Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2162

 

Магадлал

2017.10.04                                          №2162                                                                      

 

Д.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01747 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-ндхолбогдох

Шийдвэр гүйцэтгэлийн журмаар үл хөдлөх хөрөнгөд явуулж буй ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саруулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б нь Б.Ц-ээс 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлэхдээ Ү-2203018681 тоот бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 39-р байр, 33 тоот, Д.З-ын өмчлөлийн байрыг барьцаалсан. Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүү, алдангид нийт 48 600 000 төгрөгийг С.Бөөс гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Д.З-ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжилсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02638 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо захирамжийн захирамжлах хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар С.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 118 487 772 төгрөгийг тогтоосон графикийн дагуу Б.Ц-д төлөхөөр тохирсон болохыг дурдаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл зохигчид эвлэрч нэхэмжпэгч нь 118 487 772 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохирсон, харин үүргийн гүйцэтгэлийг Д.З-ын барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, захирамжлаагүй байна. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02638 тоот захирамжид барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заагаагүй байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах ажиллагааг явуулах боломжгүй байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2/19 тоот тогтоол гаргаж, Д.З-ын үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулж, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/31 тоот тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Д.З-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саруул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2638 дугаар захирамжаар Сүрэнжавын Батмөнхөөс 119 238 161 төгрөгийг гаргуулж Б.Цэрэнжавт олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч С.Б нь тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлого болон мөнгөн хадгаламжгүй, хөрөнгийн хувьд амьдарч буй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байр 51 тоотод байрлах 3 өрөө орон сууц /уг орон сууц нь бусдын барьцаанд байдаг/ бүртгэлтэй байсан өөр эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөгүй, хөдлөх хөрөнгө мөн тээврийн хэрэгсэлгүй болох нь тогтоогдсон. Улмаар дараагийн шатанд төлбөр төлөгчийн өмчлөлийн 3 өрөө орон сууцанд гүйцэтгэх ажиллагааг явуулах гэхэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5285 дугаар захирамжаар Сүрэнжавын Батмөнхөөс 158 800 000 төгрөг гаргуулж Д.Базарсүрэнд олгохоор шийдвэрлэсний дагуу уг шүүхээс 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3388 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн ирснээр тус алба /шийдвэр гүйцэтгэгч Ч.Оюунбилэг/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох С.Бийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байр 51 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлд заасны дагуу анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч Д.Базарсүрэнгийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болгосон. “Төлбөр төлөгч С.Бөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэн төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч төлбөрийг төлөөгүй, шүүгчийн захирамжид дурдснаар 2016 оны 05 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 25 хүртэл cap бүр төлбөрийг графикийн дагуу төлөөгүй зэргээс шалтгаалан С.Бийн төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн Д.Энхзул /ЕТ83122104/-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 22 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018681 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 43, 48 дугаар зүйлд заасны дагуу анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул Д.З-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын бүртгэлийн Ү-2203018681 дугаарт бүртгэлтэй, 39-р байр, 22 тоот үл хөдлөх хөрөнгөд явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.З-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхзулд олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Саруул давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2638 дугаар захирамжаар Сүрэнжавын Батмөнхөөс 119 238 161 төгрөгийг гаргуулж Б.Цэрэнжавт олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Бөд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10/5, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22/01, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/01, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/1 тоот мэдэгдлийг тус тус гардуулан өгсөн боловч биелүүлээгүй ба холбогдох байгууллагуудаас авсан лавлагаагаар төлбөр төлөгч тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлого болон мөнгөн хадгаламжгүй, өмчлөл ззэмшилд нь үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэлгүй болох нь тогтоогдсон. Төлбөр төлөгч С.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөөс төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэхийг хүссэн өргөдлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан тул улсын бүртгэлийн байгууллагаас тодруулахад С.Б, Б.Цэрэнжав нарын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр С.Бийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд иргэн Д.З-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 22 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2203018681 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууц барьцаалагдсан бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдсон. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 2 удаагийн албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр авагч иргэний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 177 дугаар зүйлд заасны дагуу явагдсан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч  Д.Э нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн журмаар үл хөдлөх хөрөнгөд явуулж буй ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02638 дугаар шүүгчийн захирамжаар “Б.Ц-ын 118 487 772 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б төлөхөөр тохиролцож, зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хариуцагч төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх захирамжийн дагуу гарсан 2126 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 16280768 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна. /хх 26, 27-28, 29/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 22 тоотод байрлах 39 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/01 тоот тогтоолоор хурааж, энэ талаар төлбөр төлөгчид хуульд заасны дагуу мэдэгдэж, барьцааны үнийг төлбөр төлөгчтэй тохиролцон, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч уг орон сууц худалдан борлогдоогүй үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна. /хх 52, 56, 58, 62, 63, 64-66, 67, 68-69, 70-72/

 

            Анхан шатны шүүх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02638 дугаар захирамжид төлбөр төлөгчөөс зээлийн гэрээний барьцаа болох нэхэмжлэгч Д.З-ын өмчлөлийн орон байрыг үүргийн гүйцэтгэлээр хангуулах талаар заагаагүй, гүйцэтгэх хуудсанд барьцааны зүйлийн талаарх мэдэгдэл тусгагдаагүй байхад хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН