Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1591

 

2018.11.22

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Л.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Таван ламынхан овогт Тэрбишийн Т.Лд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0462 91238 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Таван ламынхан овогт Тэрбишийн Т.Л, 1974 оны 03 дугаар сарын 03-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, түүх газар зүйн багш мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, хүүгийн хамтаар Төв аймаг *************** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:************/,

Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ***************** тоотод бэр дүү Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед манай бэр унтаж байсан. Би гаднаас орж ирээд цай өгөөгч гэсэн босч ирэхгүй байсан. Тэгээд хэрүүл болоод нүүр ам маажих гээд байхаар нь би тийрээд унагаасан. Тэгээд хүүхдээ урдаа барьчихаад байсан. Би тэгээд шууд гараад явсан. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Харин би хажуугаар нь зөрөөд гарах гэтэл Т.Л миний үснээс зулгаагаад миний хацар луу алгадаж унагаагаад газар унасан байхад ширээн дээр байсан үнсний саваар миний толгой руу цохисон. Дараа нь гар руу цохисон. Бас босгож байгаад хоолой боогоод ширээ рүү нуруугаар дараад болгосон. Бас миний цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг газар унасан байхад хивсэн дээр чирээд миний биеийг зулгаасан. Миний хүү ааваа гээд гүйж очоод хөлнөөс нь тэвэрсэн чинь хана руу шидэж толгойгоор нь хана мөргүүлсэн тэгээд тэр оройгоос хойш чацга алдаад эхэлсэн”,

-“...Т.Л согтуу орж ирээд дүүг дээрэлхсэн гэж надтай хэрэлдэж байхад хүү Мөнхтүвшин хөлнөөс нь тэврээд авахаар нь хана руу шидэж толгойг нь хөдөлгөсөн” гэх мэдүүлэг. /хх-7-8, 26-27/,

Насанд хүрээгүй гэрч Э.Хүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ээж дүү бид гурав гэртээ орой 17:00 цагийн үед унтаж байхад авга ах Т.Л согтуу орж ирээд...ээж хашгираад байсан. Хэсэг хугацааны дараа ээжийн хүзүү нь улаан болсон, подволк нь цус болсон дүүгийн хамт бууж ирээд гарсан...” гэх мэдүүлэг. /хх-18-19/,

Гэрч Д.Доржхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 05 сард байсан өдрийг нь санахгүй байна орой 17 цагийн үед ажил дээрээ байж байтал үл таних эмэгтэй хүн 13-р байрны 2-р орцонд зогсож байсан, цаад талд нь жоохон хүүхэд тэвэрсэн охин байсан тул юу болсоныг нь асуутал хүнд зодуулсан, толгой хавдсан, зүүн гар нь хавдсан, нүүр ам нь цус болсон, хүзүүгээ маажуулсан байдлаа ингэж зодуулсан гэж харуулсан” гэх мэдүүлэг. /хх-20-21/,

Гэрч Т.Эрэнтөвч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ер нь хүү Мөнхтүвшин нь хөдөөнөөс ирэхдээ тархи нь хөдөлсөн юм шиг шингэлэг алдсан ирсэн тул эмнэлэгт үзүүлнэ гэж байсан тул үзүүлсэн. 2018.06.24-ны өдөр хүү Мөнхтүвшинг 18-р хорооны өрхийн эмнэлэг дээр очиж үзүүлээд чацга алдаад байна гэсэн чинь эм бичиж өгсөн. ...хэрэг гардаг өдрөөс хойш тархи нь доргисон зүйл байхгүй...”,

-“...манай хүү Мөнхтүвшин бид хоёр хөдөөнөөс юунаас болсныг мэдэхгүй байна шингэн алдаад байхаар нь наршсан эсэх, тархи нь хөдөлсөн эсэхийг үзүүлэх гэж 2018.05.21-ний өдөр авчраад ээжийг нь үзүүлээрэй гэж хэлсэн. Хэрэг харах үед байгаагүй учраас юу болсныг нь мэдэхгүй байна... хүүхдийн тархи нь хөдөө байхдаа юунаас болсныг мэдэхгүй байна 2 настай хүүхэд унаж босч явдаг учраас тархи нь доргисон байх угаасаа шингэн алдаад байсан” гэх мэдүүлэг. /хх-22-23, 24-25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6617 дугаартай дүгнэлт:

               1.Б.Бгийн биед зүүн гарын сарвууны 3,4-р хурууны 4-р (алганы) шивнүүрийн далд хугарал, баруун 11-р хавирганы далд хугарал, тархины доргилт, зүүн зулай, баруун хацар, баруун эрүүний булан, хоолой, цээж, баруун тохой, зүүн сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

               2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3.Шүүх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-14/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаа хотхоны 15-50 тоотод бэр дүү Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Лг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Л нь хохирогчид баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Т.Лд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Таван ламынхан овогт Тэрбишийн Т.Лг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т.Лд ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР