| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2017/0319/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/323 |
| Огноо | 2017-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хохирогч Ц.П
Шүүгдэгч Ө.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Над холбогдох эрүүгийн 1725000000137 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ** ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Улаанбаатар хот ** дүүрэг * дугаар хороо **-** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О- овогт Ө-ийн Н, рөгистрийн дугаар /х***********/
Яллагдагч Ө.Ныг 2017 оны 10 сарын 08-ны өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” зочид буудлын 303 тоот өрөөнд Ц.Пг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Ө.Н нь 2017 оны 10 сарын 08-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудлын 303 тоот өрөөнд Ц.Пг “эхнэртэйгээ хардсаны улмаас” маргалдан зодож биед нь зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - Хохирогч Ц.Пгийн “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр багын найз Баянмөнхийн хурим “Еst“ ресторанд 14 цагаас 19 цагийн хооронд болсон. Тэгээд найзуудаараа амралтанд явах гэж байгаад цас орсон болохоор явахаа болиод “**” буудалд очиж 3 өрөө авсан. Тэгээд бид нар буудалдаа ууж идэж наргиж цэнгэсэн. Тэгээд байж байтал зарим нь согтчихоод унтаж өгөхгүй, хоорондоо юм ярьсаар байтал өглөө болсон. Тэгээд бид нар худалдаж авсан 3 өрөөндөө багтахгүй байсан юм. Би буудлын ажилтнаас нэг өрөөнд ороод орон дээр чинь унтахгүй, сандал дээр чинь сууж байгаад гараад ирье гэж хэлээд 303 тоот өрөөнд найз Ариунзаяатай хамт орсон. Тэгээд Ариунзаяа өрөөнд ороод буйдан дээр хэвтсэн, хэвтэхээр нь явж очоод хүзүүн дээр нь хоёр удаа шимсэн чинь ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь өөрийнхөө өмдний тэлээг тайлаад Ариунзаяагийн өмдийг тайлах гэтэл намайг болиочоо гэхээр нь шууд болиод байж байтал хүн ирээд өрөөний хаалга өшиглөхөөр нь өмднийхөө тэлээг янзлаад хаалгаа онгойлгож өгтөл нэг өндөр залуу орж ирээд эрүү рүү нэг удаа цохихоор нь эрүүгээ бариад коридор хэсэг рүү гарсан чинь араас хүрч ирээд зүүн нүд рүү нэлээн олон удаа цохисон, бас нуруу руу өшиглөсөн, гэдэс, нүүр рүү өшиглөсөн. Ер нь бол зөндөө л олон удаа цохиод байсан. Тухайн үед манай найзууд хүрч ирээд салгасан. Тэгээд байж байтал миний нүднээс цус гоожоод шууд эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод оёо тавиулсан ... Би Ариунзаяагийн нөхөр гэдгийг сүүлд мэдсэн ... Зүүн нүдний зовхи язарч оёулсан...Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй ... эмчилгээний зардалд 170.000 төгрөг авсан ...” гэсэн мэдүүлэг/ ххийн 19-21-р хуудас/ -Гэрч С.Ариунзаяагийн “...Тэгээд байж байтал Пүрэвцэрэн нь надад хандаж “...согтсон найзыгаа энд үлдээгээд, арай гайгүй эрүүл байгаа хэд нь дээшээ гараад өөр өрөөнд ороод юм ярьж сууъя гэхээр нь зөвшөөрөөд Пүрэвцэрэнг дагаад 303 тоотод орсон. Тэгээд би тэр өрөөнд ороод буйдан дээр суугаад шууд унтсан. Тэгээд унтсан байж байхад Пүрэвцэрэн нь миний хүзүүг шимээд, хувцас хунар тайлах гээд оролдоод байж байхад нь сэрээд болиоч гэж хэлээд ноцолдсон юм. Энэ үед манай нөхөр залгаж байхад санаандгүй авагдаад болсон үйлдлийн яриа нь манай нөхөрт сонсогдсон байсан. Гэхдээ би нөхрийгөө сонссон гэдгийг мэдээгүй сүүлд өөрөөс нь мэдсэн…П тэлээгээ янзлаад байж байсан, нөхөр маань энэ байдлыг хараад шууд Пүрэвцэрэнг зодсон...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 22-23-р хуудас / -Гэрч Г.А-ын “... Тэгээд байж байтал 5-10 минутын дараа буудлаас цус нөж гоожуулсан залуу гараад ирэхээр нь машинаасаа буугаад буудал руу орсон чинь 3 давхарт дуу чимээ гарсан. Тэгээд Над цохиулсан залуугийн найзууд нь Н руу дайраад толгой болон бие хэсэг рүү цохиод зодоод байхаар нь би болиулсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 26-27-р хуудас / -Гэрч Б.Д-гийн”... Тэгээд нөгөө залуу чинь хайсаар байгаад нөгөө хоёрыг олсон байсан, залуугийнх нь нүдийг цохиод цус гаргасан байсан би тухайн үед маш их айгаад , гайхаад хараад зогсож байсан чинь нөгөө хүн зоддог залуу нөгөө эмэгтэй рүүгээ хандаж “...чи шимүүлсэн байна ш дээ чи наад хүзүүгээ яасан юм бэ ...” гэсэн чинь би яагаачгүй, чи надтай ярьж зөвлөөгүй байж хүний нүдийг ийм болтол цохих юм гэж хэлээд маргалдаад байж байтал нүднээс цус гарсан залуугийн найзууд болох залуучууд хоёр давхараас гарч ирээд нөгөө залууг ална тална гэж хашиграад цохих гээд байхаар нь дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 30-31-р хуудас / -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 869 тоот:...Ц.Пгийн биед зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. тухайн цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энгийн хөдөлмөрийн чадвар тонтонги алдалтанд нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүүн нүдний доод зовхинд шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт гэсэн дүгнэлт/ хх-ийн 40-р хуудас /, -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 59-69-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Ө.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчийн биед гэмтэл учруулснаа мэдэж байгаа.Гэм буруугаа хүлээж байна гэжээ. Шүүгдэгч Ө.Н нь 2017 оны 10 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудлын 303 тоот өрөөнд Ц.Пг эхнэртэйгээ хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Ө.Нын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,хохирогч төлбөр нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч О овогт Ө-ийн Ныг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2 Шүүгдэгч Ө.Ныг.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ