| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0189/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/198 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч, Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арвайхээр овогт Даваачойжилын Мид холбогдох эрүүгийн 1919003440213 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Д.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.М нь Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутагт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн С.Мөнхбаттай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “ Мөнхбат бид хоёр цайны цагийн ар дээр муудсан. Дурандах ёсгүй газрыг дурандана гээд халуун өдөр ийш тийшээ гүйлгээд байхаар нь энэ газрыг дурандах ёсгүй шүү дээ гэхэд чи туслах юм бол туслах шиг бай муу пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадахгүй гэхэд ирээд цүнх, цамцаа тайлаад эр хүн юм бол эр хүн шиг үзье гэхээр нь би цамцаа тайлсан. Энэ хүн эхэлж намайг цохихоор нь би цохьсон. Тэгээд байж байтал Батчулуун ирээд бид хоёрыг салгасан. Би өөрийн бурууг ойлгож,гэмшиж байна...." гэсэн мэлүүлэг Хохирогч С.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би ажлын зарын дагуу ирж 19-ний өдрөөс хойш ажиллаж эхэлсэн. Ажилд орсны эхний өдрөөс Мтой маргаад харилцан цохилцсон. Миний шаардлагыг М биелүүлээгүй, хэл амаар доромжлоод байсан учраас уурлаад цохьсон. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бид хоёр нэг удаа цохьсон юм биш, эхэлж намайг цохиход М бултаад намайг нэгээс илүү цохьсон. Маргааш нь шүд хугарчихлаа би чамайг цагдаад өгөхгүй, чи миний шүдийг янзлуулаад өгчих гэхэд би ч мөн өөрт чинь зодуулсан, боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Мандах сумын цагдаа дээр очиход эмнэлгийн үзлэгт оруулаад та хоёр хоорондоо тохирох боломж байна уу гэхэд М би ч мөн адилхан зодуулсан гэж хэлсэн. Маргааш нь Сайншандад ирээд шүүх шинжилгээний эмчид үзүүлэх гэтэл байхгүй байна 1 дэх өдөр ир гэж хэлсэн. Тэгэхээр нь 1 дэх өдөр цагдаа дээр уулзъя гээд Моос салсан. Энэ хугацаанд М над руу залгахаар нь би утсаа аваагүй. Цагдаад өргөдлөө өгөөгүй юм чинь учраа олчих байлгүй гэж бодож байтал 1 дэх өдөр М ирээгүй. Тэгэхээр нь цагдаад өргөдөл гаргаж өгөөд шүүх шинжилгээнд үзүүлсэн. Буцаад ажилдаа явах гэсээр байтал 7 хоногийн хугацаа өнгөрсөн.10 дугаар сарын сүүлээр мөрдөгч дуудаж мэдүүлэг аваад хохирол төлбөр нэхэмжлэх талаар асуухаар нь 2 500 000 төгрөгийн импланд шүд хийлгэнэ, мөн ажилдаа яваагүй 7 хоногийн цалинг нэхэмжилнэ гэж хэлсэн. Би Улаанбаатар хот руу яваад эмнэлгийн байгууллагуудад хандаж хэдэн төгрөгөөр шүд хийлгэж болохыг судалж байгаад ажилдаа орсон. Шүүхээс залгасан болохоор шүүх хуралд оролцох гэж ирсэн...” гэсэн мэдүүлэг Гэрч Ч.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үдийн цайндаа орчхоод туслах М, инженер Мөнхбат бид 3 хуваарийн дагуу төмөр замын даланг дурандахаар очсон юм... Би яг бие засах гээд 20-30 метрийн зайтай явчхаад ирэхэд муудалцаад нэг нэгийгээ цохьчихсон дээгүүрх цамцаа энэ тэрээ тайлчихсан Мийн хамарнаас цус гарчихсан байсан. Харин Мөнхбатын шүд нь хугарчихсан гээд байж байсан. Тэгээд би очоод салгасан. Дараа нь Мөнхбат авч явсан цайгаараа амаа зайлаад байсан. Учир нь шүд хугарчихсан гээд амнаас нь цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/ Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/0451 дугаартай: “...С.Мөнхбатын биед дээд баруун 2 дугаар шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-34 тал / зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.М нь Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн нутагт байх “Билэгт зам” ХХК-ний ажлын байрандаа 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч С.Мөнхбатын тавьсан шаардлагыг эсэргүүцэн маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би ажлын шаардлага тавьсан,миний шаардлагыг М биелүүлээгүй, хэл амаар доромжлоод байсан учраас уурлаад би 1 удаа эхлээд цохьсон. ...намайг цохиход М бултаад дараа нь намайг нэгээс илүү цохьсон. Маргааш нь шүд хугарчихлаа би чамайг цагдаад өгөхгүй, чи миний шүдийг янзлуулаад өгчих гэхэд би ч мөн өөрт чинь зодуулсан, боломжгүй гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр үдийн цайндаа орчихоод туслах М, инженер Мөнхбат бид 3 хуваарийн дагуу төмөр замын даланг дурандахаар очсон ... Би яг бие засах гээд 20-30 метрийн зайтай явчихаад ирэхэд муудалцаад нэг нэгийгээ цохьчихсон дээгүүрх цамцаа энэ тэрээ тайлчихсан Мийн хамарнаас цус гарчихсан байсан. Харин Мөнхбатын шүд нь хугарчихсан гээд байж байсан....” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/0451 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Мид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Даваачойжилын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,анх удаа гэмт хэрэг үйлдсэн/,гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал,хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хохирогч С.Мөнхбат нь имплант шүд суулгах эмчилгээний зардалд 3000000 төгрөг нэхэмжилж байгаа ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй /эмнэлгийн тарифт үнэлгээ авагдаагүй, ямар эмнэлэгт эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй/ байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч С.Мөнхбат нь энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд миний зүгээс зохих буруутай тул ирсэн явсан замын зардал, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 34 дүгээр тал/ тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,8,9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Арвайхээр овогт Даваачойжилын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мид торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5.Хохирогч С.Мөнхбат нь гурван сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН