| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/2002/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2056 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2056
2020 12 16 2020/ШЦТ/2056
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Б.Тулга,
гэрч: Б.Батсайхан, С.Бямбасүрэн,
шинжээч эмч: Р.Ханхүү,
хохирогч, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч: Ц.Амар,
хохирогч шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Э, ******* нарт холбогдох эрүүгийн 2006 03210 2342 дугаартай хэргийг 2020 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1а хэсэг, цэргийн хотхон, 1 дүгээр гудамж, 54 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ПЭ90052101, *******
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй, “Да хүрээ” зах дээр автомашин борлуулдаг ажилтай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, нарны гудамж, 107б байр, 10 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, О.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Р.Э нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дотор автомашины түгжрэл үүсгэж, автомашинаа буруу байрлууллаа” гэх шалтгаанаар иргэн *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” зах дотор иргэн Р.Этай автомашины түгжрэлийн улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Р.Э мэдүүлэхдээ: “...Бүгдэд нь өглөөний мэнд хүргэе. Мэдүүлэг зөрөөд байгаа учраас би анхны өгсөн мэдүүлгээ уншъя. 2020 оны 7 дугаар сарын 19-ны 15:00 цагийн үед би Да хүрээ захын түрээсийн талбай дээр ниссэн Тида маркийн машин ирж замын хөдлөх хэсэгт зогссон. Би хүн буулгаж суулгаж байна гэж ойлгосон. Машины хойд талын хаалганаас хүн буугаад явсан. Тухайн машиныг хөдлөөд явах байх гээд харж байтал хөдлөхгүй зогсоод байсан. Тэгээд би өөрийн биеэр очоод миний дүү энд зогсож болохгүй. Энэ машины хөдлөх хэсэг, энэ машины зогсоол биш машинаа хөдөлгөөрэй гэсэн. Тэгэхэд “за ахаа одоохон” гэж гэсэн. Дахиад 4-5 минут өнгөрсний дараа боохоор би ахын дүү одоо яваарай гэсэн. Тэгээд явахгүй болохоор би дахиад очоод миний энд машинаа зогсоож болохгүй. Түгжрэл үүсчихдэг юм. Машинаа хөдөлгөөрэй гэж хэлсэн. Одоохон ахаа гэж дахиад хэлсэн. Би дахиад 3 дахь удаагаа очоод хэлэхэд Цэрэндулам над руу одоохон гээд байхад ямар төвөгтэй новш вэ чи” гээд уцаарлаж уурласан. Энэ үед нь би уурлаад чамд зүй ёсны шаардлага тавьж байна. Чи машинаа тавих газарт нь тавиад үйлчлүүл гэдгийг нь хэлсэн. Гэтэл Цэрэндулам машинаасаа буугаад жижиглэнгийн худалдаа хийж байгаа газар руу явсан. Машин бөглөчихлөө миний дүү машинаа хөдлөг гэж хэлэхэд надад уурлаад бид 2 тэрнээс болж маргалдсан. Энэ хүмүүс машиндаа буугаад хөдлөхөөс нь өмнө ээж нь гээд саяны настай эмэгтэй над дээр хүрж ирээд чиний наад машинууд чинь онхолдож, чи авс болоод дотор нь чи өөрөө хүүр болж хэвтэнэ гэж хэлсэн. Энэ үед миний уур хүрээд яасан муу ёрын шуламсууд вэ, эндээс зайлцгаа гээд машиных нь гүпэр хэсэг рүү нь өшиглөсөн. Цэрэндулам машинаасаа бууж ирээд намайг яадаг муу пизда вэ, алчихъя гээд миний баруун нүд рүү шууд цохисон. Энэ үед миний нүднээс гал бадрах шиг болж, цус нулимс гараад юм харахаа больсон. Гэтэл энэ 3 намайг хаяад машин дотроо суугаад хөдлөх гэсэн. Тэгэхээр нь би машиных нь урд хэсэг рүү нь гараад та нар хүлээж бай. Зүй ёсны шаардлага тавьсан хүнийг та нар зодож цохидог юм уу. Би цагдаа дуудна гэсэн. Цэрэндулам машинаа асаагаад хэд хэдэн удаа хөдлөх гэсэн. Тэгэхээр нь би зогс гээд урд гүпэр рүү нь өшиглөсөн. Гэтэл машинаас буцаж ирээд гурвуулаа бууж ирээд над руу дайрсан. Цэрэндулам машинаасаа бууж ирээд 2-3 удаа цохисон. Дүү нь ирээд миний урдаас заамдаад чи насаараа хараалгуулах гэсэн юм уу гээд хөлөөрөө өшиглөсөн. Ээж нь буюу настай эмэгтэй бууж ирээд миний баруун талаас элэг, цээж, нуруу руу цохисон. Тэр үед Цэрэндулам машин руугаа ороод машинаасаа юм хайж хайж байгаад гарч ирэхдээ гартаа нэг хар юм барьж ирээд наад муу новшийг чинь алчихъя гээд дайрсан. Үндсэндээ миний нэг л нүд харж байсан. Би өөрийгөө хамгаалах зорилгоор гараа сунгаж Цэрэндуламыг цохисон. 15:50 минутад 102 дугаарт үл таних 3 эмэгтэйд зодуулсан гэсэн дуудлага өгснөөр энэ хэрэг явдал төгссөн. Тэр хавийн улсууд бид нарыг салгасан. Ийм л явдал болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 15:00-16:00 цагийн хооронд Да хүрээ захын нэгдүгээр хаалгаар юм авах гээд орсон чинь үүдэнд байсан төлбөр авдаг эгч надаас хураамж авна гэсэн. Тэгэхээр нь би эгчээ надад бэлэн мөнгө алга би шилжүүлж болох уу гэж хэлсэн. Тэр хооронд ээж би ариун цэврийн өрөө ороод ирье гээд машинаас буусан. Машинаа урагшлуулж зогсоогоод ээж рүү гүйж очоод намайг гарахад энэ хүн надад машинаа холдуул гэж хэлсэн. Би за ахаа одоохон гэж хэлээд ээж дээрээ очоод ээж та надаа утсаа өгч бай би зогсоолын мөнгө төлөөдөхье гэж хэлсэн. Машинаасаа буусан. Тэгээд ээжээс очиж утсыг нь авсан. Тэгээд төлбөр авдаг эгч миний банкны картыг аваад үлдсэн учраас зайлшгүй мөнгөө төлж байж явах шаардлагатай болсон. Тэгээд ээжээс утсаа аваад эргэж ирэхэд энэ хүн дахиад машинаа холдуул гэхээр нь за ахаа гэж хэлээд би дүүдээ утсаа өгсөн. Миний дүү очоод эгчийнхээ банкны картыг аваад 2000 төгрөгийн төлбөр төлөөд ир гэж хэлсэн. Тэгээд энэ ах дахиад машинаа аваад холдуулаач гэсэн. Тэгэхэд нь би ахаа түр байж бай би зогсоолынхоо мөнгийг төлөх гэж байна. Би жирэмсэн, тантай муудалцмааргүй байна гэж хэлсэн. Замын нөгөө талд байсан хүний хажууд байсан сандал дээр очиж түр суусан чинь энэ хүн над руу замын нөгөө талаас дайраад байсан. Ээж дүү 2 хүрээд ирсэн. Тэгээд бид 3 явах гэтэл энэ хүн миний өөдөөс татаж байсан тамхиныхаа ишийг миний нүүр рүү шидсэн. Тэгээд ээж явъя машиндаа суу гэхээр нь машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь энэ хүн миний машины ар талаас өшиглөсөн. Машин дотор 2 настай, 7 настай 2 хүүхэд байсан. 2 хүүхэд уйлаад, дүү нар сандралдаад ээж гадаа байсан. Тэгээд би машинаасаа буугаад та яаж байгаа нь гээд машинаас холдуулах санаатай түлхсэн чинь санаандгүйгээр нүд рүү нь миний хуруу орж таарсан. Тэгээд ээж явъя гээд намайг түлхүүд машинд суулгасан. Тэгээд хөдлөх гэсэн чинь зүүн талын хаалга руу машин хөдөлтөл өшиглөсөн. Тэгээд дахиад гарах гэтэл ээж суу явъя гээд намайг гаргаагүй. Дахиад хөдлөх гэтэл машины урд талаас өшиглөсөн. Би дахиад энэ хүн яаж байна гээд миний машинаасаа гарсан. Бид 3 гурвуулаа бууж таарсан. Тэгээд гараад ирсэн чинь энэ хүн яг эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг нүүр нь дундуур цохиод авсан. Би энэ хүн рүү 2 сантиметр ч ойртоогүй. Нүүр нь дундуур гал манартал цохиод авсан. Тэгээд би юу ч хийгээгүй машин руу эргэж очиж утсаа аваад би цагдаа дуудна гээд дуудлага өгсөн. Тийм л зүйл болсон гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Батсайханы өгсөн мэдүүлэг /хх-19-21/, гэрч С.Бямбасүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8378 дугаартай дүгнэлт /хх-28-29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8400 дугаартай дүгнэлт /хх-31-32/, Р.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н53/, *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 61/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 69-70/, хохиролын баримтууд /хх-н 64-68, 73-81/, яллагдагч Р.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 38-41/, яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ххн 46-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Яллагдагч Р.Э нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Да хүрээ” зах дотор автомашины түгжрэл үүсгэж, автомашинаа буруу байрлууллаа” гэх шалтгаанаар иргэн *******тай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч *******ын өгсөн: “...захын хашаан дотор орж зарах гэж байгаа машины урд талд түр зогсоод явган хаалган дээр машин хүнд очиж мөнгөө өгөөд буцаад ирэхэд тэнд зогсож байсан залуу намайг зайлаач гэж хэлэхээр нь би машиндаа суух гэтэл миний нүүр лүү татаж байсан тамхиа шидээд миний машины гүперийг өшиглөсөн . Тэгэхээр нь би тэр залууг түлхтэл миний гарын хуруу тэр залуугийн нүдэнд орчихсон. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл дахиад миний машины гүпер, зүүн талын хаалгыг өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очтол тэр залуу хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний хамраас цус гарсан.” /хх-17-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсайханы өгсөн: “...Мөн тухайн автомашинд зорчиж байсан эмэгтэй, Энхбаярыг түлхсэн... нилээд маргалдсаны дараа Энхбаяр гуай тухайн жолооч эмэгтэйг цохьсон..”” /хх-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8378 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******ын биед хоёр нүдний доод зовхины дотор хэсгийн цус хуралт, хоёр нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоогджээ. /хх-н 28-29/,
Яллагдагч Р.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагт Да хүрээ захын 1 дүгээр гарцан дээр цагаан өнгийн машинтай 3 эмэгтэй хүн ирж зорчигч талаас нэг эмэгтэй нь бууж явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би тэр машин очиж жолооч эмэгтэйд энд машин тавьж болохгүй гэж сануулсан. Тэгтэл жолооч эмэгтэй за одоохон гэж хэлээд машинаасаа бууж явсан. Тэгэхээр нь би машин дотор сууж байсан эмэгтэйд жолоочоо дууд энд машин зогсож болдоггүй юм гэж хэлсэн....”, “.. Тэр үед би анх машинаас буусан эмэгтэй хүрч ирээд чи яасан шалчигнуур хог вэ чиний машинууд чинь авс болж би өөрөө дотор нь орно гэж хэлсэн. Тэр үед би уурандаа машиных нь хойд талын гупер хэсэгт өшиглөтөл жолооч эмэгтэй нь машинаасаа бууж ирээд намайг пизда гээд миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл машинаасаа бууж ирээд тэр 3 эмэгтэй над руу зэрэг дайрсан. Тэр үед ээж нь бололтой настай эмэгтэй нь миний цээж мөр хэсэгт гараараа цохьсон, нөгөө нэг эмэгтэй нь намайг заамдаад чи насаараа хараалгах гээ юу гэсэн. Тэр үед жолооч эмэгтэй нь машин дотроо орж юм хайж байгаад гартай хар өнгийн юм барьчихсан гарч ирээд намайг цохих гэж дайрахаар нь би тэр эмэгтэй намайг дахиад нүүр лүү цохих гэж байна гэж бодоод өөрийгөө хамгаалж гараа өргөтөл тэр эмэгтэй цохигдсон. Тэгээд би хартал тэр эмэгтэйн хамар нь миний гарт цохигдсон байсан. Тэгээд би цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт Р.Эын өгсөн би өөрийгөө хамгаалж гараа өргөтөл хамар нь оногдсон гэх мэдүүлэг хохирогчийн тэр залуу хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний хамраас цус гарсан гэх мэдүүлэг, шинжээчийн *******ын биед хоёр нүдний доод зовхины дотор хэсгийн цус хуралт, хоёр нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо дүгнэлт, гэрч Б.Батсайханы өгсөн ...нилээд маргалдсаны дараа Энхбаяр гуай тухайн жолооч эмэгтэйг цохьсон... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар Р.Эын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай тогтоогдож байх тул Р.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Яллагдагч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Да хүрээ” зах дотор иргэн Р.Этай автомашин зогсдоггүй газар,машинаа тавьж болохгүй гэж шаардлага тавихад нь маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Хохирогч Р.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...машин дээр нь очиж жолооч эмэгтэйд машинаа холдуулаач зам бөглөрөөд байна гэж хэлэхэд тэр хүмүүс машинаа холдуулахгүй байсан. Тэгтэл жолооч эмэгтэй нь намайг чи ямар сүртэй пизда вэ гэх мэтээр хэлээд маргалдсан.”, “... эндээс зайл гэж хэлээд хойд талынх нь гүперийг өшиглөсөн. Тэгтэл жолооч эмэгтэй машинаас бууж ирээд яадаг муу пизда вэ гээд миний баруун талын нүдэнд гараараа нэг удаа цохьчихоод машиндаа суугаад явах гэхээр нь би урд талынх нь гүперийг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний 8400 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Р.Эын биед баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна.
Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Мөн тухайн автомашинд зорчиж байсан эмэгтэй Энхбаярыг түлхсэн. Тухайн үед цагаан машин ирээд Энхбаярыг цохиж түлхэж байсан тул би ойролцоо байсан тул ирээд салгасан. Миний харснаар Энхбаяр гуай тухайн иргэдэд наанаа зогсож болохгүй гэж хэлсэн боловч хэрүүл маргаан хийж Энхбаяр гуайг эхэлж цохьсон. Нилээд маргалдсаны дараа Энхбаяр гуайг тухайн жолооч эмэгтэй цохьсон ...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,
Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: .. тэнд зогсож байсан залуу намайг зайлаач гэж хэлэхээр нь би машиндаа суух гэтэл миний нүүр лүү татаж байсан тамхиа шидээд миний машины гүперийг өшиглөсөн. Тэгэхээр нь би машиндаа суугаад явах гэтэл дахиад миний машины гүперийг өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр залууг түлхтэл миний гарын хуруу тэр залуугийн нүдэнд орчихсон. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл дахиад миний машины гүпер, зүүн талын хаалгыг өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад очтол тэр залуу хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэр үед миний хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь “Р.Эыг машинаа энд тавьж болохгүй, автомашин зогсдоггүй газар” гэсэн шаардлага тавихад нь “за” гэж хэлээд мөнгө төлчихөөд ирэх үед тамхины ишээ нүүр лүү нь шидэж, улмаар түүний машины гупер, хаалга руу өшиглөөд байхаар нь түүнийг холдуулах гэж түлхэх явцад Р.Эын баруун нүд рүү гараараа хатгасанаас баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Эын гаргасан: “... би өөрийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гарган мэтгэлцэх боловч “Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний 8400 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Р.Эын биед баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүснэ гэсэн шинжээчийн дүгнэлт”, шинжээч эмч Г.Ханхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Гадна үзлэгээр ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Хэвлий дотор буюу хэвлийн битүү хэсэгт гэмтэл үүссэнийг тогтоох боломжгүй байсан...”,”... Гэмтэл нүүрний хэсэгт цус хурснаас өөрөөр гэмтэл тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг болон бусад хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад дахин шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Э, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Р.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Р.Э нь *******аас нүдний эмчид үзүүлсний 50.000 төгрөг, нүдний тос авахад 135.000 төгрөгийн хохирол гарсныг шүүгдэгч ******* нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч *******, Р.Э нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Р.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, Р.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* нь хамрын гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжилж авах эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Р.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э, ******* нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Э, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Р.Э, ******* нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. ******* нь хамрын гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсний дараа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжилж авах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.Э, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН