Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0178

 

НХ  ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Тогтохням, өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор НХ  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ....Төрийн өмчийн хорооны 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах бүрэн эрхтэйг зааж өгсөн бөгөөд энэ бүрэн эрхийнхээ дагуу тус тогтоолыг гаргасан. Мөн Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам-ын 1 дүгээр бүлгийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байгаа бөгөөд энэхүү журмын тухайн заалтад Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол Төрийн өмчийн хорооны зөвшөөрөл авна гэж заасан. НХ  ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй. Мөн дээрх журмын 2 дугаар бүлгийн 20 дахь заалтад Түрээслэгч нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж 15 машины гарааш, гэр тэрэг зэргийг барьсан, хариуцагч нарын хооронд байгуулсан 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04-93/ТТХГ-01 дугаартай Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 4.3, 4.10 дахь заалтуудыг зөрчсөнийг нь үндэслэжээ. Мөн Авилгатай тэмцэх газрын тухайн гэрээг хууль журмын дагуу хийгдээгүй, гэрээ хийсэн албан тушаалтнууд нь албаны эрх мэдлээ урвуулан ашигласан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна 2013 оны 06/9650 дугаар албан бичигт гэсэн хариу өгсөн нь энэхүү гэрээ НХ  ХХК-д давуу байдал үүсгэж хийгдсэн.

2.    НХ  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус гэрээний 1.8 дахь заалтад орсон үнийн дүнгээр хөрөнгө оруулалт оруулсан гэх боловч тус хорооны 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэлд Төрийн өмчийн хорооны 2001 оны 615 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хяналт тавих, хүлээн авах, тооцож баталгаажуулах ажлыг зохион байгуулах журам-д зааснаар тус хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзсэн байдаг ба тус гэрээнд 1.8 дахь заалтад найруулагдаж орсон байдал нь тухайн гэрээг хийсэн албан тушаалтныг албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэх үндэслэлтэй байгааг Авилгатай тэмцэх газрын 06/9650 дугаар албан бичгээс харагдаж байна. Мөн тус гэрээний 3.7, 4.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа ба энэхүү заалтуудад гэрээнд зааснаас бусад тохиолдолд гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд хариуцлага хүлээхээр заасан ба 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоол нь гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл бий болсноор гарсан гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг Тагнуулын төв газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хэрэгжүүлнэ гэж заасан тул хуулиар хамгаалалтад авагдсан албан тушаалтан, иргэн, байгууллагын үйл ажиллагааны аюулгүй байдлыг Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцдаг.

... ИТЦ -ын захирал М.Г  НХ  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Э нар 2004 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээ-г байгуулсан нь Төрийн хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг Төрийн хамгаалалтын бүс, хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд эрх бүхий тушаалтан, төрийн хамгаалалтын эрх бүхий албан хаагчаас бусад хүн зөвшөөрөлгүй, эсхүл зэвсэг, тусгай хэрэгсэлтэй нэвтрэн орох, цэрэг, зэвсэг техникийн хүч хуралдуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчин Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтад авагдсан Их тэнгэр-ийн амны төрийн тусгай хамгаалалтын бүсэд хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын иргэнийг байнга чөлөөтэй нэвтэрч байх боломжийг олгосон нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын газраас гаргасан хамгаалалтын журмуудыг зөрчсөн. Дээрх түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн хороогоор баталгаажуулаагүй нь Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол болон энэхүү гэрээг үргэлжлүүлэн 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хийхдээ Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дахин зөрчсөн. Төрийн өмчийн хорооны 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар тогтоол, Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар тухай тогтоолын зохих загвар, журмыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн хийсэн гэрээ болно.

Хууль, журам зөрчин гэрээ байгуулсан үйлдлийг Авлигатай тэмцэх газраас 2013 оны 11 дүгээр сард шалгаад илт ашиг сонирхлын шинжтэй заалтууд тусган оруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ.

...Энэ нөхцөл байдал, анхнаасаа холбогдох хууль, журмыг зөрчин түрээсийн гэрээ байгуулсан үйлдэл, эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн байгууллагаас хянан шалгасан дүгнэлт зэргийг үндэслэн Төрийн өмчийн хорооноос 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд хууль бус үйлдлийг таслан зогсоох, зөрчлийг арилгах, хууль хэрэгжүүлэх үүднээс түрээсийн гэрээг цуцлах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Иймд Төрийн өмчийн хорооны түрээсийн гэрээг цуцалсан 2014 оны 143 дугаар тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байна гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3, 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2.5-д заасныг баримтлан Төрийн өмчийн хорооны 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрт үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохоор үнэлж чадаагүй, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар мөн л үнэлж, дүгнэж чадаагүй, үндэслэх хэсэгт дараах дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Маргаан бүхий захиргааны актаар дуусгавар болгосон 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04-93/ТТХГ-01 дугаар түрээсийн гэрээний хувьд мөн иргэний эрх зүйн харилцаанд хамаарах иргэний эрх зүйн түрээсийн гэрээ биш, харин нийтийн эрх зүйн хүсэл зоригийг илэрхийлэн нэг тал нь давуу эрхтэйгээр оролцсон, нэг тал дангаар болон хуульд заасан тохиолдолд дуусгавар болгох захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа гэж шүүх дүгнэв.

Харин төрийн өмчийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, түрээсийн байр нь төрийн тусгай хамгаалалтад багтах газар нутагт оршдогоос шалтгаалж төрийн тусгай хамгаалалтын аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх нийтийн эрх зүйн хүсэл зоригийн дагуу Төрийн өмчийн хороо болон түрээслүүлэгч болох Төрийн тусгай хамгаалалтын газрын хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Төрийн өмчийн хороо, Төрийн тусгай хамгаалалтын газраас давуу эрхтэйгээр гэрээг дангаар цуцлахаар зааснаас гадна гэрээ нь төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан гэрээний үлгэрчилсэн загвараар байгуулагджээ.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон зорилго, үндэслэл, шалтгааныг хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудын хүрээнд дүгнэхэд:

а. Төрийн өмчийн хороонд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11.1.1, 11.1.2, 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу эрх олгогдсоны дагуу батлагдсан Засгийн газрын 2001 оны 134 дүгээр журмын 1.6, 1.19, 1.20, 1.21-д олгогдсон чиг үүрэгт хамаарах төрийн өөрийн өмчийг түрээсэлсэн албан тушаалтны хуульд нийцээгүй, алдаатай гарсан шийдвэрийг хуульд нийцүүлэх, төрийн өөрийн өмчийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн хэрэгжилтийг хангахаар гаргажээ. ингэж дүгнээд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Шүүхийн хийсэн дүгнэлтүүдийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

1. Түрээсийн гэрээ нь иргэний эрх зүйн түрээсийн гэрээ биш, нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийлэл гэрээ болон хуульд заасан тохиолдолд дуусгавар болгох захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа юм гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь захиргааны гэрээ мөн эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй, зөвхөн захирамжилсан үйл ажиллагаа гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл, нэг талын эрх ашгийг хамгаалж хийж буй дүгнэлт юм.

Зүй нь шүүхээс талуудын хооронд байгуулагдсан төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь хувийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан, эсхүл нийтийн эрх зүйн хүрээнд байгуулагдсан захиргааны гэрээний чухам аль нь болохыг ялгаж, салгаж чадаагүй болно. Хэрвээ Төрийн өмчийн хорооны гаргасан тогтоолыг хуулийн хүрээнд гарсан, хууль бус биш гэж үзсэн бол цуцлагдсан гэрээ нь захиргааны гэрээ байх учиртай. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээнд захиргааны гэрээний анхдагч шинжүүдийг агуулсан нөхцөл огт тусгагдаагүй болно. Иймд энэхүү гэрээ нь хувийн эрх зүйн хүрээнд, холбогдох төрийн байгууллагын оролцоотой хийгдсэн гэрээ болох нь нотлогдоно.

2. Шүүхээс нэхэмжлэгчийг буруутгаж цааш дүгнэлт хийхдээ:

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусдад дамжуулан түрээслэхдээ зөвшөөрөл аваагүй, Төрийн тусгай хамгаалалтын газрын өмнөх удирдлагууд хууль зөрчиж гэрээ байгуулсан, Төрийн өмчийн хороо нь төрийн өөрийн өмчийн хадгалалт, ашиглалт, эзэмшилт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд гэрээ цуцалсан арга хэмжээ авсныг буруутгах учиргүй, Төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлж, хэрэгжүүлсэн гэж зөвтгөсөн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн, энэ зөрчлийг удаа дараалан болон ноцтой зөрчсөн талаар ямар нэг баримт огт байхгүй болно. Шүүхийн зүгээс ийм үндэслэлгүй, хөнгөн хуудуу дүгнэлт хийсэн явдал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасан зохицуулалтыг зөрчсөн явдал гэж үзэж байна.

3. Шүүхээс энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэлийн талаар дүгнэхдээ:

Өмнө нь гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөх зорилгоор зайлшгүй авах ёстой арга хэмжээ байсан гээд Төрийн тусгай хамгаалалтын газрын өмнөх удирдлагуудын гэм буруугийн асуудлыг Авлигатай тэмцэх газрын нэгэн албан тушаалтны ирүүлсэн албан бичгийг үндэслэл болгожээ. Энэ үндэслэл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж хийсэн дүгнэлт байдаг. Шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох Төрийн өмчийн хорооны 2014 оны 143 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар ямар нэг дүгнэлт хийсэнгүй. Шүүх хуралдаанд энэхүү тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар өмгөөлөгч миний бие хангалттай ярьж, мэтгэлцсэн билээ.

Төрийн өмчийн хорооны энэ тогтоолын улмаас бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учирч, төрийн өмч эзэнгүйдэж, улсын төсөвт орох ёстой орлого 1 жил гаруй хугацаагаар тасалдсан, нэхэмжлэгч талын бизнесийн нэр хүнд унасан байтал ямар нэг хохирол учраагүй гэж шүүх дүгнэсэн явдал нь хууль зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болохыг шууд нотолж байна.

Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасан ...Захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана гэсэн заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гаргалаа. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа ИТЦ -ын үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй орон сууцны зориулалттай 24 дүгээр байрыг түрээслүүлэх гэрээг тухайн цогцолборын захирал болон Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга нар НХ  ХХК-тай 2004, 2006 онд байгуулсныг Төрийн өмчийн хороо 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд шинээр НХ  ХХК-тай түрээсийн гэрээ байгуулах, гэрээнд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн түрээслэгчээс оруулсан хөрөнгө оруулалтыг орон сууцны дамжуулан түрээслэх орлогоос олох боломж, хөрөнгө оруулалтын зардлын нөхөх хугацааг түрээсийн гэрээний хугацаатай уялдуулан тогтоохыг даалгаж шийдвэрлэсэн.

 

Улмаар Төрийн өмчийн хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, НХ  ХХК нар 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, ИТЦ ын 24 дүгээр байрыг эд хөрөнгийн хамт заагдсан газрын хил хязгаарын дотор үйлчилгээ, зочид буудал, зоогийн газар, орон сууцны зориулалтаар 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 8 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцжээ.

 

Гэрээний оролцогч талууд дээрх гэрээгээ Иргэний хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан, энэ тухайгаа гэрээний 1.2-т Өмчлөгч, түрээслүүлэгч, түрээслэгч талууд нь Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын бусад хууль тогтоомж, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, холбогдох бусад дүрэм, журмыг мөрдлөг болгон ажиллана гэж тусгажээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д ...төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно, 3-д Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана, Засгийн газрын 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам-ын Хоёрын 12-д Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн бичгээр байгуулна гэж заасан байна.

 

Эдгээрээс үзвэл Төрийн өмчийн хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, НХ  ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн иргэний эрх зүйн гэрээнд хамаарахаар байна.

 

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллагын хувьд Төрийн өмчийн хороо нь төрийн өмчлөлийн хөрөнгийг түрээслэх гэрээ байгуулахдаа Иргэний хуульд нийцүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолд заасан журмыг мөрдлөг болгож гэрээний батлагдсан загвар ашиглаж, хуульд тусгайлан заасан нөхцөлүүдийг гэрээнд оруулсан зэрэг нь тухайн гэрээг захиргааны байгууллагын захирамжилсан үйл ажиллагаа гэж дүгнэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл дээрх түрээсийн гэрээг оролцогч талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд гэрээг байгуулахгүй байх боломж тэдгээрийн хэн алинд нь ялангуяа түрээслэгч НХ  ХХК-д байжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай.

 

Төрийн өмчийн хороо маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаар тогтоолоор дээрх түрээсийн гэрээг цуцалсан бөгөөд цуцлах болсон нэг үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 /Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын зохион байгуулж гүйцэтгэлийг хянах/, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам-ын 1 бүлгийн 9 /Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх, эрх залгамжлан түрээслэх бол Төрийн өмчийн хорооны зөвшөөрөл авна/, 2 дугаар бүлгийн 20 /Түрээслэгч нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно/, түрээсийн гэрээний 4.3 /Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол Түрээслүүлэгчээр уламжлан Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авна. Энэ гэрээ байгуулагдсанаас хойш Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцалсны дараа буцаан авах эрхгүй/ 4.10 /Түрээслэсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэй эрх залгамжлан түрээслэж болно/, 10.1.2 /Түрээслэгч тал гэрээний үүргээ дараахь байдлаар зөрчсөн: а/Түрээслэгч эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээний шаардлагыг удаа дараа зөрчсөн, зориулалтын бусаар ашиглах, Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй нэмж хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, зориулалтыг дур мэдэн өөрчилсөн, б/Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн болон барьцаан тавьсан/ буюу гэрээний үүргээ зөрчсөн гэж үзжээ.

 

Харин нэхэмжлэгчээс тухайн зөрчлүүдийг гаргаагүй хэмээн маргаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаарджээ.

 

Байгуулсан түрээсийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор маргаан үүссэн тохиолдолд иргэний эрх зүйн гэрээний оролцогч буюу эрх тэгш талууд болохын хувьд Төрийн өмчийн хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, НХ  ХХК-ууд нь гэрээнд тухайлбал, гэрээний 8.1-д Талууд энэхүү гэрээний үүргийн биелэлттэй холбогдон гарсан аливаа маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэнэ, 8.2-д Маргааныг хэлэлцээгээр шийдвэрлэж чадахгүй нөхцөлд хууль тогтоомжид заасны дагуу арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн эсэх, гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас хохирол учирсантай холбоотой маргааныг хэлэлцээгээр, хэлэлцээгээр шийдвэрлэж чадаагүй нөхцөлд арбитраар шийдвэрлүүлэхээр байна.

 

Энэ утгаар нь авч үзвэл Төрийн өмчийн хорооны гэрээг цуцалсан тогтоол нь гэрээний оролцогч нэг талын шийдвэр бөгөөд тэр нь бусад оролцогчдын маргах эрхийг хязгаарлаагүй. Өөрөөр хэлбэл гэрээний оролцогч талуудын хооронд үүссэн маргааныг тэдгээрийн хэн нэг нь тухайлбал Төрийн өмчийн хороо дангаараа хянан шийдвэрлэх боломжгүй тул тухайн хорооны тогтоолыг хүчингүй болгосноор түрээслэгч НХ  ХХК гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгийг нотлохгүйгээс гадна уг компанид учирсан гэх хохирлоо гаргуулах эрхийг шууд үүсгэхгүй, нөгөө талаас маргаан бүхий захиргааны акт хүчинтэй байснаараа НХ  ХХК-ийг буруутай гэдгийг нотлох үндэслэл болохгүй. Тиймээс гэрээний үүрэгтэй холбоотой тэдгээрийн хоорондын маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасанчлан иргэний хэргийн шүүх, эсхүл арбитр харьяалан шийдвэрлэхээр байна.

 

Эндээс харвал төрийн өмчийн хорооны гэрээг цуцалсан тогтоол нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзсэн гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас учирсан хохирлоо гаргуулах эрхийг хөндөөгүй байна.

 

Түүнчлэн гэрээ байгуулсан Төрийн тусгай хамгаалалтын газрын ИТЦ ын захирал, төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан талаар дурдсанаас гадна хуулиар төрийн тусгай хамгаалалтад авагдсан төрийн албан тушаалтан, иргэн гадаадын өндөр дээд зэрэглэлийн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор олгогдсон ИТЦ ын 24 дүгээр байрыг зохих хууль, журмын дагуу хамгаалах, ашиглах, бусдад шамшигдуулахгүй байх үүднээс холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллах-ыг хүссэн Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2013 оны 06/9650, Төрийн тусгай хамгаалалтын газрын 2014 оны 04/31 дүгээр албан бичгүүдийн дагуу Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Төрийн өмчийн хороо маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хуулийн зүйл, заалтыг зөв, оновчтой баримтлаагүйг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0105 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.3, 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.2.5 гэснийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР