Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, С.А, Г.Д

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б, С.А, тэдний өмгөөлөгч Б.Энхтуяа,

цагаатгагдсан этгээд Г.Д, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Г.Оюунцэцэг,

хохирогч Л.М, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

хохирогч З Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, түүний өмгөөлөгч С.Батсайхан,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1749 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, хохирогч Л.Мы өмгөөлөгч Б.Манлайжав, хохирогч З Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б, С.А, Г.Д нарт холбогдох 2014250007353 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ааг олхинууд овгийн Б-н Б, 1980 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдаа, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

2. Боржигон овгийн С-н А, 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ............... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

3. Дамдин овгийн Г-н Д, 1950 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, инженер мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, охины хамт Сүхбаатар дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................./,

1. Б.Б, С.А нар нь бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Мд “замын ажлын гэрээ хийхэд дэнчингийн мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлэн их гарын сийлбэртэй тархи манан хөөргийг 30.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар хөөргөний үнэ буюу 30.000.000 төгрөгийг зээлж авсан мэтээр зээлийн гэрээ байгуулж, Л.Мы хөөргийг авахдаа “замын ажил бүтвэл 100.000 ам.доллар нэмж өгнө” гэж хуурч, бусдад 60.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2. Г.Д нь үргэлжилсэн үйлдлээр буюу “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-д “замын тендерийн ажлын урьдчилгаанд өгнө” гэж хуурч 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Брау Хаус” дотор иргэн Б.Баас 24.000.000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Брау Хаус” дотор БНХАУ-ын иргэн Жан Жунаас 40.000 ам.доллар буюу 65.186.000 төгрөгийг тус тус залилж бусдад 89.186.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянзүрх дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Дамдин овогт Г-н Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Дг цагаатгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ааг олхинууд овгийн Б-н Б, Боржигон овгийн С-н А нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,

Ааг олхинууд овгийн Б-н Б, Боржигон овгийн С-н А нарыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Б.Б, С.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Г.Д 44 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Энэ шийтгэх тогтоолын хүрээнд С.А Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Б.Б, С.А, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

/Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 296 дугаартай шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ааг олхинууд овгийн Б-н Б, Боржигон овгийн С-н А нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.” гэж залруулга хийсэн./

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Д “надад яаралтай мөнгө олж өгвөл ажлыг маань бүтээж өгнө” гэсэн. Үүнээс бүх зүйл эхэлсэн, намайг гэмт хэрэгтэн болгож Г.Дг цагаатгасанд гомдолтой байна. Энэ хэрэг Г.Даас эхлэлтэй гэж би үзэж байгаа. Г.Д надаас мөнгө авчихаад ажил бүтээгээгүй боловч 14 хоног дотроо уг мөнгийг буцаагаад өгсөн бол ийм асуудал үүсэхгүй, 5-6 жил ингэж явахгүй байсан. Г.Д сүүлдээ цагдан хоригдож байж бид нарт мөнгө өгсөн, түүнтэй бүлэглэж үйлдээгүй.” гэв.

 

Хохирогч Л.Мы өмгөөлөгч Б.Манлайжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтанд тулгуурлахгүйгээр, шинжээч эмчийн дүгнэлтээр гарсан хохирлын үнэлгээг нотлох баримтаар үнэлэхгүйгээр сэжигтэн, яллагдагч нарын аман мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй бичгийн гэрээг үндэслэж, хохирлын үнэлгээг үндэслэлгүйгээр багасгаж, 60.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн их гарын тахь манан хөөргийг 30.000.000 төгрөгийн үнэлгээр тооцсон. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ингэснээр хохирлын үнэлгээ 50 хувиар буюу 30.000.000 төгрөгөөр тооцогдсон, хохирлын үнэлгээ өөрчлөгдснөөр зүйлчлэл өөрчлөгдөж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Энэ гэмт хэрэг хэдэн удаа хэрэгсэхгүй болж, хохирогч Л.М энэ хэргийн араас үндсэндээ 5 жил хөөцөлдсөн. Энэ хөөрөг бол эргэж гарч ирэхгүй нь тодорхой боловч тэрийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд байгаа. Энэ гэмт хэрэг дахин давтагдах уу, эсхүл нэг бүрийн шинжээр тодорхойлогдох уу, эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох уу гэдэг нь ойлгомжтой. Зураг нь хадгалагдаж байсан учраас зургаар нь үнэлгээ хийх боломж нь нээлттэй. Шүүх нотлох баримтад тулгуурлахгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1749 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 296 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 296 дугаартай шүүгчийн захирамжийн шүүх хуралдаан болох өдрийн өглөө шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Миний хувьд очих боломжгүй байсан бөгөөд ямар учраас ийм шүүх хуралдаан хийх гэж байгаа талаар лавлахад бичигдсэн шийтгэх тогтоолоо засах гэж байна, танд ямар ч байсан шүүх хуралдааныг мэдэгдсэн гэсэн. Энэ шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох боломж хязгаарлагдсан. Энэ үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч З Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “40.000 ам.доллар авч замын ажилд зуучилсан гэж хэлсэн. З Ж захирлаас 40.000 ам.доллар авч, дараа нь худал гэрээ хийсэн тул ажил байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөөргийг үнэлсэн олон үнэлгээ гарсан бөгөөд тухайн үед зураг нь байгаа боловч толгойг нь өөр газраар үнэлүүлдэг. Анхан шатны шүүх дээр шинжээч нь өөрөө ирээд “хагархай толгой байсан бол өөр үнэлгээ гарах байсан. Энэ толгойг бүтэн гэж хэлж надаар үнэлүүлсэн. Тиймээс бид нар үнэлгээг ийм өндөр гаргасан” гэж хэлсэн. Н.Жанцан “Хагархай толгойтой байсан тул би хөөргийг хамгийн өндөр үнээр худалдаж авсан байсан гэдгийг мэдсэн.” гэж хэлсэн. Энэ хөөргийг тухайн үед хохирогч Л.Мтай тохиролцсоны үндсэн дээр зарж, борлуулж, Г.Д гэдэг хүнд мөнгийг шүүгдэгч Б.Баар дамжуулж өгсөн. Би Г.Дийг тухайн үед таньдаггүй байсан бөгөөд Б.Б нь Мөнхбадралтай уулзаж, Г.Д бол “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-ийн хуулийн зөвлөх тул би итгэсэн. Г.Дгаас болж мөнгө ирэхгүй байсан бөгөөд Л.М надад гомдол гаргаж, эрүүгийн хэргийн энэ асуудал одоо 5 дахь жилээ үргэлжилж байна. Хөөрөг нь хагархай толгойтой байсан болохоор бодит үнээрээ үнэлэгдээгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б, С.А нарын өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэргийн бодит үнэлгээнд маргасаар байгаад өдийг хүрсэн. Хөөргийг анх дэнчин болгох гэж С.А нь хохирогч Л.Маас хөөргийг авсан байдаг. Энэ хөөргийг авахдаа талууд зээлийн гэрээг байгуулж, ганцхан хувь үлдэж байгаа учраас гарын үсэг зурах шаардлагагүй гэж зээлийн гэрээгээ өөрөө авсан учраас талууд итгэлцлийн үндсэн дээр 30.000.000 төгрөгөөр хөөргийг зарж борлуулж, харилцан өгөхөөр тохиролцсон асуудал байгаа. Анхан шатын шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ шүүх хуралдаан дээр Монголын хохирол үнэлгээчдийн холбооны үнэлгээчин Д.Ганхуяг бол шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Миний үнэлсэн үнэлгээ бол хөөрөгний толгойг бүтэн байдлаар үнэлсэн үнэлгээ. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр Н.Жанцан оролцсон. Хөөрөгний толгой хагархай толгой байсан байна гэж хэлдэг. Өмгөөлөгчийн хувьд маргаж байгаа зүйл бол хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотлооч ээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж байгаа. Хохирогч Л.М хэдийгээр 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд Тайвань хот руу явсан нь нотлогддог боловч Монгол Улсын хилээр хөөргийг оруулж ирсэн нь нотлогддоггүй. Нэг болохоор би халаасандаа хийж оруулж ирсэн, эсхүл чемодоныхоо дор хийж оруулж ирсэн гэдэг. Гэхдээ 38.000 ам.долларыг хаанаас авсан бэ гэдэг эх сурвалжаа нотлоогүй. 38.000 ам.долларыг валют арилжааны газар очиж солиулж, аваад ирсэн гэсэн нотлох баримтаа гаргаж өгдөггүй. Анхан шатын шүүх хуралдаан эхэлж байхад “Дамно” ХХК-ийн үнэлгээ 50.000.000 төгрөгөөр гарахад хохирогч зөвшөөрч байна гэсэн. Дараа нь “Батос” ХХК-ийн үнэлгээ 65.000.000 төгрөг гэж үнэлэхэд хохирогч мөн зөвшөөрч байна гэсэн. Дараа нь Монголын хохирол үнэлгээчдийн холбоо 60.300.000 төгрөгөөр үнэлэхэд мөн зөвшөөрч байна гэсэн. Үнэлгээ өөрөө тогтворгүй байхад хохирол төлөх боломж тухайн үед их хэцүү байсан. Залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэх мөнгийг миний үйлчлүүлэгч нар авч ашиглаагүй. Тухайн үед хөөргийг зарж Г.Дд 24.000.000 төгрөгийг өгсөн. Г.Д 14 хоногийн дотор энэ ажлыг бүтээгээд өгье гэсэн. Г.Дгийн хэлсэн үг болгоныг хохирогч хэлж байсан нь үнэн. Ийм нөхцөл байдлаас болж хэргийг хянуулах нь зүйтэй гэж шүүгдэгч Б.Б гомдолтой байдаг учраас давж заалдах гомдол гаргасан. Тайвань хотод өөрийнх нь мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийдэггүй. Тайвань хот руу явж туршлага судлаад ирсэн манай улсын хуульчид энэ асуудлыг ярьдаг. Эдгээр нөхцөл байдлаас анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Дэнчинд тавъя гэдгээ хэлэхэд хохирогч зөвшөөрөөд хөөргийг өгөөд явуулсан. 100.000 ам.долларыг ямар учраас тус тус 50.000 ам.доллараар өгнө гэдэгт итгэсэн бэ гэхэд “би итгээгүй” гэдэг. Итгэл төрүүлж 100.000 ам.доллар гэж бичсэнтэй санал нийлдэггүй. Иргэний эрх зүйн харилцаа юу, эрүүгийн эрх зүйн харилцаа юу, залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу гэдгийг шүүх бүрэлдэхүүнээс хянаж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Б.Бын хувьд энэ хэрэгт нэг талаар хохирогч, нөгөө талаар шүүгдэгч юм. Өөрөөр хэлбэл, Г.Дтай холбоотой үйлдэл дээрээ хохирогч, Л.Мтай холбоотой үйлдэл дээрээ шүүгдэгч юм. Б.Бын гомддог зүйл бол Г.Д энэ мөнгийг тухайн үед аваад, 14 хоногийн дотор ажлаа бүтээгээд өгсөн бол хохирогч Л.Мд 30.000.000 төгрөг, 60.300.000 төгрөгийн хохирлыг учруулахгүй байсан гэдгийг хэлдэг. Хохирогч Л.Мы хөөргийг Н.Жанцан гуай 6 сарын хугацаанд хадгалсан. Худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөж байгаад Хонг конгийн жуулчинтай хөөргөө сольсон гэсэн асуудал яригддаг. Хохирогчид 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан асуудал байгаа, анхан шатны шүүх дээр үнэлгээчин орж ирээд, би буруу үнэлсэн байна, үнэлгээг дахин хийх хэрэгтэй гэж өөрөө үнэлгээнийхээ тайлбарыг гаргаад байхад шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлээд шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцсэн гэж үзэж байна.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөв гэж бодож байгаа тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Дгийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1749 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Шийтгэх тогтоол нь хуульд заасан хэрэгт цугларсан нотлох баримт нь дээр үндэслэж, хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянаж, гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б, хохирогч З Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж нарын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм. Ж нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй, тухайн үед түүнд шүүх хуралдаанд оролцох эрх зүйн акт ч байхгүй байсан. 40.000 ам.долларыг Г.Д авсан гэсэн асуудал нь Жтай хамааралгүй, харин З Жтай хамааралтай. Эдгээр хоёр хүний хооронд болон Г.Д нарын хооронд хийсэн гэрээ байдаг. Гэрээнд дурдснаар замын тендерийн ажил олж өгөөд 40.000 ам.доллар өгнө, тухайн тендерийн ажил олоогүй нөхцөлд мөнгийг буцааж өгнө. Хэрвээ ямар нэгэн ажил олж өгсөн нөхцөлд хүчин төгөлдөр бус болно гэж Хятад, Монгол хэл дээр бичигдсэн нотлох баримт хэрэгт байгаа. Үүнд анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн бөгөөд гэрээ байгуулагдсан гэдэг нь З Жы компанийн удаа дараагийн хүсэлтүүд, гэрээ байгуулж замын тендерийн ажил хийсэн “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-ийн тайлбар, албан тоот зэрэг тухайн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа мөнгөө өгч чадаагүй учраас тухайн гэрээг сунгуулахын тулд Г.Дд 2, 3 удаа хандаж, хугацаа сунгуулсан. Төлбөрөө төлж чадаагүй учраас энэхүү гэрээ цуцлагдсан баримт байгаа. Үүнийг анхан шатны шүүх тал бүрээс нь дүгнэж үзсэн бөгөөд давж заалдах гомдлууд үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Дгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлсэн мөнгө нь дээр ямар нэгэн хүү бичигдээгүй байгаа. Ямар нэгэн байдлаар иргэний журмаар Г.Дг хариуцагчаар татвал шүүх шийдэх эрх нь нээллтэй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж байсан. Зээлийн гэрээ нь дээр хүүг бичээгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх зөв зүйтэй дүгнэлт хийж, хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогчоор тогтоогдсон этгээд анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Үүнтэй танилцаж үзэхэд хохирогчоор тогтоогдоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. 6 удаа шүүх хуралдаан хойшлоход нэг ч удаа хохирогч талаас ирээгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр ирцийн талаар бүх оролцогч нараас асуухад ямар нэгэн байдлаар шүүх хуралдааныг хойшлуулъя гэсэн санал хүсэлт гаргаагүй. Шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа хуурамчаар итгэмжлэл хийсэн гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүн итгэмжлэлийг судалж үзэх байх гэж үзэж байна.” гэв.

 

Хохирогч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад анх хөөргийг 180.000 юаниар зарчихаад өгье гэхэд нь би итгээд өгсөн. Өмгөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбар хэлэхдээ надад яагаад тийм их мөнгө байсан талаар ярьж байна. Би Америкийн Нэгдсэн улсад 2002-2009 он хүртэл 8 жил амьдарсан. Би 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байр худалдаж аваад, надад 50.000.000 төгрөг хэрэг болчихоод зээл хөөцөлдөөд явж байсан. Би Америкаас автомашин оруулж ирж зардаг байсан, бөгөөд манай улсад оруулсан татварын баримт байгаа. Би доллар барьж үзсэн хүн. Би 26.000 ам.доллараар хөөрөгний бөгсийг худалдаж авсан. Хоёр толгой нийлүүлээд 8000 ам.доллараар авсан. Одоо болохоор хөөрөгний толгойг хагархай байсан гэж ярьдаг, хагархай толгойг Н.Жанцан гадны хүнд зарсан гэж ярьдаг. Миний хөөргийг анхнаасаа ингэж залилаж авахад Н.Жанцан их нөлөөлж байгаа. Би 5 жил ингэж явахад, Гомбажав гэдэг хүний аав Улсын төрийн товчоонд ажиллаж байхад Н.Жанцан туслахаар нь ажиллаж байсан юм байна лээ. Эдгээр хүмүүс бүгд холбоотой, шүүх хуралдаан дээр орж ирээд хагархай толгойтой хог байсан гэж хэлж байна. Хог байсан бол яагаад гадаад руу зарсан бэ, 6 сар өөр дээрээ байлгасан гэж байна. 6 сар байлгасан бол яагаад над руу яриагүй вэ, Н.Жанцанд миний утасны дугаар байгаа. Урьд нь Н.Жанцан миний хөөргийг үзэж байсан. Өөр хүнд зээлийн гэрээ нь дээр гарын үсэг зуруулаад ир гэж байна. Бид эдгээр хүмүүстэй зээлийн гэрээ огт хийгээгүй. Зээлийн гэрээ өөрсдөө гаргаж ирээд ийм зүйл ярьдаг. Улсын Их Хурлын гишүүд хүртэл Н.Жанцан гуайг Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн биш, Үндсэн Хуулийн Цэцэд үнэт эдлэлийн түц ажиллуулдаг гэж хэлдэг.” гэв.

 

Хохирогч З Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч Жын өмгөөлөгч С.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг Жд өгөөд явуулсан байсан. Хэргийн материалтай давж заалдах шатны шүүх дээр ирж танилцсан. Г.Дд БНХАУ-ын иргэн З Ж 40.000 ам.долллар өгсөн. 40.000 ам.доллар нь өрийн бичиг гэдэг байдлаар хийгдэж, “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай Улаанбаатар хот, Алтанбулаг боомтын хооронд хийгдэх хурдны автозамын концессын гэрээний асуудлын талаар гаргасан Засгийн газрын тогтоолуудтай холбоотой. Хэргийн материалтай танилцахад Жын эрхийг хангаагүй байна гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад хэргийг прокурорт буцаасан 965 тоот шүүгчийн захирамж байдаг. Уг шүүгчийн захирамжид “шүүгдэгч Г.Д 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн З Жаас 40.000 ам.долларыг хуурч мэхлэх аргаар залилан авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн атлаа хохирогч З Жд хэргийн материалыг танилцуулаагүй байна” гэсэн агуулгатай. Шүүгчийн захирамжид заасан үндэслэл шаардлагыг биелүүлэхгүйгээр дахиад яллах дүгнэлт үйлдэж шийдсэн байна гэсэн асуудал яригдаж байна. Г.Д гэдэг хүн “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-тай ямар эрх зүйн харилцаатай болохоор Г.Д зуучлах эрх бүхий субъект вэ. Хавтас хэрэгт З Жы компани нь “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Концессын гэрээ Засгийн газартай байгуулсан бол гэрээний дагуу “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК зардлыг төлж, З Ж гэдэг хүн замыг барихад туслан гүйцэтгэгчээр орох гэрээний асуудал яригдаж байсан. Гэтэл 2 дугаар хавтас хэргийн 239 дүгээр талд 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-ийн тайлбарт “Г.Должин, С.Адъяа, Б.Б нартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Г.Д гэдэг хүн Монгол Улсын Засгийн газраас ийм концессын гэрээ гарч байна. Үүнийг Монгол Улсын “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК дангаараа гүйцэтгэж чадахгүй гэж бодсон. “Чингис Лэнд Девелопмент Групп” ХХК-ийн захирлаас яагаад концессын гэрээний дагуу ажлаа явуулаагүй вэ гэхэд “БНХАУ-ын иргэн З Ж гэдэг хүн 3.000.000 ам.доллараа өгөөгүй болохоор гэрээ дуусгавар болсон” гэж хариулсан. З Ж өөрөө мөнгөтэй гэдгийгээ Засгийн газрын өмнө баталж, концессын гэрээ байгуулагдсан байгаа. Гэтэл өнөөдөр хамтран ажиллах талаар байгуулсан гэрээнийхээ талаар “би чамд гэрээ байгуулж өгсөн, 5-6 хоногийн дотор 3.000.000 төгрөгийг өг” гэсэн шаардлага тавьдаг. Ж нь хохирогч З Жы эрх ашгийг хамгаалах эрх бүхий субъект мөн эсэх талаар асуудал яригдаж байгаа. Гуравдугаар дугаар хавтас хэргийн 52 дугаар талд Жын итгэмжлэл байгаа. Итгэмжлэл нь хугацаатай хийгдсэн учраас гэмт хэргийн хохирогчийн асуудлын тал дээр итгэмжлэл нь хугацаатай олдсон, хохирогчийн асуудлын тал дээр эрхээр нь хангаагүй атлаа хөөн хэлэлцэх хугацаанд хамруулж асуудлыг шийдэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирогчийг мэдээллээр хангах гэсэн асуудлаар яригддаг. Энэ талаар анхан шатны шүүх гомдлыг гаргаж яагаад шүүх хуралдааны товыг Жд мэдэгдээгүй вэ гээд тов мэдэгдсэн хүмүүсийн нэрнээс харахад байхгүй байсан. Одоо бол нөхөж бичсэн байх. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Г.Д нь С.А, Б.Б нар дээр очиж асуудал үүсгэсэн юм шиг ярьж байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай үгүйсгэгдэж байгаа. 6.000.000 төгрөгийг Мөнхбадралаар дамжуулж Г.Дд өгсөн гэсэн асуудал ярилаа. Энэ талаар хавтас хэрэгт авагдсан Мөнхбадралтай хоорондоо бичсэн Б.Бын өөрийнх нь зээлийн бичиг буюу нотолгоо болох баримтууд байдаг. Энэ талаар Мөнхбадрал 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ нь хэрэгт хамааралгүй байна гэж үзэж байна. Хохирлын үнэлгээний талаар ярихад хөөргөнд 3 удаа үнэлгээ хийлгэсэн байдаг. Хөөрөг биетээр байхгүй учраас үнэлгээ нь дээр маргаан гардаг. Шүүх хуралдаан дээр Хохирол үнэлгээчдийн холбооны гишүүн үнэлгээчинг оролцуулж асуухад “тухайн хөөргийг үнэлэх боломжгүй” гэсэн. Н.Жанцан гуайг шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр дуудсан байдаг. Анхан шатны шүүх дүгнэхдээ 10 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөгөөр үнэлж зээлийн гэрээ хийж, хойно нь 50.000, 50.000 ам.долллараар ажил бүтвэл шан харамж амласан баримт байдаг. Үүнийг үндэслэж хохирогч Л.М өөрийн хөөргийг өгч явуулсан. Хэдийгээр хохирогч Л.М анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа боловч хэрэгт авагдсан баримтаад Б.Б, С.А нар нь тухайн хөөргийг авахдаа шан харамж амлаж, 30.000.000 төгрөгөөр үнэлж хоорондоо тохиролцож авсан үйл баримт тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлага хангаагүй байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, С.А нарыг бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.Мд “замын ажлын гэрээ хийхэд дэнчингийн мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлэн их гарын сийлбэртэй тархи манан хөөргийг 30.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар хөөргөний үнэ буюу 30.000.000 төгрөгийг зээлж авсан мэтээр зээлийн гэрээ байгуулж, Л.Мы хөөргийг авахдаа “замын ажил бүтвэл 100.000 ам.доллар нэмж өгнө” гэж хуурч, бусдад 60.300.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “...хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг хохирлын хэмжээнд тооцох боломжгүй, хөөрөгний үнэлгээг хохирогчтой анх зарахаар тохиролцсон гэх хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр 30.000.000 төгрөгөөр тооцлоо” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирогч Л.Мы алдсан хөөрөгний үнэлгээг тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын хооронд “Замын ажлын гэрээ байгуулахад дэнчин тавих”-аар тохиролцсон хэлцлийг халхавчилж байгуулсан “Зээлийн гэрээ” гэх баримтад тусгагдсан үнээр буюу 30.000.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Л.М нь хөөрөгний үнийг “...эртний эдлэл зардаг дэлгүүрээс 38.000 ам.доллараар худалдан авсан. Одоогийн ханшаар 50.000 ам.доллар хүрнэ. Гэхдээ би мэргэжлийн шинжээч нарын үнэлгээг зөвшөөрч байгаа” гэж удаа дараа мэдүүлж байсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоох нь хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж болзошгүй, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудалд ч чухал нөлөөтэй байна.

 

Иймд шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээтэй холбоотой нөхцөл байдлууд харилцан зөрүүтэй байхад прокурорын ялласнаас өөр байдлаар дүгнэсэн атлаа түүнийг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1749 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, С.А, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1749 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, С.А, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл Б.Б, С.А, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ