Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 03 өдөр     Дугаар 128/ШШ2019/0644          Улаанбаатар хот

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “БС” ХХК /РД:*******/

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.О, Д.С нар

Нэхэмжлэлийн шаардлага: “...: Хан-Уул  дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нарын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 тоот, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц,  хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанид Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нар нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 тоот шийтгэлийн хуудсаар “...2015 оны 10 дугаар сард “МГЭИ” ХХК-иас 454,545,454.50 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Худалдан авалт” хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 45,454,545.45 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 13,636,363.64 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хохирлын 45,454,545.45 төгрөг, нөхөн төлбөрийн 9,090,909.09 төгрөг, нийт 68,181,818.18 төгрөгийн төлбөр оногдуулж” шийдвэрлэсэн байна.

Уг шийтгэлийн хуудсыг манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг шийтгэлийн хуудаст дурдсанаар манай компанийг “МГЭИ” ХХК-иас 454.545.454,50 төгрөгийн бараа материал хүлээн авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган төлбөл зохих татвараа бууруулсан мэтээр дүгнэж, шийтгэлийн хуудсыг гаргасан байх боловч дээрх үнэ бүхий бараа материалыг манай компани худалдан авч, барилгын ажилд зарцуулан, бүтээн босголтын ажил маань бодитоор байсаар байтал ийнхүү татвар төлөхөөс зайлсхийсэн мэтээр шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байна.

Шийтгэлийн хуудаст дурдсанаар манай компанийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 18.1.14-т “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж тус тус заасны болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжпэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтууд, 1,5 дугаар зүйлийн 8 дахь заалтыг тус тус баримтлан ийнхүү төлбөр ногдуулж байгаа нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд манай компанийн зүгээс дээр дурдсан Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудыг зөрчөөгүй.

Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажил үйлчилгээ эрхэлж ирсэн.  Бид үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу барилгын бараа материалыг тогтмол худалдан авдаг бөгөөд авсан бараа материалаараа захиалагч компаниудтай байгуулсан гэрээний дагуу барилгын ажилдаа оруулж, бүтээн босголтыг хийсээр ирсэн.

Түүнчлэн 2015 оны 10 дугаар сард “МГЭИ” ХХК-иас барилгын бараа материалыг худалдан авсан бөгөөд худалдан авалтыг хийх үед энэхүү компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим системд бүртгэлтэй байсан тул бид компанийн тамга тэмдэг бүхий падаан, орлогын ордерыг авч худалдан авалтыг хийсэн. Гэтэл татварын байцаагчид дээрх компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч гэж үзэж, улмаар биднийг бараа материал худалдан аваагүй, хуурамч падаан гаргуулан татвараас зайлсхийсэн гэж үзэж их хэмжээний торгуулийн шийтгэлийг ногдуулаад байгаа нь хууль зөрчиж байна.

Бид бараа материалуудыг биет байдлаар худалдан авч тухайн үеийн захиалагчийн барилгад суурилуулж, ажлаа хүлээлгэж өгсөн баримт материал бидэнд байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар худалдагч тал зарж, борлуулж байгаа бараа материалдаа татвараа шингээн зарж борлуулаад, татварын байгууллагад тайлангаа гаргаж өгч татвар төлөх ёстой байдаг. Гэтэл худалдагч тал болох “МГЭИ” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэлд биднийг буруутгаж, улмаар торгууль ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн шийтгэл ногдуулсан татварын актад “БС” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчдэд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн байх боловч манай компанийн санхүүгийн баримтанд байгаа “МГЭИ” ХХК-иас гаргаж өгсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлогын ордер зэрэг баримтууд байгаагийн зэрэгцээ холбогдох татварын тайландаа тусгаж, тайлагнасан.

Мөн ийнхүү шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл ногдуулж, хохирол, нөхөн төлбөр ногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд манай компанийн зүгээс зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй байхад яагаад, ямар үндэслэлээр зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн манай компанид зөрчлийн хэрэг нээж, шалгаж байгаа талаараа ч мэдэгдэлгүйгээр ийнхүү шийтгэл ногдуулж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хөндөж байна.

Иймээс энэхүү актаар “БС” ХХК-д 45,454,545.45 төгрөгийн нөхөн
төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 13,636,363.64 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хохирлын 45,454,545.45 төгрөг, нөхөн төлбөрийн 9,090,909.09 төгрөг, нийт 68,181,818.18 төгрөгийн төлбөр оногдуулсан асуудалд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн...., 6.12, ....дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2558 тоот албан бичгээр дээрх төрлийн шийтгэлийн хуудаст урьдчилан шийдвэрлэх журмаар буюу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, түүнийг нь хүлээн авах эсэхийг тодруулж өгөхийг хүссэний хариуд Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/3673 тоот албан бичгээр урьдчилан шийдвэрлүүлэх журам энэ тохиолдолд хамаарахгүй талаар дурдсан байгаагийн зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар татвар төлөгч захиргааны журмаар гомдол гаргах эрхтэй” гэж зохицуулснаас үзэхэд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг урьдчилан шийдвэрлүүлэх журам хамаарахгүйгээр шууд шүүхэд гомдол гаргах боломжтой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нарын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 тоот, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С бид ******* регистрийн дугаартай “БС” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23180300102 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд /ХН*******/ регистрийн дугаартай, Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... тоот хаягт оршин суух, Д овогтой О-ыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан оролцогчийн эрх үүргийг уншуулж танилцуулан гарын үсэг зуруулсан.

Тус компани нь 2015 оны 10 дугаар сард “МГЭИ” ХХК-с нийт 154,545.454.50 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн «Худалдан авалт» хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлд:«18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:...18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;...18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;...8.1.14.хууль тогтоомжинд заасан бусад үүрэг...», Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд:«...14.3.Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.» гэж заасныг зөрчсөн болох нь Санхүүгийн тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, татварын тооцооллын программын тооцоолол, ярилцлагын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Тус “БС” ХХК-тай холбоотой мэдээллийг шалгаж үзэхэд:

Нэг. “БС” ХХК-ийг хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн, бодит худалдан авалт биш гэдэг нь Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоотод дурдсанаар “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дүгнэлтэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд татвар тооцогдох зөрчил нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү” гэснээр нотлогдож байна.

Хоёр. Татварын Ерөнхий Газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг, мөн үүний хавсралт “МГЭИ” ХХК-с Нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэн авсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтад “БС” ХХК нь байгаагаар мөн нотлогдож байна.

Гурав. 2018 оны 04 дүгээр сарын 09-нд “БС” ХХК-ийн захирал Д.Отай хийсэн ярилцлагын тэмдэглэлд:

“МГЭИ” ХХК-аас 2015 онд ямар бараа материал худалдаж авсан бэ? гэж асуухад “Би бол эндээс юу худалдаж авсныг сайн мэдэхгүй. 2015 онд нийт 2,147,000 сая төгрөгийн төсөвтэй Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийг туслан гүйцэтгэгч М******* гэдэг хүнээр хийлгэсэн. Тэгээд мөнгийг нь бага багаар бэлнээр өгдөг байсан. Хийж гүйцэтгэсэн ажилдаа Нэмэгдсэн өртгийн баримт өгөөрэй гэхэд ийм баримт өгсөн.” Гэж хариулснаас үзэхэд бүхэл бүтэн 500,000,000.00 сая төгрөгөөр юу худалдаж авсанаа мэдэхгүй байгаа нь хачирхалтай. Туслан гүйцэтгэгч М******* гэдэг хүнээр ажлаа хийлгэсэн, НӨТ-ийн баримт өгөөрэй гэхэд нь хий бичилттэй энэ падааныг өгсөн нь тодорхой харагдаж байна.

2015 оны 10 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хавтсанд энэ худалдан авалттай холбоотой ямар ч анхан шатны баримт байхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? гэж асуухад мөн л “Би мэдэхгүй байна.” гэж хариулсан ба татварын хяналт шалгалт хийн компаний санхүүгийн баримтыг шалгах явцад ажил, гүйлгээ хийсэн талаар холбогдох ямар ч нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материалыг ирүүлээгүй, ирүүлсэн баримт материалд нь байхгүй байснаас үзэхэд тус компани нь дээр дурдсан Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудын заалтыг зөрчөөгүй гэж байгаа боловч зөрчсөн нь тодорхой харагдаж байна.

Дөрөв. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 зүйлд: «1.Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;» гэж заасны дагуу дээр дурдсан үндэслэлүүдээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба үүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн юм байхгүй. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар 18.1.5-т татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх;  үүрэгтэй боловч удаа дараа дуудахад ирээгүй тул мөн хуулийн 33.3-ийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “БС” ХХК-ийн гаргасан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нарын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 тоот “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нар нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот[1], Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг[2], 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23180300102 тоот томилолтын[3] дагуу “БС” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд шалгаад 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 дүгээр шийтгэлийн хуудсаар[4] оногдуулсан шийтгэлийн 13,636,363.64 төгрөг, хохирлын 45,454,545.45 төгрөг, нөхөн төлбөрийн 9,090,909.09 төгрөг, нийт 68,181,818.18 төлбөрийн шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагчаас “... “МГЭИ” ХХК-иас гаргаж өгсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлогын ордер зэрэг баримтуудыг нягтлан бодох бүртгэл болон татварын тайландаа тусгаж, тайлагнасан, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж, харин хариуцагчаас “БС” ХХК нь хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн, бодит худалдан авалт биш болох нь Цагдаагийн ерөнхий газраас болон Татварын ерөнхий Газраас ирүүлсэн албан бичиг, “БС” ХХК-ийн захиралтай хийсэн ярилцлагын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 зүйлийн 1.1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлан маргаж байна.

Татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дүгнэлтээр[5] “МГЭИ” ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 368,690,515,795,5 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байх бөгөөд эрүүгийн 201725020896 дугаар бүхий хэрэг нээж, хянаж байх хугацаандаа дээрх дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор  шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дүгнэлтээр[6] татварын улсын байцаагчийн 2017 оны 2500000817 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. “МГЭИ” ХХК-ийн 2012, 2015-2016 онд нийт 547.828.524.19 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнасан нь үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг гаргажээ.

Энэхүү дүгнэлтийг хавсралт “МГЭИ” ХХК-ийн зөрлийн тооцоо гэсний 125 дугаарт “БС” ХХК хий бичилттэй ******* дугаар бүхий падаан нь татвар ногдуулалтын дүн 454,545,454,50, нэмэгдсэн өртгийн албан татвар 45,454,545,45, нийт 499,999,999,95  гэж бүртгэгдсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичгээр “...Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 дугаартай дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дүгнэлтүүдэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд дараах аж ахуйн нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү” гэсэн албан бичгийг Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд энэхүү албан бичгийг хавсралт “МГЭИ” ХХК-аас НӨАТ-ын шивэлт хийлгэн авсан аж ахуйн нэгжүүдийн нэрс гэсний 66-д “БС” ХХК нь “МГЭИ” ХХК-аас 454,545,454,50 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж бүртгэгдсэн байна.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар прокурорын тогтоолоор “...2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжтэй байх боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тухайн үйлдэл, эс үйлдлээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдлоо” хэмээн хэргийг хаасан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд “БС” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасны дагуу үүргээ биелүүлэлгүйгээр “МГЭИ” ХХК-иас 454,545,454.50 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан ашиглан Нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “БС ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “МГЭИ” ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэмэгдсэн өргийн албан татварын тайландаа НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэсэн хэсэгт 494,205,669,72 төгрөг гэж тусгаж тайлагнасан гэж тайлбарлаж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчиж, албан татвараа бууруулсан байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл 1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.2.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн; бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т “...Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” гэж заасан байх бөгөөд дээрх баримтуудаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

“МГЭИ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа цахимаар илгээсэн учир хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын ******* дугаар бүхий падаан нэхэмжлэгч, хариуцагчид байхгүй гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд “МГЭИ” ХХК-ийн эрүүгийн 201725020896 дугаар бүхий хэрэгт дээрх падаан байгаагүй бөгөөд талууд энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нарын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 тоот, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” “БС” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА

 

 

 

 


[1] Хавтас хэргийн 58 тал

[2] Хавтас хэргийн 58 тал

[3] Хавтас хэргийн 61 тал

[4] Хавтас хэргийн 62 тал

[5] Хавтас хэргийн 92 тал

[6] 2 дугаар хавтас хэргийн   тал