Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2014/0016

 

2014 оны 01 сарын 02 өдөр                    Дугаар 16                   Улаанбаатар хот

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Б, нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 328 дугаар захирамжаар 3800 м.кв газрыг эзэмшүүлсэн нэхэмжлэгч “Ю” ХХК- ийн газар эзэмших эрхийг сэргээхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ю” ХХК нь тус дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 328 дугаар захирамжаар 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3800 м.кв хэмжээтэй талбайн газар эзэмших эрхийг иргэн Д.Б-өөс шилжүүлэн 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дүүргийн Газрын албанд “Ю” ХХК-ийн ерөнхий захирал А-ны гаргасан хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 372 дугаартай захирамжаар дээрх газар ашиглах эрхийг “Ю” ХХК-аас “М” ХХК-нд шилжүүлэн өгсөн бөгөөд 2006 оны 328 дугаар захирамжийн хавсралт “Ю” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Иймээс “М” ХХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар уг газрыг хуулийн дагуу ашиглаж байгаа болно“ гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: "... “Ю” ХХК нь Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, барилгын суурийн төлбөрөө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “И” ХХК-иас гаргуулахаар болсон.

... Уг газар дээр баригдаж байгаа 841 м.кв талбайтай 2 барилга нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолын нийслэлийн нутаг дэвсгэрт оршин сууж буй ахмад дайчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр орон сууцаар хангах, нийслэлийн орон сууцны бүрдүүлэхэд чиглэгдсэн ажлын хүрээнд баригдаж байгаа бөгөөд Нийслэлийн барилга хот, төлөвлөлтийн газартай хийсэн “Үүрэг гүйцэтгэх тухай гэрээ”-ний дагуу 217.9 м.кв талбайг үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцоод байгаа болно.

Гэрээний 5 болон 6 дугаар зүйлд зааснаар “И” ХХК-нд тухайн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн бүх эрх мэдлийг хариуцлага шилжсэн байсан төдийгүй уг суурь газартай холбоотой асуудлаарх бүх үйл ажиллагааг уг компани хэрэгжүүлэх эрхтэй болсон байна. Учир нь уг гэрээнд “Ю” ХХК-ийн тамга дарагдсан, захирлын гарын үсэг зурагдсан байсан. Нэхэмжлэлд дурдагдсан газрыг манай байгууллага зохих журмынх нь дагуу шилжүүлж авсан төдийгүй ашиглалтын хөлсийг нь цаг хугацаанд нь төлж барагдуулж ирсэн билээ.

Иймд “Ю” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, “М” ХХК-ийн ашиглалтад хэвээр үлдээж өгнө үү “ гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 346 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 372 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 328 дугаар захирамжаар 3800 м.кв газрыг эзэмшүүлсэн нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож’’ шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 сарын 29-ны өдрийн 346 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн шүүхийн 346 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсгийн нэгдүгээрт: " ... шүүхийн шийдвэр гарснаас хойш баригдсан барилгын суурь болох хоёр давхар хүртэл баригдсан барилгын төсвийн өртөг болох нэг тэрбум гурван зуун далан таван мянга таван зуун төгрөгийг" И" ХХК-иас гаргуулж "Ю" ХХК-нд олгохоор шийдсэн. Өнөөдөр "И" ХХК шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй явж байгаа " гэсэн үндэслэлийг гарган маргаж байна.

Шүүхийн дүгнэлт хийсэн үндэслэлээр шүүхэд маргаан үүсгээгүй болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагдана.

Тухайлбал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа: “И” ХХК-тай хамтран ажиллаж байх хугацаанд 2008 оны 11 сарын 03-ны өдөр “Ю” ХХК нь “И” ХХК-тай газар болон үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ хийж, гэрээний 1-р зүйлд: үйл ажиллагаа явуулах эрх болон газрын хамт 1,100,000 ам.доллароор худалдахаар заасан.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д " Газрын эх бичиг баримтыг уг гэрээг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг хийхийн тулд бичиг баримтыг Б тал /"И" ХХК/ нь дангаар шилжүүлэхгүй..." гэснийг “И” ХХК нь зөрчиж, 2008 оны 12 сарын 04-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийж газар эзэмшигч компанийн ерөнхий захирлын зөвшөөрөлгүй, итгэмжлэл олгогдоогүй этгээдээр гарын үсэг зуруулж “М” ХХК-д газрыг шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаас тодорхой батлагдана.

Хэдийгээр хариуцагч тал “Ю” ХХК-ны ерөнхий захирал А-ий зөвшөөрөлтэй газрыг шилжүүлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй юм.

“Ю” ХХК -ны ерөнхий захирал А-нь компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээдийн хувьд хэн нэгэн этгээдэд ямар нэг эрх шилжүүлсэн итгэмжлэл олгоогүй болохоо болон түүнийг Монгол Улсад байхгүй байхад гэрээ хийж газар эзэмших эрх шилжигдсэн болох тухай нотолгоог шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх дээрх нотлох баримтуудад ач холбогдол өгч дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Газар эзэмших эрхийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй шилжүүлэн авсан газарт “М” ХХК орон сууц барьсан байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 346 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулсан, шийдэл зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолдоо “Худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрын эх бичиг баримтыг уг гэрээг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг хийхийн тулд бичиг баримтыг Б тал /“И” ХХК/ нь дангаараа шилжүүлэхгүй...” гэснийг “И” ХХК нь зөрчиж 2008 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийж газар эзэмшигч компанийн ерөнхий захирлын зөвшөөрөлгүй, итгэмжлэл олгогдоогүй этгээдээр гарын үсэг зуруулж “М” ХХК-д газрыг шилжүүлсэн хэмээн гомдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд “Ю” ХХК-ийн захирал А нь 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр И-д “Монгол улс Улаанбаатар 14 дүгээр хороолол Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо “U” орон сууц барих болон газар /3800 м.кв/-тай холбоотой бүх худалдах эрхийг олгон итгэмжилж байна” хэмээн эрх олгосон байна. Энэхүү итгэмжлэлийн дагуу төлөөлөгч нь тухайн компанийн газрын гэрчилгээ эх хувиараа, итгэмжлэл эх хувиараа, иргэний бичиг баримт зэргийн хамт 206 дугаартай нотариатчаар газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг гэрчлүүлсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдаж буй өөрийг нь төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын “М” ХХК-д “газар ашиглах эрх” шилжүүлсэн 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 372 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Ю” ХХК-д буцаан эзэмшүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.