| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2018/1612/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 21.1.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 216
Х.Н, Ц.Анарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эрдэнэ,
шүүгдэгч Х.Нын өмгөөлөгч Н.Мандах,
шүүгдэгч Ц.Аөмгөөлөгч Э.Нарангарав,
хохирогч Ш.Энхжин, түүний өмгөөлөгч С.Одгариг,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Ц.Анарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Н, Ц.Анарт холбогдох 201525013090 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ачит овгийн Х-н Н, 1946 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 72 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “Ялгуун прогресс” компанийн захирал ажилтай, ам бүл ганцаар, Баянзүрх дүүргийн ......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................/,
2. Харчу овгийн Ц-н А, 1971 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ..............тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ................/,
- Октябрь дүүргийн шүүхийн 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
Х.Н, Ц.Анар нь бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон “Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах” гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Н, Ц.Анарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Ачирт овогт Хорхойн Надмид, Харчу овогт Ц-н А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Х.Н, Ц.Анарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Х.Н, Ц.Анар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Х.Н, Ц.Анар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Х.Н, Ц.Анарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Н давж заалдах гомдолдоо: “...Уг эрүүгийн хэргийн субьект нь Х.Н миний бие биш, учир нь миний зүгээс иргэний хэрэгт холбогдуулан Ц.Амарсайханд иргэний хуульд заасны дагуу “Ялгуун Прогресс” ХХК-ийг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл өгсөн болохоос хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өг гэж компаниа төлөөлүүлэхээр бусдад итгэмжлэл өгөөгүй юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Амарсайхантай намайг бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн, мөн мэдсээр байж хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж дүгнэсэн боловч Х.Н миний хувьд Ц.Амарсайханыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар хуурамч нотлох баримт гаргаж өгсөн эсэхийг мэдээгүй, захиргааны хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцож байгаагүй ба Ц.Анадад захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хуулбарлаж авсан уг нотлох баримтыг танилцуулаагүй, түүнчлэн миний хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хэргийн материалтай огт танилцаж байгаагүй, танилцсан эсэх талаар миний гарын үсэг хэргийн материалуудад байхгүй, мөн энэ талаар эрүүгийн хэргийн материалд нотлох баримт авагдсан байгаа юм.
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэтэл дээр дурдсан үндэслэлүүдийг судлаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол нь энэхүү зарчмыг хангаагүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг удаа дараа хөндсөн үйлдлүүд гаргаж байсан ба энэ талаар Н.Мандах өмгөөлөгчийн зүгээс маш тодорхой дэлгэрэнгүй анхан шатны шүүх хурлын явцад хэлсэн, давж заалдах гомдолдоо дурдсан байгаа учраас эдгээр үйл байдлыг давхардуулан дурдах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Ц.Адавж заалдах гомдолдоо “...Уг эрүүгийн хэрэгт Ц.Аминий бие хамааралгүй бөгөөд иргэний хуульд заасны дагуу “Ялгуун Прогресс” ХХК-ийг төлөөлөх эрхийг X.Надмидаас авч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Х.Нтай бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн, мөн мэдсээр байж хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд миний хувьд Х.Нтай бүлэглэн захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагүй бөгөөд Х.Наас хууль бус үүрэг даалгавар авч байгаагүй.
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэтэл дээр дурдсан үндэслэлүүдийг судлаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол нь энэхүү зарчмыг хангаагүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа хөндсөн үйлдлүүд гаргаж байсан гэдгийг хэлэхийг хүсэхийн сацуу хуурамч гээд байгаа нотлох баримтыг иргэний хэргийн шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан
үзэхийг хүсэж байна. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Х.Нийн өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг дээр субъектын хувьд маргаантай гэж үзэж байна. Учир нь шүүхэд хуурамч нотлох баримтыг мэдсээр байж гаргаж өгсөн. Хохирогч Ш.Энхжин ямар үндэслэлээр хохирогч болсон бэ гэдэг талаар хэргийн материалд ямар нэгэн баримт авагдаагүй. “Ману” ХХК-ийг Ш.Энхжин гэдэг хүн төлөөлөх эрхтэй юу гэсэн асуудал яригдана. Мөн “Ману” ХХК 2008 онд татан буугдсан, одоогоор улсын бүртгэл бүртгэлтэй байдаггүй. Гэмт хэрэг болсон цаг хугацаанд “Ману” ХХК татан буугдсан. “Ману” ХХК-ийг өв залгамжлалаар эсхүл эрх шилжүүлэхээр ямар нэгэн байдлаар төлөөлөх эрхгүй этгээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдоод явсан. Х.Н гэдэг хүн бусадтай ямар үндэслэлээр бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэсэн асуудал хөндөгдөж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол дээр шүүгдэгч Х.Н хэргийн бүлэглэж үйлдсэн талаар дурдаагүй. Өмнө нь энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Өмнө нь энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж буцсан нэг үндэслэл нь гэмт хэрэгт бүлэглэж оролцсон оролцоог тодруулъя гэсэн үндэслэлээр буцсан. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ үндэслэлийг огт тодруулаагүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэлэхэд шүүхэд төлөөлж оролцсон итгэмжлэлийг бүлэглэж оролцсон гэж хэлэхгүй бол өөрөөр Х.Н, Ц.Анарын хувьд бүлэглэж оролцсон гэх үндэслэл байхгүй. Гэмт хэрэг мөн эсэх дээр үндэслэл бүхий эргэлзээ байна. Бид нарын ярьж байгаа гэрээнд Болдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2010 оны 331 дүгээр тогтоолоор тогтоогдсон боловч Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн тогтоол 558 дугаар хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол дээр энэ хэлцлийг маш тодорхой дүгнэсэн. “Нори” болон “Ману” ХХК-иудын хооронд хийгдсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэсэн. Ийнхүү Болдын гарын үсэг мөн эсэхийг шүүх дүгнэсэн. Шүүхийн дүгнэлтээс харахад үл хөдлөх хөрөнгөө, худалдан авагч тал буюу “Ману” ХХК өмнө нь хүсэл зоргоо илэрхийлсэн үндэслэлээр хүчин төгөлдөр хэлцэлд тооцогджээ. Шүүхийн шийтгэх тогтоол дээр хийгээд байгаа дүгнэлт нь мэдсээр байж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлтэй зөрчилдөж байна. Процессын хувьд хийгдэх ёстой байсан ажиллагаа хийгдсэн үү гэдэгт шүүх бүрэлдэхүүн анхаарал хандуулна уу гэж хүсэж байна. Учир нь өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хугацаа өнгөрсөн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхэд хугацаа болохгүй нөхцөл байдал үүссэн байхад мөрдөгчөөс тогтоолыг үйлдэж, прокурор хянаж байсан. Энэ нь болохгүй байна гэж хуульд заасны дагуу өмгөөлөгч удаа дараа хүсэлт гаргасан. Өмгөөлөгчийн гаргасан энэхүү хүсэлтийн талаар прокурор тайлбартаа “гэм буруугийн хувьд маргаантай байгаа учраас шүүхэд шилжүүлсэн” гэж дурдсан байсан. Гэтэл гэм буруугийн талаар агуулга огт яригдаагүй. Хуульд заасан хийгдвэл зохих ажиллагаа хийгдэх бололцоотой нөхцөл байдал бий болсон байхад энэ агуулгыг хянаж үзээсэй гэхэд энэ ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гаргасан учраас шүүх хуралдааны явцад хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг тавьсан. Шүүх үүнд өмгөөлөгчийн санал, мөн хэргийн оролцогчийн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэлийг хуульд заасны дагуу шийтгэх тогтоолдоо тусгаж өгөөгүй. Энэ гэмт хэрэг дээр сая нэр бүхий хэргийн оролцогч нараас гаргасан давж заалдах гомдол дээр маш тодорхой дурдсан байгаа. Х.Н гэдэг хүний хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлүүлж итгэмжлэлийг иргэнд олгосон. Итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан баримтаас нэр бүхий нотлох баримтуудыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр болгож гаргаж өгсөн үйл баримт хэрэгт байгаа. Гэтэл бүрдүүлсэн баримт нь дээр гарын үсэг хуурамч мөн эсэх агуулга хөндөгдсөнөөс шалтгаалж хуурамч нотлох баримтыг мэдсээр байж гэж байгаа. “Мэдсээр байж” гэсэн үгний агуулга бол Х.Н гэдэг хүн үүнийг нэгэнт танилцуулчихсан, мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.Н гэдэг хүн оролцсон эсэх баримт эрүүгийн хэрэгт авагдаагүй. Мэдсээр байж бусадтай бүлэглэсэн гэсэн ухагдахуун өөрөө үгүйсгэгдэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Аөмгөөлөгч Э.Нарангарав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж болохгүй гэсэн ганц өгүүлбэр хэлээд тайлбараа дуусгачихмаар байгаа боловч прокурор болон анхан шатны шүүх өнөөдрийг хүртэл ажиллагаа хийж, гэм буруутайд тооцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхэд дараах үндэслэлээр тайлбар гаргая. Бид анхнаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хохирогч гэж хэн бэ гэдгийг тогтоох ёстой байсан. Хуурамч нотлох баримт гэж компанийн гэрээний асуудал буюу “Ману” ХХК-ийн гэрээний асуудал. 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2572 дугаар шийдвэрээр “Ману” ХХК татан буугдсан, компанийн эзэн 2011 онд нас барсан. 2012 оны 241 дүгээр шүүхийн шийдвэрээр Болдын эрх залгамжлагч нь Ш.Энхжин гэж тогтоосон. Хавтас хэргийн 60 дугаар талд байгаа итгэмжлэлээр “Ману” ХХК-ийг өгөөгүй, зөвхөн Болд гэсэн иргэний хувьд эрх залгамжлагч юм. Иргэний хэрэг дээр “Ману” ХХК нь Ш.Энхжинтэй хамааралгүй гэдгийг маш тодорхой дүгнэсэн. Хохирогчийг хохирогч биш этгээд гэж үзэж байна. Энэ хүн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан дээр “2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би хуурамч байж болзошгүй гэдэг юмыг үзсэн” гэж ярьдаг. Гэвч 6 жилийн дараа буюу 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад гомдол гаргасан нь хууль зөрчиж байна. Хуурамч нотлох баримт гэдгийг мэдсээр байж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт гаргаж өгсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч нотлох баримт гэдгийг мэдэх боломжтой юу гэж шүүгдэгч Ц.Амарсайнханыг харахаар энэ хэрэг дээр Энхчулуун, Энхтөр гэдэг хүмүүс оролцсон байдаг. Мөн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын ерөнхий прокурор Е.Сагсай энэ хэргийг сэргээх гэж нотлох баримтыг хэн шүүхэд өгч байгааг тодруул гэсэн чиглэл өгсөн. Гэтэл захиргааны хэрэг дээр Энхтөр гэдэг хүн нотлох баримтыг өгсөн байсан тул шүүгдэгч Ц.Ахувьд мэдэх боломжгүй байсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалт байгаа. Яллагдагчаар татсан тогтоолыг гэм буруутай гэж үзээд үндэслэл бүхий хэсэгт оруулж энэхүү зүйл, заалтыг барьж тогтоолыг бичиж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хэрэг дээр Болормаа гэдэг хүн өмнө нь гэмт хэрэг хуурамчаар үйлдсэн хэрэгт гэм буруутай болж шалгагдаад явсан байдаг. Болормаа нь хуурамчаар нотлох баримтаар үйлдсэн байна гэж үзэж байна. Энэ хэрэг өмнө нь давж заалдах шатны шүүхээр ороход гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэн талаар маш тодорхой тодорхойлж, энэ хэрэгт шүүгдэгч Х.Н, Ц.Ахоёр хэрхэн хамтран оролцсоныг тодруулж, мөн Ялгуун прогресс ХХК-ийн захирал нь хэн бэ гэдгийг тодруул гэсэн. О.Батчимэг гэдэг хүн Ялгуун прогресс ХХК-ийн захирал нь байна гэсэн байдлаар хэрэг явсан. Энэ дөрөв нөхцөл байдлыг тогтоолгохоор давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан байхад энэ байдал хэвээрээ яллах дүгнэлт үйлдэгдсэн байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Ш.Энхжингийн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт заасан байгаа. Хүний эрх залгамжлахад ямар эрх зүйн үйл ажиллагаа, ямар хууль зүйн үйл ажиллагааг залгамжлах вэ гэхээр “Ману” ХХК-ийн эрх залгамжлах эрхийг олгосон. Болдыг зүгээр төлөөлөхгүй, Болдын юуг төлөөлсөн бэ гэхээр хууль зүйн төлөөлөл гэдэг нь ойлгомжтой байхад үүнийг зөв тайлбарлахгүй байна. Х.Н гэдэг хүн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт биечлэн оролцоогүй, баримтуудтай танилцаагүй, шинжээчийн дүгнэлтийг мэдэхгүй гэсэн зүйл ярьж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт Х.Н гуравдагч этгээдээр татагдаж 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тайлбар гаргаж өгсөн. Тайлбарыг хэргийн материалтай танилцаж байж гаргадаг. Тэр тайлбар дээр яагаад энэ гэрээ хийгдсэн, гэрээ ямар учиртай вэ гэдгийг тайлбарласан байх ёстой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Атанилцуулаагүй гэж байна. Танилцуулахгүй төлөөлөгч гэж байхгүй, хүнийг төлөөлж байгаа бол шүүх дээр очиж хэргийн материалтай танилцаад гарын үсэг зураад, одоо ямар ажиллагаа хийгдэх ёстой вэ гэж ярихын оронд салангад байдлаар ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Төлөөлж оролцох үйл ажиллагааны талаар хуульд тодорхой заасан байгаа. Улсын Дээд шүүх гэрээний асуудлыг дүгнэсэн байгаа, гэрээний асуудлыг дүгнэхэд хуурамч нотлох баримтыг нотариатаар батлуулаад өгснийг дүгнэсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтийг Улсын Дээд шүүх хуурамч байна гэж дүгнэж, тогтоохгүй. Шинжээчийн дүгнэлт хуурамч байвал бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хуурамч гэдгийг тогтооно. Хуурамч баримтуудаа нотариатаар батлуулж Улсын Дээд шүүхэд гаргаж өгсөн байсан. Х.Н гэдэг хүний өмгөөлөгч Энхчулуун Захиргааны хэргийн шүүхэд баримтыг хулгайлж авч, сүүлд нь би яасан гэдгээ мэдэхгүй байсан гэсэн тайлбар хэрэгт байгаа. Зохион байгуулалттайгаар хуурамч зүйл хийсэн үйл ажиллагаа. Үүнийгээ Улсын Дээд шүүх тогтоосон гэж үндэслэлгүй зүйл тайлбарлаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар үндэслэлгүйгээр татсан гэж ярьж байна. Хэрэг үүсэхэд прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад шүүгдэгч тал өөрсдөө шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурор 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 1/21 дугаартай 3 дугаар хавтас хэргийн 160 дугаар талд тогтоол байгаа. Эдгээр баримтуудыг үндэслэж ярих хэрэгтэй. Энэхүү хэрэг тогтоогдсон тул давж заалдах гомдол ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч Ш.Энхжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Н гэдэг хүн маргаж байгаа хөрөнгийг худалдаж авсан өдрөөс эхлээд худалдаж авч байгаа Болормаа гэдэг хүний хөрөнгө биш, Болд гэдэг хүний хөрөнгө мөн гэдгийг анхнаасаа мэдэж байсан. Х.Н 2008 онд Цагдаагийн байгууллагад Болормаагаас авсан гэрээ, албан тоот хоёрын эх хувь байдаггүй гэж мэдүүлдэг. Эх хувьгүйгээр бичиг баримтаар хүний үл хөдлөх хөрөнгийг худалдаж авна гэсэн ойлголт байдаггүй. Цагдаагийн байгууллага 2008 оноос 2010 он хүртэл гэрээний эх хувийг хайхад Х.Н нуучихаад гаргаж өгөхгүй байсаар байгаад 2010 онд Захиргааны хэргийн шүүх дээр гаргаж өгч, шинжилгээнд орж 331 тоот дүгнэлт гарснаар албан ёсны хуурамч гэдэг нь тогтоогдсон. Нуун дарагдуулж байгаад хамгийн сүүлд Энхчулуун гэдэг өмгөөлөгчөөр хавтас хэргээс авахуулж устгуулсан. Энэ талаар Амартүвшин мөрдөн байцаагч Амарчулуунтай уулзаж тэмдэглэл хөтөлсөн байгаа. Үүнээс үзэхэд Х.Н санаа зорилготойгоор ямар ч баримтгүй Болд гэдэг хүнийг мэдсээр байж, хуурамч гарын үсэг ашиглаж бүртгэлтийн байгууллага, шүүх, цагдаагийн газарт гэрээ албан тоотыг өнөөдрийг хүртэл гаргаж өгдөг. Тайлбар хэлэхдээ гэрээ нь аль эртний зүйл бөгөөд надад хамааралгүй гэсэн атлаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ямар ч баримтгүй Болормаа гэдэг хүнээс энэ гэрээг үндэслэж авсан учраас 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр нэхэмжлэлийг гаргаж хэрэг үүсгэж хөрөнгө тогтоолгоход энэ хоёр бичгээр Х.Нын хөрөнгийг Ялгуун прогресс ХХК-ийн хөрөнгө гэдгийг тогтоож байсан. Өнөөдрийг хүртэл 10 орчим жил эрүү, иргэн, захиргааны шүүхээр шалгуулж явж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан тогтоол гарсан. Энэ бол Цагдаагийн байгууллага дээр их удаан саатсан. Зугтаж, гэр орноосоо дайчиж, өөр газар орогнож утсаа тасалж шүүн таслах ажиллагаанд саад учруулсан. Өнөөдөр өмгөөлөгч нар нь шүүх, Цагдаагийн байгууллага буруутай юм шиг ярьж байгаа нь хуульд нийцэж байна уу, хөөн хэлэлцэх хугацаар 2016 онд хэрэг хэрэгсэхгүй болж орлогч прокурор, ерөнхий прокурор хоёр тогтоол гаргасан байхад хөөн хэлэлцэх хугацааг хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгуулна гэж гомдол гаргасан. Уг гомдлыг үндэслэж Энх-Амгалан прокурор бүх тогтоолыг үндэслэлгүй болгож, өөрсдийнх нь хүсэлтээр гэм буруутай эсэхийг тогтоолгохоор өнөөдрийг хүртэл явж байна.” гэв.
Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд энэ хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, шүүх дүгнэж шийдвэрээ гаргасан. Х.Нын бичиж өгсөн итгэмжлэлийг Ц.Атухайн захиргааны хэрэгт 331 дугаарт шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон. Худалдах, худалдан авах гэрээг иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр хүмүүс үгсэн тохиролцож, бүлэглэж энэ хэргийг үйлдсэн байна гэж шийдвэрлэсэн. Х.Н нь анх захиргааны хэргийн шүүхэд гуравдагч этгээдээр оролцож, тухайн шүүхийн шийдвэрийг гардаж авч, гэрээний талаарх асуудлыг сайн мэдэх хүн байгаа. Үүний дагуу иргэний хэргийн шүүхэд маргаантай объектын өмчлөлийн асуудлаар нэхэмжлэл гаргаж явсан. Итгэмжлэлээр Ц.Аоролцсон бөгөөд уг хэрэг дээр хэн аль нь буруугүй гэж маргаж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар аль алиных нь тайлбар үгүйсгэгддэг юм. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн шийдвэрийг эсэргүүцэж улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу улсын ерөнхий прокурор хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэм буруугийн асуудлыг ердийн журмаар шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж хэргийг сэргээсэн. Хуулийн зүйл заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нэгэн адил тусгагдсан байгаа учраас уг хэргийг шүүхээс яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүхээс хэргийг хянан хэлэлцээд үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй байна гэж дүгнэлээ.
Х.Н, Ц.Анар нь бүлэглэн 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 331 тоот дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон “Дэлгүүрийн байр худалдах, худалдан авах” гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид, арбитрын ажиллагааны талууд, түүнчлэн шүүгч, арбитрч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн...” байхыг,
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн...” байхыг шаардахаар тус тус хуульчилжээ.
Х.Н, Ц.Анарын “бүлэглэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуурамч гэдэг нь тогтоогдсон гэрээг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгсөн” гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хамаарч байх бөгөөд тухай хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн чухам аль шинжийг хангаж байгаа талаар прокурор болон анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх асуудлыг шийдвэрлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаартай магадлалд “...Яллагдагч нарын хамтран оролцооны хэлбэрийг нарийвчлан шалгаж, тогтоосны эцэст, тэдний үйлдэл, оролцоо бүрт хууль зүйн үндэслэлтэй, бодитой хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцооны хэлбэрийг зөв журамлан яллагдагчаар татаж, ял сонсгох нь зүйтэй.” гэж тодорхой зааж, Х.Н, Ц.Анарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байхад шүүхийн магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь чухам ямар хэлбэрээр гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг тодруулж чадаагүй байна гэж үзэв.
Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Н, Ц.Анарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1736 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Н, Ц.Анарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Х.Н, Ц.Анарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Ц. ОЧ