Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Д.Соёлзул

             Улсын яллагч                                Д.Шинэбал

   Шүүгдэгч                                       Т.Оргилсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Оргилсайханд холбогдох эрүүгийн 2232000000074 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн №128 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МО:84020211/ Боржигон овогт Төмөрбаатарын Оргилсайхан.

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

            Шүүгдэгч Т.Оргилсайхан нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн 128 тоотод байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Энхтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр лүү гар утас шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Оргилсайхан мэдүүлэхдээ: ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

            Хохирогч Д.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Намайг гэртээ 3 хүүхдийн хамт байж байхад орой 22 цагийн үед манай нөхөр Оргилсайхан согтуу орж ирсэн. Тэгээд Оргилсайхан миний гар утсаар өөрийн төрсөн эгч Одгэрэлтэй утсаар яриад байсан. Оргилсайханыг согтуу байсан болохоор Одгэрэл өөрийнхөө утсыг тастаад Оргилсайхантай ярихгүй байсан. Тэгсэн Оргилсайхан миний гар утсыг өгөөд өөрийнхөө гар утсаар Одгэрэл рүү залгахад Одгэрэл Оргилсайханы утсыг блок хийгээд авахгүй байсан. Би орон дээр зурагт үзээд хэвтэж байгаад өндийгөөд босоход Оргилсайхан над руу утсаа шидээд миний зүүн нүдний хөмсөг орчим оноод миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь би орон дээрээсээ гулсаад шалан дээр цусаа гоожуулсан. Тэгээд миний хөмсөгнөөс цус гараад тогтохгүй байхаар нь Одгэрэлийн гар утас руу залгаад "Оргилсайхан намайг утсаар цохичихлоо, цус гараад тогтохгүй байна, хурдан манай гэрт хүрээд ирээч" гэж хэлсэн. ... Миний эрх чөлөөнд Оргилсайхан халдаж гэмтэл учруулсан. ... Оргилсайхан нэлээн согтуу байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт: ...

 

            1. Д.Энхтуяагийн биед хамрын дээд хэсгээс зүүн хөмсөгний дотор дээд хэсэг хүрсэн шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /ХХ-ийн 18- 19-р тал/

 

            Т.Оргилсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би хүлээн зөвшөөрч байна. ... 2022 оны 04 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим гэртээ ороход манай эхнэр хүүхдүүд орон дээрээ хэвтэж байсан. Би өөрийнхөө гар утсаар өөрийн төрсөн эгч Т.Одгэрэлийн гар утас руу залгахад миний утас ярьж болохгүй байхаар нь би эхнэр Энхтуяагаас "гар утсаа өгчих, энэ муу утсаа ав" гэж хэлээд Д.Энхтуяагийн хэвтэж байсан ор руу шидэхэд манай эхнэр Д.Энхтуяа өндийж босож ирээд миний шидсэн гар утсанд оногдсон. Тэгсэн Д.Энхтуяагийн хөмсөг орчмоос цус гараад тогтохгүй байхаар нь "эмнэлэг дууд" гэж хэлсэн. .. Би өөрийн эхнэр Д.Энхтуяагийн эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан. ... Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Д.Энхтуяагаас уучлалт гуйж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амласан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-р тал/

 

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 40 дүгээр хуудас/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /ХХ-ийн 37 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Оргилсайхан нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн 128 тоотод байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Энхтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр лүү гар утас шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 18- 19-р тал/,  Т.Оргилсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Оргилсайханыг иргэн Д.Энхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Оргилсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6,36.7,36.8,36,10 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Оргилсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Т.Оргилсайханыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч Т.Оргилсайханд даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оргилсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Оргилсайханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.А