Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 3344

 

 

 

 

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/03344

Улаанбаатар хот

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц   -д холбогдох,

Зээлийн үлдэгдэл төлбөрт 1,722,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга,  хариуцагч Б.Ц  , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэрэндулам нар оролцов.                                   

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус компани нь хийн түлшний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Нэхэмжлэгч компанид хариуцагч нь 2005 оноос 2015 оны хооронд борлуулагч жолоочоор ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 2014 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт өөрийн төрсөн хүү нь автомашины осолд орж хүндээр гэмтсэн гээд нэхэмжлэгчээс хүүхдийн эмчилгээний зардал гэж 3,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч нь уг зээлийн төлбөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 01-нээс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1,277,500 төгрөгийг төлж, 1,722,500 төгрөгний тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан. Гэтэл хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөлгүй 2015 оны 11 сар ажлаасаа гарсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд хариуцагч Б.Ц  аас зээлийн үлдэгдэл төлбөр 1,722,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Г ХХК    -аас 3,000,000 төгрөгийг зээлж авсан, үлдэгдэл 1,722,500 төгрөгийг төлөх нь үнэн. Би сард 500,000 төгрөгийн цалин авдаг. Төлбөрийг 2017 оны 10 сард 222,500 төгрөг, 11 сард 300,000 төгрөг, 12 сард 300,000 төгрөг, 2018 оны 1 сард 300,000 төгрөг, 2 сард 300,000 төгрөг, 3 сард 300,000 төгрөг төлөх саналтай байна. Миний байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК     нь хариуцагч Б.Ц  ад холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөрт 1,722,500 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч төлбөрийг тодорхой хугацаанд хувааж төлөх саналыг гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Г ХХК     нь хариуцагч Б.Ц  ад 2014 оны 08 дугаар сард 3,000,000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд хариуцагч нь уг мөнгийг зээлж авсан талаар  маргаагүй.

Хариуцагч нь зээлийг цалингаасаа төлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1,277,500 төгрөгийг төлж, зээлээс 1,722,500 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна. /хх-5/

Зохигчид зээлийн гэрээ байгуулаагүй боловч тэд мөнгө зээлж, зээлдүүлж, зээлийг эргэн төлж байсан байдал нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “...гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр...” гэж зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдохоор байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн  хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь зээлсэн 3,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,277,500 төгрөгийг хасч тооцон, зээлийн үлдэгдэл төлбөр 1,722,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.Ц  аас зээлийн үлдэгдэл төлбөр 1,722,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК    -д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                                             

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ц  аас 1,722,500 /нэг сая долоон зуун хорин хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК    -д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц  аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 42,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК    -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Хариуцагч Б.Ц   шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР