Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2183

 

 

 

 

 

 

 

 

 

Ө ХХК-ийннэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/01584 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө ХХК-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч Ф ХХК, Э.Ц  нарт холбогдох

 

Гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40 801 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33 113 442 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 400 000 төгрөг, алданги 6 912 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Ш

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Х

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани үсчин, гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гэрэлт хотхоны 1 дүгээр давхрын 170 м.кв талбайг үсчин, гоо сайханы зориулалтаар түрээслэхээр Ф ХХК-ийн захирал Э.Ц тэй тохиролцож, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Ф ХХК-ийн захирал Э.Ц тэй анх уулзах үед түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрөө төл гэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 20 801 000 төгрөгийг түүний өгсөн хувийн данс руу нь шилжүүлсэн. Бид түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 60 сарын хугацаатай, 1 м.кв талбайн түрээсийн үнийг 40 000 төгрөгөөр тооцож, түрээсийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс тооцож эхлэхээр тохиролцсон. Ийнхүү төлбөр тооцож эхлэх өдөр хүртэл хугацаанд түрээслүүлэгч нь түрээсийн байр руу орох нийтийн хэрэглээний дулаан, цахилгааны монтаж, халуун хүйтэн, бохир усны шугам, усны тоолуур, шалны халаалтыг цутгалтын хамт хийх, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гадна зогсоолын талбайг ашиглалтанд оруулах, түрээслэгч талыг үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай нөхцөл боломжоор хангах гэх мэт ажлуудыг хийхээр тохирсон. Гэвч гэрээ байгуулснаас хойш түрээслүүлэгч Ф ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийгээгүйгээс манай компани ч мөн заслын ажлаа хийх боломжгүй болсон. Энэ хугацаанд хариуцагч компаниас гэрээгээр тохиролцсон ажлуудаа хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, албан тоот хүргүүлж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Түрээслэсэн талбайн хэмжээ дутуу байсан тул 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний хавсралтыг байгуулан, талбайн хэмжээг багасган, түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг хойшлуулж, гадна тохижилт зэрэг ажлуудыг бүрэн хийж дуусгах, мөн түрээслүүлэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслэгч тал дангаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд түрээслүүлэгч тал гарсан бүх зардлыг үл маргах журмаар бүрэн барагдуулах үүргийг хүлээсэн. Гэсэн хэдий ч хариуцагч нь мөн л гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд бидний зүгээс маш их хэмжээний дотоод заслын материал, үсчин, гоо сайханы тоног төхөөрөмж худалдан авч их хэмжээний зардал гарган хохироод байна. Иймд Ф ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04016 тоот түрээсийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний хавсралтаас татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40 801 000 төгрөг, энэ хугацаанд манай компаниас гарсан зардал буюу гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд болон хөлслөн авсан талбайд салгаж авах боломжгүй засварын зардалд 33 113 442 төгрөг, нийт 73 914 442 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь уг түрээсийн гэрээ нь түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэрэгжих боломжгүй болсон бөгөөд талбайг түрээсийн зориулалт буюу үсчин, гоо сайханы зориулалтаар ашиглах боломж гараагүй гэжээ.

Хариуцагч Э.Ц, Ф ХХК-ийн төлөөлөгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ф ХХК болон Ө ХХК  нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 04/016 тоот түрээсийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэрээний хавсралт /нэмэлт өөрчлөлт/-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 1 давхарын 170 м.кв складны зориулалттай талбайг үсчин, гоо сайханы чиглэлээр түрээслэхээр харилцан тохирсон. Ө ХХК  нь гэрээний дагуу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нийт 40 801 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс 6 800 000 төгрөг нь барьцаанд, 34 001 000 төгрөг нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт тооцож шилжүүлсэн. Ө ХХК  нь түрээсийн талбайг өөрсдөө цоожилж, уг түрээсийн талбайд хийж байсан засварын ажлыг зогсоож, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Манай компани гэрээний дагуу түрээсийн талбайг шилжүүлсэн учир төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 38 400 000 төгрөг, алданги 6 912 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 233 дугаар зүйлийн 233.1, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 294.2.1-д заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-иас 40 801 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 113 442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Э.Ц т холбогдох гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохиролд 73 914 442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ф ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 312 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө ХХК-ийн2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 506 610 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 20 913 төгрөг, хариуцагч Ф ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 321 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 267 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ф ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 361 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХК -д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ш давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 33 113 442 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Манай компани түрээсийн байрандаа хийх засвар, тохижилтын ажилдаа зориулан БНХАУ-с авсан 45 459 юань буюу 16 357 057 төгрөгийн бараа, материалын баримтуудын эх хувийг гарган өгсөн нь хавтаст хэргийн 57-63 дугаар талд, мөн эдгээр баримтыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулан нотлох баримтаар гарган өгсөн нь хавтаст хэргийн 75-81 дүгээр талд авагдсан байсан. Мөн хавтаст хэргийн 19-21 дүгээр талд авагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “Мөнх Хэрх Өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Гэрэлт хотхонд байрлах объектод үсчин, гоо сайхны салоны зориулалттайгаар дотор засал, цахилгаан сантехник, салхивчийн шугам тоноглолын угсралтын ажпыг хийлгэхээр тохиролцож, гэрээний урьдчилгаа болох 3 900 000 төрөгийг гүйцэтгэгч компанийн захирал Н.Мөнтулга (гэрээнд гарын үсэг зурсан)-ын Хаан банкин дахь дансанд 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн төлбөрийн баримт нь хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан байсан.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь судлан үзэлгүйгээр хохирол гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Харин хохирол гаргуулахтай холбоотой бусад баримт, зардлууд болох “Энх энэрлийн өргөө” ХХК-тай байгуулсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших тус компанийн үсчин, гоо сайхны салоны интерьерийн ажлын зураг, төсөв боловсруулах гэрээ, уг гэрээний дагуу захирал Ч.Атарсайханы дансанд шилжүүлсэн 2 удаагийн шилжүүлгийн дүн нийт 2 000 000 төгрөг (18, 51-р хуудас), Монгол улсад авсан бараа, материал, унааны зардал 6 288 725 төгрөг (24-27, 29-50-р хуудас), Улаанбаатар-Эрээний чиглэлийн вагоны зардал 208 600 төгрөг (52-р хуудас), БНХАУ-с бараа, материал хилээр оруулж ирэхтэй холбоотой гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гааль, татвар, ачаа буулгалтын зардал 1 258 060 төгрөг (53-56-р хуудас), үсчин, гоо сайхны зориулалттай тоног төхөөрөмж худалдан авахаар БНСУ руу зорчих хоёр талын онгоцны тийзийн зардал нийт 3 101 000 төгрөг (28-р хуудас) нь бүгд түрээсийн гэрээ байгуулснаас хойш, уг гэрээг байгуулсантай шууд холбоотойгоор манай компаниас гарсан зардал бөгөөд хариуцагчийн буруугаас шалтгаалан түрээсийн гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсны улмаас манай компанид учирсан эд хөрөнгийн алдагдал, хохирол юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралд гаргасан тайлбар болон хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.

Талуудын хооронд Э.Ц ийн өмчлөлийн үйлчилгээний төвийг бүхэлд нь бус харин түүний багахан хэсгийг түрээслэх тохиролцоо хийгдсэн ба энэхүү 160 м.кв талбай бүхий хэсэг нь бие даасан үл хөдлөх эд хөрөнгө бус, дангаараа улсын бүртгэлд бүртгэгдээгүй учир уг түрээсийн гэрээнд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хамааралтай гэж үзэхгүй ба талуудын байгуулсан түрээсийн гэрээ хэлбэрийн шаардлагыг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан. Түрээслэгч тал нь гэрээ байгуулсанаас хойш түрээслүүлэгч талд уг түрээсийн гэрээнээс татгалзах эсхүл цуцлах тухай бичгээр болон амаар мэдэгдээгүй бөгөөд түрээсийн байранд барилгын материалаа хийж хаалгыг түгжээд явсан байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан байдаг бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн уг түрээсийн гэрээнээс татгалзаж байгаагаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Түрээслүүлэгч тал уг шүүх хурал дээр л түрээслэгчийг гэрээнээс татгалзаж байна гэж үзсэн. Иймд уг түрээсийн гэрээ байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байсан бөгөөд уг гэрээнээс татгалзах эсхүл цуцлах тухай мэдэгдлийг түрээслүүлэгч талд гаргаагүйг шүүх авч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүхээс түрээслүүлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үзвэл учир дутагдалтай байна. Учир нь талууд уг гэрээний үүргийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлцэхээр харилцан тохиролцсон байсан бөгөөд түрээслэгч тал нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түрээсийн талбайг цоожлоод ирээгүй бөгөөд уг түрээсийн талбайг ашиглаж үр шимээ хүртэх эрхээ эдлээгүй нь түрээслүүлэгч талын буруутай үйлдэл биш болохыг шүүхээс харгалзан үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

       Нэхэмжлэгч Ө ХХК  нь хариуцагч Ф ХХК, Э.Ц  нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 40 801 000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33 113 442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 400 000 төгрөг, алданги 6 912 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

       Нэхэмжлэгч нь талуудын хоорондын маргааны зүйл болох 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04/016 дугаартай түрээсийн гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйл, түүнтэй холбоотой учирсан хохирол гаргуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Пүрэвхүү уг маргаан бүхий обьектод ямар хэмжээний засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой, зардлын талаар мэргэжлийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосны улмаас маргааны үйл баримтад ач холбогдолтой байж болох нотлох баримт бүрдээгүй байна. Бусдын эд хөрөнгөд гаргасан зардалтай холбоотой маргааны хувьд уг зардлын хэмжээг тодорхойлоход шаардлагатай нотлох баримтыг талууд өөрсдөө цуглуулах боломжгүй бол нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх ёстой.

 

       Түүнчлэн дээрх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан хянах эрхгүй субьектээр хянуулсан, шинжээч томилсон эсэх асуудал нь хамаарахгүй, харин хэргийг түдгэлзүүлсэн эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх учиртай. Гэтэл гурван шүүгчийн шүүх бүрэлдэхүүний зүгээс шинжээч томилсон эсэх асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

       Мөн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Сэмжид даргалж хэргийг шийдвэрлэжээ. Гэтэл тухайн шүүгчийг томилж албажуулсан ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/01584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө ХХК -иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 000 төгрөг, хариуцагч Э.Ц ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН