Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 445/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням

-улсын яллагчаар А.Азжаргал

   -шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Блд холбогдох эрүүгийн 2034000000586 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/          

Яллагдагч Ө.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 1-10 тоотод 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий өөрийн эхнэр Б.Цэрэннадмидыг нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас Б.Цэрэннадмидын биед эрүү, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ө.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Ө.Б нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 1-10 тоотод 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий өөрийн эхнэр Б.Цэрэннадмидыг нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас Б.Цэрэннадмидын биед эрүү, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/
  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 06 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 18 тал/
  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, ялын санал /хх-ийн 61 тал/
  • Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 594 дугаартай "...Б.Цэрэннадмидын биед эрүү, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна" гэх шинжээчийн дүгнэлт" /хх-ийн 10-11 тал/
  • Хохирогч Б.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Зүүндэлгэрээс 20 шил архи аван найз Цэцэгээгийн гэрт очих гэж байснаа болиод буцаад гэртээ ирээд архиа далд хийсэн. Тэгээд орой манай нөхөр Баярцэнгэл гаднаас үл таних Баяраа гэх залуугийн хамт 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи барьж орж ирэн бид гурав хувааж уугаад унтсан юм. Тэгээд өглөө сэрээд миний далд хийсэн 2 шил архийг бид 3 хувааж уугаад юм яриад сууж байсан чинь манай нөхөр Баярцэнгэл намайг нөгөө Баяраа гэх залуутай хардан "чи таньдаг юм биш үү, эртнээс мэддэг байсан юм биш үү" гэхээр нь би "үгүй, би харж байгаагүй, 5 дугаар хороонд сайн мужаан байдаг гэж сонссон тэр үү гэж л асууж байна шүү дээ" гэж хэлтэл намайг цохьсон ба тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Намайг манай нөхөр хэл амаар доромжлоогүй. Харин миний нүүр лүү 2 удаа цохисноос болж баруун нүд хөхөрсөн баруун шанаан дээр хавдсан байгаа. Надад гомдол санал алга...Хэргийг шуурхай шийдэж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-ийн 2-3, 24-25 тал/
  • Шүүгдэгч Ө.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ эхнэр Цэрэннадмид, найз болох Баяраа нартай хоёр шил архи уусан. Тэгээд би авгайтайгаа маргалдсан юм шиг байгаан, юу болсон талаар мэдэхгүй байна, тэр өдрөө эрүүлжүүлэхэд орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Б нь 2020 оны 10 сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 20-21 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 10 сарын 16-ны өдөр 159 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-61, 66 тал/ 2020 оны 9 сарын 03-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ө.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.

Ө.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ө.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ө.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ө.Блийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Ө.Блийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ө.Бд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА