Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, ерөнхий шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Нарийн бичгийн дарга:С.Төртулах

Улсын яллагч:Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

Иргэдийн төлөөлөгч:Д.Энхмаа

Шүүгдэгч:С.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганхуягт холбогдох эрүүгийн 21320002800143 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд 1979 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын 5 дугаар баг, Буйрын даваа гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №143 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 650000 төгрөгөөр торгосон торгох ял өршөөгдсөн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сэрээнэнгийн Ганхуяг/рд:АЗ79111531/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ганхуяг нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нийтийн халуун усны газрын галч сахиулын байрны гадна А.Эрдэнэцогттой маргалдаж улмаар толгойн дагзны ар хэсэгт чулуугаар цохиж” баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины няцрал хүнд зэрэг, баруун чамархай, дагзны хэсгийн эпидурал болон субдурал цус хуралт , баруун чамархай хэсгийн цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч А.Эрдэнэцогт нь эмнэлгийн тусламж авч 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хагалгаанд орсон боловч гэмтлийн шалтгаант гавал тархины хүнд гэмтэл, тархи зөөлрөл, тархины тураал, төвийн гаралтай амьсгал, зүрхний дутагдлаар нас барсан, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч С.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт: ...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрээсээ гараад усанд орохоор Хэрх тосгонд ирээд усанд ороод гарч ирээд дэлгүүр ороод нэг шил архи авч халуун усны галч Мөнх-Очтой нийлж уугаад сууж байхад гаднаас хохирогч архи барьж орж ирсэн гэсэн. Би тухайн үед нэлээд согтсон байсан. Тэгээд нэмж архи уугаад бүр согтоод хохирогчтой маргаад чулуугаар цохисон юм шиг байгаа юм. Би өөрөө яг цохисон эсэхээ мэдэхгүй байгаа юм. Хүмүүс болон цагдаа дээр эрүүлжүүлэхээс гарахад цагдаа чи хүн чулуугаар цохисон шүү гэж хэлсэн тэгээд л би хохирогчийг чулуугаар цохисон юм байна гэдгээ мэдсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ... Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас: Хохирогч А.Эрдэнэцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Ганхуяг, Мөнх-Оч нартай архи уусан. Тэгээд Ганхуяг миний толгой хэсэгт цохисон. Тухайн үед би ухаан алдсан байсан. Ганхуяг намайг цохиж байгаа нь миний нүдний буланд харагдсан гартаа нэг юм бариад цохиж байсан. ...Гэртээ нэг хар гялгар юм барьчихсан цохиж байсан. ...Өөр хүн намайг зодсон асуудал байхгүй. ...Би сайн санахгүй байна. Миний биеийн байдал тааруу байна. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж авмаар байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний аав А.Эрдэнэцогт нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой бусдад зодуулж гэмтэн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд ухаангүй комын байдалтай яаралтайгаар Улаанбаатар хот руу тэр өдрөө яаралтайгаар явсан. Улаанбаатар хотод ГССҮТ эмнэлэгт хүргэгдэн тэр өдрөө яаралтайгаар хагалгаанд орсон. Учир нь манай аавын толгойд гэмтэл учирсан байсан. Ингээд хоёр хоногийн дараа дахин хагалгаанд ороод тэндээ хорь орчим хоног хэвтэн эмчлүүлж байгаад Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж үргэлжлүүлэн хэвтсэн. Биеийн байдал нь сайжраад 2021 оны 03 дугаар сарын 10-ны орчим Мандал суманд гэртээ ирсэн. Гэртээ байж байх хугацаандаа биеийн байдал нэлээн гайгүй байсан. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 18-ны орой цус харвалт өгөөд Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж тэндээ10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Эмнэлгээс гарснаас хойш биеийн байдал нь олигтой дээрдэхгүй байсаар байгаад 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Аавыг хэн гэдэг хүн ямар шалтгааны улмаас зодсон талаар би сайн мэдэхгүй байна. ...Гэртээ зүгээр байж байгаад гэнэт харвалт өгөөд эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлээд гарснаас хойш биеийн байдал нь нь сайжрахгүй байсаар байгаад нас барсан. Тиймээс цус харвалт өгөөд нас барсан тул бид нар цагдаагийн байгууллагад хандаагүй. Цагдаад хандах ёстой талаар мэдэхгүй ээ. ...Аав маань 1964 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн айлын том хүүхэд байгаа юм. Эхээс зургуулаа дороо таван дүүтэй. Манай ээж Б.Оюунтай 1988 онд гэр бүл болж дөрвөн хүүхэдтэй болсон. Тэгээд аав ээж хоёр маань таарамжгүй харилцааны улмаас 2000 он салж бид нар ээжтэйгээ амьдрах болсон. Аав архи согтууруулах удааг их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь гэр бүл салахад нөлөөлсөн. Хэдий аав ээж салсан ч гэсэн бид нар аавтайгаа байнга холбоотой байдаг байсан. Аав тусдаа өөрийнхөө ээжтэйгээ хамт амьдарч хувийн газар тариалангийн компанид тракторын жолооч ажилтай байсан. Ер нь манай аав архи согтууруулах ундаа хэрэглэх дуртай хүн байсан. ...Мандал сумын нэгдсэн эмнэлэгт харвалт өгөөд хүргэгдэж хэвтсэн. Эмнэлгээс гарсны дараа бие нь сайжрахгүй байсан тул Хэрхийн эмнэлэг дуудлага өгсөн чинь Давааням эмч ирж үзээд аавд харвалт явагдсан байна гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа нас барсан. Тиймээс харвалтаас болж нас барсан гэж бодож байна. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй аавыг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацааны зардлыг буруутай этгээдээс баримтаа гарган өгч байж нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнх-Оч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчим Ганхуяг ирж халуун усанд ороод Хэрх 4 дүгээр багийн Засаг даргын тамгын газар руу явсан. Тэгээд удалгүй машинтай ирсэн. Ганхуяг ирэхдээ нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, манай хүүд ундаа чипс авч ирсэн. Ганхуяг бид хоёр Хараа нэртэй архиа хувааж уугаад дуусаж байтал гаднаас Төмөрбаатар ах Эрдэнэцогт ах хоёр 0.75 литрийн хараа нэртэй архи авч ирсэн. Тэр архийг Төмөрбаатар ах Эрдэнэцогт ах Ганхуяг бид дөрөв хувааж ууж байтал Төмөрбаатар ах би галаа хийнэ гээд гараад явсан. Эрдэнэцогт ахтай Ганхуяг хоорондоо маргалдаад барилцаж аваад б тэр хоёрын дундуур нь ороод салгасан. Би Эрдэнэцогт ахыг одоо явж амар гэж хэлээд тэгээд архи ууснаас болж санахгүй байна./тасарсан/ Нэг сэрсэн би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн орчим босоход Ганхуяг мана нөгөө талын өрөөнд унтаж байсан. ...Би архи уугаад тасарсан болохоор сайн мэдэхгүй байна. ...Би Эрдэнэцогт, Ганхуяг нартай дэлгүүр ороогүй. Би архи уугаад тасарсан болохоор юм аа санахгүй байна. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 47 дугаар хуудас/

Гэрч Д.Базарсад мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...А.Эрдэнэцогт надад ямар тийм зүйл ярьж хэлээгүй. Би энэ талаар Ганхуягт хэлсэн гэдэг худлаа. Харин Ганхуяг нь саяхан өнгөрсөн 10 дугаар сард байх манайд ирчхээд чи Эрдэнэцогтыг сайн танина. Эрдэнэцогтыг намайг цохиогүй халуун усны галч Мөнх-Оч Эрдэнэцогтыг цохисон гэж Эрдэнэцогт амьд байхдаа надад хэлсэн гээд хэлээд өгөөч гээд гуйгаад байсан. Намайг худлаа хэлж чадахгүй гэхэд уурлаад байсан.Тэгж уулзахдаа өөрийгөө цагдаа дээр шалгагдаж байгаа гэж байсан. ...Сар өдрийг нь санахгүй байна. Аж ахуйд Эрдэнэцогтын гэрийн хажуугаар гарч авахдаа таарч мэндлээд салсан. Тэгэхэд эмнэлгээс гараад ирсэн гэртээ байсан ба бие нь дажгүй юу гэхэд гайгүй бараг зүгээр гээд салсан. Өөр зүйл яриагүй. ...Хэрхэд халуун усны галчийн гэрт архи ууж байгаад зодуулсан гэж сонссон. Яг хэнд зодуулсан талаар мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 67-68 дугаар хуудас/ Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 10 дугаар хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 12-19 дүгхуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 25-26 дугаар хуудас/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №73 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.А.Эрдэнэцогтын биед баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины няцрал хүнд зэрэг, баруун чамархай, дагзны хэсгийн эпидурал болон субдурал цус хуралт, баруун чамархай хэсгийн цус харвалт гэмтэл тогтоогдсон. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 73-74 дүгээр хуудас/ Цогцсыг оршуулгын газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Ххийн 78-84 дүгээр хуудас/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №40 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач А.Эрдэнэцогт нь гэмтэл согог судлалын үндэсний төвд гавал тархины гэмтэл, тархины няцрал хүнд зэрэг, баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины няцрал хүнд зэрэг, баруун чамархай, дагзны хэсгийн эпидурал болон субдурал цус хуралт, баруун чамархай хэсгийн цус харвалт оношоор 2021 оны 02 дугаар сарын 05-аас 2021 оны 02 дугаар сарын 22-ны хооронд хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орон, эмчилгээ хийлгэсэн. Улмаар гэмтлийн шалтгаант гавал тархины хүнд гэмтэл тархи зөөлрөл тархины тураал төвийн гаралтай амьсгал, зүрхний дутагдлаар нас баржээ. 2.Нас барагч А.Эрдэнэцогтын цогцост дээрх гэмтлээс өөр гэмтэл тогтоогдоогүй болно. 3.Талийгаач А.Эрдэнэцогтын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 86-87 дугаар хуудас/ Шүүгдэгч С.Ганхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 105 дугаар хуудас/ Шүүгдэгч С.Ганхуягийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа/Хх-ийн 107 дугаар хуудас/ Шүүгдэгч С.Ганхуягийн урьд өмнө Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 123 дугаар хуудас/ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсувдын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно. Нэг.Шүүгдэгч С.Ганхуягийг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч С.Ганхуяг нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны орой Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр нийтийн халуун усны газрын гадаа хохирогч А.Эрдэнэцогттой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар толгойн хэсэгт чулуугаар цохиж баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины няцрал хүнд зэрэг, баруун чамархай, дагзны хэсгийн эпидурал болон субдурал цус хуралт, баруун чамархай хэсгийн цус харвалт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч А.Эрдэнэцогт нь эмнэлгийн анхан болон 3 дугаар шатлалын эмнэлгийн тусламж авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд шүүгдэгч С.Ганхуягийн учруулсан гэмтлийн улмаас хохирогч А.Эрдэнэцогтын тархинд дахин цус харвалт өгч 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүнд гэмтлийн улмаас нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Амь хохирогч А.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Б.Мөнх-Очийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 47 дугаар хуудас/,гэрч Д.Базарсадын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 67-68 дугаар хуудас/, шүүгдэгч С.Ганхуягийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 103-104 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №73 дугаартай дүгнэлт/Хх-ийн 73-74 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №40 дугаартай дүгнэлт/Хх-ийн 86-87 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч С.Ганхуяг, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон, хуульд нийцэж байх тул шүүгдэгч С.Ганхуяг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч С.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Энхмаа дүгнэлтдээ: ...Шүүгдэгч С.Ганхуяг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсувдаас хохирогч А.Эрдэнэцогэмчилгээний болон оршуулгын зардалд гаргаж ирүүлсэн нотлох баримт нь хуулийн шаардлагыг хангасан ба шүүгдэгч С.Ганхуяг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 9458696 төгрөгийг нөхөн төлсөн буюу гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, арилгах боломжгүй болно. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсувд нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж ирүүлсэн байна. Гурав.Шүүгдэгч С.Ганхуягт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Ганхуяг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-5 заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч С.Ганхуягийн үйлдсэн хэрэгт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэл нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байна. Иймд шүүгдэгч С.Ганхуягт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан ял нь хорихоос өөр төрлийн сонгох эрүүгийн хариуцлагагүй ба хорих ял нь 05 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна. Тиймээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу хорих ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзээд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч өөрийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ санахгүй байна, би согтсон байсан гэж мэдүүлж байгаа нь өөрийн холбогдсон хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-ийг заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доош татаж хорих ялыг шүүх оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

 Шүүгдэгч С.Ганхуяг нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Д.Нацагдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №173 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягийн хоёр гэмт хэргийг нэгтгэж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж ял шийтгэсэн бол 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулах ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж биеэр эдлэх ялыг тогтоож шийдвэрлэх боломжтой байжээ. Тиймээс шүүгдэгч С.Ганхуягийн үйлдсэн гэмт үйлдэл тус бүр нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэрэг тус бүр Өршөөлийн хуульд хамрагдахаар заасан байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгчид оногдуулах ялыг Өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгчид оногдуулах 05 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биеэр эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч С.Ганхуяг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж хар өнгийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 1.Шүүгдэгч Боржигон овогт Сэрээнэнгийн Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Ганхуягт 05/тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ганхуягт оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

4.Шүүгдэгч С.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялаас 2021 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, биеэр эдлэх ялыг 03/гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуягт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6.Шүүгдэгч С.Ганхуяг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэсувд нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хар өнгийн чулууг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах ажлын хэсэгт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ганхуягт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ

ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН

 Ж.ЭРДЭНЭБАТ