Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 3338

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/03338

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г А -д холбогдох,

 

Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 1,683,180 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцоож, С.Номин, хариуцагч Г.А  , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэрэндулам нар оролцов.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г.А   нь Х ХХК -д усан буучнаар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 1 сарын туршилтын хугацаатай ажилласан. Улмаар туршилтын хугацаа дуусч 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажилд томилох тушаал гарч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч болон ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах нөхцөл бүрдээгүй. Ажилтан Г.А   нь хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө ажил олгогчид гаргаагүй болно. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 06 сард ажилласан цалин болох 651,740 төгрөгийг аваад маргааш өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байрыг орхиж явсан. Иймд ажилтан, ажил олгогч нарын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.6-д “Өргөдөл өгснөөс хойш ажилтан 1 сарын дотор ажлаа дур мэдэн орхин явах, тойрох хуудас бөглүүлж, ажлаа хүлээлгэн өгөөгүйн улмаас компанийн ажлыг алдагдуулж, тодорхой хохирол учруулсан бол тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлүүлнэ” гэж заасан тул ажил олгогчоос ажилтанд 5 сард 868,500 төгрөг, 6 сард 814,680 төгрөг олгосон цалин болох нийт 1,683,180 төгрөгийг Г.А  аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Г.А   би Х ХХК-д 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уурхайн усан буучин албан тушаалд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Намайг анх хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажил олгогчтой харилцан тохиролцож үндсэн цалин 1,200,000 төгрөг, гар дээр бэлнээр 1,000,000 төгрөгийн цалин олгогдоно гэж ажилд оруулсан. Тухайн үедээ хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан боловч надад гэрээний хувь өгөөгүй. Гэтэл 2017 оны 6 дугаар сард цалин дээр хөдөлмөрийн гэрээгээ зөрчин надад 651,740 төгрөгийн цалин гар дээр өгсөн. Ингээд би цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байх тул ажлаасаа гарах талаар захирал Ганзоригт хэлэхэд өргөдлөө гараараа бичээд өг гэсэн. Үүний дагуу би ажлаас халагдах өргөдлөө өөрийн гараар бичиж өгсөн бөгөөд тухайн үед ажлаас гарч байгаа тул 6 дугаар сарын цалингийн 20 хувь болон 7 дугаар сард ажилласан хоногийн цалин, фондонд цуглуулсан мөнгийг олгохгүй талаар хэлж, бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “...Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж заасан. Ажил олгогч өөрөө намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, тодорхой тооцооны үлдэгдэл байсныг авахгүйгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 07 сарын 07-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаасаа гарсан байтал үндэслэлгүйгээр өргөдөл өгснөөс хойш 30 хоног өнгөрөөгүй байхад ажил хаяж явсан гэх үндэслэлээр 1,683,180 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажил олгогч буюу захирал бид хоёрыг ийнхүү харилцан тохиролцож байхад бидний хажууд уурхайн дарга, хөдөлмөр аюулгүй байдлын инженер нар хамт байсан. Нөгөө талаас би уг компанид ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний тухайд надад хувь өгөөгүй, уншуулаагүй тул уг гэрээний 5.6-д юу гэж заасныг мэдэхгүй байна. Тухайн үед миний өргөдлийг ажил олгогч хүлээн аваад явж болно гэсний дагуу би ажлын байраа орхин явсан. Намайг ямар нэгэн тойрох хуудас зуруул гэж хэлээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.А  д холбогдуулан Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 1,683,180 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж хариуцагчаас 1,520,240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.А  ыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1 сарын туршилтын хугацаагаар Усан буучнаар ажиллуулж, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр уг ажлын байранд ажиллуулахаар томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь түүнийг ажилд томилсон тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /хх-4-5, 6/

 

  Х ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/17 дугаартай тушаалаар Г.А  ыг Усан буучны ажлаас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс халж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-7/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.А   2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ажил олгогчид урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байрыг орхиж явсан учир хөдөлмөрийн гэрээний 5.6-д “Өргөдөл өгснөөс хойш ажилтан 1 сарын дотор ажлаа дур мэдэн орхин явах, тойрох хуудас бөглүүлж, ажлаа хүлээлгэн өгөөгүйн улмаас компанийн ажлыг алдагдуулж, тодорхой хохирол учруулсан бол тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлүүлнэ” гэж заасан тул ажил олгогчоос ажилтанд 5 сард олгосон цалин 868,500 төгрөг, 6 сард олгосон цалин 651,740 төгрөг, нийт 1,520,240 төгрөгийг Г.А  аас гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Зохигчдын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.6-д “Өргөдөл өгснөөс хойш ажилтан 1 сарын дотор ажлаа дур мэдэн орхин явах, тойрох хуудас бөглүүлж, ажлаа хүлээлгэн өгөөгүйн улмаас компанийн ажлыг алдагдуулж, тодорхой хохирол учруулсан бол тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлүүлнэ” гэж заажээ. /хх-4-5/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.А   ажлаа дур мэдэн орхин явж, тойрох хуудас бөглүүлж, ажлаа хүлээлгэн өгөөгүйн улмаас компанийн ажлыг алдагдуулж, тодорхой хохирол учруулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч компанийн ажлыг алдагдуулсан, компанид тодорхой хохирол учруулсан талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч Г.А   ажлаа дур мэдэн орхин явж, тойрох хуудас бөглүүлж, ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс компанийн ажлыг алдагдуулсан, компанид тодорхой хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Г.А  аас 1,520,240 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугааар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч Г.А  аас 1,520,240 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.ЦЭРЭНДОЛГОР