Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Г.Энхмаа,

-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

-шүүгдэгч П.Ням-Осор нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хар сүрэгтэн овогт Пүрэвдоржийн Ням-Осорт холбогдох Эрүүгийн 201619000542 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1972 оны 04 сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр баг 324-р тоочиг 36  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Хар сүрэгтэн овогт Пүрэвдоржийн Ням-Осор /РД:РК72043013/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Ням-Осор нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4-р баг 324-н тоочиг гэх газарт 2016.07.24-ны шөнө согтуугаар хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан харилцан зодолдож иргэн Даваахүү овогтой Отгонбаатарыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Ням-Осор шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

 

Хохирогч Д.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед Энхболд, Ням-Осор, Энхтөр нар манай гэрт орж ирсэн. Тэгээд Энхболд наадмаар танайхаар ирээгүй гээд орж ирж байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэрээсээ 15.000 мянган төгрөг авч Үдлэг орж хоёр том боргио пиво авсан. Бид манай гэрээс урагш гарч хоёр пиво уусан. Тэгээд Ням-Осортой маргасан Ням-Осор бид хоёр эртнээс биесээ мэднэ, хоёр жилийн өмнө сүүний мөнгө дутуу өгсөн гэх асуудал байсан тэрийг сөхөж яриад маргалдсан тэгээд заамдалцаж аваад ноцолдсон. Би боолтонд орж доор нь орсон байсан тэгээд намайг цохьсон. Би бас доороос нь нүүрэнд нь ганц хоёр цохьсон тэгээд Ням-Осорыг араас нь Энхтөр салгатал миний нүүрэн дунд нэг удаа өшиглөсөн.  Тэгээд босоод иртэл Ням-Осор яваад өгсөн. Миний үүдэн гурван шүд унасан байсан, намайг Энхтөр, Нямосор нар бүлэглэж зодсон асуудал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-13-14/,

 

            Шүүх эмнэлгийн үзлэгийн акт №3308

“..Д.Отгонбаатарын биед дээд эрүүнд 2 шүд, доод эрүүнд 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстын шарх, цус хуралт, зулай, хамар, баруун хацар, дээд, доод уруул, духанд зулгаралт, зүүн зовхи, хамар, урууланд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамар, баруун хацар, баруун, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангад нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,

   

         -шүүгдэгч П.Ням-Осор нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-30/,

-шүүгдэгч П.Ням-Осорыг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-23/, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-27/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч П.Ням-Осор нь Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4-р баг 324-н тоочиг гэх газарт 2016.07.24-ны шөнө согтуугаар хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан харилцан зодолдож иргэн Даваахүү овогтой Отгонбаатарыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Отгонбаатарын “...Би боолтонд орж доор нь орсон байсан тэгээд намайг цохьсон. Би бас доороос нь нүүрэнд нь ганц хоёр цохьсон тэгээд Ням-Осорыг араас нь Энхтөр салгатал миний нүүрэн дунд нэг удаа өшиглөсөн..” гэх мэдүүлэг /хх-13-14/, шинжээчийн 3308 тоот дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч П.Ням-Осорын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Ням-Осорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч П.Ням-Осортой, хохирогч Д.Отгонбаатар нь сайн дураараа эвлэрсэн байх тул П.Ням-Осорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч П.Ням-Осор нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хар сүрэгтэн овогт Пүрэвдоржийн Ням-Осорыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ням-Осор нь хохирогч Д.Отгонбаатартай сайн дураараа эвлэрсэн байх тул П.Ням-Осорт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. П.Ням-Осор нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. П.Ням-Осорт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Ням-Осорт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА