Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч

Шүүгдэгч Б.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Цийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед эхнэр хамт байж байгаад хэлэхгүй гараад явсан байсан. Би хойноос нь утсаар ярихад утсаа авахгүй байсан болохоор хаачаад ирэв гээд маргаан эхэлсэн. 2 удаа алгадсан. Гарнаас нь татсан. Нүүр нь хөхөрсөн байсан. Найз ирээд салгасан Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа, цаашид ийм асуудал гаргахгүй. Харамсаж байна. Дахин ийм зүйл хийхгүй  гэсэн мэдүүлэг

           Хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд манай нөхөр намайг хардаад чи хаачаад ирэв гээд чирч унтлагын өрөө рүү оруулаад миний толгой руу гараа зангидаж байгаад цохиж унагаад миний дээр гарч сууж байгаад миний нүүр толгой руу 4-5 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг,

 

           Гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэр хоёрыг хашгиралдангуут нь би гүйгээд очсон чинь Ц орон дээрээ хэвтээд нөхрийнхөө өөдөөс жийгээд ноцолдоод байхаар нь би очоод салгасан..." гэсэн мэдүүлэг ,

 

           Шинжээчийн ... дугаартай: “...Ц.Цийн биед тархи доргилт, баруун хацар, зүүн шанаа, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй            

 

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 27/

             Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч  Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорноговь аймгийн .... тоот гэртээ  эхнэр Ц.Цийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Энэ нь  шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...2 удаа нүүр лүү нь алгадсан. Гарнаас нь татсан. Нүүр нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр миний толгой руу гараа зангидаж байгаад цохиж унагаад миний дээр гарч сууж байгаад миний нүүр толгой руу 4-5 удаа цохьсон..” гэсэн мэдүүлэг, гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ц орон дээрээ хэвтээд нөхрийнхөө өөдөөс жийгээд ноцолдоод байхаар нь би очоод салгасан”  гэсэн мэдүүлэг  болон шинжээч эмчийн дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтлийг баримтжуулсан гэрэл зураг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  эхнэр Ц.Цийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд  шүүгдэгч  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн  байна.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

            Хохирогч Ц.Ц нь шүүгдэгч Б.Бас нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар шүүгдэгч Б.Быг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бын 500000 төгрөгийн торгох ялыг  нэг сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт  хураагдаж ирээгүй болохыг  дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН