжилтийг талууд тэнцүү хэмжээгээр гаргаж С.Б ХХК-ийн нэрээр төслийн санхүүжилтийг хийж, санхүүжилтаас олох ашгийг талууд тэнцүү хуваахаар тохиролцож гэрээний 3.4-т тусгасан.

Хариуцагч компани гэрээний дагуу санхүүжүүлэх төслийг сонгон шалгаруулж, Сэлэнгэ аймгийн ”Б-У” ХХК-д 245.000.000 төгрөгийг жилийн 48 хувь, сарын 4 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай газар тариалангийн зээлийн зориулалтаар зээлдүүлэхээр болж “ОШ” ХХК нь уг зээлийн санхүүжилт болгож 115.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 05, 08, 09-ны өдрүүдэд “Итозмон” ХХК-ийн харилцах данснаас С.Б ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

”Б-У” ХХК-д олгосон зээлийн хугацаа дууссан. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээнд зааснаар санхүүжүүлсэн зээлийн талаарх мэдээллийг сар бүр өгөх үүрэгтэй байсан ч мэдээллийг өгөөгүй. “ОШ” ХХК-ийн зүгээс удаа дараа мэйл хаягаар хүсэлт, мэдэгдлийг бичгээр хүргүүлж, гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар олсон ашгийг авахыг хүссэн боловч зээл авсан байгууллага зээлийн төлбөрөө төлөөгүй гэж хариуцагч байгууллага тайлбарладаг. Гэрээнд зааснаар санхүүжилт олгосон дараа сараас эхлэн буюу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхэлж ашиг авах ёстой ч өгөөгүй. Нэгэнт хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2017 оны 3 дугаар сард мэйлээр С.Б ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Эд гэрээнээс татгалзахаа урьдчилан мэдэгдсэн тул гэрээний 7.1.2, 9.1-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээнээс татгалзаж, үүргийн биелэлтийг шаардаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т зааснаар хамтын санхүүжилтийн гэрээний нөхцөл байдал өөрчлөгдөж, үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул шаардах эрх үүсч байгаа бөгөөд мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байгаа тул гэрээнээс татгалзаж байгаа болно. Мөн гэрээний 3.5, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хуульчийн зардал буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцох тул өмгөөлөгчийн зардлыг нэхэмжилж байгаа болно.

Иймд С.Б ХХК-аас үндсэн санхүүжилтийн 115.000.000 төгрөг, “Баян-Ундрага” ХХК-д олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл нэг өдрийн хүү 153,300 төгрөгөөр, гэрээний 3.4-т зааснаар санхүүжилтийн ашгийг тэнцүү хуваана гэсний дагуу тавин хувиар тооцвол хүү 54.740.238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.948.047 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 12.732.800 төгрөг, нийт 193.421.085 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зайлшгүй олох байсан орлогод тооцож хохирлоор нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага “ОШ” ХХК-тай хамтран тохиролцсоны үндсэн дээр хоёр талаас ижил хариуцлага хүлээн, санхүүжилт болон ашгийг тэнцүү хуваах нөхцөлтэйгээр Хамтын санхүүжилтийн гэрээг байгуулсан. Үүний дагуу 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Б-У” ХХК-д зээл олгосон байдаг. Зээлийг олгохдоо дангаар манай тал шийдвэрлээгүй, харилцан зөвшилцөж зээл хүссэн материалыг судалж олгосон. Гэвч “Б-У” ХХК нь ургац алдсаны улмаас зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хугацаандаа төлж чадахгүй болсныг албан бичгээр мэдэгдсэн. Иймд бид тус зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээл олгосон “Б-У” ХХК-д холбогдуулан шүүхэд хандсан байгаа бөгөөд тус компанийг зээлээ төлөх бүх нөхцөл бололцоогоор хангаж ажиллаж байгаа болно.

Тус гэрээг байгуулсан 2 талын эрх бүхий албан тушаалтнууд цахим шуудангаар харилцан мэдээллээ солилцож байсан, нэхэмжлэгч талаас ирсэн тодорхой асуудлаар хариултыг тухай бүрт өгч байсан нь хамтын санхүүжилтийн гэрээний 9.1 дэх заалтыг мөрдөж байсныг нотлоно. Иймд гэрээний ямар үүргийг зөрчсөний улмаас гэрээг цуцлахаар шаардаж байгаа нь тодорхойгүй. Мөн үүнийг баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч байгууллагаас 2017 оны 3 дугаар сард шүүхэд хандана гэсэн утгатай мэйл хүлээн авсан ч энэ нь гэрээг цуцлах тухай дурдагдаагүй тул хуульд зааснаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Иргэний хуульд зааснаар гэрээнээс нэг тал татгалзах эрхтэй тул үүргийн зөрчилтэй холбоогүйгээр нэхэмжлэгч талыг гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байна. Гэрээнээс татгалзсан тохиолдолд хохирол яригдах ёстой ч “Б-У” ХХК-д олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний бодит ашиг биш. Гэрээний 3.5-д заасан хуульчийн зардал нь хамтран олгосон зээлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой зардал тул хохиролд тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 

Нэхэмжлэгч тал хамтын санхүүжилтийн гэрээний дагуу үүрэг хариуцлагаа хүлээж хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ОШ” ХХК нь С.Б ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 193.421.085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

“ОШ” ХХК, С.Б ХХК 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нар харилцан тохиролцож “Хамтын санхүүжилтын гэрээ”-г нэг жилийн хугацаатайгаар байгуулжээ.  /хх 10-18/

Дээрх гэрээгээр талууд тэнцүү хэмжээгээр санхүүжилтийн хөрөнгийг гаргаж, харилцан тохиролцсон төслийг С.Б ХХК-ийн нэрээр бусдад зээл олгох, олсон ашгийг тэнцүү хувааж авахаар, хэрэв зээлийн эргэн төлөлт найдваргүй болсон тохиолдолд хуульчийн зардал болон бусад зардлыг тэнцүү хэмжээгээр хариуцах, тэгш үүрэгтэйгээр оролцохоор, мөн санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийн байдал, барьцаа, зээлээ төлөх чадвар зэрэг мэдээллийг сар бүр “ОШ” ХХК-д өгч байхаар тус тус харилцан тохиролцжээ.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд зохигч хэн алин нь гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй тул шүүх зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтан ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Зохигчид харилцан тохиролцож, С.Б ХХК-иас 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Б-У” ХХК-тай зээлийн гэрээг байгуулан улмаар 245.000.000 төгрөгийн зээлийг олгосон, уг зээлийн хөрөнгөнөөс 115.000.000 төгрөгийг “ОШ” ХХК-иас шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зохицуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Б-У” ХХК-д олгосон зээлийн талаарх мэдээллийг сар бүр өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар шаардаж байгаа гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. Мөн 2016 оны 9 дүгээр сараас эхлэн гэрээний дагуу ашиг хуваарилах ёстой ч өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд хамтын ажиллагааны ашиг, алдагдлийг хэзээнээс эхлэн хуваарилж эхлэх талаар тухайлан зохицуулаагүй, гэрээг талууд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс нэг жилийн хугацаатайгаар байгуулсан байх тул гэрээний хугацаа дуусгавар болж, “Б-У” ХХК-д олгосон зээлийн хөрөнгө шилжиж ирснээр ашиг алдагдлыг  хуваарилах ёстой байсан, хугацаа болоогүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв. Мөн нэхэмжлэгч хариуцагчийн дээрх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй болно. Иймд гэрээний үүргийн зөрчлөөс үүдэлтэйгээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлаж байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Гэвч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар гэрээний нэг тал нөгөө талдаа мэдэгдснээр үүргийн зөрчилтэй холбоогүйгээр ч гэрээнээс татгалзах бүрэн эрхтэй байхаар, ийнхүү татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөхөөр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зохицуулжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 3 дугаар сард гэрээг цуцлах тухай мэдэгдлийг цахимаар хүргүүлсэн гэж, хариуцагч талаас мэдэгдэлд гэрээг цуцлах тухай бус харин шүүхэд хандах тухай бичигдсэн байсан гэж тайлбарлаж, харин мэдэгдэл хүлээн авсан гэдэгт маргаагүй байна.

Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй тул хариуцагчаас 115.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь “Б-У” ХХК-д олгосон зээлийн хүү 54.740.238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.948.047 төгрөгийг зайлшгүй олох байсан ашиг гэж, гэрээний 3.5-д хууль зүйн туслалцаа авсны хөлсийг төлөхөөр заасан тул зардал 12.732.800 төгрөгийг гаргуулахаар тус тус хохиролд тооцон нэхэмжилж байх боловч гэрээний дээрх зохицуулалт нь гуравдагч этгээдээс зээлийг эргэн төлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хэн ямар хэмжээгээр хэрхэн хариуцах тухай талуудын тохиролцоог зохицуулсан байхаас гадна Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй байхаар зохицуулсан, түүнчлэн дээрх шаардаж буй хүү, нэмэгдүүлсэн хүү, өмгөөллийн хөлс нь нэхэмжлэгчид шууд учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

            Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 115.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

            Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1.125.055 төгрөг төлөхөөс 1.142.420 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 17.365 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2-т заасныг баримтлан С.Б ХХК-иас 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөгийг гаргуулж, “ОШ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78.421.085 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1.142.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 17.365 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 732.950 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 181/ШЗ2017/06943 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ