Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

 

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

 

хохирогч П.Н, Н.С-,

 

шүүгдэгч М.Ч, О.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ч, О.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0886 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Эмнэлгийн 18 дугаар гудамжны 572 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, Ш овогт М-ийн Ч.

 

  1. Монгол улсын иргэн, 1962 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Эмнэлгийн 18-572 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, Ш овогт О-ийн Н.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.Ч, О.Н нар нь бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 00 тоотод иргэн П.Н, Н.С нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож П.Н, Н.С нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:….”Би цагаан сараас

 

өмнө гавьяаныхаа амралтанд суусан. Тэгээд гавьяаныхаа шагналыг авчихаад гурван ачдаа идэх юм, хувцас хунар аваад очсон. Хүүхдүүдийг уулзахгүй гэсэн болохоор машиндаа сууж байсан. Тэгтэл М.Ч, П.Н нар муудалцаад орилоод байхаар нь “та хоёр юу болоод байна, гурван ачаа үнсчихээд явъя” гэж хэлсэн. Миний хувьд П.Н, Н.С нарыг зодсон зүйл байхгүй. Бид нар ууртай байсан болохоор бие биенийхээ дээр гарах гээд үгээр муудалцсан. Бэр П.Н “хүүхдээ орж үнсэхгүй юу” гэхээр нь гал тогооны өрөөнд унтаж байсан ачаа сэрээгээд үнссэн. Тэр үед худ Н.С орж ирээд “та нар намайг байхгүй хойгуур дандаа хүүхэд дээрэлхэж байх юм” гэж хэлээд маргалдсан. Миний хувьд өшиглөсөн, зулгаасан зүйл байхгүй. Намайг түлхэхээр нь хойшоо унаад босч ирсэн. Н.С бид хоёрын хооронд бие биенээ түлхэлцсэн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага дээр очиход шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь үзүүлэхэд хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Тухайн үед 2 пицца авч очсон бөгөөд нэгийг нь бэр П.Н гаргаад шидсэн бөгөөд худ Н.С араас гарч ирээд нөгөө пиццаг нь машин руу шидэхээр нь “чи идчих” гэж хэлээд амных нь тэнд болгосон” гэв.

 

Шүүгдэгч М.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Би ээж О.Н-ийн хамт эхнэр, хүүхдүүд дээрээ очсон. Уулзах гээд очиход гэртээ оруулдаггүй болохоор хүүдээ 1 пицца өгч оруулчихаад гадаа нь хүлээгээд байж байтал манай эхнэр П.Н пицца гаргаж ирээд машин руу шидсэн. Хүүгээ сургуулиас нь авахад гутал нь урагдчихсан байсан болохоор уурандаа эхнэртээ “чи хүүхэд ийм гуталтай явуулаад байхдаа яадаг юм, надад хэлчихгүй” гэж хэлсэн. Тэгтэл ээж “хүүгээ үнсэнэ” гээд П.Н-тэй зууралдаад орсон. Ээж О.Н-, эхнэр П.Н нар орилолдоод байхаар нь араас нь ортол ээж үүдний амбаарнаас өнхрөөд гараад ирсэн. Миний хувьд хадам ээж Н.С-, эхнэр П.Н нарыг үстэж гар хүрээгүй…Бүх асуудал надаас болсон тул хоёр ээж болон эхнэрээсээ уучлалт гуйж байна” гэв.

 

Хохирогч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:….“2017 оны 2 дугаар саны

 

22-ны өдөр хүү хичээлээсээ ирэхгүй болохоор нь М.Ч руу залгахад “цуг явж байна” гэж хэлсэн. Тэгээд хүү маань ирэхгүй удаад байхаар нь дахиад залгахад “очиж байна” гэж хэлсэн. Хүү маань орж ирээд “аав дүүгээ аваад гараад ир гэж байна” гэхээр нь “дүүгээ унтаж байна” гээд хэлчих гэхэд 1 пицца барьж орж ирээд “таныг гараад ир гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би пиццаг нь авч гараад “манай хүүхдүүд пиццагаар дутаагүй” гэж хэлээд машин руу нь шидсэн. Тэгтэл М.Ч “хүүхэд уранхай гуталтай явуулаад арчаагүй юм” гэж хэлэхээр нь уур хүрээд “миний хүүхэд юу өмсөх нь чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд хадам ээж О.Н “хүүхдээ үнсэнэ” гээд зүтгээд байхаар нь үнсүүлэхгүй гээд зууралдахад орсон. М.Ч “чиний гурван хүүхдээр дутахгүй, надад гаргаад өгөх хүн байна” гэж хэлээд гэрээс явж байсан. Өмнө нь М.Ч хүүхдүүдээ үнсэнэ гэж ирэхэд нь үнсүүлж байгаагүй. Манай ээж гадуур явж байхаар нь утасдаад хэлсэн. Тухайн үед М.Ч бичлэг хийгээд байсан. Тэгээд хүүхдээ сэрээгээд үнсүүлсэн. Хадам ээж О.Н гарснаа буцаж орж ирээд намайг түлхсэнээ өөрөө хойшоо унасан. Тэгтэл М.Ч “чи миний ээжийг түлхээд байхдаа яадаг юм” гэж хэлээд манай ээжийг газар унагааснаа бас намайг унагаасан. М.Ч тархины доргилт гэмтлийг учруулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр намайг үсчинд сууж байтал охин П.Н залгаад “М.Ч ээжтэйгээ ирчихээд хэрүүл хийгээд байна” гэж хэлсэн бөгөөд дахиад залгаад “орилоод утсаар ярихаар нь гэртээ очсон. Би О.Н-т “яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “хүүгээ үнсэх гэж байна” гэж хэлсэн. Тэгээд О.Н бид хоёр маргалдахад М.Ч орж ирээд бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь авах гэж ноцолдсон. Тухайн үед миний хумс урт байсан болохоор М.Ч-ийн биед гэмтэл учруулсан байх. Тэгээд би М.Ч-ийг гэрээс түлхэж гаргаад хашааны гадна маргалдахад М.Ч машин руугаа явсан. Гэтэл О.Н “хөөе М.Ч-оо П.Н намайг түлхээд унагачихлаа” гэж орилоход М.Ч миний хажуугаар гүйгээд П.Н-г дэгээдээд унагаасан. Би “чи миний охиныг болиоч” гэж хэлэхэд намайг унагаасан. Би нэг хэсэг юу болсныг мэдэхгүй байгаа. Цагдаа “дуудлага өгчихөөд яагаад ярьдаггүй юм” гэж хэлэхээр нь “зодолдсон хүмүүс явчихсан” гэж хэлэхэд “тэр хүмүүс чинь гомдолтой гээд өргөдөл өгөх гэж байна, та зодуулчихаад өргөдөл өгдөггүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэст рүү явж байхад нулимс гараад бөөлжөөд байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд өөр эмнэлэгт үзүүлчихээд ир гэхээр нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд

 

3

 

 

зураг авахуулсан. Эмчээр нуруугаа бариулаад гайгүй болсон. Одоо бид нар эвлэрсэн учраас гомдол санал байхгүй гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч Н.С-гийн мэдүүлэг /хх-21/, хохирогч П.Н-гийн мэдүүлэг /хх-24/, шүүх эмнэлгийн шинжээчийн 3113 дугаартай дүгнэлт /хх-30/, шүүх эмнэлгийн шинжээчийн 3114 дугаартай дүгнэлт /хх-32/, шүүгдэгч М.Ч-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53/, шүүгдэгч О.Н-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч О.Н-ийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 251а тоотод өөрийн төрсөн хүү М.Ч-той нийлж П.Н, Н.С нарын биед хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч М.Ч-ийг тухайн өдөр өөрийн төрсөн эх О.Н-тэй нийлж Н.С-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллахаар прокурорын дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч О.Н нь өөрийн ач нартайгаа уулзах гээд хүү М.Ч-ийг дагуулж Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 251а тоотод очсон байна. Харин тухайн үед бэр болох П.Н нь О.Н-ийг гэртээ оруулахгүй гэснээс маргаан дэгдсэн бөгөөд шүүгдэгч М.Ч нь нэг цаг хугацаанд хохирогч нартай маргалдан түлхэлцэж П.Н, Н.С нарын биед хөнгөн гэмтэл учруулсан, энэ үеэр О.Н нь гэрт орох гэж дайрсан болохоос энэ гэмт хэрэгт оролцоогүй үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Гэтэл прокурор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, холбогдох үйлдэл, учруулсан хохирлыг ялгаж зааглалгүйгээр шүүгдэгч нарыг хавтгайруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ялласан нь учир дутагдалтай.

 

Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.С-гийн өгсөн: “... Гэртээ ирэхэд хашааны гадна хүргэн М.Ч машин дотроо сууж байсан... О.Н манай гэрт орчихсон охин П.Н-г загнаад зогсож байсан. М.Ч нь цоожтой байсан хаалганы түгжээг мулт татаад ороод ирсэн. Тэгэхээр нь би М.Ч-той зууралдаад хашаанаас гар гээд цааш нь гаргасан. Охин П.Н худ О.Н хоёр гэрт үлдсэн. Хоорондоо хэрэлдээд орилоод байсан. Тэгснээ О.Н “П.Н намайг зодчихлоо” гээд орилоод байсан. Тэгэхэд М.Ч эргэж гүйгээд хашаа руу орсон. Би араас нь ороход

 

4

 

 

П.Н О.Н хоёр гэрээс гарчихсан тамбарын үүдэнд зодолдож ноцолдсон зүйлгүй зогсож байсан.…” гэх мэдүүлэг /хх-21/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Н-гийн өгсөн: “...Манай гэрт хэрүүл хийж байхад хүү Ч.Ананд сэрсэн. Тэгээд нэгэнт ороод ирчихсэн юм чинь “хүүгээ үнс” гэж хэлсэн. Тэгтэл хадам ээж Ч.Анандыг үнссэн. Тэр үед М.Ч байгаагүй. Гаднаас пицца бариад орж ирсэн. Тэгээд оёдлын машин дээр тавьчихсан байсан. Тэгээд би “хүүхдээ үнссэн юм чинь одоо яв” гэхэд гэрээс гарсан. Би араас гарахад намайг загнаад л байсан. Тэгээд намайг хаалгаар гарсныхаа дараа намайг түлхээд эргэж таамбарт орж ирээд хойшоо ухарч байгаад өөрөө унасан. Тэгээд “чи намайг түлхэж унагаалаа” гээд орилоод байсан. Тэгтэл М.Ч орж ирээд “чи манай ээжийг ингэж байгаа бол одоо энэний ээлж гээд манай ээжийг барьж аваад газар унагаагаад өшиглөөд зодоод байсан. Тэгээд над руу эргээд одоо “чиний ээлж” гээд намайг унагаагаад мөр рүү өшиглөж зодсон. Мөн нүүр рүү олон удаа алгадсан. Ээж нь “энэ муу гичий рүү дахиж битгий ир” гээд нүүр рүү пиццаны хайрцгаар цохиод байсан. Нөгөөх нь салбараад унасан….гэх мэдүүлэг /хх-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн №3147 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. Н.С-гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-38/ гэх

 

дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн №3148 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. П.Н-гийн биед тархи доргилт, баруун хацар, хүзүү, цээж, гарын хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 

    1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

 

    1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-35/ гэх

 

дүгнэлт,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тэр хүмүүсийн биед гэмтэл учрахаар гар хүрч зодсон зүйл байхгүй, таталцах түлхэлцэх зүйл болсныг үгүйсгэхгүй.... Бид нар анхнаасаа гэрт нь ороогүй гаргаад ир уулзая гэхэд нэг

 

хүүхэд нь унтаж байна гэсэн тэгэхээр нь тэгвэл оръё гэсэн…оруулахгүй гээд өөрөө орилоод хашгираад байсан юм” гэх мэдүүлэг /хх-51/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Санаатайгаар зодож цохиж гэмтэл учруулья гэсэн санаа зорилго надад байгаагүй. Таталцах, түлхэлцэх зүйл хэн хэнд байсан тэрний учраас ч бидний биед тодорхой хэмжээний гэмтэл шархнууд үүссэн тэр нь ч шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан байдаг” гэх мэдүүлэг /хх-53/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Дээрх нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэгэнт шүүгдэгч О.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул М.Ч-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэл оногдуулахх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч П.Н, Н.С нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч М.Ч-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “…шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.2, 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Ч-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ч-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ч-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ

 

 

 

 

 

Э.ЧИНГИС